| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00691/И |
| Дугаар | 155/ШШ2024/00744 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00744
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00744 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Ю.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Р-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гутлын үнэ 850,000 ( найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00691/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ю.З нь бараан захын 38 дугаар контейнерт дотоодын бараа зардаг. Би Б.Р-т 2023 оны 02 дугаар сарын 11-нд эрэгтэй адууны гутал 1 ширхэг 350,000 төгрөг, эмэгтэй адууны гутал 1 ширхэг 280,000 төгрөг, эмэгтэй гутал 1 ширхэг 150,000 төгрөг, хүүхдийн гутал 1 ширхэг 70,000 төгрөг, нийт 850,000 төгрөгийн барааг 2023 оны 5 дугаар сарын 15-нд өгөхөөр тохиролцоод авч явсан боловч одоог хүртэл барааныхаа тооцоог хийхгүй байна. Иймд Б.Р-аас 850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Р- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Р- би эгчийнхээ найз, зах дээр гутлын худалдаа эрхэлдэг З-оос нийт 850,000 төгрөгийн үнэтэй 4 хос гутал зээлээр авсан нь үнэн. Тэгээд гутлынхаа өлтөгийг өгч чадалгүй удаасан юм. Иймд нэхэмжлэгч Зоригтын нэхэмжилсэн 4 хос гуталны үнэ 850,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.З нь хариуцагч Б.Р-аас гутлын үнэ 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Р- нь нэхэмжлэлийн шаардлага болох 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ю.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,950 (хорин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12,475( арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Р-аас 24,950 (хорин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ю.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Р-т холбогдох 850,000 (найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Р нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ю.З-ын 24,950 (хорин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12,475( арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Р-аас 24,950 (хорин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 12,475 (арван хоёр мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА