| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00719/И |
| Дугаар | 155/ШШ2024/00748 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00748
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00748 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Ш-их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Т-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн үлдэгдэл 556,160 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 18,000 төгрөг, нийт 556,160 (таван зуун тавин зургаан мянга нэг зуун жар ) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00719/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш-их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэвсүрэн овогтой Туяа нь Ш-ийн нээлттэй боловсролын төвд 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлаас элсэн орсон. Нийт суралцсан хугацаандаа 28 кр сонгож үзсэн ба нийт 3,486,260 төгрөг төлөхөөс 03-нд 890,100 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-нд 1.400,00 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 07-нд 200,000, 2016 оны 5 дугаар сарын 27-нд 80,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-нд 360,000 төгрөг, нийт 2,930,100 төгрөг төлж, 2024 оны 05-р сарын 22-ны байдлаар 556,160 төгрөгийн сургалтын үлдэгдэл өр төлбөртэй байна. Сургалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 556,160 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 18,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Т тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч П.Т би 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын элсэлтээр магистрын хөтөлбөрт хамрагдахаар элсэн орсон. Тэгээд сургалтын явцын төлбөрүүдийг төлсөн ба үлдэгдэл 556,160 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Иймд тус байгууллагаас нэхэмжилж буй 556,160 төгрөгийг, улсын тэмдэгийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш-их сургуулийн нээлттэй боловсролын төв нь П.Тд холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 556,160 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 18,000 төгрөг, нийт 574,160 (таван зуун далан дөрвөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд түүнийг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хуваарилдаг.
Иймд нэхэмжлэгчийн нэмж нэхэмжилсэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан шийдвэрлэх боломжгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Тд нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 556,160 (таван зуун тавин зургаан мянга нэг зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч Ш-их сургуулийн нээлттэй боловсролын төвд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш-их сургуулийн нээлттэй боловсролын төвийн улсын тэмдэгтийн хураамжид 18,000 (арван найман мянга) төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 556,160 (таван зуун тавин зургаан мянга нэг зуун жар) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,334 (арван долоон мянга гурван зуун гучин дөрөв) төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 18,000 (арван найман мянга) төгрөгөөс 8,667 (найман мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 666 (зургаан зуун жаран зургаа) төгрөгийг, 17,334 төгрөгийн тал хувь болох 8,667 (найман мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийг, нийт 9,333 (есөн мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Тгаас 8,667 (найман мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш-их сургуулийн нээлттэй боловсролын төвд олгохоор тогтов.
Хариуцагч П.Т нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш их сургуулийн нээлттэй боловсролын төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Т-д холбогдох, 556,160 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 18,000 төгрөг, нийт 574,160 (таван зуун далан дөрвөн мянга нэг зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 574,160 (таван зуун далан дөрвөн мянга нэг зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч Ш их сургуулийн нээлттэй боловсролын төвд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш их сургуулийн нээлттэй боловсролын төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,000 ( арван найман мянга) төгрөгөөс 574,160 (таван зуун далан дөрвөн мянга нэг зуун жар) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 17,875 төгрөгийн тал хувь болох 9,937.50 (найман мянга есөн зуун гучин долоон мянга тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,062.5 (арван мянга жаран хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Т-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,937.50 (найман мянга есөн зуун гучин долоон мянга тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ш-их сургуулийн нээлттэй боловсролын төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Хандармаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА