Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00776

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00776

Х аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.И-д  холбогдох,

Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 675,000 ( зургаан зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00763/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.И нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үед Х аймгийн Ж-сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чачирт” гэх газраас Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглосон хугацаанд үрийн жин нь 27 килограммыг бэлтгэсэн гэх зөрчилд тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.П нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.И-д 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0614838 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.Гэтэл Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд бэлтгэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчоос байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуй, нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэжзаасан, иргэн Б.И-ы хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу прокурор өөрийн санаачлагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар 497.1 дэх хэсэгт зааснаар Б.И- нь хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.

Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.

Иргэн Б.И-аас Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглосон хугацаанд үрийн жин нь 27 килограммыг бэлтгэж, байгаль орчинд 675.000 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.И- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.И- би Х аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор С.Б-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Би  самар түүх хугацаа болоогүй байхад самар түүсэн гэсэн үйлдэлдээ зөрчлийн арга хэмжээ авагдсан бөгөөд байгаль орчинд учруулсан хохиролд 675,000 төгрийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.И-гаас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 675,000 ( зургаан зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.И- нь нэхэмжлэлийн шаардлага болох байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 675,000 ( зургаан зуун далан таван мянга) төгрөгийг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн                       58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн                                           41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 675,000 ( зургаан зуун далан таван мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 20,750 (хорин мянга долоон зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус  зааснаар хариуцагч Б.И-гаас улсын тэмдэгтийн хураамж 20,750 (хорин мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 10,375 (арван мянга гурван зуун далан тав) төгрөгийг  гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х аймгийн П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.И-д холбогдох байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 675,000 ( зургаан зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.И нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 675,000 ( зургаан зуун далан таван мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 20,750 (хорин мянга долоон зуун тавь) төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.И-аас улсын тэмдэгтийн хураамж 20,750 (хорин мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 10,375 (арван мянга гурван зуун далан тав ) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА