Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0094 

 

 

 

 

 

 

 

 

       2024          01         26                                     128/ШШ2024/0094         

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******,

Хариуцагч: -ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.А*******,

Маргааны төрөл: шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******, хариуцагчийн өмгөөлөгч н.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар дүгнэлт: “Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Хоёр. Маргаж буй үндэслэл:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.А******* нь Ж******* ХХК-д холбогдуулан "Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуун овоонд шугамын холболтыг хийхдээ зөвшөөрөл аваагүй, шугамын ашиглагч, ТЗЭ-ийн хяналт дор техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгээгүй" гэх үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг тус прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хяналаа. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд:

1/ Зөрчлийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна..." гэснийг,

2/ Холбогдогч Б.Х*******гаас мэдүүлэг авахдаа мэдүүлэг болон эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8, 4.13 дугаар зүйлийг,

3/ Зөрчлийг нотлох, зөрчлийг шинжийг тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ...", гэснийг,

4/ Шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага, нөхцөлийг бүрэн тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна...", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт "... тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;..." гэснийг,

5/ Шийтгэлийн хуудсанд Ж******* ХХК нь ямар нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байгаа талаар дурдаагүй нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх хууль зөрчсөн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан "Хууль ёсны зарчим", 1.3 дугаар зүйлд заасан "Шударга ёсны зарчим"-д нийцээгүй байна. Иймд -ны Ашиглалт, аюулгүйн техникийн улсын байцаагч Н.А*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж******* ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн.

Зөрчлийн талаар гомдол мэдээлэл ирүүлсний дагуу мэдээллийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр прокурорын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх байсан. Гэтэл огт бүртгүүлэхгүйгээр дээрх ажиллагааг хийж, шийтгэл оногдуулсан. Прокуророос өмнө Н.А******* байцаагчийн шалган шийдвэрлэж байсан асуудалд 2023 оны 01 дүгээр сард прокурорын шаардлага хүргүүлсэн байдаг. Дээрх шаардлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, удирдах албан тушаалтнаас авсан арга хэмжээний талаар газар дээр нь танилцах ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр прокурор миний бие -д очиход дотооддоо сургалт цуглаантай байна гэх үндэслэлээр маргааш уулзахаар болсон. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр надтай ирж уулзсан.

2023 оны 01 дүгээр сард зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж гарсан зөрчилд нь холбогдуулж прокуророос шаардлага хүргүүлж байсан байна. Шаардлагын үндэслэл нь улсын байцаагчийн зүгээс ЭБАТ- руу чиглэсэн ямар ажиллагаа хийсэн байна гэдэгтэй танилцах үүднээс очсон. Очих явцад би сургалт зөвлөгөөнтэй байна маргааш тань дээр очъё гээд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр материалуудыг авч ирсэн. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсанаа прокурорын бүртгэлд бүртгүүлээгүй, оногдуулсан шийтгэлээ прокурорын бүртгэлд бүртгүүлэхээр мөн адил ирүүлээгүй байсан. Иймд шударга ёсны зарчим, хууль ёсны зарчмыг алдагдуулан прокурорын хяналтгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлж, шийтгэл оногдуулсан байх тул дүгнэлт бичсэн. 

н.Х******* нь мэдүүлэг өгөхдөө “Ж*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж хэлсэн. Мөн инженер н.Баас мэдүүлэг авсан. н.Х******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Бийг томилсон нотлох баримтаа өгөөгүй. Шийтгэл оногдуулах хуудаст н.Д гэх өөр хүний гарын үсэг зуруулж гардуулсан байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон зүйл байхгүй байсан.

Улсын байцаагчаас ямар зөрчилд холбогдуулан ямар шийтгэл оногдуулахыг дурдсан. Гэтэл шийтгэл оногдуулсан хуудастаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн атлаа ямар нотлох баримт байсан талаар огт дүгнээгүй. Мөн хуулийн заалтаа 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг гэж хуульд байхгүй заалтыг бичсэн. Шийтгэлийн төрөл хэмжээ гэдэгт 50,000 нэгжээр гэж бичих ёстой байтал 5,000,000 төгрөгөөр гэж бичсэн байсан. Хамгийн гол прокуророос бичиж байгаа дүгнэлт нь прокурорын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзээд прокуророос дүгнэлт бичсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл гэж байгаа. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна гэж заасан. Бүртгүүлээд явуулсан тохиолдолд гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, татгалзаж, хялбаршуулж болно. Өөрийн санаачлагчаар болон бусдаас ирсэн гомдол мэдээллийн дагуу зөрчлийг илрүүлэхдээ прокурорын хяналт дор хэрэгжүүлэх ёстой.

Би эрх бүхий байгууллагын албан тушаалтан байлаа гэхэд уг хүнийг ямар зөрчил шалгаж байгааг мэдэхгүй байхад прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалтган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь заалт нь Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Прокуророос үндэслэлтэй шаардлага бичсэнээр Н.А******* байцаагч хуульд заасан хариуцлагыг хүлээсэн, Би процесс яриагүй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулсан.” гэв.

2. Хариуцагч эрчим хүчний хяналтын улсын байцаагч тайлбартаа: -ийн эрчим хүчний хяналтын улсын байцаа Н.А******* би Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овоонд "Ж******* ХХК нь батлагдсан зураг төсөлгүй гадна шугамын угсралт гүйцэтгэж байна” гэсэн мэдээллийн дагуу анх 2023.10.24-ны өдөр газар дээр нь үзлэг хийхэд ф300м ф200мм хооронд шугамын угсралтын ажлыг хагас нэвтрэх тунельд болон үл нэвтрэх сувагт угсралт хийгдэж байсан. Угсралт монтажийн ажлыг газар дээр нь үзэж шалгах явцад хэд хэдэн техникийн ноцтой алдаа зөрчил байгааг анхааруулж угсралтын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зогсоохыг мэдэгдэж 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11-00-03/050/135 дугаартай албан шаардлага өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газарт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 01/230 дугаар албан тоот явуулж шугам угсралтын ажилд хяналт явуулж, шийдвэрлэж өгөх тухай хүсэлт тавьж байсан, хариу өгөөгүй. Ж******* ХХК-иас угсралт монтажийн ажлыг зогсоогоогүй ба 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр угсарсан шугамаа холболт хийж огтолгоо авсан байна гэдгийг Баянзүрх дүүрэг хариуцсан холболтын инженер Д.Ж, Шинэ хэрэглэгчийн холболтын хэлтсийн дарга Г.С нараас мэдэгдэж гомдол гаргасан.

Гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загвар маягтын дагуу бичүүлсэн. Ж******* ХХК-ийн хяналтын инженер Ш.Бийг УБДС ХК-д дуудан уулзаж мэдүүлэг авахдаа урьдчилан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д зааснаар холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан. Мөн Ж******* ХХК-ийн захирал Б.Х******* тухайн үед ирээгүй тул тус компанийн оффист очиж холбогдогчийн эрх үүргийг танилцуулан мэдүүлэг авсан. Гаргасан зөрчлийн талаар холбогдогч нараас танилцуулж, мэдэгдэл тайлбар өгөхдөө “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сард эхний залжийн барилгуудаа ашиглалтанд оруулах яаралтай шаардлага байсан. Огтолгоо хийх трасс татах ажиллагаа нь газрын асуудлаас болоод шийдвэрлэгдэхгүй цаг их алдсан. Тэгээд шинээр хийсэн шугамаа дулаанд холбуулах зорилгоор өөр цэгээс огтолгоо хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбаруудыг өгсөн. Энэ талаар мэдүүлэгт холбогдогч нар тодорхой бичсэн байдаг.

Гадны шугамын зургийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр батлуулсан байсан бөгөөд тус зургийн 6, 10-р хуудаст холболт зурдагийг тодорхой зааж өгсөн ба үүнийг зөрчиж өөр хэрэглэгчийн шугамаас ашиглагч болон, техникийн нөхцөл олгогч, ТЗЭ-ийн эрх бүхий төллөөллийн хяналтгүйгээр огтолгоог хийсэн байсан. Хэдийгээр Ж******* ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц хорооллын эхний ээлжийг ашиглалтанд өгөхөөр яаралтай ажил байсан боловч олгосон 357/2023 тоот техникийн нөхцлийн 9 дүгээрт дагаж мөрдөх хууль, дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс дээрх алдаа зөрчлийг гаргасан байна. Үүнд:

Ж******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 32.3.2-т “Эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөл зөрчсөн", 33 дугаар зүйлд заасан хамгаалалтын зурвасыг зөрчсөн, Засгийн газрын 2020 оны 97-р тогтоолоор баталсан "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 3-р бүлэг буюу "Хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмжийг дулааны шугам сүлжээнд холбох" шаардлагуудыг зөрчсөн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолоор баталсан "Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам"-ын 4.1. "Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагуудыг хангасан объектыг дулааны сүлжээнд холбохдоо техникийн нөхцөл олгогч болон тухайн сүлжээний өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бүхий төлөөллийн хяналт дор гүйцэтгэнэ. Тус объектын дулааны шугам, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг техникийн нөхцөл олгогчоор хянуулж батлуулсан зураг, төслийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.", Эрчим хүчний сайдын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/237 тоот тушаалаар "хот суурин газруудын дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд төв болон салаа шугамаас огтолгоо авахгүй байх" тухай тус тус заалт, шаардлага, албан даалгавруудыг зөрчиж гадна агаарын хэм -15С дээш тогтвортой хүйтэрсэн үед зөвшөөрөлгүй огтолгоо гүйцэтгэсэн. Энэ нь техникийн аюулгүй байдлыг зөрчиж, болзошгүй эрсдэл учруулах нөхцөлд дөхсөн үйлдлийг гаргасан.

Иймд дээр хууль эрх зүйн акт бичиг баримтанд үндэслэн Ж******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжийн торгуулийн шийтгэвэр ноогдуулсан.

Миний бие энэхуу зөрчлийг бүртгүүлэх, процедур ажиллагааны дарааллыг тодруулж зөвлөгөө авахаар 2023 оны 10 сард Нийслэлийн прокурорын газарт манай байгууллагыг хариуцсан байцаагчтайгаа уулзах гэж очсон. Тухайн үед манай байгууллагыг хариуцаж байгаа байцаагчийг баталсан нэрсийн жагсаалтыг сейфний ханан дээрх жагсаалтаас хараад хэлж өгсний дагуу н.Итгэл прокурортой уулзсан. Прокурор надад "цаад газар нь зөрчлөө ойлгож хүлээн зөвшөөрч байгаа юм уу, тэгвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно, бүртгэл хялбаршуулсанд шаардлагагүй" гэж хэлсэн.

Би -д Ашиглалт аюулгүйн техникийн байцаагч инженерийн үүрэгт ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дамжуулах сүлжээний шугам тоноглолын ашиглалтын үеийн тоноглолын хэвийн ажиллагаа, аюулгүй байдалд холбогдох алба хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг даалгавар өгөх, гаргасан зөрчил саатлыг судлан дүгнэлт гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Халаалтын улирал эхэлсэн цаг үед огтолгоог ашиглагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хяналтгүйгээр өөр цэгээс хийсэн үйл ажиллагааг нь өөрийн ажил үүргийн үүднээс шалгахдаа өөрийн хууль эрх зүйн мэдлэг, чадвар дутагдаж дээр дурьдсан прокурорын зөвлөснөөр хялбаршуулсан журмаар шийдэхдээ, өөрийн зүгээс яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн маань энэхүү алдааг гаргахад хүргэлээ.

Ж******* ХХК-ийн зүгээс дээрх алдаагаа хүлээн зөвшөөрч, торгууль шийтгэврийн төлбөрийг төлбөрөө төлсөн бөгөөд гомдол гаргаагүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулан дулаан эрчим хүчээр түр хангагдаж байгаа. Нийслэл хотын барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлт ажлыг хүндэтгэж Ж******* ХХК-ийн эхний ээлжийн барилгыг тусгай хөтөлбөр гарган, шугам сүлжээг дахин нягталж шалган, тодорхой зөрчлүүдийг арилгуулан, зарим ажлуудыг 2024 оны зуны засвар үед хийлгэхээр үүрэг даалгаврыг болон тус компанийн техникийн удирплагуудын хүрээнд хамтран шийдэж түр дулаанд холбон шийдвэрлэсэн” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Прокуророос эхний тайлбартаа нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэж байна. улсын байцаагч Н.А******* нь 2023 оны 10 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Нийслэлийн прокурорын газарт очиж Б.М******* прокурортой биечилж тааралдсан байсан. Б.М******* прокурор “одоогоор би хариуцаагүй байгаа н.Итгэл прокурортой уулз” гээд н.Итгэл прокурортой уулзаж, “прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх гэсэн юм” гэхэд прокурор “холбогдогч өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулах боломжтой, бүртгүүлэх шаардлагагүй яаралтай ажилтай байна” гэж хэлсэн.

Холбогдогч н.Х*******гаас авсан мэдүүлэг 2 хуудастай бөгөөд сүүлийн хуудаст нь гарын үсэг зуруулсан байдаг.

Зөрчлийг нотлох гэрэл зураг, хурлын тэмдэглэл зэргийг цуглуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Ж******* ХХК-д оногдуулсан зөрчил нь 35 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэл болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягтын журам бөгөөд уг журмыг зөрчсөн гэж үзсэн. Прокурорын дүгнэлтэд тус журмын аль заалтыг зөрчсөн талаарх нарийвчилсан зохицуулалт байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх дүгнэлтийг өгсөн байна. Тус заалтад тусгасан хурлын тэмдэглэл, маягтын дагуу шийтгэлийн хуудас бөглөгдсөн байгаа. Тэгэхээр яг ямар хуулийн заалтыг буруу гэж үзсэнийг ойлгохгүй байна. Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчим болон хууль ёсны зарчимд нийцэхгүй гэсэн байна. Зөрчилд холбогдуулж байгаа “Ж*******” ХХК-ийн зураг төсөл нь батлагдаагүй байхад хяналтын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр дулааны шугамыг дур мэдэн огтолгоо хийж холболт хийсэн байдаг. Үүнтэй холбоотой хангагч байгууллагаас гомдол мэдээлэл ирсний дагуу тэмдэглэл үйлдэж тухайн газарт олон удаагийн шаардлага хүргүүлсний дараа шийтгэлийн хуудсыг бичсэн. Тэгэхээр “Ж*******” ХХК тухайн зөрчлийг гаргасны улмаас зөрчлийн хуудсыг бичсэн байна. Харин эсрэгээрээ зөрчил гаргасан байхад шийтгэл оногдуулахгүй бол шударга ёсны зарчимд нийцэхгүй байх нөхцөл байдал үүснэ гэсэн хариу тайлбарыг гаргаж байна.” гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр ажиллагаа эхлэнэ гэсэн. Гэтэл энэ ажиллагаанд тус заалт хамаарахгүй, 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заалт хамааралтай. Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруйд нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, холбогдогч этгээд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр ажиллагаа эхэлнэ. Хялбаршуулсан журмаар буюу зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд заавал бүртгэлд бүртгүүлэхгүйгээр ажиллагаа хийж дуусаад прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуул 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан. Тиймээс прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр ажиллагаа эхлэнэ гэсэн заалт нь үндэслэлгүй байна.

Холбогдогчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, холбогдогч этгээдийн эрхийг хангаагүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно. Зөрчил шалган шийдвэрлэж байгаа этгээдийн оролцоог бүрэн хангасан байгаа учраас прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй байна гэлээ. Гэтэл Ж******* ХХК руу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүл гэж хандаад байхад томилж ирүүлээгүй. Хяналтын инженер Б болон н.Х******* гэх захирал нь зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй нь улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй. Оролцогч этгээдийн эрхийг зөрчөөгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчим, хууль ёсны зарчмыг зөрчсөн гэх байдлаар прокуророос тайлбарлаж байна. Хэрвээ шийтгэлийн хуудсыг хүчингүй болговол зөрчил гаргасан этгээд шийтгэлээс чөлөөлөгдөж шударга ёсны зарчим алдагдана. Хууль ёсны дагуу зөрчилд холбогдсон этгээдэд зөрчлийн хариуцлага тооцуулах ёстой. Гэтэл эсрэгээрээ уг зарчим алдагдана.

Энэ тохиолдолд прокурор ямар арга хэмжээ авах вэ гэхээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоос илүү эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулъя гэж хандах ёстой. Нөгөө талаараа прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараалал зөрчсөн байдалд нь холбогдуулж шийтгэл оногдуулж, холбогдогч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад дахин шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь Ж******* ХХК-д давуу байдал үүсгэж байгаа юм. Тиймээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь харахаар оролцогчийн эрхийг хангаагүй. Мөн энэ этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд хүчингүй болгох ёстой. Эрх бүхий албан тушаалтны процесс ажиллагааны дарааллаас болж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь заалт гэж байхгүй гэж тайлбарлалаа. Энэ нь техникийн шинжтэй алдаа юм. Ямар үндэслэл баримталж байгаагаа бичээгүй гэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Яагаад гэхээр энэ талаар огт маргаагүй, холбогдогч этгээд өөрийн сайн дурын үндсэнд зөрчлийг биелүүлж байгаа гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Уг үндэслэлээр миний үйлчлүүлэгч улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, прокурорын шаардлагын дагуу хариуцлага тооцогдсон байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.А******* нь Ж******* ХХК-д холбогдуулан "Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Чулуун овоонд шугамын холболтыг хийхдээ зөвшөөрөл аваагүй, шугамын ашиглагч, ТЗЭ-ийн хяналт дор техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгээгүй" гэх зөрчилд  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт бичжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд авагдсан баримтууд, талуудын тайлбар, прокурорын дүгнэлтийн үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овоонд Ж******* ХХК нь батлагдсан зураг төсөлгүй гадна шугамын угсралт гүйцэтгэж байна гэсэн мэдээллийн дагуу -ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.А******* 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь үзлэг, шалгалт хийсэн.

1.1. Үзлэгээр ф350мм, ф200мм хооронд шугамын угсралтын ажлыг хагас нэвтрэх тунельд болон үл нэвтрэх сувагт угсралт хийгдэж байсныг шалгахад,

- Шугамын угсралтын ажлыг батлагдсан зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн,

- угсарч байгаа дулааны шугамын метальд сорьц дүгнэлт хийлгээгүй,

- гагнуурын оёдлуудад хэт авианы шалгалт, дүгнэлт хийлгээгүй, амуудыг ирмэглэж засаагүй,

- Нэвтрэх суваг, шугам хоолойд ус чийгнээс хамгаалах түрхлэг түрхээгүй,

- Ил далд ажлын акт үйлдээгүй шугам хоолойг тагласан зэрэг техникийн зөрчил илэрч, гадна дулааны шугам угсралтын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр зогсоож, шугамын ажлын зургийг хийлгэж батлуулах, хангагч болон эрх бүхий байгууллагаас ажил эхлэх зөвшөөрөл авахыг шаардаж, дээрх зөрчлийг хангагч байгууллагын хяналтад засахыг мэдэгдэж, албан шаардлагын биелэлтийг хангаагүй зөрчлийг арилгаагүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулахыг мэдэгдэж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11-00-03/050/135 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага өгсөн ч,

1.2. Ж******* ХХК гадна дулааны шугамын угсралтын ажлыг зогсоогоогүй төдийгүй 2023 оны 11 дүгээр сард угсарсан шугамаа зөвшөөрөлгүй цэгээс огтолгоо хийж холболт авсан, энэ тухай -ийн Шинэ хэрэглэгчийн холболтын хэлтсийн дарга, Баянзүрх дүүрэг хариуцсан холболтын инженерээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн мэдээллээр улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэжээ. 

1.3. Зөрчилд холбогдогч “2023 оны 12 дугаар сард эхний ээлжийн барилгуудаа ашиглалтанд оруулах яаралтай шаардлага байсан, шинээр хийсэн шугамаа дулаанд холбуулах зорилгоор өөр цэгээс огтолгоо хийж дулааны шугам холбосон нь буруу ажиллагаа болсон байна. Улсын байцаагчийн даалгаврын биелэлтийг шалгуулахад бэлэн болж байгаа. Захиалагч, хангагч байгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгээгүй. Зуны засварын хугацаанд шаардлагын дагуу үргэлжлүүлэн засварлана” хэмээн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, шийтгэлийн хуудаст аливаа гомдол гаргаагүй, торгуулийг төлсөн байдаг.

1.4. Зөрчилд холбогдогч Ж******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулсан хэлцлээр 11 дүгээр сарын 15-наас өөр цэгээс огтолгоо хийж дулааны шугамд түр холбохоор тохирч, зөвшөөрөлгүй цэгээс, зураг төсөлгүй, техникийн нөхцөлгүйгээр огтолгоо хийж, дулааны шугамд холбосон нь Эрчим хүчний тухай хууль, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчсөний зэрэгцээ

1.5. Эрчим хүчний сайдын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А237 дугаар тушаалаар өвлийн халаалтын улирал эхэлсэн, их ачааллын горимд шилжсэнтэй холбоотой шинээр холболт хийх үйл ажиллагааг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний хооронд зогсоосон хугацаанд хамаарч байх бөгөөд энэ нь дулаан хангамжийн хэвийн ажиллагааг алдагдуулах үр дагавартай зөрчил байна.

1.6. Зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн төдийгүй зөрчил үйлдсэн нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шугамын холболт, огтолгоо хийснийг баримтжуулсан фото зураг, холболт хийх цэгийг заасан техникийн даалгаврын зураг, 2023 оны 11 дүгээр сарын 28-нд , зөрчилд холбогдогч компанийн эрх бүхий этгээдүүдтэй хийсэн төвлөрсөн дулаан хангамжид түр холбох тухай хэлэлцсэн хурлын тэмдэглэл, дулааны шугамд түр холболт хийх хэлцэл болон албан шаардлагын биелэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 30-наар гаргасан зэргээр Эрчим хүчний тухай хууль, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчсөн нь тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа зөрчил үйлдсэнийг нотлох ажиллагааг хийсэн гэж үзнэ.

1.7. Зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн төдийгүй зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь энэ заалтад нийцжээ.

2. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж оролцуулахыг холбогдогч компанид мэдэгдсэн, холбогдогч Ж******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус компанийн захирал Б.Х*******гаас холбогдогчоор мэдүүлэг авсан, холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд холбогдогчоос 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд холбогдогч өөрийн биеийн байцаалт болон мэдүүлгээ гараар бичсэн, мэдүүлгийн 2 дугаар хуудсанд “мэдүүлэг өгсөн холбогдогч” хэсэгт гарын үсэг зурж, гарын үсгийн тайллыг гараар бичсэн байх тул “холбогдогчид эрх, үүрэг танилцуулах, холбогдогч ямар хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж буйгаа мэдэх, тэмдэглэлтэй танилцах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримттай танилцах, гаргаж өгөх” зэрэг холбогдогчийн эрхийг хангахтай холбоотой Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.8 дугаар зүйл, 4.13 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

2.1. Мөн холбогдогчийг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй байхад Ж******* ХХК-ийн хяналтын инженер Ш.Бийг холбогдогчоор мэдүүлэг авсан байх тул уг мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.

2.2. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсыг холбогдогчийг төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулаагүй байх ч энэ нь холбогдогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, холбогдогч 11 дүгээр сарын 30-ны өдөр торгуулийг төлсөн байдаг.

3. Эрх бүхий албан тушаалтан Ж******* ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна", 3 дахь хэсгийн “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ”, 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэснийг зөрчиж аль ч үе шатанд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна.

3.1. Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан энэ  зөрчилд прокурорын мэдэгдлээр түүнд хариуцлага хүлээлгэсэн байна.

3.2. Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй процесс ажиллагааны энэ зөрчлөөр эрх бүхий албан тушаалтанд ийнхүү албаны хариуцлага хүлээлгэсэн байх тул Эрчим хүчний тухай хууль, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж, ажлын зураггүй, зөвшөөрөлгүй цэгээс, хангагч байгууллагаас зөвшөөрөл авалгүй, шинээр холболт хийх үйл ажиллагааг зогсоосон хугацаанд, улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангуулаагүй байхдаа огтолгоо хийж төвлөрсөн дулаанд холбосон зөрчилд шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгох нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчилд шийтгэл ногдуулах шударга ёсны зарчим, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох шийтгэлийн зорилгод нийцэхгүй гэж шүүх үзлээ. 

4. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг “12 дугаар зүйлийн 8.5”, “12.8.5” гэж хуулийн зүйл, хэсгийг буруу томьёолсон нь, “5000 нэгжээр торгох” шийтгэлийн төрөл, хэмжээг “5,000,000 төгрөгөөр торгох” гэж шийтгэлийн хэмжээний нэгжийг буруу томьёолсон байх хэдий ч техникийн шинжтэй эдгээр алдаа зөрчилд холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох ёсгүй.

5. Зөрчилд холбогдогч шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй, зөрчлөө хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, торгуулийг төлсөн байх бөгөөд прокурорын дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхэд өөр бусад этгээдийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байхгүй гэж шүүх үзсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 12.8 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА