Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 37

 

Хөдөө аж ахуйн Их сургууль, Ургамал

газар тариалангийн  хүрээлэнгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01194/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн Их сургууль, Ургамал газар тариалангийн  хүрээлэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Ц-од холбогдох

“Хохирол төлбөр 2.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хөдөө  аж ахуйн Их сургууль, Ургамал газар тариалангийн  хүрээлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Ж.Ц- нь элит үр үржүүлгийн талбайд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 300 орчим бог мал өдрийн цагаар хариулгагүй орхисон шалтгаанаар оруулж их хэмжээний хохирол учруулсан. Уг асуудлаар ажлын хэсэг томилогдон ажиллаж хохирлыг тооцон мэдэгдэх болон торгуулийн хуудсыг малчинд хүргэж төлбөрийг барагдуулах талаар ярилцсан хэдий ч өнөөдрийг хүртэл уулзахгүй үл хүндэтгэн явж ирсэн тул 2.000.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ц- нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....Нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. Мал орсныг нотлох баримт байхгүй, талбайн гадаа байгаа малын зураг хэрэгт байгаа. Ж.Ц-ын мал гэж харагдах зураг байхгүй байна. Ж.Ц- малгүй, А данс байхгүй. Мөн нэхэмжлэгч тал өөрсдөө тариа тарьсан байж талбайгаа хашаажуулж, харуул хамгаалалтай байлгах ёстой гэтэл ийм зүйл огт байхгүй байдаг. Талын толгойн тариалалт гэж яриад байгаа, Хонгор сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар захирамж, энэ захирамжид тариалангийн болон бэлчээрийн талбай хамгаалах гэж байгаа, энэ дээр талын толгойг хамгаалж хамгаалалтад авсан зүйл байхгүй. Мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар захирамж гэж байгаа тариалангийн талбай хамгаалах гэж. Ийм тариалалттай холбоотой Хонгор сумын Засаг даргын 2 захирамж байгаа, хэрэгт нотлох баримтаар малын бэлчээр хамгаалах гэсэн ямар ч ач холбогдолгүй, хамаагүй хөндлөн баримт явуулсан байсан үүнийг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байсан. Мөн хохирол тооцсон гэдэг. Гэтэл хохирол тооцох аргачлал гээд гурван сайдын тушаалаар батлагдсан акт байдаг. Энэ аргачлалын 3-т хохирол тооцох ажиллагааг хаанах яаж хохирол тооцох вэ гээд тодорхой заасан байгаа. Энэ байгууллага хохирол тооцох эрх бүхий субъект биш. Сумын засаг даргын тамгын газар ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг хариуцаж хийхээр журамласан байдаг. Гэтэл энэ комиссоор тогтоолгоогүй, өөрсдөө дур мэдэн дотроо комисс байгуулж, хохирол тооцож гаргасан байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хуулийн дагуу бүрдүүлээгүй гэж үзэж байна. Мөн торгуулийн хуудас гэж өгсөн байдаг, ийм торгуулийн хуудсаар хохирол төлөхгүй, хохирол тооцсон баримт хэрэгт байхгүй байна. Тийм учраас хууль зөрчиж бүрдүүлсэн баримтууд байгаа учраас Иргэний хуулийн 501-р зүйлийн 501.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Ц-оос 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө  аж ахуйн Их сургууль, Ургамал газар тариалангийн  хүрээлэнд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Ц-оос улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ургамал газар тариалангийн хүрээлэн нь хохирол тогтоох эрх бүхий байгууллагаар үндэслэл бүхий хохирлыг тогтоолгоогүй. Нэхэмжлэгчийн тариан талбайд учирсан гэж байгаа хохирлыг ямар хүний, ямар зүс, имтэй, ямар төрлийн, хэдэн тооны мал, хэзээ, ямар хугацаанд орж, ямар хэмжээний талбайд хэдий хэмжээний хохирол учруулсныг хариуцагчийг байлцуулан эрх бүхий комиссоор тогтоолгосон нотлох баримт байхгүй. Мал тооллогоор 2019 онд Ж.Ц-од бог мал тоологдоогүй болох нь тооллогын бүртгэлээр батлагддаг.

Нэхэмжлэгч Хонгор сумын 1-р багийн нутаг, Талын толгой; дахь үржүүлгийн талбайд хэдэн га-д ямар ургамал тариалсан, аль тариалангийн талбайд мал орсон, хэдэн га талбайг ямар хэмжээтэй сүйтгэж хэдэн центнер ургац алдсан талаар Засаг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эрх бүхий байгууллагаар хохирлын акт гаргуулж, эрх бүхий улсын байцаагчаар хариуцлага тооцуулаагүй байна.

Хоёр сая төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ мөнгө нь торгууль юм уу аль эсвэл хохирол юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаагүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Үүнийг материалд авагдсан баримтаас харж болно. Хэрэв торгууль бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.12-р зүйл заалтыг зөрчсөн тул эрх бүхий Улсын байцаагч торгууль ногдуулаагүй, нотлох баримтаар албажуулаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэж байна.

Хохирол гэж үзэж байгаа бол Хонгор сумын Засаг даргын 2018.05.15-ны өдрийн 76-р захирамжийн хавсралтаар томилогдсон хохирол тогтоох комиссоор хохирлын үнэлгээг гаргуулсан байх зохицуулалттай. Нэхэмжлэгч байгууллага өмч, хөрөнгөө байнгын харуул хамгаалалттай байлгах, хашаажуулах, төрийн байгууллагаас мөрдүүлэхээр гаргасан тушаал, захирамжийн заалтуудыг биелүүлэх зэрэг өөртөө хүлээсэн үүргүүдээ биелүүлээгүйгээс байгууллагадаа учруулсан хохирлыг бусдаар төлүүлж, гэм буруугүй үлдэх гэсэн арга гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

Хөдөө  аж ахуйн Их сургууль, Ургамал газар тариалангийн  хүрээлэн нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг,  хариуцагч Ж.Ц-од холбогдуулан гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөхдөө “... хэдэн га-д ямар ургамал тариалсан, хэдэн га-д ямар хэмжээтэй сүйтгэж, ямар хэмжээтэй ургац алдсан, мал нь хэний өмч болох, ямар эм тэмдэгтэй, хэдэн тооны мал ямар хугацаанд идээшилсэн, гишгэлсэн, мал орсон талаар Засаг захиргаанд мэдэгдээгүй, эрх бүхий байгууллагаар хохирлын акт гаргуулаагүй...”  гэжээ

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу санамсар болгоомгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг  хариуцан арилгах  үүрэгтэй  талаар  заажээ.

Нэхэмжлэгч Хөдөө  аж ахуйн Их сургууль, Ургамал газар тариалангийн  хүрээлэнгийн үржүүлж байгаа таримал ургамал нь эрдэм шинжилгээ судалгааны олон жилийн ажлын үр дүнд бий болсон шинэ сортын үрийг богино хугацаанд үржүүлж, үйлдвэрлэлд элит, супер элит болон анхан шатны эх материалаар  хангах үүрэг хүлээдэг байна.

            Тус Хүрээлэнгийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн  А-49 дүгээр  тушаалаар “...Хонгор сумын 1-р багт байрлах талын толгой орчмын үржүүлгийн талбайд  таригдсан Дархан-34 сортын супер элитын талбарт хонь орж их хэмжээний хохирол учирсан  тул  хохирлыг тооцох ажлын хэсгийг томилжээ.

            Хохирлын акт тогтоох ажлын хэсэг нь 2019 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн  А-33 тоот Таримал ургамал хамгаалах тухай Ургамал газар тариалангийн  хүрээлэнгийн захирлын тушаалын дагуу талбайн биологийн ургацыг зах зээлийн үнийн 70 хувиар бодож  хохирлын үнэлгээг тогтоож, Ж.Ц-ын 300 орчим хонь торгон үрийн 20 га талбайн баруун хойд булангаас 134 м өргөн 150 м урттайгаар нэвтэрч, тариаг туучин налуулж идсэн ба улмаар хураах боломжгүй болгосон, Мал идсэн талбайг тооцож үзэхэд 2.01 га болсон ба га-гийн ургац 10 ц\га-аар тооцоход 2 тн элит үр үйлдвэрлэх боломжоо алдсан, Элит үрийн тариаланд учруулсан хохирлыг ХХААХҮЯ-ний сайд, ХЗДХЯ-ны сайд, Сангийн Яамны хамтарсан 2018  оны 8 дугаар сарын 20-ны өдрийн  А-136, А-158, А-210 дугаар тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, тариалан эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалаар бодоход 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-49 дүгээр тушаалаар \хэргийн 5 дугаар тал\ хохирол тооцох зорилгоор  ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсгийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоосон  \хэргийн 43 дугаар тал\, иргэн  Ж.Ц-од  мэдэгдэх  хуудас  хүргүүлсэн \хэргийн  13 дугаар тал\ зөрчил шалгуулах гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргаж байсан  \хэргийн  15 дугаар тал\ албан  бичгийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2,01 га-гаас авах 2 тн элит үр үйлдвэрлэх боломжоо  алдаж түүнд гэм хор учирсан, талбайд мал орж, гишгэлснээс хураан авч ашиглах боломжгүйгээр налсан нь Ж.Ц-ын малаа хариуцлагагүй бэлчээсэн хууль бус үйлдэлтэй холбоотой  байна.

Хариуцагч Ж.Ц- гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх  үндэслэлтэй.

Тариалангийн талбайн ойролцоо Ж.Ц-ынхоос өөр малтай айл байдаггүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг болон хэрэгт авагдсан, тариан талбайгаас  мал тууж байгаа гэрэл зургийг, хариуцагч  үгүйсгэж чадаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн, хариуцагч тал ...мал талбай руу ороогүй, талбайн захад байсан,  хохирлын үнэлгээ бодитой биш гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй, мөн нэхэмжлэгч талын хохирлоо тодорхойлсон хэмжээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэсэн дүгнэлтийг буруутгах  үндэслэл  тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө  нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч  нэхэмжлэгчийн хохирол тогтоосон тухай актыг эрх бүхий байгууллагаар гаргуулаагүй  гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн  үндсэн дээр явагддаг.

Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо тогтоосныг буруу гэж үзэж байгаа бол хариуцагч тал шинжээч томилуулж, өөрийн татгалзлаа нотлуулахаар  шүүхэд хүсэлт гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Гэвч тийм хүсэлт ирүүлээгүй учир  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааныг шийдвэрлэх нь  диспозитив  зарчимд  нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан  үндэслэлүүд нь дээрх дүгнэлтээр үгүйсгэгдсэнийг  дурдах нь  зүйтэй.     

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар  олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   116 дугаар зүйлийн  116.4-т  заасныг  баримтлан  хариуцагчаас  давж заалдах гомдол  гаргахдаа  төлсөн  28.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.         

          

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                          АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ЭНХЖАРГАЛ