Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 81

 

А.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Эрдэнэсоёл

Ялтан А.*******ын өмгөөлөгч Л.Батбаяр

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулахыг хүссэн аймгийн ерөнхий прокурор Н.Амарсанаагийн дүгнэлтээр А.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 1814001440007 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Өөлд овогт *******ийн *******, .........оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 01 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун гучин зургаан /236/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, мөн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар 1 хоногийн ял эдэлж байгаа, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, Жаа овогт Баттулгын *******, ..........оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж байсан, мөн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, нэмж нэгтгэн 3 жилийн ял эдэлж байгаа, регистрийн дугаар /*******/

Аймгийн ерөнхий прокурор Н.Амарсанаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнө нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Мөн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнө нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялын эдлээгүй үлдсэн 6 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу эрүүгийн 1814001440007 дугаартай А.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хянахад А.******* нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2019 оны 1 сарын 09-ний өдөр хүртэл 6 сар 28 хоногийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 423 дугаар хорих ангид эдлээд, 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд яллагдагчаар цагдан хоригдсон байна. 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар А.******* нь 1 жилийн хугацаагаар хорих ялаас 6 сар 28 хоногийг эдэлж 5 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй байхдаа Баянхонгор аймагт яллагдагчаар цагдан хоригдсон байхад Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 196 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж нэмж нэгтгэхдээ 6 сар 1 хоногийн ялыг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчид илүү ял шийтгэл оногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулж хүний эрхийг зөрчсөн байгаа нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулийг илт буруу хэрэглэж шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд А.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 196 дугаартай шийтгэх тогтоолын А.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор Д.Эрдэнэсоёл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг дэмжин оролцож байна гэв.

Өмгөөлөгч Л. Батбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.*******ын цагдан хоригдсон хоногийг хасаж, тооцоогүй байсан тул зөвтгөн тооцуулах саналтай гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 18174001440007 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл А.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-6 тоот хашаанаас М.Батсүхийн эзэмшлийн UB маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлж 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-1-15 тоот хашааны гаднаас иргэн Б.Отгонбатын эзэмшлийн Хенсим маркийн мотоцикль, мотоцикльд ачсан 600 грамм ноолуур хулгайлан 1.050.000 төгрөгийн нийт 2.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

Мөн А.******* нь Б.*******тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Жавхланбаярын эзэмшлийн арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолд А.*******ын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон боловч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар биеэр эдэлсэн 6 сар, авсан шагналын 28 хоног нийт 6 сар 28 хоногийн ялыг биёэр эдэлж, 5 сар 02 хоног үлдсэн байхад эдлээгүй үлдсэн хоногийг 6 сар 1 хоногоор тооцож эрх зүйн байдлыг нь дордуулсан, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолын А.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоос А.*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол А.*******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй юм.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр

зүйлийн 4.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоос Өөлд овогт *******ийн *******од холбогдох хэсгийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Жаа овогт Баттулгын *******өд холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол А.*******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

 Б. БОЛОР-ЭРДЭНЭ