| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01025/И |
| Дугаар | 155/ШШ2024/00638 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/00638
| 2024 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2024/00638 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б-хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М- хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Зээлээр бараа материал худалдах, худалдан авах, гэрээний төлбөрт 9,108,000 (есөн сая нэг зуун найман мянга) төгрөг, алданги 4,554,000 (дөрвөн сая таван зуун тавин дөрвөн мянга) төгрөг, нийт 13,662,000 (арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн FAW маркийн *** ХӨҮ улсын дугаартай өөрөө буулгагч машиныг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 155/2023/01025/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г (цахим) нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б-хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Б” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “М-” ХХК-тай 04Ү21-005 дугаар бүхий Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээгээр Худалдагч тал болох “Б” ХХК нь “М-” ХХК-д 369 метр Си төмрийг зээлээр олгох, “М” ХХК нь бараа материалын үнэ болох 9,108,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний үүргийн дагуу манай “Б” ХХК нь бараа материалыг бүрэн хүлээлгэн өгсөн нь холбогдох баримтуудаар нотлогддог. Гэтэл “М-” ХХК нь Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр 9,108,000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 21-ний өдрийн Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.2-т Гэрээ байгуулснаас хойш 1 сар буюу 2021 оны 7 сарын 21-ний өдрийн дотор Голомт банк *** дансанд төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Мөн тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Зээлээр худалдан авагч гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн 0.5 хувътай тэнцэх алданги төлнө гэж заасан байна. “М-” ХХК нь 2021 оны 07 сарын 21-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэл үүрэг гүйцэтгэх хугацааг 773 хоногоор хэтрүүлсэн. Улмаар хоног тутамд 45,540 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсэж байгаа бөгөөд нийт алдангийн хэмжээ 35,202,420 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдстгийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул хариуцагч “М” ХХК-д 4,554,000 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсэж байна.
Иймд хариуцагч “М-” ХХК-аас Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 9,108,000 /есөн сая нэг зуун найман мянган/ төгрөг, алданги 4,554,000 /дөрвөн сая таван зуун тавин дөрвөн мянган/төгрөг, нийт 13,662,000 /арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б-хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд тохиролцсоны үндсэн дээр эвлэрэх гэрээ байгуулсан. Шүүхэд эвлэрлийн гэрээгээ загвар маягаар хүргүүлсэн байгаа. Гэрээ гарын үсгээр баталгаажаагүй байгаа учраас гэрээг гарын үсгээр баталгаажуулсны дараа дахин шүүхэд хүргүүлье Талууд бол ер нь эвлэрсэн байгаа. Хариуцагч талын манай нэхэмжилсэн мөнгөн дүнг дөрвөн тэнцүү хувааж ярилцаж тогтсон хугацаандаа төлөхийг нь бид зөвшөөрсөн гэв.
Хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М-” ХХК нь “Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-г 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-тай байгуулсан. 'М-” ХХК нь уг гэрээ болон тухайн гэрээний үнэ, төлбөрийн талаар маргаагүй. Гэхдээ энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн зүгээс дараахь тайлбарыг өгч байна.
Үүнд: 1.Хариуцагч нь яг энэ ажлыг хийж байх үед дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид гарсан байсан бөгөөд энэ нь бүх нийтэд тодорхой үйл баримт юм.Хуучин төсөвтэй улсын төсвийн ажил өртөгтөө багтахгүй ажлаа зогсоосон болно. Иймд энэхүү байдлыг харгалзан үзэж, манай байгууллагыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.
2.Мөн хариуцагч компани нь уг зээлийг авахдаа 30 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх өөрөө ачиж, буулгах зориулалттай самосваль маркийн машиныг зээлдүүлэгчийн барьцаанд тавьсан бөгөөд уг автомашин нь одоог хүртэл нэхэмжлэгчийн хашаанд, хараа хяналтад байгаа болно.
3.Дээр дурдсан шалтгаануудын улмаас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.Харин хариуцагчийн зүгээс дээр дурдсан самосваль маркийн машиныг бусдад худалдан борлуулж, зөрүү мөнгө төгрөгийг авсаны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх байдлаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох боломжтой гэжээ.
Хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр *** дугаар бүхий “Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр нийт 9,108,000 (есөн сая нэг зуун найман мянга) төгрөгийн бараа материал худалдан авсан. Уг худалдах, худалдан авах ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч “М-” ХХК нь 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий өөрийн эзэмшил, өмчлөлийн FAW маркийн *** улсын дугаартай өөрөө буулгагч/автосамосваль машиныг “Б” ХХК-д барьцаанд тавьсан. Ингэхдээ тусдаа Барьцааны гэрээ байгуулаагүй бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрөөс хойш уг Барьцаа хөрөнгө нь “Б” ХХК-ийн хашаанд, тэдний хараа хяналтад байгаа болно. Энэхүү нэхэмжлэлийн хувьд хариуцагч “Б” ХХК нь дээр дурдсан 04/21-005 дугаар бүхий “Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлан дуусгавар болгож, нэхэмжлэгч талаас алданги төлбөрийн хамт 13,662,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан тул нэхэмжлэгч “М-” ХХК нь мөн уг гэрээг дуусгавар болгож, хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн FAW маркийн *** улсын дугаартай өөрөө буулгагч/автосамосваль машиныг албадан гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг үүгээр гаргаж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч “М-” ХХК-ийн өмчлөлийн FAW маркийн *** улсын дугаартай өөрөө буулгагч/автосамосваль машиныг хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн санал байна. Эвлэрлийн талаар саналаа шүүх хуралдаан дээр ярилцах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч хариуцагч талууд эвлэрэн хэлэлцэх гэрээний үндсэн нөхцлөө тохиролцсон байгаа гэж ойлгосон. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага 13,662,000 төгрөгийг бүрэн төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч хариуцагч тал нь 13,662,000 төгрөгийг 4 хувааж төлөх санал тавиад хугацааны хувьд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 10 дугаар сарын 31-ний өдөр, 11 дүгээр сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тэнцүү хуваан төлж дуусгахаар тохиролцсон. Ерөөсөө ний төлбөрөө дөрвөн тэнцүү хэсэгт хуваагаад нэг удаад төлөх мөнгөн дүн нь 3,415,500 төгрөг болж байгаа юм. Хариуцагч тал мөн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Харин Хово маркийн авто сонсмолыг чанар үзүүлэлт, харагдах байдлыг дордуулсан гэх агуулгаар бичсэн байсныг өөрчлөөд хэвийн ашиглах боломжгүй болсон нөхцөлд хариуцагч нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэйгээр гэрээнд тусгасан байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б-хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан зээлээр бараа материал худалдах, худалдан авах, гэрээний төлбөрт 9,108,000 (есөн сая нэг зуун найман мянга) төгрөг, алданги 4,554,000 (дөрвөн сая таван зуун тавин дөрвөн мянга) төгрөг, нийт 13,662,000 ( арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэгч Б-хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн FAW маркийн *** улсын дугаартай өөрөө буулгагч машиныг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б-хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г нараас хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 13,662,000 (арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянга) төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийн 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу ) төгрөгийг нь 9 дүгээр сарын 30-ны өдөр, 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу ) төгрөгийг нь 10 дугаар сарын 31-ний өдөр, 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу ) төгрөгийг нь 11 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэх 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу) төгрөгийг нь12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар, нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр өөрийн эзэмшилд авсан байгаа *** улсын дугаартай өөрөө буулгагч авто машиныг 13,662,000 (арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянга) төгрөгийг бүрэн төлсний дараагаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хэргийн зохигч нар шүүх хуралдаанд тайлбарлан эвлэрсэн байна.
Зохигчийн дээрх байдлаар эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд машины өнгө үзэмж биш, харин машиныг хүлээн авахад хэвийн ажиллахгүй байвал бидний энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж болзошгүй тул эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн бөгөөд эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч талын ирээдүйд гаргаж болзошгүй гэж үзэх тухайн авто машинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл болоод шаардлагын хувьд ялгамжтай тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шүүгчийн захирамж хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэдий ч талуудын эвлэрэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн тохиолдолд гэрээний зүйл барьцаа хөрөнгө болох авто машиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд эвлэрсэн байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б-хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,260 ( хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун жар ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 226,260 ( хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун жар ) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 333,000 ( гурван зуун гучин гурван мянга ) төгрөгийн 160,678 ( нэг зуун жаран мянга зургаан зуун далан найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 172,322 (нэг зуун далан хоёр мянга гурван зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч М- хязгаарлагдмал хариуцлагатай компанид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,662,000 (арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянга) төгрөгийг нэхэмжлэгчид бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийн 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу ) төгрөгийг нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу ) төгрөгийг нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу ) төгрөгийг нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэх 3,415,500 ( гурван сая дөрвөн зуун арван таван мянга таван зуу) төгрөгийг нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар, нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр өөрийн эзэмшилд авсан байгаа 68-77 ХӨҮ улсын дугаартай өөрөө буулгагч авто машиныг 13,662,000 (арван гурван сая зургаан зуун жаран хоёр мянга) төгрөгийг бүрэн төлсний дараагаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 226,260 (хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 226,260 (хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун жар) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 333,000 ( гурван зуун гучин гурван мянга) төгрөгийн 160.678 (нэг зуун жаран мянга зургаан зуун далан найм ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 172,322 (нэг зуун далан хоёр мянга гурван зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА