Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00676

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00676

Хөвсгөл аймаг

     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д  холбогдох,

Хүүгийн минь амь насыг хохироосон гэм буруутай этгээдээс талийгаачийн олох ёстой байсан орлого, гэм хорын хохирол болох 5,305,000 (таван сая гурван зуун таван мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00582/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ж-,

Хариуцагч: Б.Д-,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.У,

Иргэдийн төлөөлөгч: З.Н-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Ж.М-г 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, толгойн тус газар нь модоор цохиж амь насыг нь хохироосон. Тэрээр хүүгийн минь амь насыг санаатай егүүтгэсэн үйлдэлдээ төрийн цээрлэл хүлээж, Х аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Дээрхи шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...амь хохирогчийн олох байсан орлого 12,120,000 төгрөгийг... нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж шийдвэрлэсэн. Иймд гэм хорын хохирол буюу талийгаач хүүгийнхээ олох ёстой байсан орлого болох 5,305,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авна уу. Үүнд: Миний талийгаач хүү Ж.М- нь 2020 оны 12 дугаар сард өөрийн оршин суух сумын багийн ИНХ дээр яригдсан малчин өрхүүдийн санал, хүсэлт дээр  тулгуурлан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  1 дүгээр багийн нэр бүхий айл өрхүүдийн 112 толгой ухна, 147 толгой хуц зэрэг нийт 259 толгой малыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл маллахаар болсон байдаг. Дээрхи айл өрхүүдтэй цалинг тохиролцохдоо дараах байдлаар буюу нийт хуц, ухнын тоог хурга, ишигт дүйцүүлэн тооцон олгохоор нэгдсэн шийдэлд хүрч, уг шийдвэрт сумын Засаг дарга болон багийн Засаг дарга хамтарсан байдлаар хяналт тавин ажиллуулж эхэлсэн. Миний талийгаач хүү гэмт этгээд болох Б.Д-д алуулаагүй байсан бол дээр дурдсан нийт 10 сарын хугацаанд мөн тооны буюу 112 ишиг, 147 хургыг ажлын хөлсөндөө авах ёстой байсан. Гэвч, хүү минь хуц, ухна хүлээж авсанаас хойш буюу 5 сарын дараа бусдын гарт амь насаа алдсанаас шалтгаалан үлдэх 5 сарын хуц, ухнаа маллаж олох ёстой байсан орлого нь тасалдаж, ар гэрт нь хохирол үүссэн. Бид хүүгээ нас барсаны дараа эхний 5 сарын зохих тооны хурга, ишгийг малчин өрхүүдээс хүлээн авсан. Одоо бол би үлдэх 5 сараас талийгаач хүүгийнхээ авах ёстой байсан 62 хурга, 49 ишигийг мөнгөн дүнд шилжүүлэн гэм буруутай этгээдээс шаардаж байгаа юм. Тодруулбал, миний хүүг нас барсаны дараа дээрхи маллаж байсан хуц, ухныг нь үргэлжлүүлэн маллаж дуусгасан сумын иргэн С нь цалин хөлсөнд дээр дурдсан тоогоор буюу 111 толгой хурга, ишгийг малчин өрхүүдээс хүлээн авсан байдаг. Миний хувьд ажлын хөлсөнд олгогдох ёстой байсан хурга, ишгийг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд хурга 62 х 50,000 = 3.100.000 төгрөг, ишиг 49 х 45,000 = 2.205.000 төгрөг, нийт 5.305.000 төгрөг болж байгаа юм.Иймд хүүгийн минь амь насыг хохироосон гэм буруутай этгээд болох Б.Д-гөөс талийгаачийн олох ёстой байсан орлого, гэм хорын хохирол болох 5.305.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хууль ёсны нэхэмжлэгч Ж.М-гийн аав Д.Ж- байна. Миний хүү амьд байсан бол 62 хурга 49 ишигтэй байх байсан. Амьдралд нь хэрэг болно гэж бодож энэ нэхэмжлэлийг гаргасан. Миний хүү байсан бол 5,305,000 төгрөгийн орлого олох байсан байна гэж бодож байна. 2020 оны 12 дугаар сард аваад 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр амь насаа алдсан. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр багийн даргатай ярьж байгаад н.С гэдэг залууд 259 хуц, ухан хүлээлгэн өгсөн. Ийм учир гэм хорын хохирол барагдуулж өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. ... Би хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд 2,500,000 төгрөг өгье гэснийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын 2,850,000 төгрөг гаргуулахаас татгалзаад 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тохирч байна ...  гэв.

Хариуцагч Б.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч  Б.Д- би нэхэмжлэгч Д.Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж нь  2023 оны                 4 дүгээр сард О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Д- надаас гэм хорын хохирол 10,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлд өнөөдөр надаас нэхэмжилж буй  хуц, ухна малласны хөлсийг бас нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд  О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  *** дугаартай шийдэрээр  нэхэмжлэгч Д.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргасан юм. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд хүчингүй болсон учир тэр шийдвэрийг дагана. ...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд 2,500,000 төгрөг өгье гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.Н- дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагчтай эвлэрсэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Ж- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан хүүгийн минь амь насыг хохироосон гэм буруутай этгээдээс талийгаачийн олох ёстой байсан орлого, гэм хорын хохирол болох 5,305,000 (таван сая гурван зуун таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,805,000 (хоёр сая найман зуун таван мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дотор гаргуулахаар, хариуцагч Б.Д- нь 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгчид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ж-, хариуцагч Б.Д- нарын дээрх эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Д-гөөс 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг  гаргуулж улсын орлогод оруулахаар тогтлоо. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ийн хариуцагч Б.Д-д холбогдуулан гаргасан хүүгийн минь амь насыг хохироосон гэм буруутай этгээдээс талийгаачийн олох ёстой байсан орлого, гэм хорын хохирол болох 5,305,000 (таван сая гурван зуун таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,805,000 (хоёр сая найман зуун таван мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дотор гаргуулахаар, хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Д-өөс 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 54,950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА