Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 199

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүгдэгч Н.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт Норовын Баттулгад холбогдох эрүүгийн 1721000330031 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1981 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дивизид оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 10 сарын 22-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн шүүхийн 2002 оны 05 сарын 16-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 12 сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 сарын 20-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, /РД:ЛЮ81102533/, Суврагачин овогт Норовын Баттулга.

Шүүгдэгч Н.Баттулга нь 2017 оны 7 сарын 10-ны өдөр 74-46 ДОР улсын дугаартай “Аксент верна” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 заставын хариуцсан хэсэг болох “Хоёр мэлхийт” гэх газраас 31.5 килограмм дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж байгаль орчинд 1575000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч У.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Хоёр мэлхийт” гэх газар нь Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт хамаардаг. Аймгийн төвөөс зүүн тийш 90 орчим км зайтай, хилийн бүсэд хамаардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 09-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.000 төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 16.865 кг үндэс нь 843250х5=4216250 /дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна” 5.Н.Баттулга нь Байгалийн ургамлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ашиглахыг хүсч буй ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан төсөл боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтанд өгнө”, 3-д “Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно”, 17 дугаар зүйлийн 4-д “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, ховор ургамлыг түүж бэлтгэсэн байна“ гэжээ. /хх-ийн 39-40/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 04-ний өдрийн 12 тоот дүгнэлтэд: БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.000 төгрөг байдаг. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 31.5 кг үндэс нь 1575000х5=7875000 /Долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна. 2.Түүж бэлтгэсэн 31.5 кг нойтон дэрэвгэр жиргэрүү ургамал нь хатаж 16.865 кг болсон байх тул ямар хугацаанд хичнээн кг хасагдах боломтой вэ? Энэ асуултанд дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ. /хх-ийн 90/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/

-Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/

-Шүүгдэгч Н.Баттулгын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Н.Баттулга нь 2017 оны 7 сарын 10-ны өдөр 74-46 ДОР улсын дугаартай “Аксент верна” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг болох “Хоёр мэлхийт” гэх газраас 31.5 килограмм Дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж байгаль орчинд 1575000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 сарын 10-ны өдөр 74-46 ДОР улсын дугаартай “Аксент верна” маркийн машинтай “Мангирт” руу явсан. Зүүн голын “Хоёр мэлхийт” гэх газрын хуучин поли руу очиж би 20 гаран кг үндэс түүсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, түүнийг давхар нотолсон гэрч Н.Адъяадоржийн “...Баттулга ах гэрээсээ авсан лоомнуудаас нэгийг аваад үндэс түүхээр явсан. Бат-Эрдэнэ, Ариунзаяа бид хэд машиныхаа ойролцоо байсан. Баттулга ах ганцаараа яваад 30 орчим кг нойтон үндэс түүсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Э.Бат-Эрдэнийн “...Баттулга ах машинаас бууж төмөр лоомоор газраас ургамал түүгээд байсан. Тэр ургамлын нэрийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 09-ний өдрийн 05 тоот дүгнэлт, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 04-ний өдрийн 12 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүгдэгч Н.Баттулгад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Н.Баттулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч У.Энхбаатар, гэрч Н.Адъяадорж, Э.Бат-Эрдэнэ, Э.Сарангэрэл, Х.Баттулга нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 09-ний өдрийн 05 тоот дүгнэлт, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 сарын 04-ний өдрийн 12 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Баттулга нь зохих зөвшөөрөлгүйгээр 31.5 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгчийн  үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийг ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Норовын Баттулгад хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 16.865 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг хурааж, шүүгдэгч Н.Баттулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 74-46 ДОР улсын дугаартай “Аксент верна” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг төмөр лоомыг устгаж, Н.Адъяадоржийн эзэмшлээс 74-46 ДОР улсын дугаартай “Аксент верна” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 07 сарын 12-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг эзэмшигч Н.Адъяадоржид, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЛЮ81102533 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олговол зохино.

Шүүгдэгч Н.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Суврагачин овогт Норовын Баттулгыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Норовын Баттулгад хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Баттулгад хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  2,3,4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 16,865 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг хурааж, шүүгдэгч Н.Баттулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 /хоёр сая/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг төмөр лоомыг устгаж, Н.Адъяадоржийн эзэмшлээс 74-46 ДОР улсын дугаартай “Аксент верна” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 07 сарын 12-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Адъяадоржид, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЛЮ81102533 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР