Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 82

 

О.Болдбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч О.Болдбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Уранчимэг

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Болдбаяр болон түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Уранчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар О.Болдбаярт холбогдох эрүүгийн 201705000182 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Гарамгүнтэн овогт Отгондэлгэрийн Болдбаяр, 1989 оны 3 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 106 дугаар байр, 21 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВП89030839/

О.Болдбаяр нь 2014 оны 11 дүгээр сард супермаркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4.707.000 төгрөг залилсан,

Баянхонгор аймгийн төвд супермаркетын сүлжээ дэлгүүр байгуулж их хэмжээний ашиг олно, танд өөрийн “Гулз кофе” ХХК-ийн 40 хувийг өгнө гэж итгүүлж, зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Энхбаатараас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.Болдбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Гарамгүнтэн овогт Отгондэлгэрийн Болдбаярыг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Болдбаярыг хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Болдбаярт оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Болдбаярын цагдан хоригдсон 51 хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч О.Болдбаяраас 18 397 000 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхбаатарт 15 350 000 төгрөг, хохирогч Ш.Оюундалайд 385 000 төгрөг, Х.Дэлгэрмаад 495 000 төгрөг, Л.Байгальмаад 935 000 төгрөг, Г.Лхам-Эрдэнэд 467 000 төгрөг, П.Нармандахад 765 000 төгрөгийг гаргуулж тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч Ш.Оюундалайгийн нэхэмжилсэн 660 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Болдбаярын эзэмшлийн 5 ханатай монгол гэр битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хавтастай, хавтас дээрээ Campap гэсэн бичигтэй А4 хэмжээтэй 62 хуудастай дэвтэр 1 ширхэг, иргэдээс хүлээн авсан Хангулз холдинг гэсэн бичигтэй хөх өнгийн гишүүний карт 19 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Болдбаярын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Болдбаярт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхыг даалгаж, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Болдбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: О.Болдбаяр миний бие 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж залилан мэхлэх гэмт хэрэгт сэжиглэгдэн яллагдагчаар татагдан шалгагдсаны эцэст 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял сонсоод байна. Аймгийн прокурорын газраас бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан гэж яллан анхан шатны шүүхээс баталгаажуулсан дээрх ялын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Хангулз холдинг ХХК-иараа дамжуулан 2014 онд миний эхлүүлсэн урамшууллын системийг өнөөдөр монголын тэргүүлэх компаниуд Лояалти, цахим мөнгө хэлбэрээр хэрэгжүүлсээр байгааг та бүхэн мэдэж байгаа болов уу. Жишээлбэл: НӨАТ-ын буцаан олголт, Юнител, Тэсо, Номин компаниудын хамтран гаргасан U Point, Ард санхүүгийн нэгдлээс гаргасан Ард кости, Петровис группээс гаргасан Red point, Мобиком группээс Candy цахим мөнгө гээд хэдэн арваар жишээ дурдаж болно.

Гэтэл Прокуророос манай компанийн үйл ажиллагааг зохиомол байдал бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсан үйл ажиллагаа гэж үзэж байгаад харамсаж байна.

О.Болдбаяр миний бие “Хангулз холдинг” ХХК нэртэй хуурамч нэр бүхий, хуурамч аж ахуйн нэгж байгуулаагүй, Д.Энхбаатарыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх хэлбэрээр мөнгө аваагүй, нэр бүхий 5 бүсгүйгээс 4.707.000 төгрөгийг мөн аваагүй болохоо доорх үндэслэлүүдээр тайлбарлан бичиж байна.

1. Хангулз холдинг ХХК нь долоон салбарт үйл ажиллагаагаа явуулах эрхтэй компанийн тухай хуулиар баталгаажуулсан дүрэм, журам, тамга тэмдэгтэй албан ёсны хуулийн этгээд.

 2. Хангулз холдинг ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох хүнсний болон ахуйн барааны бөөний худалдаа эрхлэх “Гулз март” супермаркетийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан. Жич: Баянхонгор аймгийн нэр бүхий гишүүд хотын дэлгүүрийн үйл ажиллагаатай очиж танилцсан.

3. Завхан аймагт “Гулз март” супермаркетийн салбарыг байгуулан ажиллаж байсныг нотлох албан ёсны салбарын гэрчилгээтэй. Салбарын захирлын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг.

4. Оюуны өмчийн газраас олгосон 5 төрлийн зохиогчийн эрхийг албан ёсны зөвшөөрөл бүхий Зохиогчийн эрхийн тухай хуулийн баталгаажуулсан гэрчилгээтэй. Жич: Оюуны өмчийн гэрчилгээг олон улсын түвшинд шалгаад олгодог болохоор хэр бараг олддоггүй чухал баримт бичиг.

5. khangulz.mn сайт нь мөн албан ёсны зөвшөөрөлтэй, домайн хостыг нь миний бие өөрөө эзэмшдэг. Технологийн дэвшлийг сүүлийн үеийн нууцлалаар хамгаалагдсан вебсайт юм.

6. Д.Энхбаатараас мөнгө зээлэхдээ Иргэний хуулийн дагуу нотариатын гэрээ байгуулан Хангулз Холдинг ХХК-ийн албан ёсны дансанд мөнгөө авсан. Д.Энхбаатар бид 2 хамтарч бизнес эрхлэх талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ хийсэн байдаг ба үүнийг Д.Энхбаатарын үйлдлүүдээс харж болно. Хэрэв хүнд мөнгөө залилуулсан бол хүү, алданги нэхэмжилнэ шүү дээ. Гэтэл Д.Энхбаатар нь зөвхөн зээлсэн мөнгөө л нэхэмжилсэн. Мөн иргэний шүүх дээр намайг дуудаж маргаанаа шийдүүлсэн нь хамтран бизнес хийхээр ярилцаж тохиролцсон гэдгийг гэрчилдэг. Миний бие Д.Энхбаатартай 7 хоног бүр ярьж, байнга холбоотой байсаар гэрээний нөхцөл биелэгдэхгүй болсон шалтгаан болон бодит нөхцөл байдлыг байнга ярилцаж байсан. Ямар нэгэн хэлбэрээр хуурч мэхлэх байдал үүсгэж байгаагүй.

7. Хохирогч гээд байгаа Ж.Оюундалай, Л.Байгалмаа, П.Нармандах, Л.Лхам-Эрдэнэ, Х.Дэлгэрмаа гэх 5 хүнд лекц уншиж заасныг төлбөрөө төлүүлж ресторанд хоолоор даалгах нь бүү хэл сургалтын дундуур ч хоолойгоо норгох цэвэр ус ч авахуулж байгаагүй болно. Гэтэл прокурор хохирогч гэх эдгээр хүмүүсээс манай компанийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулсан 10 төгрөгийн ч баримт гаргуулж аваагүй мөртлөө үнэн худал нь тогтоогдоогүй, нотлогдохгүй мэдүүлэгт үндэслэн намайг яллаж гэмт хэрэгтэн болгохоор зүтгэж байгаа нь прокурор өөрөө хуулиа зөрчиж байгаа үйлдэл болов уу гэж ойлгож байна.

Дүгнээд бичихэд Отгондэлгэр овогтой Болдбаяр миний бие хэнийг ч хуураагүй, зохиомол байдал зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулаагүй, ялангуяа хэн нэгний итгэлийг урвуулан ашиглах замаар залилж мэхлээгүй гэдгээ тэртээ 12 насандаа өнчирч үлдсэн цагаасаа хойш шударга үнэнээр хөдөлмөрлөж ирсэн гэдгээ тэнгэрт одон бурхан болсон ээжийнхээ ариун нэрээр шударга шүүхийн өмнө тангараглаж байна.

Бусдын адил сайхан амьдрал, амжилт бүтээлийн төлөө хөдөлмөрлөж яваад урьдчилан тооцоолох боломжгүй санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсоноор бизнесээ хямралд оруулсныг минь давж заалдах шатны шүүх анзааран шударга үнэний талд шийдвэрлэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэдэгт итгэж найдаж байна. Миний бие өнгөрсөн хугацаанд эрх зүйч ухамсарыг өөртөө төлөвшүүлэн хуулийн мөн чанарыг маш сайн ухааран ойлгосон болохоо энэхүү гомдлоороо дамжуулан уламжилъя. Шударга шүүхэд итгэж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай гэжээ.

Шүүгдэгч О.Болдбаярын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Уранчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж уг хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарамгүнтэн овогт Отгондэлгэрийн Болдбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцон үйлдсэн хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 262 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс О.Болдбаярыг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурах, итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж түүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг. Түүнээс ч энэ гэмт санаа зорилго нь үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн байдаг.

1. О.Болдбаярын тухайд анхнаасаа бусдын мөнгө эд зүйлийг хуурч, залилж авах санаа зорилго байгаагүй. Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр эхэлсэн өөрийн бизнесийн горимоо танилцуулж сургалт зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд оролцох, итгэх эсэх нь тухайн этгээдийн өөрийн сайн дурын хэрэг бөгөөд сүлжээний маркетингийг сурталчилсан үйл ажиллагаа. Анх О. Болдбаяр өөрөө хүсч Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах бодол байгаагүй бөгөөд сургалтанд сууж байсан Түвшинбатын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн хамтран зохион байгуулж 2015 оны 1 дүгээр сард ирж Түвшинбатын багийн гэх 9 хүнд танилцуулга хийж, мөн оны 4 дүгээр сард Аймгийн Хөгжимт драмын театрт 1000 төгрөгийн тасалбартай “Мөнгө хэзээ ч унтдаггүй” сэдэвт бизнес сэтгэлгээний лекцийг нээлттэй нийсэн байна. Сургалтын хэрэглэгдэхүүн болон зардлаа өөрөө төлж байсан ба сургалтанд оролцогчдод тасалбар /билет/ зарсан ба "Хан гулз" Холдинг нэрээр хийгдэж байсан үйл ажиллагаа бүхэн тухайн компаний зардлаар хийгдэж байсан. Үнэхээр өөрөө шинэ үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа бөгөөд тэр үед Улаанбаатар хот, Завхан аймагт дэлгүүрүүдээ нээсэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан тул цаашдын зорилго зорилтоо байгаа байдлаар нь танилцуулсан.

Танилцуулганд хуурамч бичиг баримт ашигласан, илт худлаа хэлсэн, бодит байдлыг гуйвуулсан, нуун дарагдуулсан хууль бус үйлдэл огт хийгээгүй. Тэгэхээр Болдбаяр нь хэн нэгнийг хуурч мэхэлсэн үйлдэл хийгээгүй гэж үздэг.

2. Шүүхийн тогтоолын үндэслэлд зохиомол байдал зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэжээ. Тэгэхээр О.Болдбаяр нь тухайн үед 2014 онд байгуулагдсан 9011495059 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Хан Гулз Холдинг, түүний харъяа 2 дэлгүүртэй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Энэ байдал нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Харин 1000 хүн элссэн тохиолдолд дэлгүүр нээнэ гэдэг нь Хан Гулз Холдингийн ирээдүйн зорилго бөгөөд энэ талаар худал хэлээгүй, хуурамч баримт бүрдүүлээгүй, байгаа байдлаа л үнэн зөвөөр танилцуүлж байсан. Иймээс бодит байдлыг нуусан, бусдыг төөрөгдүүлсэн зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Болдбаяр нь Баянхонгор аймагт таних хүн байхгүй бөгөөд энэ сүлжээг анх 2014 оны 10 дугаар сард Түвшинбат оруулж эхний сургалтуудаа хийсэн байдаг. Тэр сургалтуудаас эхлэн хүмүүс сайн дураараа элсэж эхэлсэн ба хэдийгээр 1000 хүн элссэн ч эдийн засгийн боломжгүйн улмаас дэлгүүр нээгээгүй байна. Тэгэхээр эдийн засгийн боломжийн хувьд урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсч эрсдэлд орсон, О.Болдбаяр нь өөрийн үйл ажиллагааг тодорхой үр дүнд хүрнэ гэж тооцоолж байсан ба тэрхүү менежментээ хүн бүрт адил хэлбэрээр танилцуулсан нь хуурсан, буруу ташаа мэдээлэл биш юм.

2. Анхан шатны шүүхээс О.Болдбаяр нь 2014 оны 11 дүгээр сард супермаркетийн сүлжээ дэлгүүр байгуулна үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4 707 000 төгрөг залилсан нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэжээ.

О.Болдбаяр нь нэр бүхий 5 хүнээс 4 707 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус бусад ямар нэгэн хэлбэрээр аваагүй бөгөөд авсан гэх нотлох баримт хэргийн материалд огт байхгүй. Нэр бүхий 5 хүн ямар үйл ажиллагааг хаана хэзээ явуулсан талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл, үйл ажиллагааны төлбөр төлсөн баримт байхгүй байхад гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Аливаа үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо заавал байх ёстой. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтанд үйл ажиллагааны зардал гэх 4 707 000 төгрөгтэй холбоотой нэг ширхэг ч нотлох баримт авагдаагүй, үйлдэл нь нотлогдоогүй байхад О.Болдбаярын ямар үйлдлээс 4 707 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийн хохирогч нэр бүхий 5 хүний хувьд үйл ажиллагаа явуулсан гэх үнэн зөв эсэх нь эргэлзээтэй мэдүүлгээс өөр нотолсон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, нэхэмжилж байгаа үнийн дүн зөрүүтэй байхад прокурорын газраас баримт гаргуулаагүй, үнийн дүнгийн зөрүүг ч үл хайхран яллах дүгнэлт бичиж ирүүлсэн нь гайхалтай. Аливаа хүнд ял шийтгэл оногдуулахдаа хөндлөнгийн хөдлөшгүй, эргэлзээгүй нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож эцэст нь ял хариуцлага ногдуулах хуулийн зарчимтай.

О.Болдбаяр нь нэр бүхий 5 хүнд ийм тийм үйл ажиллагааг тэдийд тэнд явуул гэсэн ямар нэгэн заалт чиглэл өгөөгүй,О. Болдбаярын нэрийн өмнөөс явуулсан үйл ажиллагаатай холбоотой баримт байхгүй. Иймд 4.707.000 төгрөгийг залилсан гэх үйлдэл тогтоогдоогүй нь энэ гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжгүй байгаа.

5. Энхбаатараас зээлсэн 50.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан нотариатаар

батлуулсан бөгөөд гэрээнд оруулсан заалт бүр нь биелэгдэх боломжтой гэж үзсэн. Тиймээс ч гэрээ байгуулан түүгээр халхавчлан залилах санаа зорилго байгаагүй гэрээнд ирээдүйд бий болгохоор зорьж байгаа "Хан гулз" кофе байгуулах талаар тусгасан нь харин ч бодит байдлыг үнэн зөвөөр хэлж ярьж байсныг нотолдог. Иймээс Д.Энхбаатараас 50 000 000 төгрөг зээлсэн үйлдэл нь хуурсан мэхэлсэн, итгэл эвдсэн үйлдэл биш юм. Д.Энхбаатар О.Болдбаяр нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүрэг тухайн үед хугацаандаа биелэгдээгүй гол шалтгаан нь урьдчилан тооцоолох боломжгүй эдийн засгийн эрсдэл бий болсон явдал. О.Болдбаяр нь гэрээ байгуулсан үеэс хойш гэрээний биелэлтийн талаар удаа дараа мэдээлэл өгч, гэрээний үүрэг хугацаандаа биелэгдэх боломжгүй боллоо мөнгө хүнээс авах байсан ч мөнгөө өгөхгүй байгаа, дэлгүүрүүдийн үйл ажиллагаа доголдож тус аймагт дэлгүүр байгуулах боломжгүй болж байгаа тухай хэлж ярилцаж гэрээний хугацааг сунгаж байсан ба гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж байсан. О.Болдбаяр, Д.Энхбаатараас мөнгө авахдаа буцааж өгөхгүй, эсвэл талыг нь өгнө гэсэн санаа зорилго огт байгаагүй бөгөөд гэрээ байгуулахдаа бодит нөхцөл байдлыг нуулгүйгээр хэлж гэрээнд тусгасан нь энэ гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх улсын яллагчийн яллаж ирүүлсэн үйлдэл тус бүрд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг хараагүй хэт ерөнхий дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь сайтар хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/262 тоот шийтгэх тоггоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэргийг зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэрэгт авагдсан баримтуудаар эхний үйлдэл буюу Болдбаярын 2014 оны 11 дүгээр сард супермаркетын сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна, үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4.707.000 төгрөг залилсан гэх боловч энэ мөнгийг өөртөө шилжүүлэн аваагүй, тооцож үзэхэд 4.707.000 төгрөг гардаггүй, энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй зэргээр шийтгэх тогтоол үндэслэл бүхий гараагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг нь иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан байхад эрүүгийн хэрэг үүсгэж улмаар гэм буруутайд тооцож шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Болдбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд хуулийн хүрээнд компани байгуулаад 2014 оны 9 сард үйл ажиллагаа эхлүүлсэн. Д.Энхбаатар гэх хүн өөрөө анх надад уулзах санал тавьсан. Уулзаад нөхцөл байдлаа үнэнээр нь тайлбарлаад 50.000.000 төгрөгийг зээлж авсан байдаг. Уг мөнгийг боломжтой үедээ өгөөрэй гэж хэлсэн. Зээлсэн мөнгөө өгөх боломжгүй байгаа талаараа байнга утасдаж хэлдэг байсан. Уг хэрэгт холбогдуулан намайг 2 сар цагдан хорьсон. Компаний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хэн нэгнийг залилах үйлдэл хийгээгүй. Бусад нэр бүхий 5 хүнийг сайн танихгүй, тухайн хүмүүсээр хоол болон буудалд даалгуулж байгаагүй. Тухайн хүмүүс яагаад надаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тэр хүмүүс ямар ч сургалтын материал хэвлээгүй. Тэр талаар ямар ч баримт байхгүй. Надад нэг зураг л бэлэглэж байсан. Би энэ хүмүүстэй уулзаж байгаагүй. Компанийн үйл ажиллагааны дагуу 3000 төгрөгийн такстайгаар лекц явуулж байсан. Би бусдыг залилсан зүйл байхгүй. Бизнес хийх гэж байгаад буруу тооцоолсоны үндсэн дээр том эрсдэл гаргасан байдаг. Өөр зүйлгүй гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч О.Болдбаяр, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр нарын гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл О.Болдбаяр нь нь өөрийн безнисийн үйл ажиллагаа ашиггүй болж байгааг мэдсээр байж өөрийн төлөөлөгч Түвшинбат гэх хүнийг Баянхонгорт аймагт ирүүлж 2014 оны 11 дүгээр сард супермаркетын хүнсний сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна гэж иргэдэд мэдээлэл хийлгүүлэн сүлжээнд элсүүлэн улмаар хохирогч Ш.Оюундалай, Л.Байгалмаа, П.Нармандах, Г.Лхам-Эрдэнэ, Х.Дэлгэрмаа нараас сургалт зохион байгуулах, зочид буудлын 5 сарын түрээсийн төлбөр, захирал О.Болдбаярыг хүлээн авах, оффис тохижуулах зэрэгт зардал гаргуулж, нийт 4.707.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн О.Болдбаяр нь өөрийн безнисийн үйл ажиллагаа нь ашиггүй болж байгааг мэдсээр байж, “ 2 хоноод их хэмжээний мөнгө орж ирнэ, зээлсэн мөнгөө нэг нугалаад өгнө гэж хохирогч Д.Энхбаатарыг хуурч, бодит байдлаа нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авч хохироосон зэрэг гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь “...2014 оны 11 дүгээр сард “Хангулз холдинг “ХХК-ийн захирал О.Болдбаярын төлөөлөгч Түвшинбат /хэрэгт овог авагдаагүй/ гэх залуу..., ...9 хүнд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, бид нар элссэн. ...сургалтын зардал, буудлын түрээсийн мөнгө,сургалтын материал бэлдэх болон О.Болдбаярыг хүлээн авах, оффис тохижилт зэрэгт нийт 4.707.000 төгрөгийн зардал гаргасан талаар мэдүүлсэн хохирогч Ш.Оюундалай, Л.Байгалмаа, П.Нармандах, Г.Лхам-Эрдэнэ, Х.Дэлгэрмаа нарын тогтвортой мэдүүлгүүд / 7 дугаар хавтаст хэргийн 219-228 дугаар тал/,

 хохирогч Д.Энхбаатарын “...О.Болдбаяр нь 2015 оны 4 сард Баянхонгор аймагт хүнсний сүлжээ дэлгүүр ажиллуулна гээд сургалт зохион байгуулж, сургалтанд эхнэр бид хоёр суусан..., ...сургалтын дараа ..., их хэмжээний мөнгө орж ирнэ, зээлсэн мөнгийг чинь нэг нугалаад өгнө ..., сүлжээ дэлгүүр нээнэ тэгэхээрээ 40 хувийг нь өгнө, итгэхгүй бол та надтай нотариатаар гэрээ байгуулчих гэхээр нь зээлийн гэрээ байгуулж өөрийн данснаас түүний Хангулз холдинг ХХК-ийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 89-94 дүгээр тал, 7 дугаар хавтаст хэргийн 227-228 дугаар тал/,

 хохирогч Д.Энхбаатар нь 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэйгээр О.Болбаярт зээлдүүлж талууд харилцан гарын үсэг зурсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хуулбарыг нотариатч батлан гэрчилсэн зээлийн гэрээ гэх баримт, уг мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэхэд буцааж төлөөгүйгээс хохирогч Д. Энхбаатар, зээлдэгч О.Болдбаяр нар 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохирсон агуулга бүхий иргэд хоорондын зээлийн гэрээ гэх баримт/ / 4 дүгээр хавтаст хэргийн 036-040 дүгээр тал /,

гэрч Б.Бадмаагийн “...сүлжээний том дэлгүүр оруулж ирэх гэж байгаа, уг сүлжээнд элсэх юм бол хөнгөлттэй үнээр худалдан авалт хийгээд худалдан авсан дүнгээр ашиг бодогддог. Мөн доороо хүн элсүүлэх ёстой гэсэн зүйл хэлсэн..., сургалтаас хөх өнгийн виза карт, гарын авлага гэх зүйл өгсөн гэх мэдүүлэг/ 7 дугаар хавтаст хэргийн 234-235 дугаар тал/,

Шүүгдэгч О.Болдбаярын “... 2016 оны намар Д.Энхбаатар бид хоёр Улаанбаатар хотод уулзаад 50 000 000 төгрөгийг, алданги нэмээд 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай буцааж өгөхөөр дахин гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.Одоогоор мөнгийг өгч чадаагүй байгаа...” гэх 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудын цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, шүүгдэгч О.Болдбаяр нь худалдааны үйл ажиллагаа нь үр ашиг муутай болж байгааг мэдсээр байж 2014 оны 11 дүгээр сард хохирогч Ш.Оюундалай, Х.Дэлгэрмаа, Л.Байгалмаа, Г.Лхам-Эрдэнэ, П.Нармандах нараар нийт 4.707.000 төгрөгийн зардал гаргуулж хохироосон, хохирогч Д.Энхбаатараас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж, өөртөө шилжүүлэн авсан үйлдлүүдийг анхан шатны шүүх бусдыг хуурч, зохиомол байдал бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч О.Болдбаяр нь өмнө нь ажиллуулж байсан хүнсний сүлжээ дэлгүүрүүд нь ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа гэдгийг мэдсээр байж Баянхонгор аймагт хүнсний сүлжээ дэлгүүр ажиллуулж ашиг олно гэж төлөөлөгчөөрөө дамжуулан хохирогч Ш.Оюундалай, Л.Байгалмаа, П.Нармандах, Г.Лхам-Эрдэнэ, Х.Дэлгэрмаа нараар сургалт зохион байгуулах, зочид буудлын 5 сарын түрээсийн төлбөр, захирал О.Болдбаярыг хүлээн авах, оффис тохижуулах зэрэгт зардал гаргуулж, нийт 4.707.000 төгрөгийн хохирол учруулж улмаар зээлийн гэрээ буюу гэрээний харилцаагаар халхавчлан хохирогч Д.Энхбаатарын 50 000 000 төгрөгийг 2 хоногийн дотор төлнө гэж амаар, 2 сарын дотор төлнө гэж бичгээр тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй, шилжүүлэн авсан 50 000 000 төгрөгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөөгүй 5 жил гаруй хугацаа болсон субъектив санааны үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Болдбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, хувийн болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хуулийн зорилгыг баримтлан шүүгдэгч О.Болдбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хуульд зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Болдбаярын дээрх гэмт үйлдлүүд нь Д.Энхбаатар, Ш.Оюундалай, Л.Байгалмаа, П.Нармандах, Г.Лхам-Эрдэнэ, Х.Дэлгэрмаа нарыг хуурч, бодит байдлаа нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, хохирлын хувьд их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул шүүгдэгч О.Болдбаяр түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр нараас О.Болдбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч О.Болдбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Болдбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг давж заалдах шатны шүүхээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Болдбаярын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 74 хоног, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоног, нийт 118 хоногийн нэг хоногийг торгох ялын 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаас 1.770.000 төгрөгийг хасаж тооцон нийт торгох ялын хэмжээг 8.230.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар О.Болдбаярыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Болдбаярыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж

3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Болдбаярт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар О.Болдбаярт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг дурдсугай” гэж

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч О.Болдбаярын цагдан хоригдсон 51 хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай...” гэснийг ”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Болдбаярын цагдан хоригдсон 118 хоногийн нэг хоногийг торгох ялын 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас 1.770.000 төгрөгийг хасан нийт торгох ялын хэмжээг 8.230.000 төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилж бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Болдбаяр, өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч О.Болдбаярыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Шүүгдэгч О.Болдбаяр нь хохирогч Д.Энхбаатарт 15.350.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Б. БОЛОР-ЭРДЭНЭ