Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2024/00212/И |
Дугаар | 155/ШШ2024/00361 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00361
2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/00361 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дэмбэрэлийн Мөнхдэлгэр,
Хариуцагч: Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ШГ***ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдлийг тус бүр хууль бус болохыг тогтоолгох тухай, 155/2024/00212/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.М***,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ч***,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.М*** миний бие ШГ***ХХК-ийн 51%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 гишүүнтэйгээр (З.Г***эзэмшигч) барилгын дуусгах шатны ажил, хүнс барааны худалдаа, гадаад худалдаа, газар тариалан, мал амьтны ашиг шимийг авах, ХАА-н түүхий эд болон мал амьтдын бөөний худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 тоот шүүгчийн захирамжаар 78,750,000 төгрөг гаргуулж В.Э олгохоор шийдвэрлэгдсэн байна. Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ШГ***ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, зарим шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Тухайлбал: ШШГГазар нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23231795/09 дугаартай мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийин 23230798/05 дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлж, дээрх мэдэгдлүүдийг компанийн хувьцаа эзэмшигч болох Д.М***, З.Г***нарт өгч, компанийн өр төлбөрийг Д.М***т 57,303,104 төгрөгийг хариуцуулж, хувь иргэний дансанд байрших 5,242,504 төгрөгийн барилт хийсээр өдий хүрч байна. Энэхүү дээрх хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас иргэн надад банкны шугамын зээл авах эрх хаагдаж, банк бус болон хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө авч, бизнесийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн Х*** аймаг дахь СДИХАШ шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 тоот захирамжаар “ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтанд нэхэмжлэгч Б.Э***нэхэмжилсэн 78,750,000 төгрөгийг хариуцагч ШГ***ХХК төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл төлбөр төлөгч нь дээрх захирамжийн дагуу хуулийн этгээд болох ШГ***ХХК байгаа нь тодорхой байхад компанийн хувьцаа эзэмшигч надаас төлбөрийг авах гэж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “ хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн” үйлдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар “ Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсэгн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан байхад төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгийг тодорхойлох ажиллагааг хийлгүйгээр, мөн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэж байгаа эсэхийг шалгалгүйгээр, Компанийн тухай хуулиар шийдвэрлэгдэх харилцааг шууд өөрсдийн үзэмжээр дураар шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. Компанийн тухай хуулийн 9,3, 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан байхад зааглагдсан эсэхийг тогтоолгүйгээр иргэний мөнгөн хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус юм.
Иймд Монгол улсын иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг тус тус үндэслэн ШГ***ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдлийг тус бүр хууль бус болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилчдын байрыг 2017 онд захиалж ШГ***ХХК гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан байсан. 2023 онд би хөрөнгө оруулалт хийхэд энэ барилга 3, 4 давхарын барилгын ажил явж байсан. Тэгээд надад ШГ***ХХК санал тавихдаа барилгын ажил дуусах шатандаа байна, та манай компанид хөрөнгө оруулалт хийж өгнө үү гэсэн. Тэгэхээр нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ШГ***ХХК-тай эрх, зүйн харилцаанд орохын тулд компаниас хувь эзэмших санал тавиад 51 хувийг эзэмшсэн байдаг. Та одоо л хөрөнгө оруулалт хийвэл бид уг барилгыг барьж дуусгах гээд байна. Та манай компаниас хувь эзэмшихийн давуу тал нь барилгыг улсын комисс хүлээгээд авсан нөхцөлд байрны ордер бичихэд таны гарын үсэг орно. Тэр нь таны баталгаа болно гэж тухайн компаний үүсгэн байгуулагчийн тэмдэглэл дээр бичсэн байдаг. Тэгээд 2023 оны 9 дүгээр сард Увс аймагт самар аваад бизнес хийгээд явж байхад гэнэт миний данс барилтад орж ямар ч гүйлгээ хийж болохгүй болсон. Би банкны шугамын зээлтэй байсан. Тэгээд би шат, шатны байгуулагад гомдол гаргасан. Анх миний дансанд барилт хийхдээ 114.000.000 төгрөгийн барилт хийсэн байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий газарт нь гомдол гаргасан. Миний компаниас эзэмшиж байгаа 51 хувьд нь буюу 57.303.000 төгрөг болгосон. Мөн гадаадад зорчих эрх хязгаарлагдсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд гадаадад зорчих эрхийг хязгаарлах талаар хуулийн 59 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийх, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан гэсэн үндэслэлүүд байгаа. Одоо миний ШГ***ХХК-ийн 51 хувьд баригдсан мөнгөнөөс 30.000.000 гаруй төгрөг төлөгдсөн байгаа. 50.000.000 төгрөгөөс дээш өр төлбөртэй бол хуульд зааснаар гадаадад зорчих эрхийг хязгаарладаг юм байна. Дээр дурдсан хуулийн алинд нь ч миний гадаад зорчих эрхийг хязгаарласан нь хууль бус гэж үзэж байна. ШГ***ХХК-ийн дүрмийн 4.3-т зааснаар компани нь улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө иргэний эрх, эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно. Уг заалтыг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол буруутай этгээд гэм хорыг арилгана. Надад эрх зүйн харилцаа үүсэхээс өмнө үүссэн өр байгаа. Компанийн дүрмийн сан нь 1.000.000 төгрөг. Түүний 510.000 төгрөг буюу 51 хувийг би эзэмшдэг. Үлдсэн 49 хувийг З.Г***эзэмшдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т тус заасныг хариуцагч тал авч хэрэглээгүй хууль бусаар намайг нийгмийн харилцаанаас тусгаарлаж байна. 6 сарын хугацаанд миний гадаадад зорчих эрх, банкнаас зээл авах бүхий л эрх зөрчигдөж байна. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт дээр 2023 оны 6 дугаар сард ШГ***компанийн бэлэглэлийн 51 хувийг буцаах гэж Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч танай шилжих хөдөлгөөн хаагдсан байна гээд буцаасан. Тэгээд би мухардсан. ШГ***ХХК үүсгэн байгуулагч нартай хамт очсон. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж бат зогсож байна. Шүүхийн шийдвэрээр захирамж гарахдаа төлбөр төлөгч нь ШГ***ХХК гэж байхад иргэн миний данс руу халдах эрх байхгүй. 35 айлын орон сууцнаас төлбөр төлж дууссан айлууд ерөөсөө байхгүй байгаа. Уг ШГ***ХХК төлбөр төлөх чадваргүй байгаад байвал хувьцаа эзэмшигчийн данс руу халдаж болохыг хүлээн зөвшөөрч байна. Миний гомдол гаргаад байгаа гол шалтгаан нь төлбөр төлөгч нь ШГ***ХХК байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн задаргаа болон дүн шинжилгээ хийгээгүй. 35 айлын орон сууц гэдэг бол нилээн том хөрөнгө байгаа. Энэ хөрөнгө ШГ***ХХК-ийн өмч. Түүн дээр эдийн засгийн тооцоо судалгаа хийгээгүй байж 51 хувийн хувьцаа эзэмшигч рүү халдаж байгаа нь хууль бус гэж дахин дахин хэлээд байна. ШГ***ХХК-д өмч байгаа 35 айлын ороц сууц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдын байр. Түүнээс айлууд урьдчилгаанд 5.000.000-10.000.000 төгрөг л өгсөн. Уг барилга 2-3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байр шүү. Тэгэхэд 114.000.000 төгрөгийн өр авлагын төлөө хувьцаа эзэмшигч рүү халдаж байгаа нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилчдын 21 орон сууц байгаа. Үлдсэн 14 орон сууцыг иргэд захиалсан байдаг. Одоо улсын комисс хүлээж аваагүй л байгаа болохоос биш ШГ***ХХК-д өмч бол байгаа. Хувьцаа эзэмшигч миний нэрийн данс руу халдаж, зорчих эрхийг хязгаарлаад байгаа учраас л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдэгдэл өгөөд түүнийг нь биелүүлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авсан юм байлгүй гэж би ойлгосон. Надад ийм тийм арга хэмжээ авсан гэж шийдвэр, тогтоол юм танилцуулаагүй өгөөгүй учраас би түүний үндэслэл болсон мэдэгдлийг надад өгсөн нь хууль бус юм өөрөөр хэлбэл дээрх Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдлийг тус бүр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Тухайн компани нь өмч хөрөнгөтэй байхад миний хувийн эрх ашигт халдаад байгаа нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл шүүхэд гаргасан. Өөр нэмж хэлэх зүйл алга гэв.
Хариуцагч Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч***, Б.Б***нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.М***ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох “2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23230795/09 дугаартай, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны 23230798/09 дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х*** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1901 шүүгчийн захирамжаар ШГ ***ХХК- аас 78,750,000 төгрөг гаргуулж Б.Э***д олгохоор шийдвэрлэсэн. Тус газарт шүүхээс ШГ***ХХК-д холбогдох төлбөр, торгууль төлүүлэх 5 шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар 2 гүйцэтгэх баримт бичгийн төлбөр авагч Ц.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх тогтоолгох, 522,151 төгрөг гаргуулах, төлбөр авагч Б.Э***д 78,750,000 төгрөг гаргуулах гүйцэтгэх баримт бичигт ШГ***ХХК-ны удирдлага, ерөнхий захирал, 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.М***, гүйцэтгэх захирал 49 хувийн хувьцаа эзэмшигч З.Г***нарт Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэл хүргүүлж, төлбөр төлөхийг удаа дараалан шаардсан боловч төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлж дуусах хүртэл, хугацаа тогтоон хүргүүлж байх мэдэгдэл бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөр бүрэн төлөгдөөгүй тул цаашид ч мэдэгдлийг ШГ***ХХК-ны удирдлагуудад хүргүүлсээр байх болно. Тухайн мэдэгдлүүдийг ямар шалтгаанаар хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Д.М*** нь шүүхэд нотлох баримт болгон өгсөн баримтад ШГ***ХХК-ны 51 хувийг эзэмшигч гэдгээ өөрөө нотлон ирүүлж мөн нэхэмжлэлдээ өөрийгөө 51 хувь эзэмшигч мөн гэдгээ илэрхийлжээ. Иймд цаашид ч ШГ***ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас шүүхээс ирсэн тохиолдолд төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлнэ. Тухайн мэдэгдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах анхааруулах мэдэгдлүүд бөгөөд 44 дүгээр зүйлийн 44.2.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/ бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ гэж заасны дагуу хүргүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаар... МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ мөн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсвэл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу төлбөр төлүүлэхийн тулд МЭДЭГДЭЛ хүргүүлж байгаа нь хуулийн дагуу явуулах ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М*** гуайд эрх байгаа бол үүрэг бас давхар үүсдэгийг ерөөсөө ойлгохгүй байх шиг байна. Нэхэмжлэгч тайлбарлахдаа ШГ***ХХК-д өмнө нь өр төлбөр байсан гэж байна. Тухайн компанийн ерөнхий захирал болоод залгамжилж байгаа тохиолдолд өмнө нь байна уу? хойно байна уу? хамаагүйгээр М.М-т эрх, үүрэг нь шилжсэн. Өр төлбөр үүсчихлээ гээд өөрийн 51 хувийн хувьцаа эзэмших эрхээсээ татгалзаад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэл дээр татгалзсан бичгээ аваачиж очсон. Эрхтэй бол үүргээ биелүүлэх ёстой. Ийм учраас манайх хуулийн этгээдийн эрхийг шилжүүлэх тал дээр Улсын бүртгэлийн хэлтэст хязгаарлалт тогтоосон байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болоод гадаад зорчих эрхийг хязгаарлах мэдэгдлийг манай байгууллага мэдэгдэх эрхтэй. Мэдэгдлийн шинжтэй мэдэгдлүүд. Бид нар гадаадад зорчих эрхийг хязгаарлах эрхтэй хүмүүс биш. Шүүхийн шийдвэрийг биелүүл. Биелүүлэхгүй бол сануулсан мэдэгдэл л хүргүүлсэн. Бид танд шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл хүргүүлсэн. Гадаад зорчих эрхтэй хүн нь улсын хэмжээнд улсын шийдвэр гүйцэтгэгч нар л байдаг. Бид нар бол түтгэлзүүлэх эрхтэй хүмүүс биш. Хэрвээ таныг төлбөрөө төлөхгүй бол гадаад зорчих эрхийг чинь түтгэлзүүлнэ. Банканд барилт хийнэ. Хөрөнгөнд чинь халдана гэсэн утгатай мэдэгдэл л хүргүүлсэн. Хугацаа заасан мэдэгдэлүүд хүргүүлдэг. Мэдэгдэл хүргүүлэх болгонд хууль бус гэж тооцуулна гэж шүүхэд өгөөд байвал утгагүй санагдаж байна. Цаашид бид 51 хувийг эзэмшигч ерөнхий захирал Д.М*** байрыг худалдаж авсан хүмүүсийн мөнгийг өөрийн дансаар авах ёстой гэдэг мөртлөө үүргээ биелүүлэхгүй байна. Эрхээ бол эдлэх гээд байдаг. Мэдэгдэл өгөхөөр татгалзаад байгаа. Бид бол мэдэгдлийг хугацаа бүрт нь өгөөд явах ёстой. Сая тайлбартай 20.000.000 төгрөг, 30.000.000 төгрөгийг суутгаж авсан гэж байна. Таны банкны данснаас ганц төгрөг суутгаж аваагүй. ШГ***ХХК-д байрны төлбөрөө хийсэн хүмүүсийн мөнгийг суутгаж авсан. 5 төлбөр төлөх гүйцэтгэх хуудаснаас 2 гүйцэтгэх хуудас үлдсэн байгаа. Бусад 3 гүйцэтгэх хуудас төлөгдсөн. 30.000.000 төгрөг төлөгдсөн. Дахин мэдэгдэл өгөх гэсэн чинь шүүх хуралдааны дараа авна гэсэн. Мэдэгдэлийг өгөөд явах үүрэгтэй. Бид хоёрын тайлбар нэг учраас Б.Б***танилцуулаад явна гэв.
Хариуцагч Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.М***ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х*** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 шүүгчийн захирамжаар ШГ***ХХК-аас 78.750.000 төгрөгийг гаргуулж иргэн Б.Э***д олгохоор шийдвэрлэсэн байна. Тус газарт шүүхээс ШГ***ХХК-тай холбогдох төлбөр торгууль төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх 5 баримтыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өнөөдрийн байдлаар 2 гүйцэтгэх баримт бичгийн төлбөр авагч н.Б-ийн нэхэмжлэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх тогтоолгох 521.121 төгрөг гаргуулах, төлбөр авагч н.Энхтөрд 78.750.000 төгрөг гаргуулах гүйцэтгэх баримт бичгийг ШГ***ХХК-ийн удирдлага ерөнхий захирал 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.М***, гүйцэтгэх захирал 49 хувийн хувьцаа эзэмшигч З.Г***нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд хүргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул цаашид мэдэгдлийг ШГ***ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсээр байх болно. Тухайн мэдэгдэлүүдийг ямар шалтгаанаар хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Д.М*** нь шүүхэд нотлох баримт болгон өгсөн баримтад ШГ***ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг өөрөө нотолж ирүүлсэн. Мөн нэхэмжлэлдээ өөрөө 51 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж илэрхийлжээ. Иймд цаашид ШГ***ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр биелүүлэх гүйцэтгэх хуудас шүүхээс ирсэн тохиолдолд төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлнэ. Тухайн мэдэгдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулсан анхаарах мэдэгдлүүд бөгөөд 44 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх заасны дагуу хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу төлбөр төлүүлэхийн тулд мэдэгдэл хүргүүлж байгаа нь хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3-1/2669 дугаар албан бичиг, түүний хавсралт бүхий ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн хуулбар, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230795/05 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түтгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23230795/09 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1224 дугаартай албан бичиг, Х*** аймгийн ШГ***ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х*** аймгийн ШГ***ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийн тус тус ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01/387 дугаар албан бичиг, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 155/ГХ2023/00340 дугаартай Гүйцэтгэх хуудасны хуулбар, Х*** аймгийн ШГ***ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн хуулбар, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230795/05 дугаар “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түтгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”-ны хуулбар, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 41 минутад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай 09 дугаартай тэмдэглэлийн хуулбар, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 41 минутад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай 10 дугаартай тэмдэглэлийн хуулбар, ШШГЕГ-ын Төрийн байгууллагын лавлагааны системээс лавлагаагаар авсан Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээллийн хуулбар, Х*** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23230795/09 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”-ийн хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.М*** нь Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23231795/09 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: а.Х*** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Б.Э***д ШГ ***хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 78,750,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага хувьцаа эзэмшигч Д.М*** надаас уг төлбөрийг гаргуулахаар мэдэгдэл өгсөн, мөн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас өгсөн.
б. Хувьцаа эзэмшигч миний нэрийн данс руу халдаж, зорчих эрхийг хязгаарлаад байгаа учраас л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдэгдэл өгөөд түүнийг нь биелүүлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авсан юм байлгүй гэж би ойлгосон. Надад ийм тийм арга хэмжээ авсан гэж шийдвэр, тогтоол юм танилцуулаагүй, өгөөгүй учраас би түүний үндэслэл болсон мэдэгдлийг надад өгсөн нь хууль бус юм өөрөөр хэлбэл дээрх Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдлийг тус бүр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан
в. Шүүгчийн захирамжийн дагуу хуулийн этгээд болох ШГ***ХХК нь төлбөр төлөгч байгаа нь тодорхой байхад компанийн хувьцаа эзэмшигч надаас төлбөрийг авах гэж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “ хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн” үйлдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар “ Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан байхад төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгийг тодорхойлох ажиллагааг хийлгүйгээр, мөн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэж байгаа эсэхийг шалгалгүйгээр, Компанийн тухай хуулиар шийдвэрлэгдэх харилцааг шууд өөрсдийн үзэмжээр дураар шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.
г.Компанийн хөрөнгийн хэмжээ 1,000,000 төгрөг бөгөөд миний бие 51 хувийг эзэмшдэг учир 510,000 төгрөг болж байгаа.
д. Би тухайн компанийн 51 хувийг эзэмшихээс өмнө тухайн компанийн бусадтай эрх зүйн харилцаанд орсноос бий болсон өр авлага учир би үүнийг хариуцах учиргүй.
е. Гадаадад зорчих эрх хязгаарлагдсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд гадаадад зорчих эрхийг хязгаарлах талаар хуулийн 59 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийх, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан гэсэн үндэслэлүүд байгаа. Одоо миний ШГ***ХХК-ийн 51 хувьд баригдсан мөнгөнөөс 30.000.000 гаруй төгрөг төлөгдсөн байгаа. 50.000.000 төгрөгөөс дээш өр төлбөртэй бол хуульд зааснаар гадаадад зорчих эрхийг хязгаарладаг юм байна. Дээр дурдсан хуулийн алинд нь ч миний гадаад зорчих эрхийг хязгаарласан нь хууль бус гэж үзэж байна гэсэн.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: а. .Мөнхдэлгэр нь шүүхэд нотлох баримт болгон өгсөн баримтад ШГ***ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг өөрөө нотолж ирүүлсэн. Мөн нэхэмжлэлдээ өөрөө 51 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж илэрхийлсэн. Үүгээр Д.М*** нь компанийн удирдах албан тушаалтан болох нь тогтоогдож байгаа. Иймд цаашид ШГ***ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр биелүүлэх гүйцэтгэх хуудас шүүхээс ирсэн тохиолдолд төлбөр төлөх мэдэгдлийг Д.М***т хүргүүлэх учиртай. Тухайн мэдэгдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулсан анхаарах мэдэгдлүүд бөгөөд 44 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх заасны дагуу хүргүүлсэн.
б. Х*** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 шүүгчийн захирамжаар ШГ***ХХК-аас 78.750.000 төгрөгийг гаргуулж иргэн Б.Э***д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч н.Энхтөрд 78.750.000 төгрөг гаргуулах гүйцэтгэх баримт бичгийг ШГ***ХХК-ийн удирдлага ерөнхий захирал 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.М***, гүйцэтгэх захирал 49 хувийн хувьцаа эзэмшигч З.Г***нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд хүргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул цаашид мэдэгдлийг ШГ***ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсээр байх болно.
в. Тухайн мэдэгдлүүдийг ямар шалтгаанаар хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй.
г. Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг манайх авдаггүй, дээд газар руу саналаа явуулаад саналын дагуу дээрээс шийдвэр гардаг юм.
д. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаар... МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ мөн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсвэл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу төлбөр төлүүлэхийн тулд МЭДЭГДЭЛ хүргүүлж байгаа нь хуулийн дагуу явуулах ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн 09, 10 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дэд бөгөөд мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3-1/2669 дугаар иргэн М.Мөнхдэлгэр танаа гэж хаягласан албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Э-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1224 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Х*** аймгийн ШГ ***ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 дугаар захирамжаар Б.Э***д 78,710,000 төгрөгийг төлөгч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт шийдвэр гүйцэтгэгч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч Д.М***т 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23230798/05 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас өгч, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23231795/09 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгч, тухайн мэдэгдэл, мэдэгдэх хуудсанд заагдсан төлбөрийг нэхэмжлэгч Д.М*** төлж барагдуулаагүй учир түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, Хаан банкан дахь эзэмшлийн дансанд зарлагын хөдөлгөөн хийхийг хориглосон арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Нэхэмжлэгч Д.М*** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, түүний гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас зэргийг өөрийг нь төлбөр төлөгч гэж үзэж өгсөн энэхүү шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд холбогдох албан тушаалтнуудад хандаж гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгчийн дээрх баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.
Дээрх үйл баримтад талууд маргаагүй.
5. Талууд үйл баримтын хувьд маргаагүй боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь хууль зөрчсөн учраас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23230798/05 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23231795/09 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргийг хууль бус болохыг тогтоолгоно гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ШГ***компанийн удирдах албан тушаалтан нь уг компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Д.М*** мөн учраас ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусдад төлөгдөх өрийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Д.М***т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, түүний зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг өгч үүний дагуу тодорхой хугацаанд уг мэдэгдэл, мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн үүргийг биелүүлээгүй тул дараагийн арга хэмжээг хуульд заасны дагуу явуулсан гэж тус тус маргасан.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна гэж,
Мөн зүйлийн 6.1.1-д иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж тус тус хуульчилсан байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 дугаар захирамжаар төлбөр авагч Б.Э***д 78,710,000 төгрөгийг төлбөр төлөгч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах тухай иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулжээ.
Хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан тул дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Б.Э***, ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж, 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэж заасан.
Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж, 44.2-т Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:...44.2.5.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх гэж хуульчилсан байгаа бөгөөд хариуцагч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.М***т шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах талаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн нь хариуцагч хуульд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулсан, шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзэв.
8. Дээрх шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг явуулснаар төлбөр төлөгч Д.М*** мэдэгдэх хуудас, мэдэгдэлд заасан үүргийг биелүүлээгүй учир нэхэмжлэгч Д.М***т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих гэж, мөн зүйлийн 44.2.15-д энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх гэж хуульчилсан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах дараагийн арга хэмжээг авсан нөхцөлийг бүрдүүлсэн үр дагаврыг бий болгосон байна.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчид түүний зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээг дараагийн шатанд авах талаар мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх талаар 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн зэрэг нь тухайн арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа үр дагаврыг үүсгэж байгаа болно.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дэд бөгөөд мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3-1/2669 дугаар иргэн М.Мөнхдэлгэр танаа гэж хаягласан албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Э-ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1224 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэргээр нэхэмжлэгч Д.М*** нь дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгөн шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авсан ажиллагааг зөвшөөрөөгүй учир гомдлоо холбогдох газруудад гаргасан нь нотлогдож байна.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж,
Мөн зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Д.М*** нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Д.М*** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн түүнд мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгч баталгаажуулах арга хэмжээ авсныг эс зөвшөөрч Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23230798/05 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23231795/09 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргийг хууль бус болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
10. Хэргийн үйл баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.М*** нь ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдах албан тушаалтан учраас түүнд ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусдад өгөх өр төлбөрийг барагдуулахыг, биелүүлээгүй тохиолдолд өр төлбөрийг албадан барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт хувьцаа эзэмшигч Д.М***т зорчих эрх хязгаарлахыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн зэрэг нь тогтоогдсон.
Дээрх үйл баримтаас үзвэл төлбөр төлөгч нь ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Д.М*** учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг иргэн Д.М***т авч хэрэгжүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг хуульчилсан байна.
Хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж,
Мөн зүйлийн 93.4-д Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.М*** нь компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч, удирдах албан тушаалтан учраас дээрх баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй, цаашид ч бид энэхүү арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ, мэдэгдэх хуудас, мэдэгдэл төдий л шинжтэй арга хэмжээ шүү дээ гэж мэтгэлцсэн болно.
Компанийн тухайн хуулиас үзвэл компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан гэсэн ойлголтууд байх бөгөөд компанийн удирдлагад хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага зэргийг хамааруулах бөгөөд харин эрх бүхий албан тушаалтанд төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцох этгээдүүд хамаарна.
Нэхэмжлэгч Д.М***ийн тухайд өөрийн хөрөнгийг тухайн компанийн хөрөнгө болгон хувьцаа эзэмшсэнээр компанийн цаашдын үйл ажиллагаанаас олсон ашгаас хүртэх зорилготой этгээд юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, компанийн хуулиар компанийн эрх бүхий албан тушаалтнуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх, тухайн өр төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагаар хангахад компанийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаар хэрэгжүүлэх учиртай.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгийг шалгах, компанийн хөрөнгө тухайн өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй үгүй эсэхийг тогтоох, үүний дараа үүсгэн байгуулагч хувь эзэмшигчийн хөрөнгөөс хэрхэн яаж гаргуулах талаар хуульд заасан журмын дагуу өр төлбөрийг төлүүлэх ажиллагааг явуулахаар байтал хариуцагч дээрх ажиллагааг гүйцэтгэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.
Ийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангуулахаар баталгаажуулах арга хэмжээг авах ажиллагааг явуулахдаа хувьцаа эзэмшигч Д.М***т мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгсөн нь хууль зөрчсөн гэж шүүх үзлээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М***т өгсөн Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23230798/05 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23231795/09 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг нь мэдэгдэл төдий л зүйл гэж тайлбарласан болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх журам үндэслэлийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Д.М***т энэхүү баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлснээр тухайн баталгаажуулах арга хэмжээг авах саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлэн шийдвэрлүүлэх буюу холбогдох байгууллагад хүргүүлж дээрх арга хэмжээ бодитоор хэрэгжсэн,
Нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлснээр иргэн Д.М***ийн банкан дахь дансны гүйлгээнд хяналт тогтоох, барилт хийх арга хэмжээг бодитоор хэрэгжүүлсэн байх тул энэхүү Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23230798/05 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23231795/09 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргийг үр дагавар үүсгэхгүй гэж үзэх боломжгүй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ, гүйцэтгэх албадах ажиллагаанууд нь хувь хүний эд хөрөнгийн эрхийг хөндсөн үр дагавар бий болгох шинжтэй байдгаараа онцлогтой тул шийдвэртэй адилтгаж үзэх нь зүйтэй.
Ийм ч учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд баталгаажуулах арга хэмжээ хэрэгжүүлснийг эс зөвшөөрвөл шат шатны байгууллагад гомдол гаргах эрхийг иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуулиар олгожээ.
Нэхэмжлэгч Д.М*** нь миний зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаар, мөн банкан дахь дансны хяналт гүйлгээнд барилт хийсэн талаар шийдвэр юм танилцуулаагүй мэдэгдээгүй гэснийг дурдлаа. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэтгэлцээгүй бөгөөд бид зорчих эрх түдгэлзүүлэхийг шийддэггүй, мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид хугацаа тогтоож өгөөд биелүүлээгүй тохиолдолд саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч рүү явуулдаг гэж тайлбарласан болохыг дурдлаа.
12. Компанийн хэлбэрээс шалтгаалан хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарын бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээ, хязгаар, тэдгээрийн хувийн хөрөнгөөр төлбөрийг төлүүлэх эсэх нь ялгамжтайгаар хуулинд зохицуулагдсан болно.
Тодруулбал, хязгаарлагдмал хариуцлагатай хариуцлагатай хуулийн этгээдийн хувьд түүнд хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч нь оруулсан хөрөнгө эсхүл санхүүгийн сонирхлоо худалдан авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр л хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага нь хязгаарлагддаг.
Энэ утгаар авч үзвэл ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч Д.М*** нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусдын өмнө хүлээх хариуцлагыг хүлээнэ.
Нэхэмжлэгч Д.М*** тайлбартаа би 51 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд нэгж хувьцааны үнэ 1000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийн хөрөнгийн 510,000 төгрөгийн хэмжээний хувьцаа эзэмшиж байгаа гэх бөгөөд үүнээс үзвэл нэхэмжлэгч Д.М*** нь 510,000 төгрөгийн хэмжээнд л ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусдын өмнө хүлээх хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл эсрэгээр бүрэн хариуцлагатай хуулийн этгээдийн хувьд хуулийн этгээдийн бусдад учруулсан хохирол тухайн хуулийн этгээдийн хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэмжээгээр гишүүн, хувьцаа эзэмшигч өөрийн хувийн хөрөнгөөс хариуцлага хүлээдэг.
Ийм учраас ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлбөрийг төлүүлэх үндэслэлээр ШГ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч Д.М***ийн эд хөрөнгийн эрхэд халдах, түүний хувийн эрхийг хязгаарлах арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар явуулсан нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэр гэж дүгнэв.
13. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж иргэний эрх зүйн хамгаалалтыг хуульчилсан байна.
Иймд хуулийн этгээдийн төлбөр бусдын өмнө төлөх төлбөрийг гаргуулах журмыг зөрчсөн, хуулийн этгээдийн төрлийг анхааралгүйгээр хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч Д.М***ийн гадаадад зорчих эрхийн түдгэлзүүлэх, түүний банкан дахь дансны гүйлгээнд хяналт тавих, барих зэрэг үр дагаврыг бий болгосон Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 23230798/05 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23231795/09 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээг хууль бус болохыг тогтоон шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээг хууль бус гэж үзсэнээр тухайн гүйцэтгэсэн арга хэмжээ хүчингүйд тооцогдох үр дагаврыг бий болгохыг дурдах нь зүйтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.М***ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М***т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.М***т авсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ болох Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23231795/09 дугаартай мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдэх хуудас зэргийг тус тус хууль бус болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА