Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 155/2024/00054/И |
Дугаар | 155/ШШ2024/00405 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00405
2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00405 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Х***аймгийн М*** сумын *** дугаарбагийн *** дүгээр байрны 1 давхрын 5 тоотод байрлах 56,88 кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, 155/2024/00054/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Цогтбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г-Э(цахимаар),
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: О.Ч (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Х***аймгийн М*** сумын *** дугаарбагийн *** дүгээр байрны 1 давхрын 5 тоотод байрлах 56,88 кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Днь 2017 оны 05-р сарын 09-ны өдөр №2017/27 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг ШГ ХХК’-ны захирал З.Гтэй байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Х***аймгийн М*** сум 8-р баг, 49-р байрны 1 давхар 5 тоотод байрлах 56,88 кв.м 2 өрөө орон сууцыг бариулахаар М*** Вилла ХХК-д захиалга өгч төлбөр 30 хувь болох 15,016,000 төгрөгийг тушаасан. Орон сууц захиалан бариулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1 мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2017 оны 12-р сарын 25-нд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй, харин 2022 оны 11-р сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтанд орж улсын комисс одоо хүртэл хүлээн аваагүй байдаг. Гэрээ байгуулсанаас хойш уг байр ашиглалтанд орохгүй маш их удсан, байр ашиглалтанд орж улсын комисс хүлээж аваагүй, одоог хүртэл аваагүй тул үлдэгдэл мөнгөө төлөөгүй байгаа юм. Миний зүгээс гэрээнд заасан захиалагчийн үүргээ биелүүлж төлбөрийн 30 хувь буюу гэрээнд заасан хэсгийг бүрэн төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр бэлэн байна.
Иймээс Пүрвээгийн П.Д Х***аймгийн М*** сум *** дугаарбагийн *** дүгээр байрны 1 давхрын 5 тоотод байрлах 56,88 кв.м хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Д нь Х***аймгийн М*** сумын *** дугаарбагийн *** дүгээр байр 05 тоотод байрлах 56.81 м.кв2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргасан. Талууд орон сууц захиалах гэрээг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 2017/27 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлд заагдснаар 15,016,000 төгрөгийг тушаасан. Худалдан авах гэрээг байгуулахдаа нэг м.кв-ийг 880,000 төгрөг байхаар тохирч гэрээг байгуулсан. Талууд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд бүрэн нийцсэн гэрээ гэж үзэж байгаа. Худалдан авагч П.Д нь гэрээнд заасан 50,054,400 төгрөгийг төлсөн. Төлбөр төлсөн 7 тооны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-т урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасан. Үүний дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч нарын өмчлөх эрхийг хамгаалах зорилгоор урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж заасан байна. П.Д нь хуулийн дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Мөн хуулийн 31.2-т барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно. 31.3-т урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана гэж тус тус заасан. ШГ ХХК нь нэхэмжлэгч П.Дын эрхийг зөрчиж захиран зарцуулахаа урьдчилан хамгаалж, түүний ирээдүйд сөргөөр нөлөөлөх урьдчилсан тэмдэглэгээ гаргуулсан байсан. Тэгэхээр П.Д нь одоог хүртэл өмчлөгчөөр тогтоолгоогүй. Төлбөрөө бүрэн төлсөн байгаа. Иймд тус шүүхэд Иргэний хуулийн 243 дугаар 243.1-т зааснаар Х***аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** айлын орон сууц буюу Х***аймгийн М*** сумын *** дугаарбагийн *** дүгээр байрны 1 давхар 05 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. А-УГ*** ХХК нь ШГ ХХК-аас 706,866,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Этайлбарлахдаа тухайн барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн гэж яриад байх юм. Би бол тухайн барилгын үнэлгээг 4.5 тэрбум гэж хараад байгаа. З.Г-Эжаахан үнэмшилгүй зүйл яриад байна. П.Дыг хэт хямдхан байр авах гээд байгаа гэж байна. Гэтэл өөрөө 706,866,000 төгрөгийн өрөнд 4,5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө өгч байгаа гэж яриад байгаа нь үнэмшилгүй сонсогдож байна. Өмнөх саналаа дэмжиж байгаа. Ганцхан П.Дт түлхүүр өгөөгүй л дээ. Бусад шийдвэр гүйцэтгэгчийн ажилчид тэнд амьдраад байгаа гэсэн дээ. Надад мөнгө мэдэгдэхгүй төлбөр хийсэн гэж байна. Харин компаний өрийг төлж барагдуулаад байгаа зүйл гэж бодож байна... гэв.
Хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Эшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Дын нэхэмжлэлтэй, ШГ ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн Х***аймгийн М*** сумын *** дугаарбагийн *** дүгээр байрны 5 тоотод байрлах 56,88 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж бу *** дүгээр байр нь бүхэлдээ А-УГ*** ББСБ-ХХК-ийн барьцаанд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд А-УГ*** ББСБ-ХХК нь мана компанид холбогдуулан 706,866,367 төгрөгийг ШГ ХХК-иас гаргуулахаар Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, үүргийн гүйцэтгэлийг БГ07232021 тоот барьцааны гэрээний дагуу ШГ ХХК-ийн эзэмшлийн Ү-1723009130 улсын бүртгэлийн дугаартай, 000552309 тоот гэрээний дугаартай, Х***аймгийн М*** сумын *** дугаарбагийн *** дүгээр байр, тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулахаар шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргаж байгаа болно. 2017.05.09-ний өдрийн 2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.6, 5.4 дэх заалтыг захиалагч П.Д зөрчсөн тул уг гэрээг цуцалсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргах болно гэжээ.
Хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Мөн 2023 оны 9 дүгээр сарын 07-нд П.Дт гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлд орон сууцны захиалгын гэрээг цуцлах тухай гэсэн мэдэгдэлийг хүргүүлсэн. Шүүх хурлын явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ цуцлах боломжгүй гэж хэлж байсан. Гэрээний заалтын 4.6, 5.4-т заасныг зөрчиж байгаа учраас гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Түүнээс хойш П.Д бидний хувийн харилцаа хүнд нөхцөл байдалтай болсон. Ямар нөхцөл байдалд орсон талаар би шүүх хуралдаанд баримт гаргаж өгөөгүй байгаа. Нэхэмжлэгч П.Д нь намайг фэйсбүүк чатаар олон удаан дарамталж байсан. Намайг гэрээг цуцлах юм бол хуулийн байгууллагаар чамайг хатаах болно гэж байсан. Би чамайг шоронгийн хадаас болгож чадна шүү гэж олон дахин хэлж байсан. Намайг гаднах байдал нь эвгүй байдалтай хүмүүстэй ирж дуудаж уулзаж дарамтлуулж байсан. Иргэний хэргийн маргаанд хамааралтай зүйл биш учраас тоохгүй байгаа. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд тэмдэглүүлж үлдээхийг хүсч байна. П.Д нь Х***аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын барилгыг хянах ажлын хэсгийн ахлагчаар нь томилогдож хоёр жил ажилласан. Нэг бус удаа гэрээнд заагаагүй нөхцөл байдлуудыг тавьж байсан. Нэг бус удаа М***гийн голын зах дээр аваачиж дарамталж байсан. Миний олон жил хүч хөдөлмөрөө гаргаж барьсан барилгаас их бага үнээр байр авах гэж бодож байгаа хүн. Би олон хүнээс хөрөнгө босгосон зүйлийг үнэгүйдүүлж авах гэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийм процесс явж байгааг мэдэхгүй байгаа байхаа. Та энэ нөхцөл байдлыг хувь хүний зүгээс бодож үзээрэй. Бүх албан хаагч нартай 2023 оны 05 дугаар сард нэмэлт гэрээ байгуулсан. П.Д болохоор тус нэмэлт гэрээг над руу тамга дараад явуулчих би өөрөө гарын үсэг зураад нэг хувийг чам руу явуулъя гэж хэлээд одоог хүртэл заль хэрэглээд явуулахгүй байна. Би өөрт нь нэмэлт гэрээний нэг хувийг өгсөн. Гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг шүүх хуралдаан болохоос өмнө явуулсан боловч түүний тайлбарыг Х***аймгийн Шүүхийн шийдвэрийн газраар дамжуулан ирүүлсэн байдаг. Түүний дагуу тус байгууллагын 18 албан хаагч гарын үсгээ зурж уг гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байсан. Гэрээг яагаад цуцлах гээд байгаа юм бэ? гэхээр П.Д намайг янз бүрээр дарамталж байгаад байрны түлхүүрийг авсан. Тэр түлхүүрийг хүлээж аваад цоожны голыг сольсон. Ус алдахад хүртэл би орж чадахгүй байгаа. Түүнээс хойш түрээсээр өөр хүмүүс байлгаж байгаа. Түрээсээр өөр хүмүүс амьдарч байгаа болохыг манай компанийн хүмүүс мэдэж байгаа. П.Д болохоор байраа түрээслэж байгааг чи нотолж чадах юм бол чамайг би хачин байдалд оруулна шүү гэж дарамталж байгаа. Үүнийг бас шүүх хуралдаанд заавал хэлж байна. Надад дараа нь янз бүрийн зүйл тохиолдох болов уу? гэж энэ асуудлыг шүүх хуралдаан дээр тэмдэглүүлж байна. Хэрвээ энэ нэхэмжлэлийг шаардлагыг шүүх шийдвэрлэх юм бол цаашид маш олон айл манайх руу дайрч эхэлнэ. Нөгөө талаас манай компанийн данс барилттай байхад бидэнд мэдэгдэхгүйгээр 34,500,000 төгрөгийг хийсэн байсан. Манай компанийн данс барилттай байгааг ажил үүргийн хүрээнд мэдэж байгаа хүн бол П.Д. Тэр данс руу мөнгөө хийгээд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж заль ашиглаж байгааг би маш сайн ойлгож байна. Уг хүний гаргаж байгаа ааш авираас болж олон хүмүүсийн байр суурь өөрчлөгдөж байна. Энэ хүн нэг метр квадратыг 880,000 төгрөгөөр авсан байраа 1,800,000 төгрөгөөр үнэлж зарах гэж хэд хэдэн удаа оролдсон. Шүүхээс удаа дараа өмгөөлөгч авах хүсэлт тавьж байж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байна. П.Дыг нүүж ор гэж огт хэлээгүй байхад намайг дарамталж байгаад түлхүүрийг авсан. Улсын комисс хүлээж аваагүй байрыг ашиглаад тавилгаа зөөж оруулаад, хүнд түрээслүүлээд, зарах гэж оролдоод байхаар уг байдлыг таслан зогсоосон. Намайг дарамталсан талаар би хуулийн байгууллагад хандах болно. Надад энэ хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхой удирдах албан тушаал хашиж байгаа учраас гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна гэж хардаж байна. Учир нь Улаанбаатар хотод намайг байхад хаана байгааг маань мэдээд чи тэнд байна энд байна чам дээр яваад очно гэж дарамталж байгаа. Намайг яаж олоод байгааг би мэдэхгүй байна. Өмнө нь өөр хүний нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаан тус шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Шүүгч та өөрөө ч мэдэж байгаа байх би аль болох хуралдаан дээр байрны үнэ төлбөр, бусад нөхцөлийн талаар тохироод шийдвэрлүүлж байсан. Энэ хүний хувьд хил хязгаарыг давж харьцаад байна. Энэ байр ашиглалтад орох нь тодорхой хугацаагаар хойшилсон шалтгаан зарим нэг хүмүүсийн хувийн эрх ашиг сонирхлоос болж хойшилсоор ковидын үеийн нөхцөл байдалд тулж ирсэн. 2019 онд Хятад улсад гарсан Ковид цар тахал 2019 оны 11 дүгээр сард Монгол улсад орж ирсэн. Үүнээс шалтгаалан барилгын ажлыг дуусгахаар захиалсан бараа материал Хятад улсын хил дээр хагас жил гаран гацсан байсан. Мөн бараа материалын үнэ маш өндөр болж өссөн. Бас хадгалж, хамгаалах зардал маш их өссөн. 27,000 төгрөг гэж байсан зүйл 87,000 төгрөг болсон. 120,000 төгрөгийн зүйл 700,000 төгрөг болсон. Уг бараа материалын үнэ өссөн шалтгааныг шүүх хуралдаан болгон дээр хэлж байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн албан хаагч нартай үүссэн нөхцөл байдлын талаар тухай бүрт нь уулзаж, ярилцаж тохиролцож байсан. Бид ковидын үед Орос улсын Улаан-Үүдийн хил нээгдэхэд Хятад улсаас авсан материалаа бүр орхиод хүнээс бүр их хэмжээгээр мөнгө зээлээд Орос улсаас бараа татсан. Банк бусаас авсан зээл маань бидний төлөвлөж тооцож байсан үнээс багаар олгогдож дахин хүнээс санхүүжилт олох шаардлага үүсч байсан. А-УГ*** банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 385,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг уг орон сууцны барилгаар хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр байгаа. Уг барилгыг барьж дуусгахын тулд байрыг бүхэлд нь банк бусад тавьсан. Бид төлбөрөө төлж чадахгүй явсаар байгаад 706,0000000 төгрөгийн өртэй болж өссөн байгаа. Бараг 2 дахин өссөн. Тэгэхээр уг банк бус санхүүгийн байгууллагын асуудлыг шийдвэрлэсний дараа уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн П.Дын өмчлөгчөөр тогтоолгох гээд яваад байгаа энэ хэрэг маргаан нь ямарч үндэслэлгүй гэж харж байгаа. Уг *** дүгээр байр бүхэлдээ банк бусын барьцаанд байгаа. Энэ хүн тус байрыг маш хямдхан үнэлгээгээр авах гээд байгаа гэж үзэж байна. П.Дын зүгээс надад хандаж байгаа нөхцөл байдлыг шүүх харж үзээсэй гэж хүсч байна. Тэр хүн хаана ажилладаг байна ямар ч хамаа байхгүй. Би өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан барилгаа хамгаалах болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйлээ дараагийн нэмэлт тайлбар дээр хэлье. Тухайн барилга бол ШГ ХХК-ны өмч тухайн барилгыг А-УГ*** ХХК-д бүхэлд барьцаанд тавьсан ойлголт. Бүхэлд нь барьцаанд байгаа өмч гэж ойлгож байна. Өөр нэг хүний өмч биш гэж бодож байгаа. ШГ ХХК-ийн өмч түүнийгээ хэрхэн зарцуулах эрх нь байгаа гэж үзэж байна. Төлбөрөө төлсөн учраас байраа авна гэж яриад байна. Нэмэлт гэрээ байгуулж нэмэлт ажлын зардлыг нэмж төлөхөөр тохироод явж байсан хүмүүсийн дундаас П.Д гэж хүн мөнгөө төлсөн учраас байрыг хэт бага үнээр авах гэж заль гаргаж байна гэж үзэж байна. Улсын комисс уг барилгыг хүлээж аваагүй байгаа. П.Д өөрөө байранд ороогүй байж хүнд түрээслээд байгаа нь хүний өмчийг ашиглаж ашиг олоод байна гэж үзэж байна. Өөрт шилжиж очоогүй өмч хөрөнгийг ашиглаж ашиг олоод байна. Улсын комисс хүлээж аваагүй байранд хүн оруулж амьдруулаад байж болохгүй. Нэхэмжлэгч П.Д албан тушаалаа ашиглан төлбөрөө төлсөн байсан. Төлбөр төлөгдсөн талаар бид мэдээгүй. Мессэж ирэх утас хаагдсан байсан. Шүүхийн шатанд төлбөр төлсөн баримт гарч ирсэн. Иргэний хэргийн маргаантай байгаа асуудал дээр төлбөр төлсөн байгаа. Түүнийгээ ч бидэнд мэдэгдээгүй. Нөгөө талаас шүүхээс гадуур намайг дарамтлаад хувийн орон зайнд халдаад байгаа. Би мэдээж энэ байдлаас айхгүйгээр хуулийн байгууллагад хандах болно. Дараа нь П.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө миний хэлж байгааг сонсох байх. Би ямар нэгэн зүйлээс айхгүй байгаа болохыг дахин хэлье гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлж байгаа болохыг дурдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд дэлгэрэнгүй гаргасан тайлбаруудыг бүрэн дэмжиж байна. Тухайн Х***аймгийн шүүх дээр байгаа А-УГ*** ХХК-ийн ШГ ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага уг хэрэгт хамааралтай юм. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс А-УГ*** ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотой хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэнгүй. Маргаан бүхий барилга байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч орон сууцанд орсон байна. Тухайн орон сууцны гэрээний 5.4-т болон 4.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд хариуцагч талаас 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2017/25 дугаартай орон сууц захиалгын гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчид гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Хариуцагчийн зүгээс тухайн байрыг хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй шалтгааныг маш дэлгэрэнгүй тайлбарлаж хэллээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан Иргэний хуульд 243.1-д зааснаар гэрээ байгуулсан талаар аль, аль тал маргахгүй. Гэрээг цуцалсан талаар маргаж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш буюу шүүхэд зориудаар нотлох баримтыг бий болгож төөрөгдүүлэх үүднээс 43,500,000 төгрөгийг төлсөн байгаа. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэхгүй байгаа учраас маргаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн талаар тайлбарлаж байна. Гэтэл урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх нөхцөл нь иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-д зааснаар урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэсэн байна. Мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана гэж заасан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 367 тогтоолоор баталсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн журмын 22.1-т зааснаар улсын бүртгэгч, эрхийн урьдчилсан тэмдэглэгээг хийхдээ уг хуулийн 31.4-т заасныг тус тус зөрчиж урьдчилсан тэмдэглэлээ хийлгэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан байгаа. Гомдлыг шийдвэрлэх 30 хоног дуусаагүй байгаа. Уг зүйлүүдийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар нэхэмжлэгч албан тушаалаа урвуулан ашиглан гэрээг өөрчлөх боломж олгохгүй байгаа гэж тайлбарлаж байгааг анхаарах хэрэгтэй. Давхардуулан зарсан гэж ярьж байсан. Ийм зүйл хэрэгт нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл 1 хуудас, П.Д иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №*** дугаартай Орон сууц захиалгын гэрээний эх хувь 4 хуудас, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр П.Даас Л.Ц-т олгосон 0653 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х***аймгийн ШГ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас , 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ХАС банкны орлогын маягтын хуулбар 1 хуудас, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Улсын бүртгэгч Д.Ч-ын Мэдүүлэг хүлээн авсан баримтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт 1 хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт 1 хуудас, *** дүгээр байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт мөнгө төлсөн жагсаалтын хуулбарт САНХҮҮ гэсэн тэмдэг дарагдсан баримт 1 хуудас, Х***аймгийн ШГ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 54 дугаартай албан бичгийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбарт САНХҮҮ гэсэн тэмдэг дарагдсан баримт 1 хуудас, 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбарт САНХҮҮ гэсэн тэмдэг дарагдсан баримт 1 хуудас, П.Д 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 1-13, 27-32, 39-41, 52 дугаар хуудас)
Хариуцагчаас: Хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай захирал З.Гөөс дэд захирал З.Г-Э-д олгосон итгэмжлэл 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн өмгөөлөгч авах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн Ц.Г-ыг өмгөөлөгч оролцуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн өмгөөлөгчөөр Ц.Г-ыг оролцуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-ын шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-ын анхан шатны шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-ын нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шардлагаа тодруулж өгөх, нотлох баримт гаргуулах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр А-УГ*** ХХК-ийг оролцуулах тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн өмгөөлөгч Ц.Г-аас татгалзаж, өмгөөлөгч О.Ч-ыг шинээр өмгөөлөгчөөр авч байгаа тул хэргийн материалтай танилцах хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгч О.Ч-ын материалтай танилцах хугацаа олгож, мөн шүүх хурал давхцаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх цахимаар ирүүлсэн хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдааны зарын хамт 3 хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хариуцагчийн өмгөөлөгч О.Ч-ын эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт, эмнэлэгийн магадлагаа 2 хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-н шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, Х***аймгийн ШГ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Сөрөг нэхэмжлэл гаргах тухай албан бичиг 1 хуудас, Х***аймгийн ШГ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай Орон сууц захилгын гэрээг цуцлах тухай албан бичиг 1 хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ****, ****, *** гэх гүйлгээний утгаар Б гэсэн эзэмшигч бүхий данснаас Төрийн сан банкны **** дансанд төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хариуцагчийн өмгөөлөгч О.Ч-ын нотлох баримт гаргуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 2 хуудас, хүсэлтэд хавсаргаж Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа А-УГ*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох Иргэний хэрэг үүсгэх тухай 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжийн хуулбар 4 хуудас, А-УГ*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хуулбар 3 хуудас, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А-УГ*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуулбар 2 хуудас, ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани болон А-УГ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хороонд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №*** дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар 4 хуудас, Х***аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1093 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар 3 хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ийн цахимаар ирүүлсэн хариу тайлбар 2 хуудас зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 36, 47, 50, 62-64, 81-82, дугаар хуудас) тус тус шүүхэд ирүүлжээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А-УГ*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тухайн хэрэг маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс оролцох тухай хүсэлтийг холбогдох баримтын хуулбаруудын хамт шүүхэд ирүүлсэн ба шүүх А-УГ*** хязгаарлагдмад хариуцлагатай компанийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгч П.Д нь Х***аймгийн М*** сумын *** дугаар баг, *** дүгээр байрны 1 давхар, 5 тоотод байрлах 56,88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр толгоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №*** дугаар “Орон сууц захиалгын гэрээ”, тус гэрээний дагуу орон сууцны үнийг төлж барагдуулсан гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд:а. Х***аймгийн М*** сумын *** дугаар багт байрлах **** дүгээр байр ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмч юм. Иймд өмчлөгч нь өмчөө хэрхэн яаж зарцуулах, яахаа шийдвэрлэх эрхтэй. Өөр хэн нэгний өмч биш учраас төлбөрөө төлсөн бол авна гэсэн ойлголт байж болохгүй.
б.Энэ *** дүгээр байр бүхэлдээ А-УГ*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний барьцаалбар болон бүртгэгдсэн байгаа.
Одоо Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд А-УГ*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 706,000,000 төгрөгийг манай компаниас зээлийн гэрээний үүрэгт гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэж дууссаны дараа энэ хэргийг шийдвэрлүүлмээр байна.
в. Нэхэмжлэгч П.Д нь манай компанитай байгуулсан “орон сууц захиалгын гэрээ”-ний 4.6, 5.4 дэх заалтыг зөрчсөн учир манай компанийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан хүргүүлсэн. Гэрээгээ цуцлах мэдэгдлийг П.Дт өгсөн учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа.
г. Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орон сууц захиалгын гэрээ байгуулсан албан хаагчидтай 2022 оны 5 дугаар сард нэмэлт гэрээг байгуулсан байхад нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ байгуулаагүй. Хэт бага үнээр ямар нэгэн аргаар орон сууцыг өөрийн өмчлөлд авах гэсэн нэхэмжлэгчийн арга заль гэж харж байгаа.
д. Ковид цар тахал өвчнөөс шалтгаалж барилгын бараа материалын үнэ өссөн, мөн хил дээр 7 сар орчим хугацаагаар гацсан бөгөөд энэ хугацаанд хадгалах хамгаалах зардал өссөн байдлаас компани маш их эрсдэл хүлээсэн.
е. Улсын комисс тухайн орон сууцны барилгыг хүлээж аваагүй байхад П.Д нь хүчээр түлхүүр булаан авч цоожны голыг сольж бусдад түрээслүүлэн ашиглаж байгаа бөгөөд цаашаа зарж борлуулах үйлдэл хүртэл хийсэн. Эмийн сан болгож ашиглах оролдлого гаргасан.
ё. Манай компанид мэдэгдэлгүй 34,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш нэхэмжлэгч нь компанийн барилттай дансанд хийсэн.
ж. П.Д бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэж, намайг фейсбүүкээр дарамталсан, олон дахин над дайрч доромжилсон элдэв хүмүүс дагуулж ирж надтай уулзаж дарамталсан.
з. Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бидний ажилд саад учирч хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл газрын асуудал нь нийтийн эзэмшилтэй учраас бид хөрөнгө оруулалтын асуудлыг банкаар шийдвэрлүүлэх болоход саад учирч хугацаа хэтэрсэн бөгөөд сүүлдээ бид банк бус санхүүгийн байгууллагаас хүртэл зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч банк бус санхүүгийн байгууллага хүртэл хүссэн хэмжээнд зээлийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учраас бид өөр хөрөнгө оруулалт гаднаас олох шаардлагатай бол санхүүгийн эрсдэлд орсон. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өөрсдийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн асуудал юм.
4. Хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”, Х***аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс албан бичгээр ирүүлсэн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа”, Х***аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1/441 дугаар албан бичгээр ирүүлсэн М*** сумын *** дугаар баг ***-р байрны *** давхрын *** тоотод захиалагчийн хүсэлтийн дагуу бүртгэгдсэн урьдчилсан тэмдэглэлийн холбогдох баримтууд, Голомт банкын орлогын мэдүүлгүүд, П, П.Д эзэмшдэг Хаан банкин дахь дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр доорх үйл баримт тогтоогдлоо.
Үүнд: Хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал З.Г, Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан П овогтой Д нарын хооронд Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан алба хаагчдын *** айлын орон сууцыг барих барилгын ерөнхий гүйцэтгэгч “ШГ” ХХК, Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцанд орох үндсэн албан хаагчийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2017/25 дугаар орон сууцны байршил-Х***аймгийн М*** сумын *** дугаар баг, захиалгаар барих орон сууц- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байр, хаалганы дугаар-***, давхарын дугаар байрлал-***, өрөөний тоо-2, худалдан авч буй нийт талбай-56,88, 1м.кв талбайн үнэ 880,000 төгрөг гэж тооцогдох нөхцөлтэйгээр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан байна.(ХХ-ийн 4-7 дугаар тал)
Гэрээний дагуу барилгыг хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 25-нд багтаан барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх байсан боловч улсын комисст хүлээлгэн өгөөгүй, гэрээ байгуулан орон сууц захиалсан иргэд 2022 оны сүүлээр 2023 оны эхээр тухайн орон сууцанд орж амьдарч байгаа, нэхэмжлэгч П.Д нь захиалсан орон сууцны түлхүүрийг өөртөө авсан, тухайн орон сууцанд нэхэмжлэгч нь Х***аймгийн улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан тэмдэглэл хийлгэж бүртгүүлжээ.(ХХ-ийн 110-116 дугаар тал)
Хариуцагч “ШГ” хязгаарлагдмал хариуцлагатай компани 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тухайн Х***аймгийн М*** сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрыг А-УГ*** ББСБ-д гэрээний үндсэн дээр барьцаалбарт бүртгэгдсэн.(ХХ-ийн 33-35 дугаар тал)
Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хариуцагчид 5,500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 33,900,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 төгрөгийг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 600,000 төгрөгийг байрны урьдчилгаа, байрны төлбөр гэсэн утгаар тус тус шилжүүлсэн, нэхэмжлэгчээс *** тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 517,000 төгрөгийг тус тус байрны урьдчилгаа Даваабаатар гэсэн утгаар шилжүүлсэн байна.(ХХ-ийн 27-2*** дугаартал, 39-41 дугаар тал 52 дугаар тал)
Мөн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр **** данс эзэмшигч Д.Г нь ****гэх данс эзэмшигч З.Г-Э гэх данс руу 5,000,000 төгрөгийг Д байрны урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлжээ. (ХХ-ийн 10 дугаар тал)
Нэхэмжлэгч нь байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөх үед 437,500 төгрөгийг төлсөн (ХХ-ийн 29-32 дугаар тал) зэрэг болно.
5. Дээрх тогтоогдсон үйл баримтын тухайд:
Талууд гэрээ байгуулагдсан байдал, гэрээний нөхцөл, тухайн орон сууц А-УГ*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарт бүртгэгдсэн, үүнээс хойш нэхэмжлэгч П.Д нь тухайн орон сууцны 5 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн, нэхэмжлэгч П.Д нь Орон сууц захиалгын гэрээ байгуулахаас өмнө хариуцагчид 5,500,000 төгрөгийг, хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барилт хийгдсэн дансанд 33,900,000 төгрөгийг, 100,000 төгрөгийг 600,000 төгрөгийг байрны урьдчилгаа, байрны төлбөр гэсэн утгаар төлсөн, мөн 517,000 төгрөг, 5,000,000 төгрөг зэрэг төлөгдсөн талаар талууд маргаагүй.
Харин гэрээний дагуу төлөгдсөн хариу төлбөрийн хувьд хариуцагч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш 34,000,000 төгрөгийг хариуцагчийн барилт хийсэн дансанд хариуцагчид мэдэгдэлгүйгээр төлсөн, 5916489096 гэсэн данс нь манай компанийн данс биш, энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ганболд гэж хүний данс бөгөөд бид энэ хүний дансаар шилжүүлэн авч хоёр талын хяналт тавьж үйл ажиллагаандаа зарцуулж байсан. Энэ үед П.Д гээд 5,000,000 төгрөг орж ирсэн байсан, П.Дын төлбөрийг авахгүй шүү, нэмэлт гэрээ байгуулсан хүмүүсийн төлбөрийг л тухайн дансаар шилжүүлж авна гэж хэлж байсан, 517,000 төгрөг бас яалт ч үгүй орж ирсэн байсан, харин бусдыг нь сайн санахгүй байна гэж тайлбарлан маргасан.
Мөн хариуцагч нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчсөн учир манай байгууллагаас П.Дт гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснээр бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан учир Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.
6.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц, тухайн гэрээ байгуулагдсанаар шууд эд хөрөнгийн эрх үүсэхгүй, зөвхөн холбогдох үүрэг үүсэж байгаа боловч тухайн үүргийн хэлцэлд суурилан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан өмчийн хэлцэл үүсэж байгаа тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн хувьд гүйлгээнд чөлөөтэй хөрвөх боломжтой ямар ч хөрөнгө байж болох боловч ирээдүйд бий болох эд хөрөнгийн тухайд талууд гэрээний зүйлийн тухайлан тохиролцсон, үл хөдлөх эд хөрөнгийн шинжтэй байгаа, гэрээний хувьд үүргийн харилцаа буюу нэг тал гэрээний дагуу тогтоосон хугацаанд төлбөр төлөх, нөгөө тал эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг нөгөө талынхаа өмчлөлд шилжүүлэх үүргийн эрх зүйн хэлцэл хийгдсэн бөгөөд үүгээр эд хөрөнгийн харъяалал хараахан өөрчлөгдөхгүй ч холбогдох үүргийг биелүүлснээр түүнд суурилсан өмчийн хэлцлийг үүсгэн, худалдан авагчид өмчлөх эрхийг бий болгож байгаагаараа талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжтэй нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч П.Д нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Х***аймгийн М*** сумын *** дугаар баг, *** дүгээр байрны *** давхар, *** тоотод байрлах 56,88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр толгоолгохоор шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаар Орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлгүй тул хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.
7. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч П.Д нь орон сууцны үнэнд нийт 50,054,400 төгрөгийг төлөхөөр гэрээний дагуу тохиролцсон бөгөөд гэрээний 1-р нөхцөлийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,500,000 төгрөгний урьдчилгаа төлсөн тохиолдолд орон сууцны 1м.кв-ыг 880,000 төгрөгөөр худалдан авах боломжтой, гэрээний 2.2-т ...Уг гэрээг урьдчилгаа төлбөр төлсний дараа байгуулж, хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг эхний 5,500,000 төгрөгийг төлсөн гэсэн үйл баримттай маргаагүй зөвшөөрсөн тул 2017 оны 5 дугаар сарын 01-нээс өмнө нэхэмжлэгч нь 5,500,000 төгрөгийг хариуцагчид төлжээ гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс Хас банкаар үйлчлүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн П.Д байрны урьдчилгаа гэсэн утгаар хариуцагч ШГ ХХК-ийн дансанд орлогын гүйлгээ хийсэн баримтын хуулбарыг ирүүлсэн бөгөөд энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байсныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс **** тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 517,000 төгрөгийг байрны урьдчилгаа Д гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд *** тоот данс нь манай компанийн данс биш гэж тайлбарласан боловч 517,000 төгрөг, 5,000,000 төгрөг орж ирсэн байсан санагдаж байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ганболдын дансаар захиалгын гэрээгээ сунгасан албан хаагчдын төлбөрийг дамжуулан авч үйл ажиллагаандаа зарцуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр **** тоот дансанд П.Д байрны урьдчилгаа гэсэн утгаар төлөгдсөн нийт 9,517,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр *** данс эзэмшигч Д.Г нь **** гэх данс эзэмшигч З.Г-Э гэх данс руу 5,000,000 төгрөгийг Даваабаатар байрны урьдчилгаа гэсэн утга бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаас ( эх хувь) үзвэл он цагийн дараалал, мөнгөн дүнгийн хэмжээ зэрэг нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5916489096 тоот дансанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Д.Г нь хариуцагчид дамжуулан шилжүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд П.Даас байрны төлбөрт мөнгө авахгүй гэж би Д.Г-д хэлж байсан гэж тайлбарласан боловч дээрх нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг аваагүй, буцаан шилжүүлсэн гэж маргаагүй, үүнтэй холбоотой баримтгүй байгаа болно.
Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 33,900,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 төгрөгийг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 600,000 төгрөгийг нийт 34,600,000 байрны урьдчилгаа, байрны төлбөр гэсэн утгаар тус тус хариуцагчийн Голомт банкин дахь хариуцагч ШГ ХХК-ийн дансанд шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бидэнд мэдэгдэлгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барилт хийгдсэн данс руу нэхэмжлэгч нь төлбөр шилжүүлсэн гэж маргасан нь тухайн төлбөрийг хариуцагчид шилжүүлээгүй гэж үзэхгүй.
Мөн нэхэмжлэл гаргасны дараа дээрх 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хариуцагч тал маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаар Орон сууц захиалгын гэрээн дэх талуудын тохиролцоонд урьдчилгаа төлбөр төлөх хугацаа, хэмжээг тусгасан байх бөгөөд гэрээний *** дугаарзүйлийн 8.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан заалтын агуулгаас үзвэл үлдэгдэл төлбөрийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагчид шилжүүлэх улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэх нөхцөл хангагдсан үед бүрэн төлсөн байх нөхцөлийг талууд тохиролцсон байна.
Хэргийн үйл баримтаар гэрээний зүйл болох орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа, нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн, өмчлөх эрхийг нотлох баримтыг өгөөгүй байгаа нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээнд заасан хэмжээний төлбөрийг төлсөн нь гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн тухайн орон сууцны оршин суугчид бохирын шугам солих сүлжээний засварт төлбөр төлсөн байх бөгөөд үүнд нэхэмжлэгч П.Д нь 437,500 төгрөгийг төлсөн, үүнд зохигчид маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу гүйцэтгэгч компани буюу ШГ ХХК-д нийт 50,054,500 төгрөгийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэв.
8. Хариуцагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан үндэслэлийн талаар:
Тухайн Х***аймгийн М*** сумын *** дугаар баг *** дүгээр байр бүхэлдээ манай ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмч учраас бид эд хөрөнгөө хэрхэн яаж шийдвэрлэх нь бидний асуудал гэжээ.
Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрх гэрээг байгуулах үед худалдагчид байж болох, харин гэрээний үүрэг биелэгдсэнээр худалдан авагчид худалдагч өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.
Дээрх орон сууц захиалгын гэрээний зүйл болох орон сууц нь ирээдүйд бий болох эд хөрөнгө, баригдаж дуусаагүй барилгын эд хөрөнгийн эрхийн хувьд худалдагч буюу гүйцэтгэгч нь өөрийн санхүүгийн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулиар хуульчлагдсан боловч энэ нь худалдан авагчийн биет байдлын болоод эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн авахыг шаардах эрхийг хязгаарлахгүй.
Тухайн гэрээний зүйл болох орон сууц нь хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани, А-УГ*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээний барьцаалбарт бүртгэгдсэн учир тухайн хэрэг маргааныг шийдвэрлэгдтэл энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана, мөн 13 дугаар зүйлийн 13.1-д “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” үүргээ хариуцагч хэрэгжүүлсэн бол А-УГ*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьцаалбарт гэрээний зүйл болох орон сууц барьцаалбар болсон нь нэхэмжлэгч П.Дын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль зөрчсөнөөс үүсэх үр дагавар, эрсдлийг нэхэмжлэгч хариуцахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхгүй, шаардлага гаргахааргүй орон сууцны хэсэгт барьцааны эрх шингээх эрх хариуцагчид байж болно.
Ковид цар тахал өвчин дэлхий нийтэд гарснаар барилгын материалын үнэ өссөн, хил хааснаас хил дээр бараа материал монголд орж ирэхгүй 7 сар гацсан, хадгалалт хамгаалалтын үнэ өссөн нь компанийн санхүүд их хэмжээний эрсдлийг бий болгосон гэж хариуцагч тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар гүйцэтгэгч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2017 оны 12 дугаар 25-ны өдөр гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж захиалагчид орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохирсон байна.
Үүнээс үзвэл Ковид-19 буюу цар тахал өвчин гарахаас 2 жилийн өмнө гүйцэтгэгч компани гэрээнд зааснаар үүргээ биелүүлж дууссан байхаар тохиролцжээ.
Иймд гүйцэтгэгч буюу ШГ хязгаарлагдмал компани гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелэгдсэн байх хугацаанаас хойш 2 жилийн дараа дэлхий нийтэд тархсан цар тахал өвчнөөс шалтгаалан компанид их хэмжээний эрсдэл учирсан гэсэн үндэслэлээр хариуцагчийг гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буруутай байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч П.Д нь манай компанитай байгуулсан “орон сууц захиалгын гэрээ”-ний 4.6, 5.4 дэх заалтыг зөрчсөн учир манай компанийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан хүргүүлсэн учир гэрээ цуцлагдсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.
Гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч мэдэгдлийг хэзээ хэрхэн хүргүүлсэн, хариу ирсэн үгүй талаар баримтгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээг цуцлах үндэслэлд гэрээний 4.6, 5.4-т заасан үндэслэл хамаарахгүй байна.
Түүнчлэн худалдан авагч тал орон сууцыг актаар хүлээн аваагүй байхад орсон гэрээг зөрчсөн үйлдэл нь орон сууцны биет байдлын талаар шаардлага гаргах эрхгүй болох үр дагаврыг үүсгэх талаар гэрээний 5.4-т заасныг, худалдан авагч тал орон сууцыг ашиглалтад орохоос өмнө зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх үүргээ бусдад шилжүүлэх, бусдад хөлслүүлэх, худалдах, бэлэглэх барьцаалах эрхгүй гэж гэрээний 4.6-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлснээр гэрээ цуцлагдсанд тооцох, үүнээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Тухайн орон сууцыг одоог хүртэл улсын комисс хүлээн аваагүй учир нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Ийм байхад нэхэмжлэгч нь өөрийн захиалсан орон сууцны түлхүүрийг авч дур мэдэн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ тайлбарласан.
Хэдийгээр тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа боловч бодит байдал дээр 2022 оны сүүлээр тухайн орон сууцанд захиалагч нар нүүн орж өөрсдийн өмчлөх эрхийг хэрэгжүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн өөрийн захиалсан орон сууцны түлхүүрийг авч эзэмшилдээ авсныг буруутгахгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч компани банкнаас зээл авч чадалгүй банк бус санхүүгийн байгууллагаас зээл авснаар хохирол учирсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх нэг үндэслэл гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн гэрээний нэг тал болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохиролтой холбоотой маргаан байгаа бол хариуцагч нь энэ талаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Мөн нэхэмжлэгчтэй хувийн харилцаа таарамжгүй байдал үүссэн, нэхэмжлэгч дарамталсан, хууль бус шаардлага тавьсан, фэйсбүүкээр доромжилсон гэсэн үндэслэлүүд нь тухайн гэрээний үүргийн биелэлтийг шаардахад хамаарахгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг улсын бүртгэлийн байгууллагад тухайн орон сууцан дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхдээ ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвшөөрлийг аваагүй учир энэ тэмдэглэгээ нь хууль зөрчиж хийгдсэн гэжээ.
Улсын бүртгэлийн байгууллагад эд хөрөнгийн эрхийн талаар бүртгэл хийлгэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх нь хуулиар зохицуулагдсан байх ба хууль зөрчиж хийгдсэн тохиолдолд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, эсхүл холбогдох байгууллагад энэ талаар гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бусад үндэслэлүүдийн талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт шүүх дүгнэсэн болно.
9. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын гэрээнд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч П.Д нь Х***аймгийн М*** сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** давхрын *** тоот 2 өрөө 56,88 м2 орон сууцны үнэ 50,054,500 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч П.Дыг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоон шийдвэрлэлээ.
10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 ( дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 408,222 ( дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Дт олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*** дугаарзүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөх хамарт П.Д(РС81102610)-ыг Х***аймгийн М*** сумын *** дугаар баг, *** дүгээр байрны *** дүгээр давхар, *** тоотод байрлах 56.88 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 ( дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГ хязгарлагдмал хариуцлагатай компаниас 408,222 ( дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА