Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 205

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Н.Гантулга, А.Өнөрбат, Б.Ганзориг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөө тайж нар овогт Нямжавын Гантулга, Суваргачин овогт Болормаагийн Ганзориг, Боржигон овогт Алтанхуягийн Өнөрбат нарт холбогдох 1721001080074 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1987 оны 08 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зуухны цехэд засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 15-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Иеншөө тайж нар овогт Нямжавын Гантулга /РД: ЖЯ 87083019/

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1987 оны 11 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зуухны цехэд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Суваргачин овогт Болормаагийн Ганзориг.   /РД: ЖЮ 87112411/

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1987 оны 11 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 12-р байрны 32 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Боржигон овогт Алтанхуягийн Өнөрбат.   /РД: ЖЮ 87110171/

Шүүгдэгч Иеншөө тайж нар овогт Нямжавын Гантулга нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 24 дүгээр байрны гадаа 2017 оны 08 сарын 08-наас 09-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хохирогч О.Ариунбат, Б.Ихбаяр нарыг зодож, Б.Ихбаярын биед хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Боржигон овогт Алтанхуягийн Өнөрбат нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 24 дүгээр байрны гадаа 2017 оны 08 сарын 08-наас 09-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хохирогч О.Ариунбат, Б.Ихбаяр нарыг зодож, Б.Ихбаярын биед хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Суваргачин овогт Болормаагийн Ганзориг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 24 дүгээр байрны гадаа 2017 оны 08 сарын 08-наас 09-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Нямжавын Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Алтанхуягийн Өнөрбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Болормаагийн Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Энхбатын Ихбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд тамхи татаад сууж байхад хойноос 3 залуу ирээд нэг нь Ариунбатаас тамхиа өгчих гэсэн. Тэр залуу нь Ганзориг байсан. Ариунбат татаж байсан тамхиа Ганзоригт өгөхөд чи надад тамхины иш өглөө гээд тамхийг нүүр рүү нь буцаагаад нясалсан. Ариунбат яаж байна чи гээд босч ирэхэд Гантулга нь Ариунбатын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Ингээд хажуугаар нь Ариунбатыг Ганзориг, Өнөрбат нар цохисон.  Би босоод салгах гээд зууралдахад намайг Гантулга нь цохиж унагаан дээрээс өшиглөж байсан. ...Тэгээд би найзыгаа босгоод цааш авч явахад Гантулга нь ирээд намайг зодож цохисон. Тэр хооронд Ариунбат босоод зугтсан. Ганзориг нь Ариунбатын араас явсан байсан. Би Гантулгаас мултраад зүүн хойш явахад Өнөрбат араас гүйж ирж хавирч унагаан дээрээс өшиглөхөд Гантулга нь ирээд бас зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Хохирогч Оюунбаатарын Ариунбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 08 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд найз Ихбаярын хамт тамхи татаад сууж байсан. Тухайн үед жаахан согтуу, архи уусан байдалтай сууж байсан юм. Гэтэл хойноос 3 залуу хүрч ирсэн. Нэг нь тамхиа өгчих гэсэн. Би татаж байсан тамхиа өгөхөд тэр залуу “тамхины иш өглөө” гэж уурлаад авсан тамхиа буцаагаад над руу няслахад нь хүнээс зүгээр тамхи гуйж чадахгүй гээд уурлахад миний нүүрэн тус газарт цохисон. Сүүлд бодоход намайг Ганзориг нь цохисон байсан. Би тухайн үед унаад босч ирээд Ганзоригтой зууралдсан. Хажуунаас нэг нь миний аймхай буюу цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэрнээс цааш зарим зүйлүүдийг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 472 тоот актын дүгнэлтэд

            1. Э.Ихбаярын биед тархи доргилт, хамрын таславчийн баруун тийш муруйлт, хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн цус хуралт, баруун зулайн цус хуралт болон зулгаралт, зүүн шанаа, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн цус хуралт, зүүн зулайн цус хуралт болон зулгаралт, баруун болон зүүн хөмсөг орчмын цус хуралт, духны баруун талын зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон няцарсан шарх, баруун хацрын няцарсан шарх болон цус хуралт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, 2 талын нүдний салстын доорх цус хуралт, баруун доод 6-р шүдний сулрал, баруун доод 5-р шүдний буйлны цус хуралт, баруун хавирганы нум дагуу цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун сарвууны зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, цээжний ард баруун талын цус хуралт, бүсэлхийн  зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хгуацаанд үүссэн байх боломжтой.  

     3. Уг гэмтлүүдийн тархи доргилт, хамрын таславчийн баруун тийш муруйлт, хамрын нурууны няцарсан шарх, баруун хацрын няцарсан шарх, 2 талын нүдний салстын доорх цус хуралт, баруун доод 6-р шүдний сулрал нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн цус хуралт, баруун зулайн цус хуралт болон зулгаралт, зүүн шанаа, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн цус хуралт, зүүн зулайн цус хуралт болон зулгаралт, баруун болон зүүн хөмсөг орчмын цус хуралт, духны баруун талын зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун доод 5-р шүдний буйлны цус хуралт, баруун хавирганы нум дагуу цус хуралт, баруун тохойн зулгаралт, баруун сарвууны зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, цээжний ард баруун талын цус хуралт, бүсэлхийн  зулгаралт нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ.  /хх-ийн 44-45/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмлэглэл /хх-ийн 05/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 47/

-Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 510 тоот дүгнэлт /хх-ийн 54/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-82/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-91/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86-88/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Иеншөө тайж нар овогт Нямжавын Гантулга, Боржигон овогт Алтанхуягийн Өнөрбат нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 24 дүгээр байрны гадаа 2017 оны 08 сарын 08-наас 09-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хохирогч О.Ариунбат, Б.Ихбаяр нарыг зодож, Б.Ихбаярын биед хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Суваргачин овогт Болормаагийн Ганзориг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 24 дүгээр байрны гадаа 2017 оны 08 сарын 08-наас 09-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ихбаяр, О.Ариунбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 472, 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 510 тоот дүгнэлтүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын биед хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Э.Ихбаяр, О.Ариунбат нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас, шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 472, 510 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын биед хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус нотлогдсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарыг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Гантулгын ЖЯ 87083019  тоот, шүүгдэгч Б.Ганзоригийн ЖЮ 87112411 тоот, шүүгдэгч А.Өнөрбатын ЖЮ 87110171 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иеншөө тайж нар овогт Нямжавын Гантулга, Суваргачин овогт Болормаагийн Ганзориг, Боржигон овогт Алтанхуягийн Өнөрбат нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын биед хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нямжавын Гантулга, Болормаагийн Ганзориг, Боржигон овогт Алтанхуягийн Өнөрбат нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарыг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 3. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Гантулга, Б.Ганзориг, А.Өнөрбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн Н.Гантулгын ЖЯ 87083019  тоот, Б.Ганзоригийн ЖЮ 87112411 тоот,  А.Өнөрбатын ЖЮ 87110171 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ