Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М******* нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-******* дугаар тушаалаар “Ж*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Танд аялал жуулчлалын зориулалтаар 0.5 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* дугаар тушаалаар 0.5 га талбай дээр 3.7 га талбай бүхий газар нэмэгдэж 4.2 га газар болгосон.

1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газрын ашиглах эрхийн хугацаа дуусахад хуульд заасан хугацаанд хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэн “Ж*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

1.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1123 тоот албан бичгээр А/3 дугаар тушаалыг хүргүүлснийг нэхэмжлэгч мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан байна.

1.5. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/******* тоот тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Т”-нд “Аялал жуулчлал”-ын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 5000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар анх авсан бөгөөд улмаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* тоот тушаалаар 4,2 га газар болгон өөрчлөн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” 1123 тоот албан бичиг ирүүлэх үед манай газрын эрхийг дуусгавар болгосныг анх мэдсэн юм. Тус албан бичигт “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 сарын 15-ны өдрийн А/3 дугаартай тушаалаар Танд 42139 м.кв газар ашиглах эрхийг дуусгавар болгосон ... хавсралтаар ... тушаалын хуулбарыг хүргүүлэв... ” гэжээ. Манай компани нь тус газарт 2017 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа явуулж одоогийн байдлаар 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн татвар хураамж төлөөд байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд түр хойшилсон бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор дээрх гадаадын хөрөнгө оруулалтууд бүрэн зогсож компани их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал үүсээд байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 сарын 15-ны өдрийн А/3 дугаартай “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-******* тоот тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Танд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 5000 м2 талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглахаар авсан байдаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 4,2 га газар болгон өөрчлөн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэдгээ яг юуг хэлж байна вэ гэхээр ерөнхийдөө Танд байрладаг газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдэг зорилготойгоор дотоод ажлынхаа хүрээнд тодорхой хэмжээний төсөл боловсруулаад тэрхүү төслийнхөө хүрээнд цахилгаан холболт хийлгээд өнөөдрийг хүртэл хүрч байсан. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах гэрээ, гэрчилгээ хураалгах тухай 1123 тоот албан бичгийг манай байгууллагад мэдэгдсэн. Ерөнхийдөө албан бичиг ирүүлснийг манай байгууллага анх мэдэж авсан.  Тус албан бичигтэй танилцаад ерөнхийдөө үндэслэлгүй юм байна. Учир нь манай байгууллага хүсэлтэд гаргасанчлан нэг хувьцаа эзэмшигчтэй тухайн хувьцаа эзэмшигч өөрөө гадаадад үйл ажиллагаа явуулж байсан. Тэрэнтэй холбоотойгоор компанийг төлөөлөх эрхтэй субъект Монголд байгаагүй. Монголд байгаагүйтэйгээ холбоотойгоор ерөнхийдөө мэдэгдэл ирсэнтэй холбоотойгоор ямар нэгэн ажил хийх боломжгүй байсан. Тийм учраас үндэслэлгүй манайд ямар нэгэн сонсох ажиллагаагаа бүрэн дүүрэн хангалттай хийж чадаагүй юм байна гэж үзсэн. Сонсох ажиллагаа гэдэг нь тухайн байгууллагад мэдэгдээд тухайн мэдэгдлийн хүрээнд ямар ажилбар хийгдэх боломжтойгоор сонсох ажиллагааны үр дүн тодорхойлогддог. Гэтэл сонсох ажиллагаа шийдвэр нь гарсны дараа мэдэгдэж байвал сонсох ажиллагаа хийгдэж байна гэж үзэхгүй. Үр дагавар нь гарчихсан зүйлийг ерөнхийдөө мэдэгдэж байгаа зүйл. Манай компани тус газарт 2017 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагааныхаа төслийг боловсруулаад явж байсан гэсэн. Түүнийхээ хүрээнд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоогийн байдлаар бол тухайн газартай холбоотойгоор улсад 100 сая төгрөгийн татвар төлсөн байдаг. Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай газар ашиглах эрх дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны Өдрийн А/3 дугаар “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтуудыг тус тус үндэслэн “Ж*******” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.2.“хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар газар ашиглах эрхийг цуцлах талаар саналыг хүргүүлсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст байршуулан мэдэгдсэн. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-аас газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлж байгаагүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “Ж*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1-ийн заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанид олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас ерөнхийдөө захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг тухайн хуулийн этгээдэд хийгээгүй, мэдэгдээгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдээс сонсгохоор бол тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон сэргээх төсөл бусад аргачлалыг ашиглан хүргүүлэх гэж тус тус заасан. Үүний дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны веб хуудас, цахим хаягт сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал өөрөө комисст орохдоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг харгалзан үздэг. Мөн тус тушаал гарах болсон гол үндэслэл нь нэхэмжлэгч компаниас газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд аль алинд нь ирүүлж байгаагүй. Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхтэй дуусгавар болох хугацаа нь 2020 онд дуусгавар болсон боловч энэнээсээ 1 сарын өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яам эсвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сунгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой боловч тус хүсэлтээ ирүүлээгүй. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас Ж******* компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Ж*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...актыг гаргах үед компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гадаадад байсан, энэ тухай мэдэгдсэн байхад хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажилласныг болон цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-******* тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Танд байрлах 0.5 га газрыг “Ж*******” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгож, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* дугаар тушаалаар талбайн хэмжээг 4.2 га газар болгон нэмэгдүүлж газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”  бол газар ашиглах эрх дуусгавар болохоор зохицуулжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг хуулийн дээрх зохицуулалттай холбон авч үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаар тушаалаар “Ж******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус үзэхээргүй байна. Учир нь:  

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх”-ийг эдлэхээр, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт газар ашиглагч нь мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрхийг эдлэхээр заасан.

6. Хуулиар олгогдсон дээрх эрхийн хүрээнд газар ашиглагч “Ж*******” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болохоос өмнө газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтийг гаргахаар байсан байхад тухайн хуулийн этгээдээс хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/28 тоот албан бичигт “... “Ж*******” ХХК нь хамгаалалтын захиргаанд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хугацаа сунгах хүсэлтдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б******* гэж хаягласан байгаа нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 5 дугаар зүйлийн 5.3.1-д заасан баримт бичиг буруу хаягласан зөрчилтэй, газар ашиглах эрх цуцлагдаж, мэдэгдэл хүргэгдсэн байхад хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан болно ...” гэснээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/322 тоот албан бичигт “... “Ж*******” ХХК-иас газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй байна” гэснээр тус тус тогтоогдов.

7. Хуулийн этгээдийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь хаана амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсад оршин сууж буй хүнд итгэмжлэл олгох замаар, эсхүл захиргааны байгууллагын албан ёсны цахим шуудангаар, эсхүл шуудан илгээмжээр дамжуулан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тухайн цаг хугацаанд хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал нь Монгол Улсад байгаагүй, хүсэлтээ биечлэн гаргах боломжгүй байсан” гэх агуулгаар маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болох хугацаа нь 2022 оны 09 дүгээр сард дуусаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд хүсэлт гаргах боломжгүй байсан гэж үзэх нөхцөлийг үгүйсгэж байна.

9. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдал нь 2019 оны эхээр анх үүсэж, Монгол улсын Засгийн газрын удаа дараагийн шийдвэрээр улсын хэмжээнд хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг тогтоож байсан нь боловч хамгийн сүүлд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байх тул үүнээс хойш газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл/2022 оны 08 дугаар сар/-х 6 сарын хугацаанд нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах боломжтой байсан гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

10. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасан.

11. Маргаан бүхий А/3 дугаар тушаал нь “Ж*******” ХХК-ийн ашиглаж байсан Богдхан уулын дархан цаазат газрын Танд байрлах газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон агуулгатай байх тул хариуцагч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуулийн  27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулсан” гэх тайлбар үндэслэлгүй.

12. Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллагаас мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан дээрх журмын дагуу явуулаагүй байх боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар мэдэгдлийг яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд түгээснийг нэхэмжлэгч мэдсэн болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 тоот албан бичигт “... газар ашиглагч 84 иргэн, хуулийн этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлэн хариу тайлбарыг авсан байна. Иймд дээрх иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг уламжилж байна” гэсэн, тус бичгийн хавсралтын 6-д “Ж*******” ХХК, тайлбар хэсэгт “Гадаадад төслөө хийлгүүлж байгаа Газрын төлбөрөө төлөөгүй, төлбөрийг графикийн дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Ковидтой холбоотойгоор үйл ажиллагаа явуулах хугацаа хойшлогдсон” гэж бичигдсэнээр тогтоогдов.

13. Энэ тохиолдолд оролцогчийг сонсох, түүнд тайлбар санал гаргах боломж олгохтой холбоотой нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Мөн сонсох ажиллагааг бичгээр мэдэгдэл хүргүүлэх замаар хэрэгжүүлснээр өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах боломжит хугацаа 1 жилээр хэтэрсэн байжээ.

14. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ