| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00655/И |
| Дугаар | 155/ШШ2024/00774 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00774
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00774 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: МХ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн/нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ОНӨ газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай "Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан, төлбөр төлсөн 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын захирал М.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХ ХХКомпанийн гүйцэтгэх захирал М.Б нь хариуцагч ОНӨ газарт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай "Худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулан, төлбөр төлсөн 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус 10-р хуралдааны № 7-р тогтоолоор "Хийн эмийн эргэлтийн сан” ОНӨХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан. Тус тогтоолын хавсралтын 3.1.2 дахь хэсэгт, тухайн компанийн хөрөнгийг, тухайн суманд байгаа хөрөнгийн оршин байгаа газарт нь төр захиргааны байгууллага зохион байгуулахаар үүрэг чиглэл өгөгдсөн. Мөн Хийн эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 сарын 07 ны өдрийн №01 дугаартай тогтоолоор нээлттэй дуудлага худалдааны доод үнэ тогтоогдсон. Мөн тогтоолын 1-р заалтад ОНӨ" Х эмийн эргэлтийн сан ОНӨХК-ний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсантай холбогдуулан, сум бүрийн эмийн сангийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах доод үнийг хавсралтаар баталсан.
2022 оны 01 дүгээр сарын 07 ны өдрийн № 01 тогтоолын хавсралтад түүний 19...
Ц сумын эргэлтийн эмийн сангийн хөрөнгийн жагсаалтад
Нийт үнэ, дуудах доод үнэ 9,270,262 төгрөг 01 мөнгө гэснийг МХ ХХК нь 30,000,000 төгрөгөөр дуудан авсан байдаг. Ингээд 2022 оны 02 сарын 17-ны өдөр *** дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар Орон нутгийн өмчид бүртгэлтэй гэх 1980 онд үйлдвэрлэгдсэн 42 жил ашигласан барилга нь, ОНӨ газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан болохоор газрын хувьд газаргүй юм байна гэсэн ойлголт тэр үед, худалдан авагч талд төрөөгүй. Тэгээд дуудлага худалдаагаар авсан тал, өмнөх ажил үйлчилгээг үргэлжлүүлэн ажиллаж байхад Ц сумын Эрүүл мэндийн төвөөс" Эмийн сангийн барилгын газрыг чөлөөж өгнө үү гэсэн хүсэлт албан тоотоор манайд ирсэн. Ингэж газаргүй барилгыг газартай гэж төөрөлдсөнөө мэдэцгээсэн. Иймд: Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.3-д зааснаар нөхцөл байдал нь ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн байх тул 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан *** дугаартай Худалдах- худалдан авах гэрээг" хүчингүйд тооцож, худалдаж авахад төлсөн 30,000.000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалтад уг барилгыг барилга л гэж бичсэнээс биш газаргүй гэдгийг нь тодорхой бичээгүй байсан. Би 1980 онд баригдсан 42 жил ашиглаж байгаа, орон нутгийн өмчид бүртгэлтэй барилгыг газартай л юм байх гэж бодож авсан. Хөдөө орон нутагт өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, орчин үеийн эмийн сангаар иргэдэд үйлчлэх зорилгоор би уг барилгыг авсан. Тэгтэл нөгөө барилга маань газаргүй болчихож байгаа юм. 1980 онд ашиглалтад орсон одоо 44 жил болж байгаа барилгыг зөвхөн байшин аваад надад ямар ч хэрэггүй ш дээ. Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх эрх нь хамт шилжиж ирсэн энэ нь хэрэг бололгүй яахав. Гэхдээ манайх компани өөрөө эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, үүн дээрээ тулгуурлаад эрхийг бид авч болно. Тус сумын эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөл тэр эмийн сангийн барилгын тэнд баригдахаар зураг төсөл нь хийгдсэн танайх газар чөлөөлж өг гэхэд л бид тухайн барилга газаргүй байсан юм байна гэдгийг мэдээд ОНӨ газарт хандаж хүмүүстэй нь уулзсан. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Газаргүй болохоор манай хөрөнгийг тухайн газар дээр бүртгэхгүй юм билээ. Энэ талаар хариу өгсөн бичиг хэрэгт өгсөн байгаа. Ноцтой төөрөгдсөний улмаас эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдан авснаа сүүлд мэдсэн. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг Х аймгийн ОНӨ газраас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Р сумын эмийн сангийн асуудал бол өөр байсан. Нэхэмжлэгч нь тэр талаар шүүхийн шийвэр гаргаж өглөө. Рын хувьд эмчийн санч нь өөрөө тухайн газрыг авах гээд ОНӨ газарт эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, газрын эрх нь дуусгавар болсон байхад сунгуулаагүйгээс асуудал үүсээд шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Р сумын эмчийн сангийн эрхлэгч нь өөрөө авахын тулд газрыг нь бүртгүүлээгүй байсан. Ц сумын эмийн сангийн тухайд анхнаасаа газаргүй байсан. Энэ талаар дуудлага худалдааг явуулах зар дээрээ зөвхөн эмчийн сангийн барилга дагалдах тоног, төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн гэж тусгасан байгаа. Эрхийн хувьд 0 төгрөгөөр үнэлэгдсэн. Ийм газар гэж бичээгүй учраас нэхэмжлэгчийг төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. ... гэв.
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл 2 хуудас, МХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, нэхэмжлэгч байгууллагын захирал М.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, ОНӨ газар, МХ ХХК-ны хооронд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан *** дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 7 хуудас, Х аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 155/ШЗ2024/01592 дугаар Нэхэжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар 2 хуудас, Ц сумын Эмийн сангийн хөрөнгө худалдах дуудлага худалдааны зарын хуулбар 1 хуудас, Х аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс МХ ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамжийн баримт 1 хуудас, МХ ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт 1 хуудас, МХ ХХК-иас Х аймгийн Ц сумын Газрын даамал Д.Б хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг 1 хуудас, МХ ХХК-иас Х аймгийн Ц сумын Засаг даргад хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг 1 хуудас, МХ ХХК-иас Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай Барилга улсын бүртгэлд бүртгүүлэх тухай албан бичиг 1 хуудас, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс МХ ХХК-ийн 2024.02.16-ны 12 дугаартай албан бичиг хариу хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/214 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг 1 хуудас, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2024/00580 дугаар шүүхийн шийдвэр 4 хуудас зэргийг,
Хариуцагч талаас: ОНӨ газар, МХ ХХК-ны хооронд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан *** дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 7 хуудас, Х аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-07 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хуулбар 1 хуудас, "Хийн эмийн эргэлтийн сан" ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай "Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ тогтоох тухай" 01 дүгээр тогтоол, тогтоолын хуулбар 2 хуудас, Аймгийн ОНӨ газрын даргаас сумдын засаг дарга нарт хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/49 дугаартай "Хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай" албан бичгийн хуулбар 1 хуудас, Х аймгийн ОНӨ газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Энхтүвшинг оролцуулах тухай 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1/258 дугаартай албан бичиг 1 хуудас зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ОНӨ газарт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай "Худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулан, төлбөр төлсөн 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг "Хийн эмийн эргэлтийн сан" ОНӨХК-ийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарснаар Х аймгийн сумдад үйл ажиллагаагаа явуулж байгаа эмийн сангуудын эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарч уг дуудлага худалдаанд манай компани хэд хэдэн сумын эмийн санг худалдаж авах дуудлага худалдаанд орсон.
Ингээд Х аймгийн аймгийн Ц сумын эмийн сангийн хөрөнгийн дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн дүнг санал болгож ялан, 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байтал тус сумын эрүүл мэндийн төв нь шинэ барилга барих гэж байгаа бөгөөд тухайн эмчийн сан байрлаж байгаа газарт зураг төсөл нь хийгдсэн тул газар чөлөөлөх тухай манайд мэдэгдсэнээр уг барилгыг газаргүй гэдгийг мэдсэн. Анх дуудлага худалдаагаар барилга гээд бичсэн байсан бөгөөд тухайн газарт 1980 онд баригдаж ашиглалтад орсон барилгыг бид газаргүй гэдгийг мэдээгүй.
Газаргүй байсан бол бид дуудлага худалдаагаар тухайн барилгыг ийм үнээр авах шаардлагагүй байсан. Тухайн даруй бид ОНӨ газарт хандсан боловч уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй юм гэжээ.
3. Хариуцагч ОНӨ газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Эс зөвшөөрсөн үндэслэлээ Хийн эмийн эргэлтийн сан" ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр "Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ тогтоох тухай" тогтоолд батлагдсанаар Ц сумын эмийн эргэлтийн сангийн дуудлага худалдааны хөрөнгийн нэр төрөлд газар байхгүй бөгөөд барилга, тавилга тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл, программ хангамж, бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгийн жагсаалт байсан.
Тус дуудлага худалдаанд 6 оролцогч оролцсоноос хамгийн өндөр үнийн санал хэлсэн МХ ХХК ялсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ***дугаартай ОНӨ газрын даргатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд газрын тухай дурдаагүй байна.
ИТХ-ын Төлөөлөгчдийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан Дуудлага худалдааг зохион байгуулах журмын 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэг "Дуудлага худалдааг зохион байгуулж явуулахтай холбогдсон хууль тогтоомж, журмын заалт, эд хөрөнгө худалдах тухай шийдвэр, дуудлагын худалдааг зохион байгуулж, явуулах ажлын хэсгийг томилсон шийдвэрийг танилцуулж, дуудлагын худалдаа эхэлснийг мэдэгдэн, Төрийн болон ОНӨ тухай хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ", Төрийн болон ОНӨ тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3 дугаар зүйл "Дуудлагын худалдааны ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу түүнээс эрх олгосон байгууллагатай Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна". 43 дугаар зүйлийн 3.1-т "Худалдан авсан эд хөрөнгийн төрөл" гэж заасан ба бид дуудлага худалдааг зохих хууль, журмын дагуу зар мэдээллийг хүргэн зохион байгуулж, гэрээ байгуулсан тул төөрөлдөх үндэслэл байхгүй юм. Дуудлага худалдааны нэр төрөлд газар ороогүй зарлагдаж, зохион байгуулагдсан байхад хүлээн зөвшөөрч оролцон, гэрээ байгуулсан МХ ХХК нь төөрөлдсөн байх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор "Хийн эмийн эргэлтийн сан” ОНӨХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэр гарсан.
Дуудлага худалдааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан. "Хийн эмийн эргэлтийн сан” ОНӨХК-ийн хөрөнгийг "Фэйр-валуэшн" ХХК үнэлгээ хийж дуудах доод үнийг тогтоосон. "Хийн эмийн эргэлтийн сан" ОНӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр "Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ тогтоох тухай" тогтоолд батлагдаж Ц сумын эмийн эргэлтийн сангийн дуудлага худалдааны хөрөнгийн нэр төрлийн жагсаалтыг гаргасан. Дуудлага худалдаанд орох хөрөнгийн мэдээллийг Х ОНӨ газрын www.umch.khs.gov.mn сайт, Х ОНӨ газрын пэйж хуудсанд байршуулж, "Өглөөний сонин"-ний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаарт нийтэлсэн. Тус дуудлага худалдаанд 6 оролцогч оролцсоноос хамгийн өндөр үнийн санал хэлсэн МХ ХХК ялж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай ОНӨ газрын даргатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч байгууллага гэрээний дагуу Х аймгийн ОНӨ газарт 30,000,000 төгрөгийг төлж барилга, болон бусад тоног төхөөрөмж, бараа бүтэгдэхүүнийг хүлээн авч, өөрийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор тухайн барилгыг өмнө нь ашиглаж байсан зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаагаа явуулж байсан.
МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь үйл ажиллагаагаа явуулж эхэлтэл Ц сумын Эрүүл мэндийн төвөөс "Эмийн сангийн барилгын газрыг чөлөөж өгнө үү” гэсэн албан бичгийг нэхэмжлэгчид ирүүлсэн. Энэ талаар ОНӨ газарт нэхэмжлэгч хандахад шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн газарт хандахад газрын асуудал шийдвэрлэгдээгүй учир тухайн өмчийг бүртгэх боломжгүй гэж хариуг ирүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.
5.Талууд дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр худалдсан 42 жил үйл ажиллагаагаа явуулсан барилгыг доорх газрын хамт худалдсан гэж бодсон, хариуцагч дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалтад газрын талаар дурдаагүй учир газаргүй гэдэг нь ойлгомжтой гэж тус тус маргасан байна.
6.Зохигчийн хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэг талаас Х аймгийн ОНӨ газрын дарга Б.Д, нөгөө талаас МХ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Б нар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр худалдагч гэрээнд заасан эрхийн зөрчилгүй “Хийн Эмийн Эргэлтийн Сан ОНӨХК-ийн хавсралтад заасан барилга, дагалдах эд хөрөнгө, эм эмнэлгийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь дуудлагын худалдааны журам, гэрээнд дурдсан нөхцөлөөр үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээн үүрэг, хариуцлагыг зохицуулахаар *** дугаар гэрээг байгуулжээ.
Худалдагч Х аймгийн ОНӨ газар, худалдан авагч МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани, гэрээний зүйл болох Х аймгийн Ц сумын төвд байрлах, эмийн сангийн зориулалтаар ашиглаж байсан барилга, дагалдах эд хөрөнгө, эм, эмнэлгийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хамгийн өндөр үнийн санал хэлсэн МХ хязгаарлагдмал компани нь ялж худалдан авах эрхтэй болсон байна.
Гэрээний зүйлийн анхны үнэ 9,270,262.01 төгрөг бөгөөд холбогдох журмын дагуу үнэлгээний компаниар үнэлүүлсэн бөгөөд үүнд тоног төхөөрөмж, тавилга 7 үнэ 1,390,400 төгрөг, программ хангамж 192,857 төгрөг, барилга 72м.кв 4,124,784 төгрөг, бараа үлдэгдэл 25, үнэ 1,462,220 төгрөг, тусгай зөвшөөрөл 0 гэж үнэлэгдсэн байна.
Үүнээс үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэж, гэрээ байгуулагджээ.
7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөлдсөн учир МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани, ОНӨ газрын дарга нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг ОНӨ газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь худалдан авсан барилгыг газаргүй учир эрхийн доголдолтой гэж үзэж дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн хэдий ч түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөлдсөн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч нь тайлбартаа 1980 онд баригдсан одоо 44 жил болж байгаа барилгыг бид тийм өндөр үнээр авч байшинг ашиглах шаардлагагүй, газартай гэж ойлгоод дээрх барилгыг шинэчлээд ашиглах зорилгоор, мөн эмнэлгийн ойролцоо байрлах, иргэд үйлчлүүлээд олон жил болсон гэсэн үндэслэлээр өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр авсан гэх ба бодит байдал дээр 44 жил ашигласан барилгыг нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгөөр худалдан авсан нь худалдан авагчийн хүсэл, зорилгод тухайн барилгыг газрын хамт авч байгаа гэсэн ойлголт бий болсон байх нөхцөл байжээ гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж, чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэжээ.
Хариуцагч мэдээллийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн үүнд газартай гэж байхгүй гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн худалдах эд хөрөнгийн мэдээлэлд газаргүй гэж бичигдээгүй байгаагаас үзвэл худалдаж байгаа эд хөрөнгийн мэдээллийг худалдан авагчид бүрэн өгөх үүргээ худалдагч хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг цаашид тухайн газар дээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, нэхэмжлэгчийн тухайн хэлцлийг хийх болсон хүсэл зориг биелэгдэхгүй нөхцөл байдал үүссэн нь хариуцагчийн эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийг эд зүйлийн шинжийн талаар төөрөлдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т зааснаар МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани, ОНӨ газрын дарга нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг ОНӨ газраас гаргуулахаар шаардах эрхтэй.
8. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж,
Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгах үл болох эрх гэнэ гэж тус тус хуульчилсан байна.
Үүнээс Х аймгийн Ц сумын эмийн сангийн 44 жилийн насжилттай барилгыг өөр газарт зөөвөрлөхөд тухайн барилга өөрийн зориулалтыг хэвээр хадгалагдах боломжтой эсэх, нэхэмжлэгч тухайн барилгыг бус барилга баригдсан газрын хамт эмийн сангийн зориулалтаар ашиглах гэсэн хүсэл зоригод нийцэх эсэх зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжид нийцэж буйд дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн ноцтой төөрөлдсөн эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Мөн нэхэмжлэгч МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ба нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгийг худалдах, худалдан авах зорилгод эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг хамт шилжүүлэн авах нь хамаарч байсан гэсэнтэй талууд маргаагүй.
Гэвч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх эрх нь хамаатай байлгүй яахав, гэхдээ манай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир өөрсдөө эрхээ аваад тухайн суманд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж тайлбарлажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд, газар, түүний дээр байрлах газар түүнээс салгамагц ашиглах боломжгүй болох эд хөрөнгийг хамруулан ойлгох ба түүний эрхийг тус тусад нь бүртгэлжүүлэн эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийг тодорхойлдог боловч барилга гэсэн ойлголтод түүнийг зориулалтын дагуу ашиглах, өмчлөх этгээдэд тухайн барилгын байрлаж байгаа газрын эрхийн талаар төөрөлдөх нөхцөл бий болгож байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн газраас салгамагц ашиглах боломжгүй болох шинж байдал юм.
9.Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т зааснаар худалдагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан худалдаж буй эд хөрөнгийн шинж байдлын талаар бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөөгүйгээс нэхэмжлэгчийг ноцтой төөрөлдсөний улмаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭЭС/ЦҮ-2022/03 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэж МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани, ОНӨ газрын дарга нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан тул гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй байна.
Гэрээний дагуу үнийг төлсөн үгүй эсэх, үнийн дүнгийн талаар талууд маргаагүй болно.
10.Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэг энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдсэн талаар баримтгүй байна. Мөн тухайн худалдан авсан барилга нь өөрөө эрхийн ямар доголдолтой болох нь ойлгомжгүй, газаргүй байсан гэдгийг сүүлд мэдсэн нь тухайн барилгыг эрхийн доголдолтой гэж үзэхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Гэрээний зүйл болох барилга нь Орон нутгийн өмчөөс шилжиж МХ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлд шилжсэн, энэ талаар гуравдагч этгээд шаардлага гаргахааргүй байх тул эмийн сангийн барилгыг эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй.
Харин эд хөрөнгийн шинж байдлын талаар нэхэмжлэгч төөрөлдсөн байх үндэслэлтэй талаар шүүх дүгнэсэн тул энэ талаар энэ хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй.
Нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа явуулж байтал Ц сумын эрүүл мэндийн төвөөс газар чөлөөлөх тухай мэдэгдсэнээр бид мэдэж ОНӨ газрын даргатай, аймгийн удирдлагуудтай уулзсан гэж тайлбарласан. Иймд энэ талаар мэдэгдэх үүргээ нэхэмжлэгчийг хэрэгжүүлжээ гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч энэ талаар няцаасан тайлбарыг гаргааүй болно.
11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг төлсөн ба дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлд гэрээний үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх ёстой.
Тодруулбал, 30,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг төлөх учиртай байжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 378,150 төгрөгөөс 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х аймгийн ОНӨ газраас 307,950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.2, 57 дугаар зүйлийн 57.2-д тус тус заасныг баримтлан МХ хязгаарлагдмал хариуцлагатай компани, ОНӨ газрын дарга нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Х аймгийн ОНӨ газраас 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 378,150 (гурван зуун далан найман мянга нэг зуун тавь) төгрөгөөс 307,950 (гурван зуун долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х аймгийн ОНӨ газраас 307,950 (гурван зуун долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч МХ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА