Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00420

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00420

Хөвсгөл аймаг

 

                   

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Б.Инарт холбогдох,

Үндсэн зээл 4,463,743 төгрөг, үндсэн хүү 4,069,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,886 төгрөг, нотариатийн зардал 12,000 төгрөг, нийт 9,359,061 (есөн сая гурван зуун тавин есөн мянга жаран нэг) төгрөг гаргуулах тухай 155/2024/00286/и дугаар индекстэй иргэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ж,

Хариуцагч: Б.Б

(Хариуцагч Б.Инь төрөөд нэг сар болж байгаа нярай хүүхэдтэй учир өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хариуцагч Б.Бгийн саналыг харгалзан хүсэлтийг шийдвэрлэж хариуцагч Б.Ичинхоролын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б, Б.Инарт холбогдуулан  үндсэн зээл 4,463,743 төгрөг, үндсэн хүү 4,069,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,886 төгрөг, нотариатийн зардал 12,000 төгрөг, нийт 9,359,061 (есөн сая гурван зуун тавин есөн мянга жаран нэг) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ББСБ” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 159110120019 тоот Зээлийн гэрээгээр Б.Бд 8,000,000 (найман сая) төгрөгийг сарын 2,6% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Б.Ичинхоролтой гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 11дүгээр сарын 29-ний өдөр дууссан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Иймд хариуцагч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 4,463,743төгрөг, үндсэн хүү 4,069,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү                                813,886 төгрөг,гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг нийт 9,359,061 ( есөн сая гурван зуун тавин есөн мянга жаран нэгэн) төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөгийн зээл авч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулахаар 2.6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй байгаа. Үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүнд 6,525.000 төгрөгийг төлсөн байгаа. Үүнээс нэмэгдүүлсэн хүү 438,417 төгрөг, хүү нь 2,550,326, үндсэн зээлээс 3,536,257 төгрөг хасагдсан. Хөл хориотой холбоотой зээлээс хөнгөлсөн хүүний төлбөрт 42,097 төгрөгийг хөнгөлсөн. 9 дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,463,743 төгрөг, үндсэн хүү 4,069,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,086 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг нийт 9,359,061 төгрөгийг нэхэмжилж байна. Хөл хорионы үед манайх харилцагч нартай холбогдоод орлого тасарсан үед зээлийн нөхцөлийг өөрчилж өгч байсан. Манай байгууллагын зүгээс тухайн хариуцагч Б.Бг өмнө шүүхэд өгөх боломжтой байсан. Тэгэхэд хариуцагч өөр газраас зээл авч болохгүй болж Монгол банкны зээлийн мэдээллийн санд хар дарагдаж бүртгүүлэх эрсдэлтэй байсан. Түүнийг хариуцагчид тайлбарлахдаа таныг зээлээ төлж барагдуулах юм бол шууд зээлийн мэдээллийн санг хэвийн болгож өгнө гэж хэлж сануулдаг байсан. Хариуцагч сая тайлбартаа намайг эртхэн хүү тооцохгүйгээр шүүхэд өгөхгүй яасан юм бэ? гэж байна. Манай байгууллагаас хэд, хэдэн удаа холбогдоход шүүхэд битгий өгөөрэй гэсэн хариуг хариуцагч утсаар болон биечлэн ирж уулзаж хэлдэг байсан. Хариуцагчийн манайд хандсан өргөдөл бол надад байна. Хэргийн материалд хавсаргаж өгөөгүй. Шүүхэд битгий намайг өгөөч гэсэн хүсэлт байна. Энэ мөнгийг манайх эргүүлж аваад өөр хүнд зээлээд илүү их ашиг олох байсан. Хариуцагч шүүхэд өгнө үү гэж гар өргөдөл бичиж өгөөгүй.  Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хариуцагч Б.Б, Б.Инар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б, Б.Ибид Т ББСБ-аас  2019.11.29-нд 2 жилийн хугацаатай 8 сая төгрөгийн зээл авсан. Хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн учраас охин Б.Игарын үсэг зурсан. Гэхдээ өмнөх цалингийн зээл дээр бага багаар нэмж аваад 8 сая төгрөгийн зээл болсон юм. Зээлээ хугацаанд нь төлөөд явж байсан боловч Ковид цар тахал болж өрхийн орлого эрс муудсан, мөн Бямбасүрэн нь 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Гэсэн ч зээлийн төлбөрөө төлж явж байгаад хугацаа хэтэрч өр төлбөр үүссэн Энэ байдлаа тус байгууллагад хэлээд зээлийн хүүг зогсоож өгөх, шүүхээр шийдвэрлүүлэх талаар удаа дараа хэлж байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй. Т ББСБ ч гэсэн зээлийн төлбөрийн хугацаа хэтэрч, эрсдэл доголдол гарсан тэр даруйд (зээлийн хугацаа хэтэрч, зээлийн төлбөр төлөгдөхгүй болсон анхны хугацаа) өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрх нь байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байсаар өнөөдөр үндсэн зээлээс хэтэрсэн хүү, хүүний өр төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Т ББСБ нь гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Бид 2021.11.29-ний өдрийг дуустал буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад 11,036,399 төгрөг төлөх ёстойгоос 6,525,000 төгрөгийг төлсөн. Одоо зээл, хүүгийн үлдэгдэл 4,511,399 төгрөгийг төлнө. Харин 4,847,662 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх тухайн банк бусаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8,000,000 төгрөгийг зээлж авсан. Нийт хүүтэйгээ 11.000.000 төгрөг орчим болгож төлөх байсан. Би арай л их хүү төлөөд байгаа. Энэ зээл надад арай ахдаад байгаа. Тэгээд би гэнэт ажлаасаа гарсан. Дараа нь цар тахал эхэлж зээлийг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч эхэлсэн. Тухайн үндсэн зээлээс би уг нь бараг талыг нь буюу 4,500,000 төгрөг орчим мөнгө төлсөн. Дээр нь бас хүүний мөнгө төлөгдөж байсан байх. Намайг зээлээ төлж чадахгүй болоход банк бус 4,500,000 гаруй төгрөг үлдсэн гэж хэлж байсан. Одоо болохоор хоёр дахин нэмэгдүүлсэн 9,359,061 төгрөгийг нэхэмжлээд байна. Уг зээлийн нэмэгдсэн хүүний төлбөр надад арай их санагдаж байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед намайг шүүхэд өгч нэхэмжилсэн бол арай бага төлбөр төлөх байсан гэж бодож байгаа. Ковидын үе байсан учраас 2 жил гаруй ажилгүй байсан. Үндсэн зээл 4,500,000 гаруй төгрөг байхад дахин нэг нугарчихаад байгаа. Миний зээлийг хойшлуулж өгөх болон хүүг багасгаж өгөх боломжтой юу? гэж нэхэмжлэгчээс талаас их гуйж асууж байсан. Үнэхээр намайг ингэж хүүний төлбөрт орж байгааг хэлж ойлгуулсан бол эртхэн намайг шүүхэд өгөхгүй яасан юм бэ? Би төлж чадахгүй учраас дараагийн арга хэмжээг авч өгөх боломжийг эдийн засагч Б.Бгэх хүнээс нь асууж байсан. Надад шийдтэй хариу өгөөгүй. Одоо би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зөрүүтэй байна. Би үнэхээр ингээд хүү тооцоод байгаа бол намайг шүүхэд өг гэж хэлж байсан. Тухайн үед нь гялс өгчих гэж хэлсэн.Гараар өргөдөл бичиж өгөх байсан юм байна. Амаар бол удаа дараа хэлж байсан гэв

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл 1 хуудас, Салбарын гэрчилгээний хуулбар 1 хуудас,  Итгэмжлэл 1 хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт 3 хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт 3 хуудас, Зээлийн хүүний тооцоо гэх баримт 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, зэрэг баримтуудыг гарган өгсөн.

Хариуцагч талаас: Хариуцагч Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Б.И иргэний үнэмлэхний лавлагаа 1 хуудас, харицагч нараас ирүүлсэн хариу тайлбар 1 хуудас баримтыг ирүүлсэн.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлээс 7,728,593.68 (долоон сая долоон зуун хорин найман мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран найман мөнгө)  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,630,467.32  (нэг сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч  Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б, Б.Инарт холбогдуулан  үндсэн зээл 4,463,743 төгрөг, үндсэн хүү 4,069,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 813,886 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 9,359,061 (есөн сая гурван зуун тавин есөн мянга жаран нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “зээлийн гэрээ”, гэрээний үүргээ хариуцагч Б.Б, Б.Инар нь хэвийн байдлаар 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлснөөс хойш, огт төлбөр хийхгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй ба энэ хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү,нотариатын зардал нийт 9,359,061 (есөн сая гурван зуун тавин есөн мянга жаран нэг)  төгрөг болсон, хариуцагч нар нь Монгол банкны хар дансанд ормооргүй байна шүүхэд битгий өгөөч гэж удаа дараа утсаар ярьж, биеэр ирж байсан гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Б.Б, Б.Инар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

Хариуцагч нар эс зөвшөөрсөн үндэслэлээ үндсэн зээлээс бараг талыг нь шахуу төлчихөөд байхад банк өөрийн эрхээ хэрэгжүүлэхгүй шүүхэд өгөхгүй байсаар байгаад бараг нугарсан хэмжээний төлбөрийг нэмж нэхэмжилсэн байна. Шүүхэд өгөөч гэж бид өчнөөн хэлж байсан. Эртхэн өгчихсөн бол бид ингэж их төлбөр төлөхөөр болохгүй байсан гэсэн тайлбарыг ирүүлж маргасан байна.

4. Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “зээлийн гэрээ”, зээл, хүүний тооцооны хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Б.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Б.Б, хариуцагч Б.Инарын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хариуцагч Б.Б нь өөрийн цалингийн орлогыг барьцаалан 8,000,000 (найман сая) төгрөгийн зээлийг, сарын 2,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авах зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч Б.Инар байгуулсан, зээлдэгч Б.Б, Б.Инар нь зээлийн төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлөх хугацаа хооронд дээд тал нь 153 хоног байж төлбөрийг төлж байсан, үүнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

5. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан байдал, төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн хэмжээ зэрэгт маргаагүй.

Зөвхөн нэхэмжлэгч хариуцагчийг шүүхэд өгөх гэсэн боловч өөрөө битгий өгөөрэй байж бай гэсэн учир өгөхгүй удсан, хариуцагч нэхэмжлэгч гэрээнд заасан эрхээ цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол бид үндсэн зээлийн үлдэгдлийг нугалах шахуу өртэй болохгүй байсан, бид шүүхэд өг гэж удаа дараа хэлж байсан гэсэн үйл баримттай маргасан.

Гэвч талууд дээрх маргасан үйл баримттай холбоотой нотлох баримтыг хэн аль нь ирүүлээгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд няцаах нотлох бааримтыг өөрөө бүрдүүлж цуглуулж шүүхэд гарган мэтгэлцэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийн зээлийг олгосон гэрээний харилцаа үүссэн байна.
            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус хуульчилсан учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах эрхтэй.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан боловч нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцож нэхэмжилжээ.

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны рүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй зээлдэгчид холбогдуулан гаргах зээлдүүлэгчийн шаардлагын хэмжээ төлбөр төлөгдөхгүй байгаа хугацаанаас хамаарна.

            Иймд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас хэтэрсэн энэ хугацааны хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй юм.

            7. Зохигчийн хооронд байгуулагдсан мөнгөн хөрөнгийн зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн болон бичгээр үйлдэгдсэн байх шаардлагыг хангасан байх ба хүчин төгөлдөр хэлцэл байна.

            8. Зохигчийн маргасан үйл баримтын талаар нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлтэй байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь тэрээр үүнээс хойшхи хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч 2022 оны 10 дугаар сарын зээлийн төлбөрт 1,500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн үйл баримт нь хариуцагчийн тухайн зээлийн төлбөрийг үүнээс өмнө шүүхэд өгч зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх гэж шаардсан, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэл няцаагдаж байна.

            Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч зээлийн төлбөрийг төлснөөс хойш 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг ч төлбөрийг төлөөгүй байхад  шаардах эрхээ 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэрэгжүүлж байгаа нь хариуцагчийн санхүүгийн байдлыг дордуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

            Иймд шүүх 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс буюу хамгийн сүүлд зээлийн төлбөрийг төлснөөс хойш өмнөх буюу 11 дүгээр сард зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд дараа сарын 01-ний өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ.

            Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний Тавдугаар зүйлийн 5.1.2, 5.1.12-т тус тус гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн буюу зээлдэгчийн эрхийг талууд тохиролцож гэрээ байгуулсан байна. Энэ эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй.

 

            9. Зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөр болон хүүний тооцооллыг нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч төлбөр төлсөн, хугацаа, төлбөрийн хэмжээ, төлбөрийн үлдэгдэл зэрэгт маргаагүй.

            Иймд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр зэргийг тооцон үзвэл:

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгийг төлснөөр үндсэн зээлийн үлдэгдэл 5,249,679 (таван сая хоёр зуун дөчин есөн мянга зургаан зуун далан ес) төгрөг, хүүний төлөгдөөгүй үлдэгдэл 562,280 (таван зуун жаран хоёр мянга хоёр зуун ная)  төгрөг үлдсэн байсан байна. Үүнээс нэг өдрийн хүүгийн төлбөрийг тооцоолон үзвэл 5,249,679*2,6/100/30= 4,549.72 (дөрвөн мянга таван зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө) , 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 603 хоног зээлийн төлбөрийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэг өдрийн хүүгээр тооцон үзвэл 4,549.72*603=2,743,482.24 (хоёр сая долоон зуун дөчин гурван мянгө дөрвөн зуун наян хоёр төгрөг хорин дөрвөн мөнгө), үүн дээр 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 960,000 (есөн зуун жар) төгрөгийг төлөхөд үлдсэн хүүгийн төлбөр 562,280 (таван зуун жаран хоёр мянга хоёр зуун ная) төгрөгийг нэмж тооцвол 3,305,762.24 (гурван сая гурван зуун таван мянга долоон зуун жаран хоёр төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг төлөх, үүнээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцвол 661,152.44 (зургаан зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин хоёр төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөг, хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийтдээ 3,966,914.68 (гурван сая есөн зуун жаран зургаан мянга есөн зуун арван дөрвөн төгрөг жаран найман мөнгө) төгрөг болж байна.

Үүнээс 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн төлсөн 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгийн төлбөрийг хасаж тооцвол 2,466,914.68( хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга есөн зуун арван дөрвөн төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг төлөх үүн дээр үндсэн зээлийн үлдэгдэл 5,249,679(таван сая хоёр зуун дөчин есөн мянга зургаан зуун далан ес) төгрөгийг нэмэхэд 7,716,593.68 (долоон сая долоон зуун арван зургаан мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг  хариуцагч Б.Б, хариуцагч Б.Инараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нотариатын зардал 12,000(арван хоёр мянга) төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн тул нэмж тооцон хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,630,467.32 (нэг сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 164,700 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд дээрх нэхэмжлэлд 164,695 төгрөгийг төлөх ёстой байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,700 (нэг зуун жаран дөрвөн мянга долоон зуу) төгрөгөөс 164,695 (нэг зуун жараг дөрвөн мянга зургаан зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5(тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б, Б.Инараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 138,607 (нэг зуун гучин найман мянга зургаан зуун долоо) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б, Б.И нараас  зээлийн гэрээний төлбөрт 7,728,593.68 ( долоон сая долоон зуун хорин найман мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,630,467.32  ( нэг сая зургаан зуун гучин мянга дөрвөн зуун жаран долоон төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,700 ( нэг зуун жаран дөрвөн мянга долоон зуун ) төгрөгөөс 164,695 ( нэг зуун жаран дөрвөн мянга зургаан зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 (таван) төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 138,607 ( нэг зуун гучин найман мянга зургаан зуун долоо)  төгрөгийг хариуцагч Б.И, Б.Б нараас гаргуулж Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА