| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/01061 |
| Дугаар | 155/ШШ2018/01224 |
| Огноо | 2018-07-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2018/01224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух Бэсүд овогт Н.Ө /***************/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух С овогт С.О /******************/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Н.Ө , хариуцагч С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний биө С.Отэй 2006 оны хавар танилцаж 5 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болоод 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хууль ёсоор гэр бүлээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад том хүү Э 2006 онд, дунд хүү Т2008 онд, бага хүү Э 2011 онд төрсөн.
2012 онд том хүү Э сургуульд орох болсон тул эхнэр хүүхдүүдээ сумын төв оруулж суулгачихаад өөрөө хөдөө малаа маллаж байсан юм. Энэ хугацаанд эхнэр С.О нь залуучуудтай танилцаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явсныг тухайн үед нь би мэдээд амьдралаа бодоод больчих болов уу гэж бодоод уучлаад өнгөрсөн. Хүүхдийн зуны амралтын хугацаанд ах дүү нартаа золгоно гээд хүүхдүүдээ хөдөө гаргачихаад Улаанбаатар хот ороод алга болсон. Үндсэндээ бид хоёр тусдаа амьдраад 2-3 жил болж байгаа бөгөөд тэрээр Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Даваа гэдэг залууг дагаад явснаас хойш даруй 3 жил өнгөрлөө. Тэр хоёр дундаасаа хүүхэдтэй ч болсон. Өнгөрсөн намар хуримаа хийсэн гэж дуулдлаа.
Би одоо Цагаан-Уул сумын Шарга багтаа 3 хүүтэйгээ хамт амьдардаг. Иймд 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Цагаан-Уул сумаас олгосон 30 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Э, Т, Э нарыгаа өөрийн асрамжид авч өсгөнө. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно гэв.
Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие Цагаан-Уул сумын төв 2012 онд том хүү Э сургуульд орох болоод дунд хүү Т, бага хүү Э нар цэцэрлэгт орж би 3 хүүхдийн хамт сумын төвд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг байсан. Энэ хугацаанд Н.Ө нь хөдөөнөөс орж ирэх болгондоо хавийн хүмүүстэй хардаж сэрдэн хэрүүл маргаан тасардаггүй байсан.. Тухайн үед миний бие эргэн нийлэх гэсэн боловч Н.Ө нь өөрийн хараан дор боол байдалтай амьдарвал эргэн нийлнэ гэж ах дүү нартайгаа дарамталдаг байсан. Тийм учраас би салах болсон .
Одоо би Бүрэнтогтох сумын Бүрэн хаан багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Тийм учраас бид хоёрын гэрлэлтийг цуцлаж өгнө үү, бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг өгч, авалцахгүй байхаар харилцан тохиролцсон бөгөөд цаашид 3 хүүхдээ аавынх нь асрамжд байлгах хүсэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч С.От холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олгосон 115/001007 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Ө.Э төрсөн болох нь 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №0236268 дугаартай, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Ө.Ттөрсөн болох нь 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0220855 дугаартай, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Ө.Э төрсөн болох нь 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0367732 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ө.Э, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө.Т, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ө.Э нарыг төрсөн эцэг Н.Ө ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь нь хүүхдийн тэтгэлэг дээр харилцан тохиролцсон тул гаргуулахгүй гэсэн болохыг дурьдав.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Н.Ө ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бэсүд овогт Н.Ө /***************/, С овогт С.О /******************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ө.Э, 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ө.Т, 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ө.Э нарыг төрсөн эцэг Н.Ө ийн асрамжид асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх С.О, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Н.Ө нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ