Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 40

 

“М- И-” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00170/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “М- И-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

"...Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 5.500.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-д давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхуяг, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “М- И-” ХХК-ийн төлөөлөгч А.Б- шүүхэд гаргасан тайлбартаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Б.Б- нь “М- И-” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2016/15 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийн үнэтэй Беларусь улсад үйлдвэрлэгдсэн мини тракторыг иж бүрдлийн хамт, төлбөрийг 1 жил 5 сарын хугацааны дотор буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй, зээлээр худалдаж авсан.

Зээлийн гэрээний хугацаанд Б.Б- нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаанд мини тракторын төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 10-нд 500.000

төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг төлсөн бөгөөд тус гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч мини тракторын үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. Үүнээс хойш төлбөр хийгдээгүй 2 жил 2 сар 20 хоног төлөөгүй. Анхны төлбөр 2019 оны 12 дугаар сарын 10-нд төлөгдсөн. Алданги хоногийн 0,5 буюу хоногийн 36.000 төгрөг юм. Алдангийг хэтэрсэн хоногоор тооцохоор үндсэн төлбөрөөсөө хэтэрсэн, хуульд заасныг дагуу 50 хувиар тооцсон. Ингээд 5.500.000 төгрөг, мөн алданги 3.500.000 төгрөг, нийтдээ 9.000.000 төгрөг нэхэмжилсэн гэв. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаанд үндсэн төлбөрөө төлчих гэж удаа дараа сануулж, хүү, алданги авахгүй гэж хэлж байсан. Тэгээд тэр хугацаанд төлөөгүй, одоо хүү, алдангийг нэмж нэхэмжилж байна  шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч Б.Б- нь шүүхэд хариу тайлбар гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Б- нь 2016 оны 4 сард “М- И-” ХХК-аас МТЗ-132Н тракторыг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаж авсан. Гэвч 2016, 2017, 2018 онуудад хавар үргэлжилсэн гандуу байсантай холбоотой ургацын болц оройтож ургац алдсан. Үүнээс болж тракторын төлөлт жил дараалан хойшлогдсон. Би 2019 онд ургац хурааж авсан. Тэгээд түүнийг Барс зах дээр зарсан. Одоо надад 900.000 төгрөгийн орлого орж ирнэ, түүнийг хүлээж байна. Би бол 5.500.000 төгрөгийг л ойрын хугацаанд төлж барагдуулмаар байна. Гэрээ байгуулсан нь үнэн, би улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг. Би энэ компанийн Дархан дахь суурин төлөөлөгчийн газарт мэдэгдэж байсан, газраа ч үзүүлж байсан. Алданги дээр л санал зөрөлдөөд байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.Б-ас 9.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М- И-” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банк, төрийн сангийн 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ас 158.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            Миний бие 2016.04.10-ны өдөр 2016/15 дугаартай Баларусь улсад үйлдвэрлэгдсэн мини трактор худалдан авах гэрээ байгуулж авсан. Уг гэрээнд 2017.09.20-ны өдөр гэхэд төлж барагдуулах байсан боловч 2017 оны 5-7 сарын сүүлч хүртэл үргэлжилсэн гангийн улмаас ургац алдаж худалдан авсан тракторын төлбөрийг хойшлуулахад хүрсэн. Мөн 2018 оны 6 сард орсон их усархаг бороо орж голын ус эргээсээ хальж талбай дээр ургаж байсан бүх ногоо усанд урссан.

            Иймд үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь компани хүмүүст үзүүлж байгалийн давагдашгүй хүчин зүйлд хоёр жил дараалан  нэрвэгдсэн тул уг нэхэмжлэгчийн алданги болох 3.500.000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Үндсэн төлбөр болох 5.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

            Тус шүүхэд иргэн Б.Б-ас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“М- И-” ХХК-иас иргэн Б.Б- нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах 2016/15 дугаар гэрээгээр Беларусь улсад үйлдвэрлэгдсэн мини тракторыг иж бүрдлийн хамт 7.000.000 төгрөгөөр, төлбөрийг 1 жил 5 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй зээлээр худалдаж авсан.

Хариуцагчаас гэрээний хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 1 жил 05 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 03 сарын хугацаа өнгөрч байхад 2019 оны 12 сард 1.500.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө одоо хүртэл төлөхгүй элдэв шалтаг тоочин зайлсхийж байна.

Хариуцагч Б.Баттулгын хүнсний ногоо тариалах аж ахуй эрхлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлд хоёр жил дараалан нэрвэгдсэн эсэх асуудал нь /ямар ч нотлох баримтгүй/ Зээлээр худалдах, худалдан авах 2016/15 дугаар гэрээний дагуу худалдан авсан мини тракторын төлбөрийг төлөхөд ямар ч хамааралгүй, өөрөө үйл ажиллагааныхаа эрсдэлээ хариуцах ёстой тул гэрээний дагуу алдангийг төлөх үүрэгтэй.

Иймд энэ хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуульд заасны дагуу хариуцагч Б.Б-ас нэхэмжилснийг Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн зохих заалтыг хэрэглэн хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ”М- И-” ХХК нь хариуцагч Б.Б-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.000.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Тэрээр гомдолдоо нэхэмжлэгчийн алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй учир нь сүүлийн 2 жил дараалан ган болж ургац хураан авч чадаагүй тул төлбөрийн чадваргүй болсон гэжээ.

Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээг бичгээр үйлдэж  Беларусь улсад үйлдвэрлэсэн  мини тракторыг иж бүрдлийн хамт 7.000.000 төгрөгөөр худалдахаар үнийг нь 2017 оны 09 дүгээр сарын 20 гэхэд төлж барагдуулахаар 2014 оны 03 сарын 17-ны өдөр тохиролцжээ. Ийнхүү тохиролцох үедээ урьдчилгаа төлбөр 1.500.000 төгрөгийг төлжээ.

Худалдан авсан эд зүйлийн төлбөрийн үлдэгдэл болох 5.500.000 төгрөгийн талаар талууд маргаагүй харин гэрээгээр оногдуулсан алданги төлөх талаар маргасан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлөхөөр тусгажээ.

Худалдан авагч гэрээний хугацаа дуусахад төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул худалдагч гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Харин алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүх алдангийг хуульд нийцүүлэн багасгаж байна.

Мөн давж заалдах гомдолд алдангийг багасгах талаар хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч татгалзаагүй тул нийт алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж /5.5000.000 төгрөгийн 50 хувь түүний 50 хувь/ 1.375.000 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 280 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.Б-ас 9.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М- И-” ХХК-д олгож”  гэснийг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Б.Б-ас 6.875.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М- И-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, “...урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ас 158.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэснийг “...урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ас 124.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчлөлт оруулж,  шийдвэрийн  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хариуцагч Б.Б-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА

                                                           ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ