| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2038005170284 |
| Дугаар | 2021/ДШМ/40 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/40
2021 12 15 2021/ДШМ/40
Д.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: М.Берикбол,
Шүүгдэгч: Д.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолтой Д.Од холбогдох 2038005170284 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Бөөчүүд овогт Д.........ийн О, …..... оны .... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.
Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Галт сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны …. дүгээр сарын ......-ны өдөр Д.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бөөчүүд овогт Дарьсүрэнгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дарьсүрэнгийн Оийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Д.О нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Оээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Од нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.О нь торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо: Миний бие Д.О нь хохирогч Д.Оийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаар шийтгэгдсэн. Би өөрийн нөхрийн эгч Д.Оийн нүүрэнд гэмтэл учруулаагүй юм. Д.О нь манай гэрт орох гээд түгжсэн байсан хаалгыг татаж байхдаа гэрийн тотгоны униануудыг унагасан. Унасан унийг хийх гэтэл хийлгэхгүй гэж татаад өөрийнхөө нүүрэнд өөрөө гэмтэл учруулсан юм. Би гэрийн тотгоор түүнийг “ёо ёо” гээд орилохоор нь харсан чинь нүүрний хамрын хажуу хэсэгт нь цус гарсан байсныг нүдээрээ харсан. Тэгээд өөрөө өөртөө гэмтэл учруулчихаад намайг цохисон мэтээр ярьсан мэдүүлэгт итгэн намайг шийтгэсэнд гомдолтой байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. ...Хөнгөн гэмтэлтэй, хохирогч Д.От хэн гэмтэл учруулсан эсэхийг бодитойгоор тогтоогоогүй байхад зөвхөн улсын яллагчийн дүгнэлтээр гэм буруутайд тооцож, улмаар ял оногдуулж байгаа нь шүүгдэгч Д.Оийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна.
2.Хохирогч Д.О нь удаа дараа мэдүүлэхдээ ... өөрийнхөө хэрхэн хохирсоныг үнэн зөвөөр, тогтвортойгоор мэдүүлж чадахгүй байхад эргэлзээтэй мэдүүлгээр яллаад байгаа прокурорын дүгнэлт нь өөрөө хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байхад Д.Оийг шийтгэсэнд гомдолтой байна.
3.Д.О нь айлд очиж, улмаар хэрүүл хийж, Д.Отэй барьцалдсан, Д.Оийг гэртээ ороод хаалга түгжсэн байхад нь хаалгыг хүчтэй хөдөлгөсний улмаас унинууд унасан, унасан унийг буцааж хийлгүүлэхгүй гэж татаж чангаахдаа өөрөө өөртөө гэмтэл учруулчихаад бусдад зодуулчихлаа гэж мэдээлэл тараасандаа хохирогч болсон байхад хүнийг санаатай үйлдлээс хохирчээ гэж үзсэн нь илэрхий алдаатай болжээ. Иймд шүүгдэгч Д.Оийг цагаатгаж, хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, шинжээч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарын давж заалдах гомдлын талаар:
Шүүгдэгч Д.О “...О нь манай гэрт орох гээд түгжсэн байсан хаалгыг татаж чангааж байхдаа гэрийн тотгоны униануудыг унагасан. Унасан унийг хийх гэтэл хийлгэхгүй гэж татаад, өөрийнхөө нүүрэнд өөрөө гэмтэл учруулсан. ...Үнэн зөвөөр нь дүгнэлтийг хийж цагаатгаж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж “...хохирогч Д.От хэн гэмтэл учруулсан эсэхийг “бодитойгоор” тогтоогоогүй байхад зөвхөн яллагчийн дүгнэлтээр гэм буруутайд тооцож улмаар ял оногдуулсан...,
...хохирогч нь удаа дараа мэдүүлэхдээ өөрийнхөө хэрхэн хохирсныг үнэн зөвөөр тогтвортойгоор мэдүүлж чадахгүй байхад эргэлзээтэй мэдүүлгээр ялласан..,
...унасан унийг хийлгүүлэхгүй гэж татаж чангаахдаа өөрөө өөртөө гэмтэл учруулчихаад бусдад зодуулчихлаа гэж тараасандаа хохирогч болсон байхад хүнийг санаатай үйлдлээс хохирчээ гэж үзсэн нь илэрхий алдаатай болжээ. Иймд шүүгдэгч Д.Оийг цагаатгаж, хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:
Шүүгдэгч Д.О нь хохирогч Д.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Оийн “...надтай маргалдаж байгаад гэрийн унь аваад миний нүүр рүү унины хойд талаар нь намайг цохисон” (хх 16-23) гэсэн,
гэрч Д.Жы “...Д.О бол эгчийн нүүрэнд гэмтэл учруулсан бол үнэн” (хх 26-27) гэсэн,
гэрч Г.А “...Тухайн үед надад өөрийнхөө төрсөн дүү болох Жы эхнэр Од зодуулсан гэж л хэлж байсан” (хх 30-31) гэсэн,
гэрч О.С “...манай ээж О над руу утсаар залгаад ээжийг нь О эгч нь зодчихлоо би дээр талийгаач ахынд ирсэн байна...” (хх 32-33) гэсэн мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Д.Оийн биед хамрын нуруу, баруун хацар, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. .. .Д.Оийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 474 дугаартай дүгнэлт (хх 41) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хохирогчид гэмтэл учирсан эсэхэд эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, мөрдөгчөөс тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, худал дүгнэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Харин прокуророос шүүгдэгч Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “...эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”-д шүүгдэгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх” шаардлага хангасан байх учиртай.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргасан учир шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон байна.
Хохирлын хувьд хохирогч эмчилгээний зардалд 300,000 төгрөг нэхэмжлэхдээ холбогдох нотлох баримтыг гаргаагүй, шүүх “хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг” дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч холбогдох нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргах учиртай. Хохирогч эмчилгээний зардал гаргаснаа холбогдох нотлох баримтаар нотлоогүй тохиолдолд шүүгдэгчийг “хохирол нөхөн төлөөгүй”, “хохирол нөхөн төлөхөө илэрхийлээгүй” гэж буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий болоогүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан журмын дагуу Д.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2.Шүүгдэгч Д.Од холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 3, 5, 8 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж, 6, 7 дахь заалтын дугаарыг 4, 5 болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Д.О, өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ