Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Ж.Очбадрах нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх овогт Жамбалгаравын Очбадрахад холбогдох 1721000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 11 сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30-р байрны 48 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Хөх овогт Жамбалгаравын Очбадрах. / РД: ЖЯ 86111976/

Шүүгдэгч Хөх овогт Жамбалгаравын Очбадрах нь 2017 оны 09 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Политехникийн коллежийн урд талын зам дээр хохирогч Б.Отгонсүхийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Жамбалгаравын Очбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 сарын 19-20-нд шилжих шөнө Тайван, Болор-Эрдэнэ гэх 2 найзын хамт Политехникийн коллежийн хажууд явж байхдаа зам дээр Болор-Эрдэнийн найз Отгонсүхтэй таарсан. Улмаар маргааны улмаас би Отгонсүхтэй маргалдаж зодолдсон нь үнэн. Түүний нүүрэн тус газар буюу урууланд цохиж гэмтээсэн нь үнэн” гэв.

   Хохирогч Болдбаярын Отгонсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 сарын 19-20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Политехникийн коллежийн урд талын замаар явж байтал зам дагуу 3 хүн гар өргөөд зогсож байхаар нь авах гээд зогстол нэг эмэгтэй нь манай найз охин Болор-Эрдэнэ байсан. Тухайн үед Болор-Эрдэнэ миний зүс таних Очбадрах гэх залуу бас нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа нэлээд халамцуу Очбадрах гартаа том савтай Сэрүүн нэртэй пиво барьчихсан гараа өргөөд зогсож байсан. Тэгээд би машин дотроосоо Болор-Эрдэнийг явъя, машинд суу гэж хэлэхэд хажуунаас Очбадрах намайг элдвээр хэлж ... миний сууж байсан талаар ирээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би Очбадрахыг цааш нь түлхээд машинаасаа буусан. Тэгсэн чинь Очбадрах намайг элдвээр хэлж, “би танай найз охинтой унтдаг, чи Болор-Эрдэнийг дагадаг бацаан” гэх зэргээр хэлэх хэлэхгүйгээр дайрч доромжлоод байхаар нь би Очбадрахыг чамтай яриад байх юм алга гээд явах гэтэл явуулахгүй гээд надаас зууралдаж байгаад миний уруул руу гараараа дахиад нэг удаа цохиход миний уруулнаас цус гараад тогтохгүй байсан ба Очбадрахыг цуг явсан залуу нь аваад урагшаа яваад өгөхөөр нь би машиндаа Болор-Эрдэнийг суулгаад хүлээн авах тасагт очиж 4 оёдол тавиулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13/

Гэрч Сүхбаатарын Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Найз нь ингээд явлаа гэж хэлээд Очбадрахтай юм яриад зогсож байхад Отгонсүх машин дотроосоо намайг дуудаад “чи хэнтэй яваад байгаа юм бэ? явъя, утсаа авахгүй явлаа” гэх зэргээр бахираад байсан чинь Очбадрах уурлаад “Чи хэн юм бэ? ямар сүртэй юм бэ, одоо очихын хооронд ямар олон юм ярьдаг юм бэ?”  гээд хэлэхэд Отгонсүх уурлаад хоорондоо хэрэлдээд байсан. ...Нэг мэдэхэд л Отгонсүх, Очбадрах хоёр барьцалдаад зууралдаад байсан ба хэн  хэн нь хэнийгээ цохиод байгааг мэдээгүй ямар ч байсан Тайван бид хоёр салгаад би Отгонсүхийг машинд суулгаад өөрөө хажууд нь суугаад явсан. Тэгээд Отгонсүхийн уруулнаас цус гараад байсан болохоор шууд эмнэлгийн гадаа ирээд намайг цуг эмнэлэг рүү оръё гэж байгаад хүлээн авах тасагт үзүүлж  6 оёдол тавиулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16/  

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 554 тоот актын дүгнэлтэд

            1. Б.Отгонсүхийн биед дээд уруулын няцарсан шархууд, дээд болон доод уруулын салстын цус хуралт, хүзүүний зулгаралтууд, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтлүүдийн дээд уруулын няцарсан шарх болон дээд болон доод уруулын салстын цус хуралт нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хүзүүний зулгаралтууд, зүүн бугалганы цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 21/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ж.Очбадрахын ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 33/

Ж.Очбадрахын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/

Хохирогч Б.Отгонсүхийн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй талаарх хүсэлт /хх-ийн 37/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хөх овогт Жамбалгаравын Очбадрах нь 2017 оны 09 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Политехникийн коллежийн урд талын зам дээр хохирогч Б.Отгонсүхийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Отгонсүх, гэрч С.Болор-Эрдэнэ нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 554 тоот актын дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ж.Очбадрах нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Очбадрах нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй“ гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Отгонсүх нь шүүгдэгч Ж.Очбадрахтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл болон гаргах гомдол санал байхгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ж.Очбадрахыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Очбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖЯ 86111976  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Ж.Очбадрах нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч Ж.Очбадрахын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч Ж.Очбадрах нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

             Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хөх овогт Жамбалгаравын Очбадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жамбалгаравын Очбадрахыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ж.Очбадрахын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Ж.Очбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖЯ 86111976  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Очбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ