Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2023/00483

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2023/00483

Хөвсгөл аймаг

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Г*** банк ХК

Хариуцагч:  Н.Т***(МО95091611),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,554,755.84 төгрөг, зээлийн хүү 6,143,957.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 605,775.86 төгрөг, нийт 15,304,489.54 (арван таван сая гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян есөн төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2023/00341/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О***(цахим),

Хариуцагч Н.Н.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*** банк ХК нь Н.Т*** холбогдуулан үндсэн зээл 8,554,755.84 төгрөг, зээлийн хүү 6,143,957.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 605,775.86 төгрөг, нийт 15,304,489.54 (арван таван сая гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян есөн төгрөг тавин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О***нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Т***нь манай банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5215109015 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 28 сарын хугацаатай зээл авсан. Улмаар тухай зээлдээ нэмэлт оруулан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн хэмжээгээ 2,000,000 төгрөгөөр нэмж 5215109015 тоот гэрээ байгуулсан.

Зээлдэгч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн  хугацаа 1120 хоногоор хэтэрсэн. Түүнд үндсэн зээлийн төлбөр 8,554,755.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,143,957.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 605,775.86 төгрөг, нийт 15,304,489.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

С*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан. Тэгээд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхээс 2022 оны 9 дүгээр сард эрэн сурвалжлах шийдвэр гарч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын  2 дугаар  хэлтсийн албан бичгээр Н.Н.Т***г Х*** аймгийн М*** суманд оршин суудаг гэсэн тодорхойлолт ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан.

Үндсэн зээлд 3,445,244.16 төгрөг, үндсэн хүүд 1,966,736.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1148.77 төгрөг, нийт 5,413,129.61 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дууссан.

Хариуцагчийн хаягийг олж мэдээд Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна гээд тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 664 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан....гэв.

Хариуцагч Н.Т***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Г*** банкнаас 2019 онд зээл авсан. Би 2020 онд А***ХХК-д ажиллаж байсан боловч тухайн компани 7, 8 дугаар сарынхаа цалинг өгөөгүй. Энэ компанид ажиллаж байх хугацаанд корона гарснаар жил гаран уурхай руу ажилд яваагүй. 2021 онд Г*** банкны хуулийн хэлтсийн ажилтан гээд нэг хүн над руу зээлийн төлбөрөө хийхгүй бол шүүхэд өглөө гэж ярьсан. Тэгээд би 2,500,000 төгрөг авч очихоор болж бид хоёр уулзах өдрөө товлосон боловч тэр өдрөө таны материалыг шүүхэд өгсөн байна. Ирээд хэрэггүй. Шүүхээс тань руу ярина гэж хэлсэн. Түүнээс хойш над руу шүүхээс ярихгүй байж байгаад саяхан над руу залгасан. Сар гаруйн өмнө цагдаагаас намайг эрэн сурвалжилж байна гэж хэлсэн. Тэрийг ч би мэдээгүй байсан. Мөн С*** аймгийн шүүхэд өгсөн байсныг нь ч мэдээгүй. Би зээл авснаас хойш утасны дугаараа солиогүй. Иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ байдаггүй. Х*** аймгийн М*** суманд амьдардаг байсан. Би 2020 оны 8, 9 сараас хойш иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ амьдрахаа больсон.

Энэ шүүхэд гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан 14,958,211.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Надаас шалтгаалаагүй учраас төлөхгүй....гэв.

 

Нэхэмжлэгч Г*** банк ХК-аас №9016001014 улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г*** банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирлын 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18/02/0408 дугаартай Итгэмжлэл, Г*** банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №734 дугаартай “Эрх олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №5215109015 дугаартай Зээл болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №5215109015 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Н.Т***гийн хүү тооцооллын хүснэгтийн хуулбар, С*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн ахмад О.А-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8527 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШЗ2023/00664 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нь хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Т***нь Г*** банкнаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5215109015 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 28 сарын хугацаатай зээл авсан. Улмаар тухайн зээлдээ нэмэлт оруулан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн хэмжээгээ 2,000,000 төгрөгөөр нэмж 5215109015 тоот гэрээ байгуулсан. Үндсэн зээлийн төлбөр 8,554,755.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,143,957.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 605,775.86 төгрөг, нийт 15,304,489.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Н.Т***нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би Г*** банкнаас 2019 онд зээл авсан. Би зээлийн хугацаагаа хэтрүүлсэн нь үнэн. Би 2021 онд зээлээ төлөх боломжтой байсан. 2021 оноос хойш зээлийн хүү 3,000,000 төгрөг болсон. Би 2021 онд зээлээ төлье гэж хэлсэн. Тэгээд шүүхээс холбогдоно гээд холбогдохгүй өдийг хүрсэн. Би 3,000,000 төгрөгийн хүүг төлөхгүйгээр анх С*** аймгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээр төлнө.

Энэ шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан 14,958,211.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Надаас шалтгаалаагүй учраас төлөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Г*** банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаалаар банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Г*** банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал Б.Э-д олгосон (хх-ийн 6 дугаар тал) байх тул Г*** банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Г*** банк ХХК нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Г*** банк ХК гэж бүртгэгдсэн болохыг дурдав.  

Хариуцагч Н.Т***нь Г*** банк ХХК-ийн Ө аймгийн Ц тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулан хэрэглээний буюу цалингийн зээлийн зориулалтаар 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 28 сарын хугацаатайгаар зээлж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тухайн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 9,555,767.49 төгрөгийг 30 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5215109015 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5215109015 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна. (хх-ийн 7-10 дугаар тал)

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дууссан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5215109015 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дууссан” гэх тайлбар зэргээр нотлогдлоо.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын тухайд, 10,000,000 төгрөгийн зээл авч дахин 2,000,000 төгрөгөөр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн, үндсэн зээлийн төлөлтөд 3,445,244.16 төгрөг, зээлийн үндсэн хүүд 1,966,736.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1148.77 төгрөг, нийт 5,413,129.61 төгрөгийн төлөлтийг хийсэн талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Г*** банк ХК нь шаардах эрхтэй.

Хариуцагч Н.Т***нь Г*** банк ХХК-ийн Өь аймгийн Ц тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 2 удаагийн зээлийг авахдаа өөрийн оршин суух хаягийг С*** аймгийн Ш сумын *** дүгээр баг гэж тодорхойлжээ.

Г*** банк ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12,420,927.17 төгрөгийг хариуцагчаас шаардаж хариуцагчийн банкинд зээл авахдаа өгсөн хаягаар С*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба С*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. (хх-ийн 12 дугаар тал)

Улмаар нэхэмжлэгч байгууллага нь өөрийн байрлах газрын шүүхэд хүсэлт гарган хариуцагч Н.Н.Т***г эрэн сурвалжлуулсан шийдвэр гаргуулан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс хариуцагчийн хаягийг олж тогтоосон болох нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 28е-28/8527 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов. (хх-ийн 13 дугаар тал)

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5215109015 дугаартай Зээл болон барьцааны гэрээний 3.1.5-д “Оршин суух хаяг, холбоо барих утас картын дугаар, ажлын байр солигдох тохиолдолд тухай бүр Банкинд мэдэгдэж байх үүрэгтэй” гэж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5215109015 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.5-д “Энэхүү гэрээгээр өөрчлөлт оруулснаас бусад гэрээний аливаа нөхцөл бүхэлдээ хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.

Хариуцагч Н.Т нь 2020 оны 8, 9 дүгээр сараас хойш Зээлийн гэрээнд тусгагдсан хаяг болох С*** аймгийн Ш сумын** дүгээр багт оршин суугаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “Би 2020 оны 8, 9 сараас хойш иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ амьдрахаа болсон” гэх тайлбараар тогтоогдож байна.

Н.Т***нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5215109015 дугаартай Зээл болон барьцааны гэрээний 3.1.5-д заасны дагуу үүргээ хэрэгжүүлж өөрийн оршин суугаа хаяг өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй нь түүний буруу болжээ.

Үүнээс шалтгаалан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэнд банк буруугүй гэж үзлээ.

Харин Г*** банк ХК нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын “...Хариуцагчийн хаягийг Цагдаагийн хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн....” гэх тайлбараар нотлогдлоо.

Шүүх хуралдаанд хариуцагч Н.Т***нь надаас шалтгаалаагүй гэх үндэслэлээр тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан  нэхэмжлэлийн дүнгээр буюу 14,958,211.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж маргасан.

Нэхэмжлэгч байгууллага нь Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тооцооллыг хийж зээлийн гэрээний үүрэгт нийт 14,958,211.78 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 232,742 төгрөгийг тус тус хариуцагч Н.Т*** гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШЗ2023/00664 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. (хх-ийн 14-15 дугаар тал)

Дээрх шүүгчийн захирамжаас үзэхэд Г*** банк ХК нь улсын тэмдэгтийн хураамж дутуу төлснөөс тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг мэдсэн үеэс буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

 Иймээс хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу Г*** банк ХК-ийн тус шүүхэд хариуцагчид холбогдуулан 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тооцооллыг хийж зээлийн гэрээний үүрэгт нийт 14,958,211.78 төгрөг гаргуулахаар шаардсан хэмжээгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 14,958,211.78 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Н.Т*** зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14,958,211.78 (арван дөрвөн сая есөн зуун тавин найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 346,277.76 (гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун далан долоон төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,473 (хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т*** улсын тэмдэгтийн хураамж 232,741 (хоёр зуун гучин хоёр мянга долоон зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Н.Т*** зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14,958,211.78 (арван дөрвөн сая есөн зуун тавин найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 346,277.76 (гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун далан долоон төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,473 (хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т*** улсын тэмдэгтийн хураамж 232,741 (хоёр зуун гучин хоёр мянга долоон зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ