Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2023/01028

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2023/01028

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ж.Н***,

Хариуцагч:Ц.Б***,

Хариуцагч: Б.Г***,

Нэхэмжлэлийн шаардлага: *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг Ц.Б***д буцаан өгч, Ц.Б***аас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2022/00914/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Н***, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

Хариуцагч Ц.Б***, түүний өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.

Хариуцагч Б.Г***ийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангасан болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н*** нь Ц.Б***, Б.Г*** нарт холбогдуулан *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг Ц.Б***д буцаан өгч, Ц.Б***аас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Н*** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр Г.Ч***аар дамжуулан Ц.Б***аас худалдан авсан. Тухайн автомашиныг худалдан авах үед машин доголдож байсан. Г.Ч нь яваад ирэхээр зүгээр болно. Доголдоод байвал солиорой гээд хөөх помп өгсөн. Ц.Б***тай хамт автотээврийн төв орж автомашины бичиг баримтыг шилжүүлэхээр очиход улсын дугаар аваагүй автомашиныг оношилгоонд оруулаад шилжүүлнэ гэж хэлсэн. Ц.Б*** нь Х*** суманд оношилгоо очихоор оруулаарай гэж хэлсэн. Ингээд Х*** аймгийн Х*** сум руу гэрлүүгээ явахад 2-3 удаа зогсож очсон. Маргааш нь Г.Ч*** руу утсаар залгахад наанаа зарчих юм уу гэж хэлсэн. Хориод хоногийн дараа Ц.Б***тай утсаар холбогдож машинаа буцаан өгч, 17,800,000 төгрөгөө авъя гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын эхээр автомашиныг Х*** аймгийн Х*** сумаас буюу 60 орчим километрийн зайтай газраас Х*** суманд оруулж ирсэн. Г.Ч***ын эхнэр нь хашаандаа оруулаагүй. Ц.Б*** нь манайх байранд байдаг учир хашаатай газар тавьчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд Х*** аймгийн Х*** сумын ***тоотод байрлах н.Т гэдэг айлын хашаанд автомашинаа оруулж тавьсан. Тухайн машин нь хааз авахгүй, хүч авдаггүй, асахгүй байсан. Б.Г*** нь Ц.Б***д маргаан бүхий автомашиныг худалдан борлуулах эрхийг олгосон итгэмжлэл өгсөн байсан учир хариуцагчаар татсан.

Автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, автомашины эзэмших эрх шилжээгүй гэх үндэслэлээр *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг Ц.Б***д буцаан өгч, Ц.Б***аас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тухайн үед хүргэн маань Х*** аймгийн Х*** сумын төв дээр байсан. Тэгээд ээжээ зах дээр орж ирсэн машинууд байдаг юм байна. Та тэр машинуудаас авчихвал амар юм биш үү. Та орж ирж үзээч гэж хэлсэн. Тэгээд ийм хүний утасны дугаар дээр ийм машин байна. Та утас руу нь яриад үнийг нь асуугаач гэсэн учраас Г.Ч***тай утсаар ярихад орж ирсэн гоё машин байгаа. Энэ машиныг худалдаж авах гэсэн хүмүүс их байна. Орж ирж үзэх шаардлагагүй гоё машин байна. Та аваач гээд байхаар нь н.Э гэх хүн рүү залгаад хүү маань машин авна гээд байна. Гоё машин байгаа гэж байна. Та хашаандаа аваачаад зогсоочих юм уу гэж хэлсэн. н.Эрвээд өмнө нь ноолуураа өгч байсан учраас таньдаг байсан. ...гэв.

Хариуцагч Ц.Б*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Ч***аар дамжуулан Ж.Н***т *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдсан. Ж.Н*** нь тухайн өдөр автомашиныг унаж үзээд худалдан авсан. Автомашины эзэмших эрхийг шилжүүлэх гэтэл улсын дугаар аваагүй автомашин учир оношилгоонд оруулах шаардлагатай болсон хэдий ч оношилгооны хүн нь сумдаар явсан байсан. Иймээс Ж.Н***т Х*** суманд очихоор нь оношилгоонд оруулах талаар хэлсэн. Үүний улмаас автомашины эзэмших эрхийг Ж.Н***ийн нэр дээр шилжүүлж чадаагүй.

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа нэхэмжлэгч надтай утсаар яриад “машин чинь болохгүй байгаа учраас буцааж өгье” гэхээр нь рулийн ард сууж яваа хүний чадвараас хамаардаг талаар хэлсэн.

Би сүүлийн 5, 6 жил автомашин худалдан борлуулах ажлыг хийж байгаа. Автомашиныг худалдан авсан өдрөөс эхлэн худалдан авагч тухайн автомашинд шаардлагатай арчилгаа, үйлчилгээг хийх ёстой. Автомашины наад захын мэдлэггүй хүн тухайн автомашиныг сайн унаж чадсан юм уу, ямар даваанд хэрхэн явж, ямар доголдол гаргасан талаар мэдэхгүй байна.

Тухайн автомашин Солонгос улсаас ирэхэд миний хүлээн авах ёстой автомашин Б.Г*** гэдэг хүний нэр дээр, Б.Г*** гэдэг хүний Монгол улсад хүлээн авах ёстой автомашин миний нэр дээр тус тус гаалийн мэдүүлэг нь хөтлөгдөөд ирсэн юм. Ингээд би Б.Г***т, харин Б.Г*** нь надад тухайн хүлээн авсан автомашинаа худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Бодит байдал дээр нэхэмжлэгчид худалдсан автомашин нь миний эзэмшлийн автомашин бөгөөд үүнд Б.Г*** ямар ч хамаагүй юм. Б.Г***өөс надад олгосон итгэмжлэлийн хугацаа өнөөдрийн байдлаар дууссан. Б.Г***өөс дахин итгэмжлэл аваад эзэмших эрх миний нэр дээр шилжих боломжтой учраас бичиг баримт шилжүүлэхэд асуудалгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Машиныг өөр хүн худалдаж авах гэж байхад нэхэмжлэгчийн дүү н.Эрвээ гэх хүн авч яваад хашаандаа байлгасан. Миний бизнесийн эрх ашигт нөлөөлсөн. ...гэв.

Хариуцагч Б.Г*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Г*** нь 2021 оны 11 дүгээр сард Солонгос улсаас портер маркийн машин захиалж авсан. Контнер нь хүлээж авахад иргэн Ц.Б***ы 2 машин ачигдсан байсан. Би Ц.Б*** гэх хүнтэй танил биш. Огт танихгүй. Хамтарч бизнес хийдэггүй. Машины наймаа хамтарч хийдэггүй болно. Б.Г*** 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр” гэсэн байна.

2021 оны 01 дүгээр сард Б.Г*** миний бие Бүгд Найрамдах Солонгос улсаас 40 чингэлэг ачуулсан. Чингэлэг дотор миний өөрийн 2 ширхэг Honda porter маркийн машин. Иргэн Ц.Б***ы 2 ширхэг Honda porter маркийн машин байсан бөгөөд тус чингэлэг нь миний нэр дээр ирсэн. Иргэн Ц.Б***тай ямар нэгэн байдлаар бизнесийн түнш биш. Зөвхөн чингэлэг дотор машин хамт ирсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н***ээс 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №0111 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн хуулбар хувь, Ж.Н***ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ц.Б***ы Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №0111 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн эх хувь, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч Ц.Б***аас хариу тайлбар, CD 1 ширхэг  зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Б.Г***өөс хариу тайлбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х*** аймгийн Автотээврийн төвийн даргын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт гэх баримтын эх хувь, авто тээврийн үндэсний төв гэх толгой бичвэр баримтын хуулбар хувь, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ж.Н***ийн хүсэлт гэх баримтын хуулбар, Х*** аймгийн Автотээврийн төвийн даргын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай албан бичиг, Шүүх шинжилгээний ерөнхий газар 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1956 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ХӨА:1001463 дугаартай автомашин, техникийн үнэлгээний дүгнэлт, гэрч Ж.Л***гийн мэдүүлэг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр Г.Ч***аар дамжуулан Ц.Б***аас худалдан авсан. Тухайн автомашиныг худалдан авах үед машин доголдож байсан. Г.Ч*** нь яваад ирэхээр зүгээр болно. Доголдоод байвал солиорой гээд хөөх помп өгсөн. Ц.Б***тай хамт автотээврийн төв орж автомашины бичиг баримтыг шилжүүлэхээр очиход улсын дугаар аваагүй автомашиныг оношилгоонд оруулаад шилжүүлнэ гэж хэлсэн. Ц.Б*** нь Х*** суманд оношилгоо очихоор оруулаарай гэж хэлсэн. Ингээд Х*** аймгийн Х*** сум руу гэрлүүгээ явахад 2-3 удаа зогсож очсон. Маргааш нь Г.Ч*** руу утсаар залгахад наанаа зарчих юм уу гэж хэлсэн. Хориод хоногийн дараа Ц.Б***тай утсаар холбогдож машинаа буцаан өгч, 17,800,000 төгрөгөө авъя гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын эхээр автомашиныг Х*** аймгийн Х*** сумаас буюу 60 орчим километрийн зайтай газраас Х*** суманд оруулж ирсэн. Г.Ч***ын эхнэр нь хашаандаа оруулаагүй. Ц.Б*** нь манайх байранд байдаг учир хашаатай газар тавьчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд Х*** аймгийн Х*** сумын 7 дугаар багийн 19 дүгээр гудамжны 7 тоотод байрлах н.Түмэн-Өлзий гэдэг айлын хашаанд автомашинаа оруулж тавьсан. Тухайн машин нь хааз авахгүй, хүч авдаггүй, асахгүй байсан. Б.Г*** нь Ц.Б***д маргаан бүхий автомашиныг худалдан борлуулах эрхийг олгосон итгэмжлэл өгсөн байсан учир хариуцагчаар татсан.

Автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, автомашины эзэмших эрх шилжээгүй гэх үндэслэлээр *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг Ц.Б***д буцаан өгч, Ц.Б***аас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Ц.Б*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Ч***аар дамжуулан Ж.Н***т *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдсан. Ж.Н*** нь тухайн өдөр автомашиныг унаж үзээд худалдан авсан. Автомашины эзэмших эрхийг шилжүүлэх гэтэл улсын дугаар аваагүй автомашин учир оношилгоонд оруулах шаардлагатай болсон хэдий ч оношилгооны хүн нь сумдаар явсан байсан. Иймээс Ж.Н***т Х*** суманд очихоор нь оношилгоонд оруулах талаар хэлсэн. Үүний улмаас автомашины эзэмших эрхийг Ж.Н***ийн нэр дээр шилжүүлж чадаагүй.

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа нэхэмжлэгч надтай утсаар яриад “машин чинь болохгүй байгаа учраас буцааж өгье” гэхээр нь рулийн ард сууж яваа хүний чадвараас хамаардаг талаар хэлсэн.

Би сүүлийн 5, 6 жил автомашин худалдан борлуулах ажлыг хийж байгаа. Автомашиныг худалдан авсан өдрөөс эхлэн худалдан авагч тухайн автомашинд шаардлагатай арчилгаа, үйлчилгээг хийх ёстой. Автомашины наад захын мэдлэггүй хүн тухайн автомашиныг сайн унаж чадсан юм уу, ямар даваанд хэрхэн явж, ямар доголдол гаргасан талаар мэдэхгүй байна.

Тухайн автомашин Солонгос улсаас ирэхэд миний хүлээн авах ёстой автомашин Б.Г*** гэдэг хүний нэр дээр, Б.Г*** гэдэг хүний Монгол улсад хүлээн авах ёстой автомашин миний нэр дээр тус тус гаалийн мэдүүлэг нь хөтлөгдөөд ирсэн юм. Ингээд би Б.Г***т, харин Б.Г*** нь надад тухайн хүлээн авсан автомашинаа худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Бодит байдал дээр нэхэмжлэгчид худалдсан автомашин нь миний эзэмшлийн автомашин бөгөөд үүнд Б.Г*** ямар ч хамаагүй юм. Б.Г***өөс надад олгосон итгэмжлэлийн хугацаа өнөөдрийн байдлаар дууссан. Б.Г***өөс дахин итгэмжлэл аваад эзэмших эрх миний нэр дээр шилжих боломжтой учраас бичиг баримт шилжүүлэхэд асуудалгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хариуцагч Б.Г*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 оны 01 дүгээр сард Б.Г*** миний бие Бүгд Найрамдах Солонгос улсаас 40 чингэлэг ачуулсан. Чингэлэг дотор миний өөрийн 2 ширхэг Honda porter маркийн машин. Иргэн Ц.Б***ы 2 ширхэг Honda porter маркийн машин байсан бөгөөд тус чингэлэг нь миний нэр дээр ирсэн. Иргэн Ц.Б***тай ямар нэгэн байдлаар бизнесийн түнш биш. Зөвхөн чингэлэг дотор машин хамт ирсэн гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Н*** нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Ч*** нь зуучлан хариуцагч Ц.Б***аас Бүгд Найрамдах Солонгос улсад 2001 онд үйлдвэрлэсэн, *** арлын дугаартай, улсын дугааргүй, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдан авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай дүү над руу залгаад орж ирсэн тэвштэй машинууд зарагдаж байна та орж ирж үзээч гэсэн учраас би хөдөөнөөс орж ирээд Ц.Б*** гэх хүний зарж байсан Киа пронтер маркийн цагаан өнгийн, улсын дугааргүй, арлын дугаартай машиныг үзэж хараад 18,000,000 төгрөгөөс хямдруулж 17,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон” гэх тайлбар, хариуцагч Ц.Б***ы “Нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр машины ирж авахдаа зах дээр зогсож байсан н.Баатар гэж яриад байгаа Г.Ч***аас худалдаж авсан. Ж.Н*** нь 18,000,000 төгрөгөөр худалдаж байсан машиныг 17,800,000 төгрөгөөр худалдаж авсан” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Гаалийн мэдүүлэгт маргаан бүхий автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад хүлээн авагч нь хариуцагч Б.Г*** болох нь **** мэдүүлгийн дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдлоо. ( хх-ийн 187 дугаар тал)

Харин бодит байдал дээр маргаан бүхий автомашины өмчлөгч нь хариуцагч Ц.Б*** болох нь хариуцагч Ц.Б***ы шүүх хуралдаанд гаргасан “Хэд хэдэн хүмүүс нийлж машин ачуулдаг учраас Б.Г*** бид хоёрын машин хамт ачигдаж ирсэн ба гаалийн мэдүүлэгт нэр зөрсөн байсан юм. Тэгээд би Б.Г***т, Б.Г*** надад итгэмжлэл хийж өгсөн хүн байгаа. Б.Г*** үүнд хамааралгүй байхад тэр хүнийг энэ ажиллагаанд оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна. Б.Г***өөс надад олгосон итгэмжлэлийн хугацаа өнөөдөр дууссан. Дахин итгэмжлэл хийлгээд эзэмших эрх миний нэр дээр шилжих боломжтой” гэх тайлбар, хариуцагч Б.Г***ийн тус шүүхэд гаргасан “Б.Г*** миний бие Бүгд Найрамдах Солонгос улсаас 40 чингэлэг ачуулсан. Чингэлэг дотор миний өөрийн 2 ширхэг Honda porter маркийн машин. Иргэн Ц.Б***ы 2 ширхэг Honda porter маркийн машин байсан бөгөөд тус чингэлэг нь миний нэр дээр ирсэн. Иргэн Ц.Б***тай ямар нэгэн байдлаар бизнесийн түнш биш. Зөвхөн чингэлэг дотор машин хамт ирсэн” гэх тайлбараар тогтоогдов.

Иймээс бодит байдал дээр Бүгд Найрамдах Солонгос улсад 2001 онд үйлдвэрлэсэн, *** арлын дугаартай, улсын дугааргүй, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашины өмчлөгч нь Б.Г*** биш байх тул Б.Г***т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Н***, хариуцагч Ц.Б*** нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Автомашин нь хааз авахгүй, хүч авдаггүй, асахгүй, автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, автомашины эзэмших эрх шилжээгүй тул гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан өгч, автомашины үнэнд төлсөн 17,800,000 төгрөгийг хариуцагч Ц.Б***аас гаргуулна” гэж тайлбарласан болно.

Харин хариуцагч Ц.Б*** нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Ж.Н*** нь тухайн өдөр автомашиныг унаж үзээд худалдан авсан. Автомашиныг худалдан авсан өдрөөс эхлэн худалдан авагч тухайн автомашинд шаардлагатай арчилгаа, үйлчилгээг хийх ёстой. Автомашины наад захын мэдлэггүй хүн тухайн автомашиныг сайн унаж чадсан юм уу, ямар даваанд хэрхэн явж, ямар доголдол гаргасан талаар мэдэхгүй байна. Бодит байдал дээр нэхэмжлэгчид худалдсан автомашины нь миний эзэмшлийн автомашин. Б.Г***өөс надад олгосон итгэмжлэлийн хугацаа өнөөдрийн байдлаар дууссан. Б.Г***өөс дахин итгэмжлэл аваад эзэмших эрх миний нэр дээр шилжих боломжтой учраас бичиг баримт шилжүүлэхэд асуудалгүй” гэж тайлбарлан маргав.

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Г.Ч*** нь автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, хариуцагч Ц.Б*** нь Г.Ч***аас Ж.Н***ийн үнэнд төлсөн 17,800,000 төгрөгийг хүлээн авсан, гэрээг бичгээр байгуулаагүй талаар нэхэмжлэгч Ж.Н***, хариуцагч Ц.Б*** нар маргаагүй, харин автомашины биет байдлын доголдлын талаар маргасан болно.

Хариуцагч Ц.Б*** нь Г.Ч***аар дамжуулан автомашинаа худалдсан болох нь гэрч Г.Ч***ын “Би Х*** сумын 5 дугаар багт харъяалагдах Баяннуур техникийн зах дээр Солонгос авто сэлбэгийн контейнер ажиллуулдаг. Мөн Солонгос улсаас орж ирсэн автомашиныг худалдан борлуулдаг ажилтай. Тэгээд Ц.Б*** гэдэг хүний эзэмшлийн Бонго пронтер, цагаан өнгийн автомашин, мөн Киа бонго Жи-3 зэрэг хоёр автомашиныг өөрийн зарах гэж байсан автомашинуудтай нийлүүлж худалдан борлуулсан” гэх мэдүүлгээр тогтоогдов. (хх-ийн 145-150 дугаар тал)

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан.

Маргаан бүхий автомашиныг худалдан авах үед тухайн автомашинд бөглөрөл үүссэн, доголдолтой байсан болох нь гэрч Ж.Л***гийн “Тэр машиныг би бариад захын ар тал руу тухайн машиныг зуучилсан айлд нь очсон. Тэр айлын хашаанд түлшний нацоссийг нь сольсон. Тэгэхэд зүгээр болохгүй хааз авахгүй байсан. Гараад хол замд явахаар зүгээр болчихно гэж зуучилсан хүн нь хэлсэн. ...Түлшний нацосс сольж байхад зуучилсан хүн нь “банкыг нь сольсон, хотоос хорчийсон банктай ирэхдээ машин нь зүгээр байсан, цэвэрхэн банк тавьчихсан чинь түжигнээд эхэлсэн” гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Ч***ын “Тухайн тээврийн хэрэгсэл Эрвээ гэдэг хүний айлын хашаанаас Ж.Н*** гуайн дүү Ж.Л***а нь тухайн автомашиныг унаад запас дугуй, данхраад зэргийг авах гэж манай хашаанд ирсэн. Тэгэхэд тухайн автомашин бөглөрөл үүссэн, доголдолтой ирсэн юм. Тэгэхэд нь би “энэ яагаад доголдов, мотор эд нараас нь айлтгүй сайн гэж хэлэх явцдаа банкийг нь сольсон юм, хонхорхой банктай Солонгос улсаас ирсэн юм шүү, тийм болохоор түлшний шүүрийг нь цэвэрлэсэн юм, хуучин банк нь хонхорхой сэвтэй учраас сэвгүй банк тавьсан, тэрнээс үүдэж энэ шүүр бөглөрсөн байх магадлалтай” гээд шүүрийг нь цэвэрлэж тавьсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. (хх-ийн 119-123, 145-150 дугаар тал)

Бүгд Найрамдах Солонгос улсад 2001 онд үйлдвэрлэсэн, *** арлын дугаартай, улсын дугааргүй, Киа Пронтер маркийн цагаан өнгийн автомашины хөдөлгүүрийн ажиллагаа доголдолтой болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1956 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, Kia Frontier маркийн, *** арлын дугаартай тээврийн хэрэгсэл тэжээлийн системийн бохирдлоос шалтгаалж хөдөлгүүрийн ажиллагаа доголдоно, ...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдлоо. (хх-ийн 59-84, 119-123, 145-150 дугаар тал)

Дээрхээс үзэхэд хариуцагч Ц.Б*** нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ зөрчиж, бөглөрөл үүссэн, хөдөлгүүрт доголдол үүссэн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авах үед бөглөрөл үүсч, хааз авахгүй байсныг тэжээлийн системийн бохирдлоос шалтгаалж хөдөлгүүрийн ажиллагаа доголдсон гэж мэдээгүй, харин шинжээчийн дүгнэлтээр илрүүлсэн тул дээрх доголдлыг худалдан авагч буюу нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдэх боломжгүй байсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй.

Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулахдаа баталгаат хугацаа тогтоогоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч Ц.Б*** нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Нэхэмжлэгч нь автомашинд илэрсэн доголдлоос үүдэн өөрийн хэрэгцээг нь хангахгүй байна гэж үзэж гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаах талаар хариуцагч Ц.Б***д автомашиныг худалдан авсан өдрөөс буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэг сарын дотор мэдэгдэж, улмаар 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хариуцагч Ц.Б***ы шүүх хуралдаанд гаргасан “2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 20 орчим хоногийн дараа нэхэмжлэгч надтай утсаар яриад “машин чинь болохгүй байгаа учраас буцааж өгье” гэхээр нь рулийн ард сууж яваа хүний чадвараас хамаардаг талаар хэлсэн.” гэх тайлбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна. (хх-ийн 1-2, 8 дугаар тал)

Иймээс нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч Ц.Б***д маргаан бүхий автомашиныг буцаан өгч, түүнээс нэхэмжлэгчийн автомашины үнэнд төлсөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн, автомашиныг хариуцагч Ц.Б***д буцаан олгож, хариуцагч Ц.Б***аас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н***т олгож, хариуцагч Б.Г***т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Б***ы өмгөөлөгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD 1 ширхэгийг хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Н***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 (хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б***аас улсын тэмдэгтийн хураамж 246,950 (хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н***т олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 6, 10, 188 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар *** арлын дугаартай, Киа Пронтер маркийн цагаан өнгийн, автомашиныг хариуцагч Ц.Б***д буцаан олгож, хариуцагч Ц.Б***аас автомашины үнэнд төлсөн 17,800,000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н***т олгож, хариуцагч Б.Г***т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 (хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б***аас улсын тэмдэгтийн хураамж 246,950 (хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н***т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар хариуцагч Ц.Б***ы өмгөөлөгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ