| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2023/00621/И |
| Дугаар | 155/ШШ2023/00815 |
| Огноо | 2023-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2023/00815
| 2023 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2023/00815 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***********оршин суух, Л.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********оршин суух, Б.Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 4,494,700 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Г , түүний өмгөөлөгч Б.Ганчимэг
Хариуцагч Б.Б ,түүний өмгөөлөгч П.Жамба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээл 4,494,700 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Л.Г зүс таних Б.Б гэдэг эмэгтэйн өөрийн нь гуйлтаар бичгээр зээлийн гэрээ байгуулалгүйгээр амаар зээл авах, өгөх талаараа ярилцан тохиролцсон. Ингэж шилжүүлэхдээ би өөрийн ХААН банкны ************* дугаарын данснаас ******************* дугаарын дансанд *********** өдөр 2,381,400 төгрөг, ************ өдөр 2,410,000 төгрөгийг шилжүүлсэн. Батжаргал нь надаас зээлж авсан мөнгөний хүүний мөнгийг таны данс руу шилжүүлэхдээ танд евро ашиг гэсэн утгатайгаар шилжүүлнэ гээд нийт 3 удаа буюу ************ төгрөг, нийтдээ 296,700 төгрөгийг миний өөрийн дансанд шилжүүлсэн. Ингээд түүнээс хойш Батжаргал нь надаас зээлж авсан мөнгөний хүүг ч өгөөгүй, зээлсэн мөнгийг ч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Би удаа дараа Батжаргалаас зээлсэн мөнгөө авъя гэж нэхэхэд өгнө гэж байснаа сүүлдээ өгөхөөргүй байдалд хүрээд арга буюу т шүүхэд хандаж байна. Би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Батжаргал надаас зээлж авсан мөнгөө өгөхгүй байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.
Иймээс Б нь надаас зээлж авсан мөнгөө өгөлгүй удаж намайг хохироож байгаа тул миний данснаас Б өөрийн данс руугаа шилжүүлэн авсан 4,791,400 төгрөгөөс мөнгөний хүү гэж өгсөн 296,700 төгрөгийг хасаж тооцож 4,494,700 төгрөгийг Б гаргуулж өгнө үү...гэжээ.
Б.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Би Б түүний гуйлтаар бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцож, хүүг нь гомдоохгүй гэсэн учир 4.791.400 төгрөг шилжүүлсэн.
Ингэж шилжүүлэхдээ ********* өдөр 2.381.400 төгрөг, ********** өдөр 2.410.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хугацаа, хүү тохироогүй, яваандаа мөнгө чинь нугарч, чамд ашиг хангалттай орно, 7 хоног бүр ашгаа өгнө гэж хэлж байсан. Би алсдаа надад хангалттай ашиг орох юм байна гэж ойлгож, мөнгө шилжүүлсэн. Надаас зээлж авсан мөнгөний хүү гэж 296.700 төгрөг шилжүүлсэн. Энэ хүүгээ яаж тооцсон гэдгийг бол би мэдэхгүй.Тэгээд чимээгүй болчихоор нь 2018 оны 5 сар гаргаад нөгөө мөнгөө яав гэж асууж эхлэсэн. Энэ мөнгөө хасаад Б 4.494,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Мөнгөө нэхээд өгчих байх гэж бодоод яваад байсан. Тэгээд шүүхэд ханд гэхээр нь шүүхэд хандаж байна... гэв.
Хариуцагч Б нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
А.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:..******* иргэн Б.Б би Г надаас мөнгө зээлсэн, үүнийгээ авах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: Би анх 2017 оны 9 дүгээр сард Франц улсын Fivewinds хэмээх компанид 90 евро буюу 270,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж элсэж орсон юм. 2018 оны 3 дугаар сард Улаанбаатар хотоос ****** гэж хүн ирж мэдээлэл өгсөн, мэдээлэл авсан хүмүүс компанид өөрсдөө шийдвэр гаргаж, элсэн орж байсан.
************* нь өөрийн найз Гэрэлмаагийнхаа дор 90 еврогоор элссэн. ********** нь над дээр ирээд манай нөхөр рүү яриад өгөөч, өөрийнхөө дор нөхрөө оруулах гэсэн юм гэж гуйсны дагуу би ********рүү ярьсан. Тэгээд нөхөр нь тус компанид хөрөнгө оруулалт хийж, 810 евро буюу 2,381,400 төгрөгийг шилжүүлж, хөрөнгө оруулсан гэж ашигаа авч эхэлсэн.
************** өдөр 87,100 төгрөг************** төгрөг тус тус авсан. Ашгийг сайтын программ нь өөрөө бодож гаргадаг. Үүний дараа 4 дүгээр сарын 21-ний өдөр **********нь охин ********** оруулна гэж ирээд нөхөр нь миний данс руу 810 евро буюу 2,410,000 төгрөгийг шилжүүлсэн. Би зөвхөн шивэлтийг нь хийж, захирлуудаас ирсний дагуу хүү, ашгийг нь дансаараа дамжуулсан өгч байсан. Энэ компани нь бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийж, хүмүүс элсэхээр мөнгийг өмнөх орсон хүмүүст ашиг нэрээр тараадаг сүлжээ байсан. Гэтэл ********харагдаад, Улаанбаатар хотод байгаа спонсор Долзодмаа нь сайт засвартай байгаа гээд байсан. 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ганболд дээр 3,870 евро, ************* 2,520 еврогын ашиг харагдаж байгааг ********* нар өөрөө ирж харж, бичиж авч байсан. 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энэ сайт алга болчихсон. ************** гэж хүний доор би өөрөө орсон болохоор энэ хүнээс л асуудаг, эхлээд засвартай одоохон гэж байснаа сүүлдээ корона гарсан дэлхий нийтээрээ хямарч байна, хүлээж бай хариу өгдөг болсон. Монголд энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн 20 гаруй мянган хүн байгаа гэж хэлсэн. Би өөрөө машинаа зарж, энэ компанид 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд мөн адил хохирсон. Би иргэн Ганболдтой ямар нэгэн мөнгө зээлэх асуудал огт ярьж байгаагүй бөгөөд бидний хооронд ийм асуудал үүсээгүй юм. Энэ компанид хөрөнгө оруулалт мэдээллийг өөрөө авчихаад, гэр орондоо ярилцаад, эрсдэлээ өөрөө хариуцах чадвартай хүмүүс шийдвэр гаргаж хөрөнгө оруулсан. Ийм учраас иргэн ********** нэхэмжилсэн 4,494,700 төгрөгийг зөвшөөрөхгүй...гэжээ.
Б.Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Улаанбаатар хотоос *********** гэж хөрөнгө оруулалтын компаний хүмүүс ирж мэдээлэл өгөхөд, Л.Г ын эхнэр н.********* мэдээлэл аваад, танилцуулах хуудастай танилцаж уг сүлжээнд элсэн ба 7 хоног бүр ашиг нь ороод явж байсан. Өөрсдийнхөө шийдвэрээр өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд, эрсдэлээ даагаад миний дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн.
Яагаад миний данс руу мөнгө шилжүүлсэн бэ гэхээр би Хөвсгөл аймагтаа толгой хүн нь байсан. Тэгээд надаар бүх зүйл нь дамжиж явдаг байсан. Би хот руу хүмүүсийн мөнгийг шилжүүлээд ашиг нь хотоос орж ирдэг байсан. Л.Г гуайн тухайд ************ төгрөг авсан. 3 удаагийн ашиг авсан. Хүн болгон ашгаа аваад яваад байсан. Сүүлдээ ашиг нь гарч ирэхээ байгаад 7 хоног бүрийн хүү нь бодогдоод яваад байсан. Ганболд гуайн авсан 810 еврогийн тухайд энэ сүлжээ нь хамгийн багадаа 90 еврогоор эхэлж байсан. Өөрөө 4 дэх үеэр нь орж ирсэн. Яагаад над руу 2.381.000 төгрөгийг шилжүүлсэн бэ гэхээр надаас ирж 2 удаа мэдээлэл аваад ашиг авах юм байна гэж ойлгоод хөрөнгө оруулалт хийх зорилгоор 810 еврогийн багцад орсон. Энэ нь болохоор 7 хоногийн 4.6 хувийн хүүтэй. Сарын 19.09 хувийн, жилийн 239 хувийн хүүтэй, жилийн ногдол ашиг нь 810 евро нь 1934 евро болно гэсэн мэдээллийг авсны үндсэн дээр өөрөө хөрөнгө оруулалтад оролцсон. 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрөө эхнэрийнхээ дор орсон. 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр нь өөрийнхөө дор охиноо оруулсан байдаг.
810 евро яагаад 7 хоног бүр өөр, өөр ашиг орж байсан бэ гэхээр тухайн өдрийн евро ханшаар бодогдож орсон. Хар дэвтэр дээр би 7 хоног бүр ашиг авсан хүмүүсийг тэмдэглэсэн байгаа. Би дэвтэр дээр бүгдийг нь бичээд явсан. Компьютер дээр болохоор бүх хүмүүс он нэртэйгээ хадгалагдсан байсан.
5 жилийн дараа намайг мөнгө зээлсэн гэж гүтгэж байгааг би зөвшөөрөхгүй. Би Ганболд гуайг сайн танихгүй, бид хоёр бие биедээ мөнгө зээлэх тийм ч дотно харилцаатай хүмүүс биш. Надад мөнгө зээлэх шаардлага байхгүй. Би Л.Г ыг танихгүй байж яагаад мөнгө зээлэх ёстой гэж, яагаад намайг гүтгээд байгаа юм бэ.
Би ойлгохгүй байна. Л.Г өөрөө сүлжээнд 810 еврогоор эсэж орохоор над руу мөнгө шилжүүлсэн болохоос биш би зээлсэн юм биш. Шилжүүлсэн мөнгийг нь 810 евро болгож цааш нь би дамжуулж шилжүүлсэн. Тэгээд уг компаний сайтад 810 евро гэж Л.Г гуайг овог нэртэй нь шивж оруулсан. Эхлээд шилжүүлсэн 2,381,400 төгрөгний ашиг 3 удаа авсны дараа Л.Г гуай эхнэртэйгээ ярилцаад ашигтай юм байна гээд **********нд шилжүүлсэн мөнгө. Сүлжээнд оруулсан мөнгөө байж байгаад гэнэт 5 жилийн дараа надад зээлдүүлсэн мэтээр нэхэж байгааг нь зөвшөөрөхгүй байна... гэв.
Нотлох баримт:
Хариуцагчаас хариу тайлбар 01 хуудас, хөрөнгө оруулалтын хэмжээ ба түүнээс оногдох ноогдол ашиг гэх баримт 01 хуудас, дэвтэрээс хуулбарласан гар бичмэл 4 хуудас, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн хүсэлтээр гэрч Г************* мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээл 4,494,700 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, тэрээр дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...Б.Б д ********** төгрөгийг төлөөгүй тул гаргуулж авна... гэв.
3.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн.Үүнд: ... Л.Г ын над руу шилжүүлсэн 4,791,400 төгрөг нь зээл биш харин Л.Г түүний охин ************** гэх сүлжээнд элсэхээр өгсөн мөнгө бөгөөд уг мөнгийг *********** гэх сүлжээнд өөрсдийнх нь нэр дээр хөрөнгө оруулсан ба хөрөнгө оруулалтын ашиг нь Л.Г ын дансанд *********** төгрөг, **************** төгрөг евро ашиг гэсэн утгатай шилжигдэн орсон тул нээмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж няцаасан.
4.Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч Л.Г *********** төгрөг, нийт *************** тоот дансанд шилжүүлж, түүнээс буцаан *********** төгрөгийг эгүүлэн авсан болох нь талуудын хуралдаанд өгсөн тайлбар болон дансны хуулга зэргээр нотлогдлоо.
Тодруулбал зохигч нэхэмжлэлд дурдсан 4,494,700 төгрөгийг шилжүүлэн өгсөн, авсан талаар маргаагүй, харин зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргав.
5.Хуулинд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.26.28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотлож чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй.
6.Хэдийгээр Л.Г нь нэхэмжлэгч болоод хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж нотлох баримтаар ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж ирүүлсэн боловч уг баримтанд ************ төгрөг буюу нийт 296,700 төгрөгийг евро ашиг гэх утгаар Б.Б ын Хаан банкин дахь ********* тоот данснаас Л.Г ын Хаан банкин дахь 5890345502 тоот дансанд шилжүүлжээ.
7.Мөн хэрэг хэлэлцэх иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г нь...ашигтай сүлжээнд ажиллаж байгаа, 7 хоног бүр танд ашиг орно. 1 жил болоход өгсөн мөнгө нугарна гэхээр нь Б.Б д мөнгө шилжүүлсэн. Тэгээд би 2 удаа зээлсэн юм чинь 2 дахин илүү ашиг орох байх гэсэн ороогүй... хэмээн тайлбарласан.
8.Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч Л.Г , хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ба Л.Г нь зээл 4,494,700 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй болно.
9.Нөгөө талаар хариуцагч Б.Б нь...2018 онд сүлжээнд элсэхээр шилжүүлсэн мөнгөө зээлсэн мөнгө хэмээн 5 жилийн дараа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...гэж,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Жамба...нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018 оны 5 дугаар сараас эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэж ярьсан. Иргэний хуулийн 283 дугаар зүйлд 283.1.Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж, мөн гэрээний үүрэгтэй холбоотой маргааны шаардлага гаргах хугацаа 3 жил гэж заасан байдаг. Үүнээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдуулсан талаар баримт байхгүй байна...хэмээн хөөн хэлэлцэх хугацаан дээр хариуцагч тал маргаж байна.
10.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Б.Б д **********төгрөгийг авч үлдэх 4,494,700 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж авна гэж тайлбарлаж, **************
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Г шүүх хуралдаанд...7 хоног бүр ашгаа өгнө гэж хэлж байснаа мөнгө аваад чимээгүй болчихоор нь 2018 оны 5 сар гаргаад нөгөө мөнгөө яав гэж асууж эхлэсэн...гэх мэдүүлэг, тайлбараас үзвэл 2018 оны 5 сараас нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 5 дугаар сард дууссан байна.
Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
11.Иймд нэхэмжлэгч Л.Г ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б д холбогдох зээл 4,494,700 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,865 (наян зургаан мянга найман зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
13.Хариуцагч Б.Б аас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 39 дүгээр хуудас хүртэл дугаарласан дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б аас зээл 4,494,700 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,865 (наян зургаан мянга найман зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ