Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/083

 

Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат, Г.Буян-Өлзий,

Г.Дамбасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Р.Ганбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, Л.Батбаяр, Ц.Мөнгөндавалгаа

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, О.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, Г.Мөнхбат, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн нарт холбогдох эрүүгийн 18140000000349 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Боржигон овогт Гантөмөрийн Буян-Өлзий, ......... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЮ89020614

2. Монгол улсын иргэн, Боржигон овогт Гөнтөмөрийн Дамбасүрэн, ..... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВГ86121619

3. Монгол улсын иргэн, Мянгат овогт Доржбатын Алтангэрэл, ...... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

1997 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

1998 оны 7 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2005 оны 6 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

2008 оны 4 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

2014 оны 3 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөг хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар 

4. Монгол улсын иргэн, Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхбат, 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

1999 оны 2 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны 11 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2005 оны 12 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ВК80060515,

5. Монгол улсын иргэн, Сартуул овогт ......, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВК87102611,

Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар багийн нутаг Хуурай гэх газраас Р.Ганбаатарын эзэмшлийн 32 тооны буюу олон тооны адууг хулгайлж бусдад 23.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                  

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Буян-Өлзий, Боржигон овогт Гантөмөрийн Дамбасүрэн, Сартуул овогт Гандолгорын Цолмонбаатар, Мянгат овогт Доржбатын Алтангэрэл, Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхбат нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Буян-Өлзийг дөрвөн жил зургаан сарын /04 жил 06 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Дамбасүрэнг гурван жилийн /03 жил/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Сартуул овогт Гандолгорын Цолмонбаатарыг дөрвөн жил таван сарын /04 жил 05 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Мянгат овогт Доржбатын Алтангэрэлийг дөрвөн жил найман сарын / 04 жил 08 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхбатыг дөрвөн жилийн /04 жил/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Буян-Өлзийд оногдуулсан дөрвөн жил зургаан сарын /04 жил 06 сар/ хугацаагаар хорих ялыг, ялтан Г.Дамбасүрэнд оногдуулсан гурван жилийн /03 жил/ хугацаагаар хорих ялыг, ялтан Г.Цолмонбаатарт оногдуулсан дөрвөн жил таван сарын /04 жил 05 сар/ хугацаагаар хорих ялыг, ялтан Д.Алтангэрэлд оногдуулсан дөрвөн жил найман сарын / 04 жил 08 сар/ хугацаагаар хорих ялыг, ялтан О.Мөнхбатад оногдуулсан дөрвөн жилийн /04 жил/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийн учир ялтан Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нарын цагдан хоригдсон нэг зуун далан дөрөв/174/, ялтан О.Мөнхбатын цагдан хоригдсон зуун наян зургаа/186/ хоногийг эдлэх ялд нь тус бүр оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар нараас тус тус нэг зуун дөчин мянган /140.000/ төгрөгийг, ялтан Д.Алтангэрэл, О.Мөнхбат нараас тус тус гурван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун долоон /3.398.807/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ганбаатарт 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Буян-Өлзийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дамбасүрэнгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цолмонбаатарын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын Г.Буян-Өлзийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дамбасүрэнгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цолмонбаатарын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн заалтыг хүчингүй болгож, эзэмшигч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, шүүгдэгч Д.Алтангэрэлийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мөнхбатын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын шүүгдэгч Д.Алтангэрэлийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мөнхбатын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн заалтыг хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ялтан Г.Буян-Өлзийн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, ялтан Д.Алтангэрэлийн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, ялтан Г.Цолмонбаатарын эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ хоёр зуун мянган / 200.000 / төгрөгийг тус тус Г.Буян-Өлзий, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, ялтан Г.Дамбасүрэнгийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг эзэмшигч Г.Дамбасүрэнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Алтангэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: Д.Алтангэрэл миний бие анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 234 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Ах дүү хоёрын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Ганчимэг гэх гэрчийг оролцуулах хүсэлтээ гаргадаг боловч уг хүн нь ирдэггүй, ах дүү хоёрын зүгээс Ганчимэг гэх хүн байхгүй, эмэгтэй хүнтэй огт таараагүй гэдэг. Ийм эргэлзээтэй гэрч гэх хүний мэдүүлгээр тус хэрэг хүндэрч шийдсэн гэж үзэж байна. Зохиомол гэрч оролцуулж байна уу гэж бидний зүгээс эргэлздэг. Мөн тус хэргийг шийдвэрлэхэд бидэнд хорих ялыг ялгамжтай оногдуулаагүй гээд давж заалдах шатны шүүхээс буцаасан. Гэтэл бүр хүндрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол гэж шийдвэрлэсэн гэтэл прокуророос ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нэг хоног шийдвэргүйгээр цагдан хорьсон. Энэ хоног шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногт орсон эсэх нь эргэлзээтэй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Цолмонбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: Г. Цолмонбаатар миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь бидэнд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан гэж байгаа боловч миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай утсаар ярьсан, Буян-Өлзий рүү утсаар ярьсан тул гэмт хэрэг үйлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна гэж үзээд байгаа тул туйлын гомдолтой байна.

Г.Дамбасүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар онцгой нөхцөл байдал буюу хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж группт орсоныг хөнгөрүүлж үзсэн гэжээ. Би бодохдоо хавтаст хэрэгт хууль ёсны цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд шийтгэх тогтоолыг үндэслэн баримт болгодог байх гэж бодсон. Гэтэл уг бичиг нь шүүгчийг хүсэлт шийдвэрлэх гээд арын өрөөнд орсоны дараа гаднаас хүн оруулж ирсэн. Тэгээд өмгөөлөгчдөө өгсөн. бас жижиг ногоон өнгийн гэрчилгээ нарийн бичиг нь авсан байж байгаад цагдаад өгсөн. бичлэг дээр байгаа учир шүүх хуралдааны бичлэгээс тайлбарлаж болно. Үүнээс харахад бидэнд эрх тэгш хандахгүй байна гэж үзэхээр байна. 32 тооны мал уу 23 тооны мал уу огт тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгээр явдаг. Мөн Г.Дамбасүрэн, Г.Буян-Өлзий хоёр ах дүү, О.Мөнхбат ах, Д.Алтангэрэл ах хоёр ах дүү хүмүүс. Би уг хүмүүстэй холбоо хамааралтай биш. Тийм болохоор ч тэр үү би энэ хэргийн гол хүн болоод байх шиг байна. Иймээс хэргийг дахин мөрдөж шүүх бодитой шийдвэр гаргуулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү.

2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О.Мөнхбат гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2018 оны 11 дүгээр сараас уг хэрэгт сэжиглэгдэж 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 4 жилийн хорих ял авч Баянхонгор аймгийн хорих байранд хоригдож байна.

Би уг хэргийг үйлдээгүй. Мөн тухайн үед адуу хамт хайж явсан хүн тавиул адуу авахаар болж би цуг явж байсан болохоор хамт явж уг адууг туулцаж явсан хулгайн мал гэдгийг мэдээгүй. Тухайн үед хамт явсаныг буруутай гэж шүүхээс үзэж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Уг хэргийг би үйлдээгүй ч хамт явсан учраас хохирлыг төлнө гэдгээ амаар болон бичгээр мэдэгдсэн. Үүнд миний оролцсон оролцоо гэвэл хулгайх гэдгийг мэдэлгүй хамт туулцаж явсан, уг малыг би 25 км газар хамт туулцсан. Хулгайны гээд байгаа малаас хувьдаа унаж эдэлж зарж үрсэн 1 ширхэг мал байхгүй. Энэ хэргийн талаар тохиролцож ярьж зөвлөсөн зүйл байхгүй. Иймд надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг эсэргүүцэж байна.

Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр эрхэлсэн ажилгүй, 2016 онд малжуулахын 3 сая төгрөгийн төсөлд орсон. Уг мөнгө нь нэхэгдэж байгаа тул эдийн засаг, санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Иймд миний ар гэрийн болон уг хэрэгт оролцсон байдлыг харгалзан үзэж эдлэх 4 жилийн ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Буян-Өлзий гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Г.Буян-Өлзий нь 2018 оноос эхлэн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар уг хэрэгт холбогдсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бусдад төлөх хохирол гомдлоо бүрэн барагдуулсан. Ийм учир хөгшин настай ээжийг минь, эхнэр, 2 хүүхдийг минь харгалзан үзэж надад өгсөн 4 жил 6 сарын ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ үнэн голоосоо гэмшиж байна. Та бүхэн энэ бүхнийг харгалзан үзэж надад өгсөн ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Дамбасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 1986 оны 12 сарын 15-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Миний бие хохирогчид гарсан гомдол хохирлыг төлж барагдуулсан тул надад оногдуулсан 3 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие энэ хэрэгт орсоноос хойш аав минь бурхан болж ээж минь өндөр настай, ой гарантай хүүхэдтэй, 6 настай хүүхэд бас бие давхар үлдсэн эхнэр минь эрхэлсэн тодорхой ажил байхгүй.

Энэ байдлыг минь харж үзэж надад оногдсон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж шүүгч та бүхнээс хүсэж байна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогч Р.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдгээр хулгайч нар нь миний хохирлыг бүрэн төлөөгүй, гол хулгайч нь Г.Дамбасүрэн бөгөөд азаргаар нь тууж явчихаад хэргээ хүлээгүй байгаад гомдолтой байна гэв.

Хохирогч Р.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт үйлдэл нь бүрэн тогтоогдсон байдаг. Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, О.Мөнхбат нар хохирлыг төлсөн.Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн нар нь адуу хулагйлаад ямар ч ашиг аваагүй, гэрч Ганчимэг гэгч нь хуурамч хүн байхад тэр мэдүүлгийг үнэлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч нарт анхан шатны шүүх хэт өндөр ял оногдуулсан тул хөнгөрүүлнэ үү гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: О.Мөнхбат нь тус хулгайн хэрэгт хамжигчаар оролцсон байдаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар багийн нутаг Хуурай гэх газраас Р.Ганбаатарын эзэмшлийн 32 тооны буюу олон тооны адууг хулгайлж бүлэглэн хулгайлж бусдад 23.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1814000000349 тоот хэрэгт авагдсан хохирогч Р.Ганбаатар, гэрч П.Ганчимэг, Р.Амарбаяр, Т.Цэнджаргал, Д.Равдан, В.Лхагвасүрэн, О.Алтанхуяг нарын мэдүүлэг, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 361, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 333 тоот дүгнэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан тэдэнд оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн мөртлөө шүүгдэгч Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл, О.Мөнхбат нарын тус бүрийн оролцоог шийтгэх тогтоолд шүүгдэгч нэг бүрээр гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тогтоож дүгнэлгүйгээр хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасантай нийцээгүй байна.

Шүүгдэгч Д.Алтангэрэл, О.Мөнхбат, Г.Цолмонбаатар, Г.Дамбасүрэн, Г.Буян-Өлзий нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харьцуулан судлахад:

“... Г.Цолмонбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 98881862 дугаар утсаар шүүгдэгч Г.Буян-Өлзийн 88442004 дугаарын гар утсанд 4 удаа ярьсан ярианы лавлагаа / 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал/, ”... 2018 оны сүүлээр... Г.Цолмонбаатар миний 88442004 дугаарын гар утас руу залгаад ..., ...3-4 адууны хэрэг байна гээд..., .... би за гээд өөрийн ах Г.Дамбасүрэнгийн хамт Баяновоо сумын 3 дугаар багийн нутаг Хойд үүд гэдэг газарт байсан 20 иод тооны адуунуудыг туугаад очсон чинь Г.Цолмонбаатар хоёр хүнтэй хамт ирчихсэн байсан..., ... Г.Цолмонбаатарт адуунуудыг хүлээлгэж өгсөн гэх Г.Буян-Өлзийн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн19-25 дугаар тал/,

“...Манайд Д.Алтангэрэл, О.Мөнхбат нар хамтдаа нэг мотоцикль дээр сундалдчихсан ирсэн. ...Би Г.Буян-Өлзий руу яриад ..., ... Г.Буян-Өлзий Хойд үүдэнд туугаад очъё гэж хэлсэн..., ...манайхаас би өөрийнхээ мотоциклийг унаж жолоодоод Д.Алтангэрэл, О.Мөнхбат нар өөрсдийн мотоциклиор яваад Хойд үүд гэдэг газар ирсэн..., ...Г.Буян-Өлзий өөрийн ах гэх нэг залуугийн хамт 20 гаруй тооны адуу туугаад ирсэн..., ...би 98881862 гэсэн дугаараас Г.Буян-Өлзийн 88442004 дугаар руу залгаж ярьсан гэх Г.Цолмонбаатарын мэдүүлэг/ 2 дугаар хавтаст хэргийн 34-37 дугаар тал/

“...Бид хоёр тэр өдрөө тэр адуунуудыг тууж яваад Галуут сумын хойд үүд гэх газарт хүргэж өгсөн.Тэнд 2 мотоцикльтой 3 хүн хүлээж байсан... гэх Г.Дамбасүрэнгийн мэдүүлэг/ 2 дугаар хавтаст хэргийн 62-65 дугаар тал/

“...Г.Цолмонбаатарын гэрт очсон..., ...Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл хоёр надад адуу тосч авахаар боллоо явъя гэсэн..., ... Хойд үүд гэдэг газар ирсэн, тэгээд тэнд очоод энд адуугаа хүлээлцэнэ гээд хүлээж байтал мотоцикльтой 2 залуу хүрээд ирсэн, ирэхдээ адуу туучихсан ирсэн...” гэх О.Мөнхбатын мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар тал/

“...Г.Цолмонбаатарын гэрт очсон..., Г.Цолмонбаатар гар утсаар ярьсан. ...Хойд үүд гэх газарт дөхүүлж өгөхөөр боллоо тэнд очоод үнэ өртөгөө ярина биз дээ гэсэн....Баянцагааны ам гэдэг газраас Г.Цолмонбаатар гэр рүүгээ яваад О.Мөнхбат бид хоёр цааш нь адуунуудыг туусан... “ гэх Д.Алтангэрэлийн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 46-49, 52-54 дүгээр тал/ зэрэг мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч нарын тухайн гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Д.Алтангэрэл нь урьд мал хулгайлах гэмт хэргээр 5 удаа ял шийтгэгдэж байсан , шүүгдэгч О.Мөнхбат нь урьд мал хулгайлах гэмт хэргээр 3 удаа ял шийтгэгдэж байсан боловч өмнө үйлдэж байсан гэмт хэргүүддээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь тэдний хувийн байдлыг илэрхийлж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар, Г.Дамбасүрэн, Г.Буян-Өлзий нарын нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Р.Ганбаатарт төлөх төлбөргүй болон шүүгдэгч О.Мөнхбат, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар, Г.Дамбасүрэн, Г.Буян-Өлзий нарын ар гэр, ахуй амьдрал, хувийн байдал мөн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Мөнхбат, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн нарын ял хорих ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлуудыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатарын шийтгэх тогтоол хүчингүй болгуулах талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нар нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгч О.Мөнхбат нь хохирлоо төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нар нь энэ хэргийн улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 177 хоног, шүүгдэгч О.Мөнхбат нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 187 хоног тус тус цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нарын цагдан хоригдсон хоногийг 174 гэж, О.Мөнхбатын цагдан хоригдсон хоногийг 186 хоног гэж тус тус тооцооны алдаа гаргасныг зөвтгөж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4 -т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Буян-Өлзийг дөрвөн жил зургаан сарын /04 жил 06 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Дамбасүрэнг гурван жилийн /03 жил/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Сартуул овогт Гандолгорын Цолмонбаатарыг дөрвөн жил таван сарын /04 жил 05 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Мянгат овогт Доржбатын Алтангэрэлийг дөрвөн жил найман сарын / 04 жил 08 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхбатыг дөрвөн жилийн /04 жил/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Буян-Өлзийг хоёр жил зургаан сарын /2 жил 6 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Дамбасүрэнг хоёр жил зургаан сарын /2 жил 6 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Сартуул овогт Гандолгорын Цолмонбаатарыг хоёр жил зургаан сарын /2 жил 6 сар/ хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Мянгат овогт Доржбатын Алтангэрэлийг гурван жилийн / 3 жил / хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхбатыг гурван жилийн / 3 жил / хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Буян-Өлзийд оногдуулсан дөрвөн жил зургаан сарын /04 жил 06 сар/ хугацаагаар хорих ялыг, ялтан Г.Дамбасүрэнд оногдуулсан гурван жилийн /03 жил/ хугацаагаар хорих ялыг, ялтан Г.Цолмонбаатарт оногдуулсан дөрвөн жил таван сарын /04 жил 05 сар/ хугацаагаар хорих ялыг, ялтан Д.Алтангэрэлд оногдуулсан дөрвөн жил найман сарын / 04 жил 08 сар/ хугацаагаар хорих ялыг, ялтан О.Мөнхбатад оногдуулсан дөрвөн жилийн /04 жил/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг ,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г. Буян-Өлзийд оногдуулсан хоёр жил зургаан сарын /2 жил 6 сар/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Боржигон овогт Г. Дамбасүрэнд оногдуулсан хоёр жил зургаан сарын /2 жил 6 сар/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Цолмонбаатарт оногдуулсан хоёр жил зургаан сарын /2 жил 6 сар/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д. Алтангэрэлд оногдуулсан гурван жилийн / 3 жил / хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О. Мөнхбатад оногдуулсан гурван жилийн / 3 жил / хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийн учир ялтан Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нарын цагдан хоригдсон нэг зуун далан дөрөв/174/, ялтан О.Мөнхбатын цагдан хоригдсон зуун наян зургаа/186/ хоногийг эдлэх ялд нь тус бүр оруулан тооцсугай” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нар нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 177 хоног, шүүгдэгч О.Мөнхбат нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 187 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай” гэж өөрчилж, шүүгдэгч О.Мөнхбат, Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Г.Цолмонбаатар, Д.Алтангэрэл нарын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 94 хоног тус тус цагдан цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Буян-Өлзий, Г.Дамбасүрэн, Д.Алтангэрэл, Г.Цолмонбаатар нар нь хохирогч Р.Ганбаатарт 3.680.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Б. БОЛОР-ЭРДЭНЭ