Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 112/шш2024/0007

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: ...... аймгийн ....... сумын иргэн Н.Б

Хариуцагч: ...... аймгийн ......... сумын Засаг дарга А.А,

Гуравдагч этгээд: ..... аймгийн .....  сумын иргэн Ө.Н нарын хооронд үүссэн

........... аймгийн ............. сумын ........... багийн Засаг даргыг хууль бус түр орлон гүйцэтгэгч томилж хууль зөрчсөнийг тогтоолгох, Ө.Н-г ........... багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон .............. сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч А.А, гуравдагч этгээд Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

                                                     

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ............ аймгийн ............ сумын Засаг дарга А.А-д холбогдуулан .......... аймгийн ............ сумын ............ багийн Засаг даргыг хууль бус түр орлон гүйцэтгэгч томилж хууль зөрчсөнийг тогтоолгох, Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан ......... аймгийн ............ сумын ............ багийн иргэдийн Нийтийн Хурлаар тус багийн Засаг даргыг сонгохоор санал хураалт явуулахад нийт ............ багийн 117 иргэн санал өгч, үүнээс Н.Б 64 хүний санал буюу 55.1 хувь, Ю.Б 52 хүний санал буюу нийт сонгогчдын 44.8 хувийн саналыг тус тус авч, 1 саналын хуудас хүчингүй болжээ.  

 

3. ........... аймгийн ............ сумын ............ багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.5.2 дахь заалтыг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаанд оролцсон нийт 116 иргэдээс 64 иргэн буюу 55.1 хувийн санал авсан Н.Б-г ............ багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байна.

4. Харин ............ сумын Засаг даргаас “............ багийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаартай тогтоолоор “............ багийн Засаг даргад Н.Б-г нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” ирүүлсэн саналаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байгаа болно. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлаа дахин зарлана уу” гэсэн 1/464 дугаар албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ............ багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн.

 

5. Улмаар ........ аймгийн ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг нэхэмжлэгч Н.Б нь эс зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

                

6. Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ........... аймгийн ............ сумын ............ багийн иргэн Н.Б миний бие 2023 оны 09-р сарын 25-ны өдөр ............ сумын ............ багийн Засаг дарга сонгох сонгуульд нэр дэвшиж, багийн иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал авч багийн Засаг даргаар сонгогдсон. Гэтэл ............ сумын Засаг дарга А.А нь А намд элс, элсэхгүй бол томилж батламжлахгүй гэж удаа дараа шахалт үзүүлж батламжлаагүй бөгөөд хууль бусаар түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байна.

Энэ үйлдэл нь удаа дараагийн асуудал бөгөөд ............ сумын ............ багт гэхэд 2021 оны 01-р сараас одоог хүртэл өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн таван удаа түр орлон гүйцэтгэгч томилон иргэдийн эрх ашиг, сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, миний бие болон иргэдийн эрх ашгийг хохироож байна.

Иймд хууль бус үйлдлийг шийдвэрлэж, Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр багийн Засаг даргад нэр дэвшиж багийн иргэдийн олонхийн саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас өргөн мэдүүлэхэд томилох боломжгүй гэж, ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр өөр түр орлон гүйцэтгэгч томилсон байгаа. Ингэж томилох хуулийн заалт, журам байна уу? гэдгийг тодруулмаар байна. Манай ............ багийн иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн учраас би нэхэмжлэл гаргасан. Намайг томилохгүй байгаа атлаа яагаад хууль зөрчиж өөр түр орлон гүйцэтгэгч томилж байгаа юм. Миний сонгох сонгогдох эрх, болон Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Томилохгүй байх гэсэн заалт байгаа ч гэсэн түр орлон гүйцэтгэгч томилно гэсэн заалт байхгүй. Өөрийнхөө албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэв.

 

8. Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ............ багийн ИНХ-д сонгогдон гарсан нэр дэвшигч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ........ аймгийн ............ сумын ............ багийн Засаг даргыг хууль бус, түр орлон гүйцэтгэгч томилж, хууль зөрчсөнийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд ............ сумын Засаг дарга А.А нь А намд элс, элсэхгүй бол томилж батламжлахгүй гэж удаа дараа шахалт үзүүлж, батламжлаагүй бөгөөд хууль бусаар түр орлон гүйцэтгэгч томилж ажиллуулж байна гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт зааснаар дээд шатны Засаг дарга буюу сумын Засаг даргын заагдсан эрхийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ............ багийн ИНХ-д сонгогдон гарсан нэр дэвшигч Н.Б-г томилохоос татгалзсан. ............ баг нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш багийн Засаг даргагүй байсан тул төрийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжуүлэх зорилгоор 2023.11.08-ны өдрийн Засаг даргын Б/56 дугаар захирамжаар Ө.Н-г ............ багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Иймд ямар нэгэн эрх зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул иргэн Н.Б-н гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэж хариу тайлбар хүргүүлэв.

Нэхэмжлэл дээр маш олон зүйлийг дурдсан байна. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Удаа дараа өөрийг нь томилохгүй байгаа мэтээр асуудал тавьж байгаад харамсаж байна. Би 2021 онд ажил авахад өмнөх Засаг дарга 4 үүрэг гүйцэтгэгч томилсон байдаг. н.Х, Д.С, н.Б, н.М гэсэн 4 хүнийг 1 жилийн дотор томилж ажиллуулсан байдаг. Миний бие тухайн үүрэг гүйцэтгэгчийг сонгууль явуулж сонгох ёстой гэдэг байдлаар иргэдийн хуралд сонгууль зарлах талаар хүсэлт тавьж, н.М гэдэг хүн ялж, багийн Засаг даргаар томилсон байдаг. Тэр хүний хууль зөрчсөн үйлдэл нь прокурор шүүхээр тогтоогдсон учраас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэр хүн намайг хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж гомдол мэдүүлж, 2 шатны шүүхээр явж хуулийн дагуу чөлөөлсөн байна гэж тэр асуудал дууссан. Ингээд 2023 оны 09 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн Хурал нь иргэдийн хурлаа зарлаж 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Н.Б гэдэг хүн сонгуульдаа ялж өргөн мэдүүлсэн байдаг. Миний бие сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хүнээс татгалзаж байна. Дахиж хурал зарлаж багийн даргаа сонгож ирүүлнэ үү гэж албан хүсэлт явуулсан боловч 11 дүгээр сар болтол багийн дарга сонгоогүй явсан учраас төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Ө.Н гэдэг хүнийг томилсон. Би ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэв.

 

9. Гуравдагч этгээд Ө.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .......... аймгийн ............ сумын ............ багийн иргэн Ө.Н миний бие нь А хоршоонд 15 жил тогтвор суурьшилтай ажилласан. ............ сумын Засаг дарга А.А намайг дуудаж ............ багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохоор санал болгож би зөвшөөрсөн. 11 дүгээр сарын 13-ны өдөр намайг томилсон. Би өөрөө тухайн ажилд орох санал тавиагүй болно гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ............ аймгийн ............ сумын ............ багийн иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт ............ багийн 117 иргэн санал өгч, үүнээс Н.Б 64 хүний санал буюу 55.1 хувь, Ю.Б 52 хүний санал буюу нийт сонгогчдын 44.8 хувийн саналыг тус тус авч 1 саналын хуудас хүчингүй болсон байна.

2. ............ аймгийн ............ сумын ............ багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.5.2 дахь заалтыг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаанд оролцсон нийт 116 иргэдээс 64 иргэн буюу 55.1 хувийн санал авсан Н.Б-г ............ багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байна.

3. Харин ............ сумын Засаг даргаас “............ багийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 07 дугаартай тогтоолоор “............ багийн Засаг даргад Н.Б-г нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай” ирүүлсэн саналаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байгаа болно. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлаа дахин зарлана уу” гэсэн 1/464 дугаар албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ............ багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн.

4. Хавтаст хэргийн материал болон хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр ............ багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаагүй бөгөөд ............ сумын Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжаар Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

5. Нэхэмжлэгч Н.Б нь ......... аймгийн ............ сумын ............ багийн Засаг даргыг хууль бус түр орлон гүйцэтгэгч томилж хууль зөрчсөнийг тогтоолгох, Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр багийн Засаг даргад нэр дэвшиж багийн иргэдийн олонхын саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас өргөн мэдүүлэхэд томилох боломжгүй гэж ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр өөр түр орлон гүйцэтгэгчээр томилсон ...намайг томилоогүйд гомдолтой байна. Бид ард түмнийхээ саналыг авч сонгуульд ялсан...” гэж маргасан.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээр нөхцөл байдалд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.1-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”,  56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар ............ багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаанд оролцсон нийт 116 иргэдээс 64 иргэн буюу 55.1 хувийн санал авсан Н.Б-г ............ багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн энэ талаар маргаагүй.

8. Харин ............ сумын Засаг дарга нь ............ багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Н.Б-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар нэр дэвшигчийг томилохоос татгалзсан.

9. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасан.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Дээд шатны засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэсэн заалт нь Засаг даргын албан тушаал улс төрийн албан тушаал болохын хувьд дээд шатны Засаг даргад “томилохоос татгалзаж болно” гэж тусгайлан сонгох боломж олгосон зохицуулалт төдийгүй дээд шатны Засаг дарга томилохоос нэг удаа татгалзаж, дараагийн удаа томилохоор хуульчилсан нь уг харилцаанд оролцогчдын аль нэгэнд “давуу эрх” олгохгүй байх, эдгээр оролцогчдын хооронд зөвшилцлийг бий болохыг зорьсноор зохицуулагдахаар байна.

11. Иймд сумын Засаг даргын тухайд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд сонголт хийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт зааснаар ............ багийн Засаг даргыг томилохоос нэг удаа татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул Н.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

12. Нэгэнт багийн Засаг даргыг томилохоос татгалзсан тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, 56.9 дэх хэсэгт зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга томилох үүрэгтэй байхаар хууль тусгайлан нарийвчлан зохицуулсан байна.

13.Хариуцагч шүүх хуралдаанд “...2023 оны 09 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн Хурал нь иргэдийн хурлаа зарлаж 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Н.Б гэдэг хүн сонгуульдаа ялж өргөн мэдүүлсэн байдаг. Миний бие сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хүнээс татгалзаж, дахиж хурал зарлаж багийн даргаа сонгож ирүүлнэ үү гэж албан хүсэлт явуулсан боловч 11 дүгээр сар болтол багийн дарга сонгоогүй явсан учраас төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Ө.Н гэдэг хүнийг томилсон...” гэсэн тайлбарыг гаргасан.

14.Захиргааны хэргийн шүүхийн зорилго болон түүний хяналтын хамрах хүрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуульчилсан. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана.

15. Н.Б-г ............ сумын ............ багийн Засаг даргыг томилохоос нэг удаа татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэсэн энэ тохиолдолд Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл Н.Б-г багийн Засаг даргад томилохоос татгалзсанаар ............ багийн иргэдийн Нийтийн Хурал багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй тохиолдолд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзлээ.

16. Захиргааны хэргийн шүүх субъектив эрхийн хяналтыг хэрэгжүүлдэг ба захиргааны шийдвэр хууль бус хэдий ч нэхэмжлэгчийн өөрт хамаарах эрхийг зөрчөөгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох объектив /ерөнхий/ эрхийн хяналтыг хэрэгжүүлэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

17. Иймд ........ аймгийн ............ сумын ............ багийн Засаг даргыг хууль бус түр орлон гүйцэтгэгчээр томилж хууль зөрчсөнийг тогтоолгох, Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-н ........... аймгийн ............ сумын ............ багийн Засаг даргыг хууль бус түр орлон гүйцэтгэгч томилж хууль зөрчсөнийг тогтоолгох, Ө.Н-г ............ багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ............ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                   

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ