| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 101/2015/0724/и |
| Дугаар | 001/ХТ2016/00794 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмалын тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/00794
Тундерклап ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00759 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Тундерклап ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын Тундерклап ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Тундерклап ХХК-д олгогдсон 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2009.11.12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Үнэгт-Уул” нэртэй газар 43989,12 гектор талбайд ашигт малтмалын хайгуул явуулах 15252Х дугаартай тусгай зөвшөөрөл, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Хонгор толгой" нэртэй газар 71236,81 гектор талбайд ашигт малтмалын хайгуул явуулах 15253Х дугаартай тусгай зөвшөөрөл, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших "Хэрсийн тал” нэртэй газар 48150.7 гектор талбайд ашигт малтмалын хайгуул явуулах 15254Х дугаартай тусгай зөвшөөрөлүүдийг тус тус авсан. Ийнхүү тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дээрээ үйл ажиллагаа явуулах явцад Ашигт Малтмалын газрын ГУУКХ-ийн даргын 2011.5.11-ний өдрийн 438 дугаартай шийдвэрээр 15254Х дугаарын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Улмаар шүүхэд хандаж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 300 дугаартай шийдвэрээр 438 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 15254Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн. Гэтэл Улсын Засгийн газрын 2011.6.08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор хайгуулын зөвшөөрөлтэй талбайн ихэнхи хэсгийг Улсын тусгай хэрэгцээнд авсан. Засгийн газрын 2011 оны 175 дугаартай Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол нь Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нийцээгүй тул Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2015.04.22-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаартай тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгоод, тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг даалгасан, мөн Тундерклап ХХК-ийн захирал Б.Ууганбаяр миний бие Монгол Улсын Засгийн газарт хандаж Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2015.4.22-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг биелүүлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөхгүй нэхэмжлэгчийн ашигт малтмал эрэх, хайх эрхийг зөрчиж, хохироосоор байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад 175 дугаартай тогтоолоор манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн аль хэсгийг Улсын тусгай хэрэгцээнд авсныг тодруулахад Ашигт малтмалын газрын 2015.8.28-ны өдрийн 6/6701 дугаартай албан бичиг болон түүний хавсралтаар Тусгай хэрэгцээнд авсан газар нь Тундерклап ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцсан болохыг тодорхойлсон. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаартай тогтоолын Тундерклап ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Тундерклап ХХК-д олгогдсон 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний хэмжээний томоохон төсөл болох Оюун толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зам тавих, гүний усны шугам хоолой татах, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих зориулалтаар 263.730 га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2011.6.08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хууль ёсны үндэслэл бүхий эрх зүйн акт бөгөөд түүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газар дээрх тогтоолыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр болно. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж, мөн Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж Засгийн газар тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрхийг хуулиар олгосон. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, Газрын тухай хуулийн 18.1.2-т заасны дагуу хуульд нийцэж гарсан, эдгээр хуулиудаар тусгайлан эрх олгосны дагуу гарсан хууль ёсны захиргааны акт болно. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар “алдаатай”, эсхүл “захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй” буюу “өөр бусад байдлаар хууль зөрчсөн” гэх үндэслэлүүд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хувьд тогтоогдохгүй байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Үнэгт-Уул”, “Хонгор толгой”, “Хэрсийн тал” нэртэй газруудыг үндэсний хэмжээний том төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болно. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2013 оны 312 дугаар тогтоолоор Тундерклап ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-15252 XV-15253, XV-15254 дүгээр тусгай зөвшөөрлийг хууль бус аргаар буюу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр олгосон тул хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тундерклап ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Засгийн газрын 2011 оны 175 дугаартай тогтоолын “Тундерклап” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Тундерклап ХХК-д олгогдсон 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн байх бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд үл хамаарах маргаан байна. Учир нь Тундерклап ХХК-ийн эзэмшиж байсан XV-15252, XV-15253, XV-15254 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлстийн даргын 2013 оны 457 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд иргэний хэргийн шүүхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэхээр хандсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, харьяаллын бус маргаан юм. Дээр дурдсан үндэслэлээр Тундерклап ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн харьяаллын бус шүүхэд гаргасан нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00759 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоос Тундерклап ХХК-ийн 15252Х, 15253Х, 15254Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь Тундерклап ХХК-д олгогдсон 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тундерклап ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээр хянан хэлэлцэгдсэн нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн Монгол Улсын Засгийн газрын 2011 опы 175 дугаар тогтоолын Тундерклап ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага бөгөөд нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдааны явцад Тундерклап ХХК-д олгогдсон 15252Х, 5253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх тухай шаардлагаа татан авсан байхад дээрх 2 шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 175 дугаар тогтоол гарахаас өмнө манай байгууллага зөвшөөрлийн газартаа ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад тус тогтоолоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байхад эрх зөрчигдөөгүй мэтээр дүгнэж байгаа нь буруу. Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 457 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоолоор манай компанийн 15252Х, 5253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгосон, ашигт малтмалын хайгуул хийх эрх дуусгавар болсноос эрх нь зөрчдөггүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 312 дугаар тогтоолоор хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийг төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах журмыг баталсан юм. Тухайн сонгон шалгаруулалт явуулах журмын 2.4 дэх хэсэгт "...Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нъ хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох..” гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу манай компани 15252Х, 5253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлд хамаарах талбайд оруулсан хөрөнгө оруулалтыг тухайн талбайн босго үнээр тогтоолгож гаргасан зардлаа авах боломжтой байхад эрх зөрчигдөөгүй, хохирол учраагүй мэтээр үзсэн нь үндэслэлгүй байна. /Монгол Улсын Засгийн газрын 2014.7.4-ний өдрийн 216 дугаар тогтоол болон сонгон шалгаруулалтын журам нь нийтэд илэрхий баримт болно./ Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 6 дугаар тогтоол болон Уул уурхайн яамны 2015 оны 6/2161 дугаар албан бичигт дурдсанаар Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгох эсхүл өөрчлөхийг зөвшөөрсөнөөс үзэхэд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа болох нь илэрхий байна. Монгол Улсын Засгийн газрын 2011.6.08-ны өдрийн 175 дугаар тогтоол хууль зөрчсөн тухайд: 1-р зүйлийн 2 дахь хэсэгт "...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн уйл ажиллагааны үндсэн зарчим мөн..." гэж заасныг мөн хуулийн 38-р зүйлийн 2 дахь хэсэгт "...Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ..." гэж заасныг мөн хуулийн 41-р зүйлийн 1 дэх хэсэгт "...Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хуулийн өмнө хариуцна..." гэж заасныг мөн хуулийн 45-р зүйлийн 1 дэх хэсэгт "...Засгийн газар хууль тогтоомжид нийлүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна..." гэж заасныг мөн хуулийн 70.1 дэх хэсэгт "...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний уйл ажиллагаа бүрнээ нийлсэн байвал зохино..." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай хуулийн 18.1.2 дахь хэсэгт зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй хэдий ч зөвхөн газрын тухай хуулийн 16.1.5-16.1,8 дахь хэсгүүдэд заасан газруудыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй байтал газрын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт нэрлэн зааснаас өөр үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан юм. Газрын тухай хуулийн 16.1.5-16.1.8 дахь хэсгүүдэд шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай; аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай зэргийг оруулсан байхад хариуцагч нь энэ хуулинд хамаарахгүй нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр ашиглаж буй талбайг тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус юм. Хариуцагчаас 2011 оны 175 дугаар тогтоолыг газрын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.13, 16.1.14- дах хэсэгт заасныг үндэслэн гарсан гэж тайлбарладаг нь үндэслэлгүй юм, Учир нь Газрын тухай хуулийн 16.1.13, 16.1.14-дэх хэсгүүд нь 2011 оны тогтоол гарснаас хойш буюу 2015.7.08-ны өдрийн хуулиар нэмэгдэж орсон хуулийн зохицуулалтууд байна. Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Засгийн газрын үйл ажиллагаа тогтоол, захирамж нь хуульд нийцсэн байх бөгөөд газрын харилцааг нарийвчлан зохицуулсан газрын тухай хуулийн 16.1.5-16.1.8 дахь хэсгүүдэд зааснаас өөрөөр газрыг тусгай хэрэгцээнд авах эрхгүй байна. Мөн Засгийн газар нэхэмжлэгчийн эзэмшилд хамаарах газрыг тусгай хэрэгцээнд авсан бол Монгол Улсын Засгийн газрын 2003.02.07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын дагуу газрыг тусгай хэрэгцээнд авах нөхцөл бүрдэж манай компанийн оруулсан хөрөнгийг буцаан өгөх ёстой байсан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Тундерклап ХХК нь 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын Тундерклап ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн хоёр шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Тундерклап ХХК нь 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх шаардлагаа татан авсныг дурдаж, нэхэмжлэлийн сүүлийн шаардлагыг хангасан бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 175 дугаартай тогтоолыг 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан, Тундерклап ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Үнэгт уул нэртэй газар ашигт малтмалын хайгуулын 15252Х , Хонгор тогой нэртэй газар 15253Х, Хэрсийн тал гэдэг газар 15254Х тусгай зөвшөөрөлтэй байсан үйл баримт нотлогджээ.
Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газарт 15252Х, 15253Х, 15254Х дугаартай лицензийн талбайн тодорхой хэсэг хамрагдсанаас зохигчдын хооронд маргаан үүссэн байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосны дотор 15252Х, 15253Х, 15254Х лиценз багтсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг давж заалдах шатны шүүх тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцсэн байна.
15252Х, 15253Х, 15254Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон нь нотлогдсон, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх асуудал хариуцагчийн чиг үүрэгт хамаарахгүй байгаа тул Тундерклап ХХК-ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ.
Тундерклап ХХК нь “...15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх...” шаардлагыг татан аваагүй /шүүх хуралдааны тэмдэглэл хх 54-56/ байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлд нийцээгүй, давж заалдах шатын шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгосон нь зөв тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тундерклап ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ