| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 141/2018/0044/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 20.16.1., 20.16.2.4., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183
Д.Д, П.Б, Б.Ц
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Д.Д, П.Б, Б.Ц нарт холбогдох 201613010071 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид, шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, О овогт Д-ийн Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих”, 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт П-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Ө овогт Б-ын Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх прокуророос Д.Д, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон Б.Ц-г цагаатгаж, прокуророос П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Д-г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, П.Б-ийг олон нийтийн амгалан тайван байдалд алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д зааснаар Д.Д-д 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлаж, Д.Д-гийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдлээ хэрэгжүүлсэн арга, бусдын эд хөрөнгөнд учирсан хохирол зэргийг нь харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилсан байдаг ба энэ нь танхайрах зөрчил болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс ялгаатай юм. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн обьект нь нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаа байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Д-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хохирогч Б.Ч-ын биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэл юм. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгах, гэмтээх, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг. Энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Гэтэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл талийгаач Б.Ч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба уг гэмтэл нь хэвлийн тус газарт хүч үйлчилсний улмаас үүсгэгдсэн болох нь шинжээчийн 2016130022, 147, 687, 884 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т.О, П.Б, Б.С нарын болон талийгаач Б.Ч амьд байхдаа ярьсан мэдүүлгээр тогтоогдсон. Дээрх баримтуудаас дүгнэхэд Д.Д нь талийгаач Б.Чойдогжамцын хэвлийн тус газар цохиж хүнд гэмтэл учруулсан ба уг гэмтлийн улмаас элэгний шарлалт, хэвлийн хөндийн цус хуралт үрэвсэл, чацархай хэсгийн үхжил, дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, хурц дутагдал гэмтлүүд үүссэн нь тайлийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болжээ. Иймд шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөхөөр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Борхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Д.Д-г 2016 онд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж, улмаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн ба шүүх үндэслэлээ тайлбарлахдаа олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулан танхайрах, Б.Ч-ын гэдэс рүү өшиглөж зодсоны улмаас хүнд гэмтэл учирсан гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорьдугаар бүлэг буюу олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хэрэг үйлдсэн болж таарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл нь нийтийн хэв журмыг хэсэг этгээд бүлэглэн зөрчиж олон нийтэд айдас, түгшүүр төрүүлж, эрүүл аюулгүй орчинд сэтгэл тайван амьдрах, зорчих, эрхийг хөндөж, олон цагаар үргэлжилсэн, нийтийн хүрээг хамарсан, тухайн болж байгаа асуудлын нийтээрээ мэдэж, зовуурт, түгшүүрт байдалд орсон нөхцөл байдлыг ойлгохоор хуульчилж өгсөн ба Д.Д-гийн үйлдэл нь танхайрах шинжтэй, тодорхой хэсэг этгээдийн хүрээнд үүссэн зөрчлийн үндсэн шинжийг агуулсан үйл баримт юм. Өөрөөр хэлбэл тухайн бус нутагт аюултай байдлыг бие болгоогүй, тухайн бус нутгийн нийт оршин суугчдыг түгшүүрт нөхцөл байдалд оруулаагүй, тодорхой тооны бие биенээ таньдаг залуучуудын хооронд болсон асуудал байдаг. Үүнийг хууль буруугаар тайлбарлан хэрэглэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хэрэгт цугларсан баримт буюу тухайн үед болсон зөрчлийн шинжтэй үйл явдалд оролцсон болон байсан хүмүүсийн мэдүүлгээс дүгнэж үзэхэд тухайн хүмүүс нь болж байгаа нөхцөл байдлаас айсан, түгшсэн, амгалан байдал нь алдагдсан зүйл огт харагддаггүй ба болсон асуудалд хамааралгүй этгээдүүдийн мэдүүлгээс үзэхэд үр хүүхдийнхээ зөрчлийг таслан зогсоох, зорилготой очсон нь илт харагддаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Мөн Д.Д-г хүний биед хүнд гэмтэл учруулсныг эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байж ял халдаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болж байхад миний үйлчлүүлэгч хаана байсан, хэнтэй юу хийж байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогддог ба тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нэг ч хүн Д.Д-г талийгаач Б.Ч-ыг зодож байхыг хараагүй, зөрчлийн шинжтэй үйл явдал төгсөх үед талийгаачийн ээж хүүгээ авах гээд ирсэн байхад талийгаачтай үг сөрсөн, толгойн тус газар нь гар хүрсэн байдаг ба үүнийгээ өөрөө ч мэдүүлдэг. Үүнээс өөр талийгаачийн гэдэс хэвлий орчимд өшиглөсөн, дэвссэн нотлох баримт хэрэгт байхгүй. Тодруулбал, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг Си Ди-д бичигдэж үлдсэн бичлэгийн агуулгаар миний үйлчлүүлэгчийг хүн зодож, хүнд гэмтэл учруулсан гэж буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал мөн. Шүүх нотлох баримтад тулгуурлан, дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргахаар хуульчилж өгсөн бөгөөд нотлох баримтгүй, зөвхөн дотоод итгэлдээ тулгуурлан шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна. Хэрэгт тухайн Си Ди-г эд мөрийн баримтаар хураан авсан байдаг ба нотлох баримтаар хураасан зүйл байхгүй, нотлох баримт болох хууль зүйн үндэслэл ч байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт нь хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримттай уялдан батлагдаж байж, нотлох баримтаар үнэлэх шийдвэр гаргадаг. Гэтэл эд мөрийн баримтыг нотлох баримт нотолно гэсэн ойлголт байхгүй, мөн нотлох баримтгүй эд мөрийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүх хурлын мэтгэлцээний үед прокурор тухайн бичлэгийг авто замын хяналтын камерын бичлэгтэй адилтгаж үзнэ гэж тайлбарласан ба үүнийг тэгж адилтгаж үзэж болохгүй. Учир нь авто замын хяналтын камер болон бусад хяналтын камерын бичлэг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг бол энэ хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бичлэг нь гэмт хэрэгт холбогдуулах зорилготой бичлэг юм. Өөрөөр хэлбэл бусад хяналтын камерыг суулгахдаа гэмт хэрэг гарна түүнийг нь бичиж авна гэсэн зорилготой байдаггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бичлэг нь үйл явдал болсны дараа гэмт хэрэгт холбогдуулах зорилгоор, тухайн бичлэгийг хийж байгаа этгээд нь эмнэлгийн ажилтан буюу тухайн хэрэгт холбогдуулан шалгах магадлалтай этгээд бөгөөд хэргийн баримтаас үзэхэд бичлэг хийх гар утас байхгүй тул өөр этгээдийн гар утсыг зорин авчирч, бичлэг хийж тухайн бичлэгт яг талийгаач ярьж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтыг дүгнэж үзвэл талийгаач бичлэг хийхээс өмнө хагалгаанд орсон, хагалгаанд ороход мэдээ алдуулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Мөн маш их өвдсөн, зовуурласан байсан гэх үйл баримт тогтоогддог ба энэ үед хүн шоокийн байдалд орж болох нөхцөлд байсан зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бичлэг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйл 1, 4 дэх хэсгийг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Д нь танхайрах явцдаа талийгаач Б.Ч-г зодож, түүний гэдэс рүү өшиглөсний улмаас Б.Ч-ын биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэж байгаа ба хэрэгт цугларсан баримтад миний үйлчлүүлэгчийг гэдэс рүү нь өшиглөсөн гэх үйл баримт ганцхан эд мөрийн баримтаар хураан авсан бичлэгт байгаа ба шүүх эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргаж байгаа нь нотлогдож байна. Шүүх хэрэг маргааныг хэн нэг этгээдийн эрх ашгийн төлөө бус зөвхөн хуульд захирагдан хуулийн хүрээнд эргэлзээгүй гэж нотлогдсон нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах ба эргэлзээтэй нотлох баримт гэрч, хохирогчийн мэдүүлгийг үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуульд огт байхгүй “танхайрсан” гэж буруутган, Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын үндсэн зарчим болох бүрэн нотлоогүй, эргэлзээ бүхий баримт үндэслэн ял халдаасан явдлыг зөвтгөн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Д.Д, П.Б, Б.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Ц-г цагаатгасан атлаа П.Б-д 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Д-г прокурорын яллах дүгнэлт үйлдсэн тухайн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нар нь хувийн таарамжгүй харьцаанаас маргасан маргаан нь үргэлжилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч П.Б-ийн амь хохирогчийн толгойд цохисон үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэсэн дүгнэлтийг хийж байна. Учир нь хэргийн зүйлчлэлийг хуульд нийцүүлэн өөрчлөх нь шүүгдэгч Д.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй, хэргийн бодит байдалд нийцэхээр байна. Амь хохирогч 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шөнө шүүгдэгч нарт зодуулж гэмтсэн гэх боловч 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сумын эмнэлэгт хандсан, 10 дугаар сарын 08-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, гэмтлийн шалтгааныг ар гэрийнхэндээ хэлэлгүй нуун дарагдуулсны улмаас зөв бүрэн оношлох боломжийг багасгаж, зохих эмчилгээг оройтуулж хийлгэсэн нь талийгаачийн биеийн байдлыг хүндрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн няцрал, задрал гэмтлийг Д.Д учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй болох нь бусад нотлох баримтуудаар батлагджээ. Шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид, шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Д, П.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Д.Д, Б.Ц нарыг 2016 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Н.Чулуунбаатарын хоолойг боож, зодож хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж танхайрсан,
шүүгдэгч Д.Д, П.Б нарыг 2016 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Б.Ч-ыг зодож танхайрсны улмаас түүний нойр булчирхайн няцрал бүхий хүнд хохирол учруулж, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр хэргийн зүйлчлэлийг үндсэнд нь хэвээр үлдээн эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Прокурор болон хоёр шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан агуулгыг буруу ойлгож хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд явцаараа хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох гарцаагүй урьдач нөхцөл болсон байна.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг зорилго болговоос хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин дээрэмдэх, устгах болон бусад байдлаар эд хөрөнгөд хохирол санаатай учруулж үйлдвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2-т зааснаар хүндрүүлэн үзэх бөгөөд өмчийн эсрэг гэмт хэргээр давхардуулан зүйлчлэх шаардлагагүй юм.
Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу нэг гэмт хэрэгт ял шийтгэх үндэслэл болно.
2002 оны Эрүүгийн хуульд танхайрах явцад хүний амь насыг хохироосон тохиолдолд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж, ял шийтгэхээр зохицуулсныг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд танхайн сэдэлтээр гэх хүндрүүлэх шинжийг халснаас гадна уг хэргийг үр дагавраар нь “хүнийг алах”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэж хоёр салгаж зүйлчлэхээр хуульчилжээ.
Шүүх Д.Д нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцэхдээ Д.Д, П.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин Б.Ч-г зодож хүнд гэмтээж улмаар хохирогч нас барсан нь түүнд шууд чиглэсэн үйлдэл хийж уг үр дагаврыг зориуд хүссэний үр дүнд бий болсон, эсхүл тэдгээрийн танхайрах үйл ажиллагааны улмаас бий болсон нөхцөл байдал нь хохирогчийн амь нас хохироход хүргэсэн аль шинжид хамаарахыг тодорхойлж зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай байна.
Мөн Б.Ч-ын амь нас хохироход хугацаа алдаж эмнэлэгт хандсан, гэмтлийн шалтгааныг нуун дарагдуулсан нь хэрхэн нөлөөлсөн талаар дүгнэлт хийж хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдахыг анхаарч хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.
Иймд хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид, шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Д, П.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон Д.Д, П.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, хохирогч нарын өмгөөлөгч О.Должиндэмид, шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Борхүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч П.Б- Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН