Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0252/з |
Дугаар | 221/МА2017/0619 |
Огноо | 2017-08-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0619
2017 оны 08 сарын 30 өдөр Дугаар 221/МА2017/0619 Улаанбаатар хот
“Т.в” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т.в” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.в” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баян сумын нутагт орших ... га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т.в” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор хандсан ба хариуцагчийн зүгээс энэхүү эс үйлдэхүйгээ орон нутгаас буюу Төв аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжихгүй санал ирүүлсэнтэй холбож тайлбарладаг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг шаардлага хангасан хуулийн этгээдэд олгох онцгой бүрэн эрх, нөгөө талаараа үүргийг төрийн захиргааны байгууллагад оноосон ба аймгийн Засаг даргын саналаас болж энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 болон 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь тодорхой хугацаанд нутаг оронд нь тусгай зөвшөөрөл олгох асуудалд “дэмжих” эсхүл “дэмжихгүй” санал ирүүлэх бөгөөд хуульд заасан “дэмжихгүй” санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага түүнийг хүлээн авах журамтай. Үүнийг Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой тайлбарласан. Цаашлаад Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Дотоод заавар батлах тухай” тушаалд энэ талаар зохицуулсан ба хуульд заасан үндэслэлгүйгээр орон нутгаас “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгохоор зохицуулжээ.
Гэвч анхан шатны шүүх аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь захиргааны акт, нэхэмжлэгч нь энэхүү Төв аймгийн Засаг даргын Ашигт малтмалын газарт явуулсан саналыг Төв аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд хандаж, хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох ёстой, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх энэхүү саналын хуульд нийцсэн эсэхийг хянахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл хүссэн тул эрх ашиг сонирхол нь тусгай зөвшөөрөл олгогдох эсэх дээр хөндөгдөнө. Анхан шатны шүүхийн логикоор бол аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгох гэж шүүхэд хандах ёстой, магадгүй цаашлаад аймгийн Засаг дарга нь “Би зөвхөн сумаас ирсэн саналыг л явуулсан” гэвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал дээр нэхэмжлэл гаргах ёстой болох нь.
Нэхэмжлэгч зүгээс Төв аймгийн Засаг даргын саналыг биш, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан болно.
Цаашлаад анхан шатны шүүхээс хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохгүй асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзсэн ба тус 11.1.6 дахь заалт нь “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих” гэсэн зохицуулалттай. Үүнд тусгай зөвшөөрөл олгох, олгохгүйтэй холбоотой ямар ч агуулгагүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч болсны дараах үйл ажиллагаанд хяналт тавих талаар зохицуулжээ. Ямар шалтгаанаар дээр дурдсан заалтын дагуу хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь зөв гэж үзсэн нь үнэхээр ойлгомжгүй бөгөөд шүүх хэрэг маргааныг тал бүрээс нь асуудалгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “Т.в” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баян сумын Баян нэртэй газар ... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн ... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дотоод хяналтын хуудаст бүртгэгдсэн байна.
Улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, ... өргөдлийн дагуу Ашигт малтмалын газраас Төв аймгийн Баян сумын Баян нэртэй ... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний 6/9160 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.
Харин Төв аймгийн Засаг дарга Баян нэртэй ... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг “дэмжихгүй” талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасантай нийцжээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэснийг аймгийн Засаг дарга зөрчөөгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Нэгэнт, Төв аймгийн Засаг даргаас Баян нэртэй ... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлснээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т.в” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тиймээс “Т.в” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа гэх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР