Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2023/00849

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2023/00849

Хөвсгөл аймаг

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: 11,070,830 (арван нэгэн сая далан мянга найман зуун гуч) төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мягмарсүрэн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.У ,

Хариуцагч: Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********** 2022 оны 7 дугаар сарын 22-нд өөрийнх нь хүсэлтээр *********хүнсний дэлгүүртээ худалдагчаар авч ажиллуулсан. 2 сар ажиллуулсны эцэст 10 дугаар сарын 02-нд тооллого хийж тооцоогоо шахаж үзтэл 9,863,567 төгрөг дутсан. Түүнээс 2 сарын цалин болох 1 сая төгрөгийг хасаад 8,593,567 төгрөг үлдсэн. ******** нь ажиллаж байх хугацаандаа нэлээд олон хүнд зээл өгсөн байсан бөгөөд 1,688,850 төгрөгийг хүмүүсээс авч өгч хасуулаад үлдэгдэл нь 7,264,717 төгрөг үлдсэн. Тэгээд сар ч болоогүй дэлгүүрээ өөр хүнд хүлээлгэн өгөх тооллого 10 дугаар сарын 28-нд хийсэн. Гэтэл энэ хугацаанд дахин 3,806,113 төгрөг дутаасан. Энэ бүх асуудалд тайлбар өгөхгүйгээс гадна тооцоо тооллогоо бодож өгөхгүй худлаа үнэн ярьж ямар нэг шалтаг шалтгаан хэлж өдөр хоног өнгөрөөж дутаасан мөнгө төгрөгөө төлнө гэсэн ямар ч сэтгэлгүй огт тоосон шинжгүй өдий хүрлээ. Одоо хоёр удаагийн тооллогоос дутсан бүгд 11,070,830 төгрөгийн барагдуулж өгнө үү. Уг *************** нь манай дэлгүүрт худалдагчаар 3 сар 6 хоног ажиллахдаа эхнээсээ санаатай өөртөө болон гэр орон доо эд зүйлс тавилга нэлээд авсныг бид мэдэж байгаа.

Иймд 11,070,830 төгрөгийг ************ гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** бол гарсан орсноо сайн тооцож чадахгүй байна гэж бодож байгаа.Тэрнээс хүлээлгэж өгсөн юмыг өөр хүн авахгүй чи өөр хүн зогсоогоогүй авсан өгсөн баримт бүх юм он сартай гарын үсэгтэй байгаа тооллогоо хоёр талаас тулгаад гарын үсэг зурсан байгаа. Чи гэртээ нэлээн их юм хийсэн гадаа хөндлөнгийн хүний нүдээр харж байхад засвар хийсэн, машин авсан гэрчлэх хүн байгаа. Гарсан орсон хэрэглэсэн юм аа бичиж тэмдэглэхгүй би аваагүй гээд байгаа. Би хөндлөнгөөс хараад орлого аваад гарч байхад чи ярьж байсан. Нэг цагийн өмнө хаагаад яваад ирье гээд 500,000 төгрөг авсан. Байшингаа засварлаж дулаалах гэж байгаа гээд дулаалгын материал 2 боодол, хадаас 3 кг гэх мэт зүйлүүд 1,215,515 төгрөгийн бараа материалыг бэлэн мөнгөөр өөрөө худалдаж авч байсан. Цахилгааны утас 25 метр, дагалдагч 13 ширхэг, хар нэг сантиметрийн шруп 1 хайрцаг, разетик 3 ширхэг, фотрон 2 ширхэг, унтраалга 2 ширхгийг карт уншуулж авч байсан посын баримт нь байгаа. Хоёр удаагийн тооллогоор эхнийхээс 9,800,000 гаран мөнгө дутаад түүнээс нь цалингаа хасаад 8 сая гран төгрөг үлдээд тэрнээс 1,688,850 төгрөгийг өөрөө зээл өгсөн хүмүүсээс авч хасуулсан үлдэгдэл нь үлдсэн байгаа. 28-ны өдөр хоёр дахь тооллого тоолсон үүнээс 3,806,113 төгрөг дутсан сүүлийн 6 хоногийн би 10 аад хоноогүй 22-нд тоолоод 28-нд хүлээж авахад ийм зүйл болсон. Өр ширээ төлөх болов уу гэж бодохоор би аваагүй би мэдэхгүй гэж урдаас тайлбар өгч байгаа болохоор шүүх цагдаагаар ажлаа үрээд явж байна. Өөрөө гарсан барьсан тооцоогоо бичиж байх шаардлагатай. Одоо мэдэхгүй би яаж мэдэхийн гэсэн байртай байгаа. Чи хүүхдээ аваад хот явсан дор хаяж 300,400 мянга гарч байгаа. Ямар ч тооцоо баримт байхгүй өөр хэлэх зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш 277,000 төгрөгийн тооцоо хийгдсэн. Ийм болохоор 10,793,830 төгрөгийг хариуцагчаас гаргуулмаар байна гэв.

Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ********* нь тус аймгийн Хатгал тосгонд нисэх 504 тоотод өөрийн төрсөн охин ******** байшинд 5-8 насны 2 зээ охин, өөрийн охин 13 настай ******** нарын хамт амьдарч амьдарч байна. Би **********-д шууданч ажилд орсон. Энэ байгууллага маань үндсэн цалин гэж өгдөггүй зөвхөн НДаатгал төлдөг. Миний тэтгэврийн нас дөхөж буй учир НД төлүүлэх зорилготой ажилд орсон. Энэ ажил маань албан бичиг, карт илгээмж зэрэг зэргийг хүргэж авах явдал ихтэй байсан болохоор нь холбооны салбарын хажууд байрлах ******** хүнсний дэлгүүрийн эзэн **********санал тавьж ажлаа давхар хийх зорилготой ****** эхлэн ажиллаж эхэлсэн. Энд ажиллаж эхэлсэн өдрөөсөө өдөр бүрийн мөнгөн орлогоо оройдоо тушааж, пос машины нэгтгэлээ нэгтгэн цуглуулаад явдаг байсан. 10 дугаар сарын 02-нд тооллого хийж надад 9,863,567 төгрөг дутлаа гэж ********* хэлсэн. Би маш их цочирдож яагаад вэ ингэх учиргүй гэтэл хүний мөнгө идсэн байна, чи мөнгө идэх гэж зориуд орсон, би чамд камер тавиагүй гэж орилж, хашгирч хүн байх аргагүй болсон. Энэ үед битгий уурлаач би бие муутай чиний уурлаж, хашгирахыг дийлэхгүйнэ, ярилцъя гэхэд ойлгоогүй. (Жич: камер гэдэг нь ажил авахад минь хананд өлгөөтэй камерууд байсныг эзэн Батбилэг нь тооллого болж дутагдал гарлаа гэдэг өдөр бүгдийг тайлж авсан). Ингээд би ажиллаж чадахгүй юм байна, ажлаа өгье гэтэл хүн олдохгүй байна гэсээр 10 дугаар сарын 28-нд иргэн Навчаад тоолж хүлээлгэн өгсөн. Гэтэл 26 хоногийн дотор дахин 3,806,113 төгрөг дутсан гэж хэлсэн. Би гайхаж ийм байх учиргүй урьд нь өр гарсан байхад ахиад ийм гарах ёсгүй гэдгийг хэлтэл мөн л элий балай гичий минь хүний мөнгө идсэн байна гэх зэргээр орилж хашгирч байсан. Би зүрх өвдөөд гараад л явсан. (Учир нь би тал харвалт өгч тахир дутуугийн группд байдаг зүрх өвдөж, даралт ихэсдэг учир уурлаж чаддагүй ба болдоггүй юмаа).

Би энэ хүмүүсийн бодсон хэлсэн шиг эндээс мөнгө идэж өрөнд оръё гэж санаатай ороогүй. Намайг ажиллаж байх хугацаанд үйлчлүүлэгчид нэмэгдэж орлого ч нэмэгдэж байсан учир ******** барааныхаа төрөл тоог нэмье гэж санал тавьж байсан ч удаатай. Мөн энэ дэлгүүрт зөвхөн худалдагч хийгээд зогсохгүй, хагархай цонх, цоорхой хулдаас наах, шиллэх, хана шалны завсар орсон олон жилийн хог шороог ухаж цэвэрлэх эвдэрсэн лангуу засах зэрэг өөрийн чадах зүйлсийг сэтгэлээсээ хийж байсан. Иргэн *****, ********нар нь өөрийн том ачааны машинд аймгийн төвөөс тавилга ачиж ирсэнг манай мөнгөөр авлаа гэж хардаж уурлахдаа ч хэлж, цагдаагийн болон шүүхийн өргөдөл дээр ч бичсэн байна. Үүнийг тайлбарлахад би **********-нд сунгуулах учиртай тул 3 хоногийн чөлөө авч группээ сунгуулаад явж байтал хамаатны эгч маань Н******* маш сайн хямдрал зарласан байна гэхээр нь очиж үзтэл хямдрал зарлаад бас лизинг хийж байхаар нь шуудангийнхаа цалин барьцаалж хөргөгч, буйдан, стенк, угаалгын машин авсан. Урамшуулалд нь печь өгсөн. Ингээд би 3 жилийн хугацаатай, сард 181,000 төгрөг төлж байхаар гэрээ хийж авсан. Тэгээд охинтойгоо явсан болохоор Хатгал зар дээр ачаа ачуулна гэж зар тавьтал эзэн Билгээ утасдаж манай том машин Хатгал гарах гэж байна аваад ирээч гэхээр нь Нэкст дэлгүүрийн хүргэлтийн машинаар хүргүүлсэн. Тэгээд Хатгалд ирэхээр нь 60,000 төгрөг төлж тавилгаа авсан.

Ингээд сунгуулсан группээ зээлж аваад амьдарч буй байшингаа доторлохоор (энэ байшин нь миний ээж 30 гаруй жил амьдарсан хуучин байшин юм) өөрийнх нь ********дэлгүүрээс ********** нарт хэлж гуйж байгаад доторлогоо, дулаалга гэрлийн мантаж хийх эд зүйлс хадаас зэрэг бүх зүйлсээ хямдруулан авч хэрэглэсэн. Ирэх жил охины хүүхэд 1-р ангид орох тул энэ байшиндаа орно. Би энэ өвөлжин сэтгэл санааны хямралтай биеийн байдал тааруу өвөлжөөд охинтойгоо ярилцсаны эцэст хашаагаа таллаж зараад өр ширнээсээ салъя гэсэн зорилгоор зар тавьж зарахаар болж байгаа. Миний эрүүл мэнд сайнгүй учир би шүүх цагдаагаар явах боломж муутай байна. Ингээд шүүхийн өгсөн хугацаанд Мягмарсүрэнтэй уулзаж ярилцаж тохиролцохоор очоод учир явдлаа хэлэхэд мөн л луйварчин, хулгайч хөгшин авгай миний дэлгүүрээс зайл гэсэн зүйлс хэлж, хэл амаар доромжлон хашгирч орилж хөөсөн. Тэгэхээр нь би хуулийн хугацаанд би чамтай ярилцахаар ирлээ шүү, гэдгээ хөөгдөөд гарсан. Би бодохдоо ийм их өр гарна гэж ойлгохгүй байна. Урьд нь дэлгүүрт ажиллаж байгаагүй, туршлага муутай ч гэсэн ийм өр гарах боломжгүй юм. Ядаж ярилцаж хэлэлцдэг бол ийм зүйл дээр алджээ, тэгжээ, ингэжээ гэж хэн хэнийхээ алдааг олоод учир зүйгээр яримаар байх юм. Бид чинь нэг нутагт төрж, өсөж нэг сургууль, нэг үед сурч байсан хүмүүс шүү дээ. Хэн хэндээ муу санаж баймааргүй байна. Ер нь цагдаагийн өргөдөл, шүүхийн нэхэмжлэх зэрэгт намайг худал гүтгэж миний эргэн тойрны хүмүүсийг хамруулан гүтгэж, сайн санаж санамсаргүй хэлсэн үгийг минь ашиглан нэр хүндийг минь унагаахыг оролдож энэ их өрөнд намайг гүтгэж байна. Нэгэнт ярилцаж ойлголцож чадахгүй байгаа болохоор би ийм дүгнэлтэд хүрлээ. Жич: дэлгүүрээс авсан лизингийн гэрээ тахир дутуугийн группээ зээлээд авсан зүйлсээ хавсаргав гэжээ.

Хариуцагч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 7 дугаар сарын 23-аас эхлээд ********* ярьж байгаад дэлгүүрт ажилд орсон хоёр сар тооллого хийгээгүй явж байсан. Би өдөр өдөрт нь орлогоо өгөөд гарын үсгээ зураад явж байсан. 8 дугаар сарын 23-ны өдөр би группээ сунгуулдаг 2,3 өдрийн чөлөө аваад Мөрөн орсон. ********** хямдрал зарлаж лизингээр өгч байгаа юм байна миний дүү авах юм байвал аваач гэж манай эгч хэлсэн тэгээд би лизингээр авсан одоо би сар болгон 180,000 хэдэн зуун төгрөг төлөөд явж байгаа. Би жижиг охинтой явсан яаж авч явах уу гээд охиноо Хатгал дээр зар тавьчих гэсэн Билгээ орж ирээд хүүе чи юу ачих нь уу яах нь уу гэхээр нь би ингэлээ гэсэн манай бараа ачсан машин байгаа ачуул гэсэн. Хатгалд очоод би дэлгүүрийнх нь үүдэн дээр дүүгээ дуудаж байгаа дүүгээрээ ачуулсан энийг бол Мийгаа манай мөнгөөр авсан гэж хардаж байгаа. 8 дугаар сарын 23-нд группээ бүтнээр нь зээл авсан. Би нэгэнт дэлгүүрт ажиллаж байгаа ******** надад ********** мянган төгрөгийн эхний цалингаа авсан. Би тэтгэвэр ээ зээлж авангуутаа найз нь чамаас талхны мөнгө хороож байгаа юм чинь энэ мөнгөөрөө байшингаа дулаалъя гэж хэлсэн. Манай байшин 30 гаруй жил ээж маань амьдарсан шавар байшин хүйтэн байдаг миний охинд өгсөн байшин. Би энэ хоёроос хэдэн төгрөг татаад өгөөч гэж гуйгаад бүх юм аа өөрийнхөө картыг уншуулаад авсан. Би тэтгэврийн зээлтэй байж байгаад сая 23-ны өдөр сунгуулсан. Машины тал дээр амьдарч байсан нөхрийн маань хамаатны ах миний хүү одоо явган нүцгэн явахын ах нь приус 20 оо өгье хүүд маань байж байгаад ирсэн юм чи надаа боломжоороо 500,000 мянган төгрөг өгнө биз дээ гэсэн. Тэгээд засвартай болохоор би явуулж чадахгүй хуучин нөхөртөө өгсөн тэр байгаа. Одоо машин ярьж байгаа бол би банкнаас хавар 6 сая төгрөгийн зээл аваад төлж байгаа. Энэ дэлгүүрээс би ингээд аваад идсэн шүү гэх зүйл надад байхгүй. Маш олон зүйлд хардаж доромжилж байгаа. Очоод уулзах гэхээр чи юу юм бузар луйварчин авгай гээд доромжлоод ярилцах боломж олгодоггүй. Би эдний дэлгүүрт үнэн сэтгэлээсээ ажилсан. Өчнөөн жил хагарсан байсан цонхны янзалсан би өөрөө мод чирч авчраад шалны хулдааг нь хүртэл наасан. Намайг байх хугацаанд эдний дэлгүүрийн орлого хүртэл нэмэгдсэн Мийгаа ч өөрөө хэлж байсан. Баяр ёслолын үед 1,900,000 хүргэж байсан өөрөө мэдэж байгаа. Тооллогоо тулгая гэж надаа хэлж гарын үсэг зуруулсан боохоос чи өртэй байна гэж надаа хэлээгүй гарын үсэг зурсны дараа өртэй байна гэж хэлсэн. Чи өртэй гэж надаа хэлээгүй. Би 500,000 мянган төгрөгөөс өөр цалин аваагүй өрөнд чинь суулгалаа гэсэн өөр зүйл аваагүй . Би сэтгэлээсээ ажилласан Хатгалын ард түмэн мэднэ гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож дэлгүүртэй ажиллуулсан. Анх дэлгүүрт ажиллуулахдаа 14,791,780 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээлгэж өгсөн. Ажиллуулж эхэлснээс хойш нэмэлт барааг өгсөн энэ нь 81,337,395 төгрөгийн үнэ бүхий бараа нэмж өгсөн. Тэд нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болж дараагийн худалдагчид барааг шилжүүлж өгсөн. Барааг шилжүүлэн өгөхдөө нэхэмжлэгч, хариуцагч, худалдагч нар аль аль нь хамт тоолоод нийтдээ 21,283,337 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл бараа тооцуулж өгсөн. Бүх баримт дээр хариуцагч тооцоо нийлж гарын үсэг зурсан. Эхний тооллогоор 28,634,950 бэлэн орлого, пос машины орлого 29,584,508 тушаасан үүнтэй маргаан байхгүй. Бусдад гаргасан өр, дэлгүүрийн эзний өр 2,659,600 төгрөгийн орлого үүн дээр нэмэгдэнэ. Бусдад өр өгснөө авч өгсөн 1,680,850 төгрөг энэ өрнүүдийг тооцооллоор тооцогдож байгаад сүүлд цалин хассан 910,000 төгрөг мөн 299,100 төгрөг хасаж тооцоод мөн 277,000 хасаж тооцоод, 10,793,830 төгрөгийн өр үлдэж байгаа. Уг өрийг гаргуулж авах хүсэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч хөдөлмөрийн харилцаа үүссэн ажиллаж олгогч ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээ бичгээр үйлдээгүй ч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр энэ хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа үүн дээр бол хариуцагч маргаагүй. Нүүр тулан амаар гаргасан санал тэр даруй зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулсан гэх үндэслэлтэй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, үгүйсгэх татгалзах үндэслэл түүнтэй холбогдох баримтаа өөрөө нотлох үүрэгтэй гэвч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа ч үүнтэй холбоотой нотлох баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 10,793,830 төгрөгийг хариуцагч ********* гаргаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Түмэндэмбэрэл би хариуцагч ************ хууль зүйн туслалцаа үзүүлж өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллуулсан ингэхдээ Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бусад хөлсөөр ажиллах гэрээний төрлийн гэрээ хийгдээгүй байдаг. Амаар тохирч худалдагчаар авч ажилсуулсан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бол 11,780,830 төлүүлнэ гэсэн шаардлага гаргасан байгаа. Энэ өдөр тутмын зарагдсан жижиглэнгийн барааны орлогыг хүлээн авахдаа нэр төрлөөр гаргаж тооцоо хийж байгаагүй байна. Тооллого хийсэн баримт нь нотлох баримтын хувьд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Тооцоо тооллого хийхэд албан ёсны акт үйлддэг хоёр тал гарын үсэг зуралцаад ямар нэр төрөл дутсан тоо ширхэг бүрээр нь үнийг гаргасан байдаг ийм учир нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт шаардлага хангахгүй байна гэж би үзэж байна. Бямбааг хэдэн төгрөгийн барааг дутагдуулсаныг албан ёсоор мэдэгдсэн юм байхгүй зүгээр баримт дээр гарын үсэг зуруулсан байдаг. Анхны тооллогоор хэдэн төгрөгийн бараа дутсаныг мэдсэн бол Бямбаа үргэлжлүүлээд ахиж өр төлбөрт орохоос урьдчилан сэргийлж больё гэж хэлэх байсан байх. Үүнийг мэдээгүй ажилласнаас болоод нэмж төлбөрт орж хохирсон байдаг үүссэн байгаа. Дутагдуулсан гэх барааны нэг төрлөөр, тоо ширхэгээр, нэр бүрийн үнэ тодорхойгүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бол дурдах ёстой байсан үүнийг дурдаагүй үүнийг бол мөнгөн илэрхийллээр шаардлага тавьсан байгаа. Шүүх бол шүүхийн шатанд 2-ч удаа хуралдаан дээр нэг бүрчилсэн хэрэгт авагдсан падаан баримт дээр тулгуурлаж тулгалт хийлээ үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа яг одоо болсон байдал үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж гэж байгаа уг нь бол татварын байгууллагад бүртгүүлсэн архи худалдаалдаг тусгай зөвшөөрөлтэй үүний тайлан баримтыг улирлаар татварын байгууллагад гаргаж өгдөг байх тэр баримт материалаа албан ёсоор гаргаж өгөөгүй учир энэ асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Орлогын мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн мэтээр гүтгэсэн байсан. Бямбаа нь ахуйн хэрэглээний цахилгаан бараа угаалгын машин, гэрийн тавилга 4,299,600 төгрөгийг өөрөө барьцааны зээлээр авсан баримт хэрэгт авагдсан байгаа орлогын өнгөнөөс авсан гэх үндэслэл байхгүй. Өдөр бүрийн барааны борлуулалтын мөнгийг өдөр өдөрт нь тушаасан байдаг. Бараа материал ямар замаар дутсан байдаг нь нөгөөтэйгүүр дэлгүүртээ хяналтын камер байхгүй. Хэрэв одоо тэр манаач юм уу, дэлгүүрийн түлхүүр зөвхөн эзэнд нь өөрт нь байдаг гээд байгаа ийм учир өөрөө ажлын бус цагаар ороод бараа материал зөөгөөд явчих ийм нөхцөл бололцоо бол байхгүй байгаа. Ийм нөхцөл үүсэн нь камер тавиагүй дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой юм аа гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд шүүхийн шийдвэрт Бямбаагийн бараа үйлчилгээ явуулж байх хугацаандаа дутагдуулсан зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа ийм их хэмжээний дутагдуулсан гэдгийг бол өөрт нь хүндрэлтэй байгаа үүнийг авч идэж уугаагүй хэн ч байсан 3 сар гаран хугацаанд ажиллахад 10 сая гарна гэж байхгүй. Ороод 2 сар ажиллахад 7 сая дутчихаад дараа нь тооллого хийхэд 3 сая дутсан гэдэг чинь ажил олгогчийн хувьд ч анхаарал татаад энэ бараа яасан шалгуулдаг газар нь шалгуулна гэхгүйгээр үргэлжлүүлж ажиллуулаад улам аваачиж төлбөрт оруулсан. Бямбаад бол сэтгэл санааны байдалд хүндрэл учирсан байна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч, хариуцагч өмгөөлөгч нарыг байцуулаад баримтад дээр тулгалт хийсэн баримт дээр тулгуурлаж шүүх зохих баримтад тулгуурлаж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс ******** иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ********** тамга бүхий, гараар бичсэн 3 хуудас тооцооны баримтын хуулбар, нэхэмжлэгчийн гараар бичиж өгсөн тооцооллын баримтын эх хувь, дэлгүүрийн зарлагын хуудас 180 ширхэг, пос машины хуулга гэх 9 хуудас баримт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******** нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь ************* түүний эзэмшлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа дутагдуулсан барааны төлбөр 11,070,830 (арван нэгэн сая далан мянга найман зуун гуч) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 277,000 төгрөгийг төлсөн учир үүнийг хасаж ***********төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг ******** дэлгүүрийг манайх ажиллуулдаг. Хариуцагч ***********ярьж тохироод түүнийг сарын 500,000 төгрөгийн хөлстэйгээр дэлгүүртэй худалдагчаар ажиллуулсан. Энэ хугацаа нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Энэ хугацаанд хоёр удаагийн тооллогыг хийсэн. Эхнийхээс 9,800,000 гаран мөнгө дутаад түүнээс нь цалингийн хасаад 8,593,567 үлдээд тэрнээс 1,688,850 төгрөгийг өөрөө зээл өгсөн хүмүүсээс авч хасуулсан үлдэгдэл нь үлдсэн байгаа. Дараагийнх нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь тооллого тоолсон үүнээс 3,806,113 төгрөг дутсан. Бямбаад үлдэгдэл барааг зарлагын падаанаар хүлээлгэж өгсөн. Тэгээд явц дундаа мөн зарлагын падаанаар нэмж барааг хүлээлгэж өгч байсан. Үлдэгдэл барааг мөн падаанаар Бямбаагаас хүлээн авсан. Энэ хугацаанд дэлгүүрийн бүх түлхүүр Б****************байсан. Б************ өөр хүн дэлгүүрт ажиллаагүй. Энэ хугацаанд мөн дэлгүүрт хулгай ороогүй, дэлгүүрээс ямар нэгэн байдлаар юм алдагдаагүй. Зарагдсан барааны үнийг нэр төрлөөр биш зөвхөн мөнгөөр өдөр өдөрт нь бидэнд өгч байсан. Пос машин уншуулж гүйлгээ хийснийг Бямбаа бид хоёр мөн тулгасан байгаа юм гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Улз нэртэй дэлгүүрт ******** эхлээд *********** ярьж байгаад дэлгүүрт нэг сарын 500,000 төгрөгийн хөлстэйгээр худалдагчаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд хоёр удаа тооллого хийсэн. Би өдөр өдөрт нь орлогоо өгөөд гарын үсгээ зураад явж байсан. Би 500,000 мянган төгрөгөөс өөр цалин аваагүй өрөнд чинь суулгалаа гэсэн өөр зүйл аваагүй . Би сэтгэлээсээ ажилласан Хатгалын ард түмэн мэднэ. Тооллогоор тулгасан баримтууд бид хоёрынх яг тохирч байгаа маргах зүйлгүй. Гэхдээ би яагаад ингэж дутаад байгааг ойлгохгүй байна. Ажлыг хүлээж авахдаа падаанаар бүх барааг хүлээж авсан. Энэ нь яг тохирч байгаа. Падааныг хоёр хувь үйлдээд нэг нь надад үлдсэн. Явц дунд мөн надад бараа хүлээлгэж өгөхдөө мөн падаанаар өгсөн. Мөн надад үлдсэн хувьтай тохирч байгаа. Үлдэгдэл барааг мөн падаанаар авсан. Миний орлого өгсөн мөнгө посын гүйлгээ мөн нэхэмжлэгчтэй хийсэн тооцоотой тохирч байгаа яагаад ингэж дутаад байгааг би ойлгохгүй байна. Би авч идээгүй. Намайг эд нар хардаад байгаа юм. Би яахав алдаа дутагдал гаргасан байж магадгүй. Ядаж талыг нь төлье л гэж бодож байна... Ёстой ийм гарах учиргүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 165 хуудас зарлагын хуудас, орлогын баримт гэх 3 ширхэг дэвтэр, нэхэмжлэгчийн гараар бичиж өгсөн тооцооллын баримтын эх хувь (хх-ийн 42-43 дугаар хуудас), хавтаст хэрэгт авагдсан дэлгүүрийн зарлагын хуудас 180 ширхэг, пос машины хуулга 9 хуудас баримтаар доорх үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч ********, хариуцагч ********** сарын 500,000 төгрөгийн хөлстэйгээр өөрийн Улз нэртэй хүнсий дэлгүүрт 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллуулсан.

Энэ хугацаандаа нэхэмжлэгч, түүний эхнэр ******* нар дэлгүүртэй байнга барааны эргэлтийг хийж нэмж барааг авчирч падаанаар хариуцагч ********** хүлээлгэн өгч байсан, хариуцагч ********** нь өдөр бүрийн зарагдсан барааны төлбарийг нэхэмжлэгчид шилжүүлж, дэвтэрт тэмдэглэгээ хийн харилцан падаан болон дэвтэрт гарын үсэг зуралцаж байжээ.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч өөрийн Улз нэртэй дэлгүүрт хариуцагч Бямбааг худалдагчаар ажиллуулж, түүнд хөлс болох сарын 500,000 төгрөгийг төлөх, хариуцагч Б.Бямбаа нэхэмжлэгчийн дэлгүүрт худалдагчаар ажиллан түүний дэлгүүрийн барааг зарж борлуулах, зарагдсан барааны төлбөрийг өдөр бүр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Гэвч эцсийн барааны үлдэгдэл түүнд хүлээлгэни өгсөн нийт барааны үнийн дүн, шилжүүлсэн орлого, бусдад өгсөн өр зэргийг тооцоод барааны төлбөрийг бүрэн шижлүүлээгүй тул дутагдуулсан төлбөрийг хариуцагч *********** шаардах эрхтэй.

6. Хэрэгт авагдсан зарлагын падаан гэх баримтаар нэхэмжлэгч ********* хариуцагчаас 22 баримтаар нийт 14,791,780 төгрөгийн барааг **********-ны өдөр хүлээлгэн өгсөн, *********** төгрөгийг барааг нэмж өгсөн, хариуцагч ********** дэлгүүрийн үлдэгдэл бараа болох нийт 21,283,337 төгрөгийн барааг 26 ширхэг баримтаар хүлээн авсан, нийтдээ 28,632,950 төгрөгийг хариуцагч ********** нэхэмжлэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн, пос машинаар нийт 29,584,508 төгрөгийн бараа зарагдсаны төлсөр нэхэмжлэгчийн данс руу орсон, бусдад зээлээр өгсөн барааны өр төлбөр 2,659,600 төгрөг, худалдагчийн бусдаас авах өр төлбөр 1,688,850 төгрөг болсон, хариуцагчийн цалин хөлсөнд нийт 1209,100 төгрөгийг өрнөөс нь хассан зэрэг нь баримтаар тогтоогдсон бөгөөд үүнд хариуцагч, нэхэмжлэгч хэн аль нь маргаагүй болно.

Тооцвол хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт ********** төгрөгийн барааг хүлээн авч, үүнээс 21,283,337 төгрөгийг барааг хүлээлгэн өгсөн. Хасвал нийт 75,020,741 төгрөгийн барааг зарж борлуулсан байна. Үүнээс нэхэмжлэгчид бэлнээр 28,632,950 төгрөгийг, пос машины гүйлгээгээр 29,584,508 төгрөгийг нийт 58,217,458 төгрөгийг өгсөн байна.

Хасаж тооцвол 16,803,283 төгрөгийн барааны төлбөрийн үлдэгдэлтэй байснаас нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр бусдад зээлээр өгсөн барааны төлбөр 2,659,600, худалдагчийн бусдад өгсөн өр 1,688,850 нийт 4,348,450 төгрөгийг хасаж тооцоод 12,454,833 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс худалдагчийн авах ёстой цалин хөлс болох 1,209,100 төгрөгийг, мөн нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 277,000 төгрөгийг хасаж тооцоход нийт төлбөрийн үлдэгдэл 10,968,733 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь 10,793,830 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүх энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б.Бямбаагаас 10,793,830 (арван сая долоон зуун ерэн гурван мянга найман зуун гучин төгрөг)-ийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч ********** мөнгө дутах боломжгүй, яагаад дутагдал гарсныг мэдэхгүй байна гэж нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа боловч энэ үндэслэлээр түүнийг дээрх үүргээс чөлөөлөхгүй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 192,083 төгрөгийг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан дүн болох 10,793,830 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж, 187,651 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ******** 10,793,830 (арван сая долоон зуун ерэн гурван мянга найман зуун гучин төгрөг)-ийг гаргуулж, нэхэмжлэгч **** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,083 (нэг зуун ерэн хоёр мянга наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187,651 (нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА