Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/084

 

Г.Зандаръяад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнхбат /цахим сүлжээгээр/

Яллагдагчийн өмгөөлөгч М.Энхзаяа /цахим сүлжээгээр/

Яллагдагч Г.Зандаръяа /цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/955 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №08 дугаар эсэргүүцлээр Г.Зандаръяад холбогдох эрүүгийн 1716000220107 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сайн оюут овогт Гонгорын Зандаръяа, ....... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /ДЕ93050917/

Г.Зандаръяа нь “...2017 оны 7 дугаар сарын 22-ноос 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Г.Жаргалсайханыг хуурч мэхлэн 800.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн иргэн Я.Энхжаргалд 40 тонны контейнэр зарна гэж хуурч мэхлэн 1.900.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.Батбилэгт приус-20 маркийн автомашин зарна гэж хуурч мэхлэн 2.500.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Ч.Нямдоржийг хуурч мэхлэн, 400.000 төгрөг залилан авсан..."

“...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн иргэн Б.Сувдмаад ишиг зарна гэж хуурч мэхлэн 350.000 төгрөг залилан авсан..."

“...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн группт 50 ишиг, 20 ямаа, 10 хонь яаралтай зарна гэж хуурамч зар тавин иргэн Ч.Төмөрбаатарыг хуурч мэхлэн 500.000 төгрөг залилан авсан...”

“...Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан сумын иргэн Г Цоггэрэлд хашааны банз мод зарна гэж хуурч мэхлэн 470.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн иргэн Н.Гантулгад 120 тооны ишиг зарна гэж хуурч мэхлэн 450.000 төгрөг залилан авсан...”

“...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалан багийн иргэн О.Нэргүйд шонгийн мод зарна гэж хуурч мэхлэн 200.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Бат-Эрдэнэд 20 тонны контейнор зарна гэж хуурч мэхлэн, 450.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суух иргэн Г.Сайнхүүд ишиг зарна гэж хуурч мэхлэн, 150.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн иргэн Ч.Солонгод турба, паар зэрэг эд зүйл зарна гэж хуурч мэхлэн 300.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Р.Энхбаатарт эмээл, хөөрөг өгнө гэж хуурч мэхлэн, 1.600.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Б.Буянхишигт том ачааны автомашинаар банз ачиж өгнө гэж хуурч мэхлэн, 300.000 төгрөг залилан авсан..."

“...2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн иргэн Д.Амартүвшинд 70 ишиг худалдана гэж хуурч мэхлэн 700.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Г.Пүрэвдоржид даага зарна гэж хуурч мэхлэн 700.000 төгрөг залилан авсан...”

“... 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн М.Нармандахад 70 ширхэг ямаа зарна гэж хуурч мэхлэн 1.500.000 төгрөг залилан авсан..."

“...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн иргэн М.Батсүхийг хонины ноос зарна гэж хуурч мэхлэн 200.000 төгрөг залилан авсан..."

“...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, өвс зарна гэсэн худал зар тавьж, иргэн А.Өнөрбаяраас урьдчилгаа мөнгө болох 1 сая төгрөгийг залилан авсан...”

“...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, “өвс зарна” гэсэн худал зар тавьж, хохирогч Т.Батсайханаас урьдчилгаа мөнгө болох 250.000 төгрөгийг иргэн Х.Баярцэцэгийн Хаан банкны 5447053072 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар утас ашиглаж, мал худалдана, бензиний мөнгөгүй боллоо гэж худал хэлж, иргэн Н.Нямдоржоос 200.000 төгрөгийг залилж авсан...”

“...2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ноос өгнө, урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж гар утсаар худал ярьж, иргэн Б.Ариунжаргалаас тээврийн хөлс гэж 200.000 төгрөгийг залилан авсан..."

“...2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр контейнер зарна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж гар утсаар худал ярьж 1.200.000 төгрөг, контейнераа ачуулчихлаа түлшний мөнгө хэрэгтэй гэж мөн худал хэлж 1.000.000 төгрөгийг иргэн М.Баясгалангаас авч нийт 2.200.000 төгрөгийг залилж авсан..."

“...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Идэрмөнхийн гар утас руу залган Цагаанчулуут сумын мянгат малчин Буянхишиг байна, 120 хонь, 80 ямаа бойлсон юм, маргааш аймгийн төв рүү оруулаад өгье урьдчилгаа мөнгө өгчих” гэж хууран төөрөгдөлд оруулж ХААН банкны Д.Сүглэгмаагийн 5324016042 дугаартай дансаар, С.Бадам-Очирын 5007709808 дугаартай дансаар тус тус 1 сая төгрөг шилжүүлэн авч 2 сая төгрөг залилан авсан...”

“...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг Тээвэр Дархан ХХК-д лангуу түрээслэн мах худалдан борлуулдаг Б.Туяа руу 80265626 дугаарын утсаар залган өөрийгөө Бат-Очир гэж танилцуулан “маргааш хямдхан зарах мал авчирч өгнө, хүн яаралтай хагалгаанд оруулах 500.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хуурч 500.000 төгрөгийг Э.Саруулбаяраар дамжуулан Н.Өнөржаргалын дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн С.Туяагаас мах зарна гэж хуурч мэхлэн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгоно гэж иргэн О.Цэцэгбаярыг хуурч мэхлэн иргэн Д.Сэргэлэнгийн 5690006316 дугаарын дансаар урьдчилгаа мөнгө гэж 240.000 төгрөгийг залилан авсан...”

“...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80296862 дугаарын утаснаас залгаж Архангай аймгийн Хайрхан сумын мянгат малчин Дорж гэх хүн байна 100 ямааны мах өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Ш.Заяасайханаас 2.800.000 төгрөгийг Хаан банкны 5058247491, 5896167860 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан...”

“...2017 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн иргэн Ч.Мөнхтөрөөс 1.850.000 төгрөгийг залилан мэхэлж авсан...”

 “... 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын иргэн Г.Ундрахын 96447771 дугаарын утас руу 93220087 дугаараас өөрийгөө Баасансүрэн байна гэж танилцуулан чамд 100-н төлөг, 50-н ямаа, 4-н адуу өгнө гэж хуурч мэхлэн 1.350.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн иргэн Н.Болдыг хуурч 500.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн иргэн Х.Баттулгаас ямаа зарах гэсэн юм, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж итгүүлэн 3 сая төгрөгийг залилан мэхэлж авсан...”

“...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Л.Эрдэнэцэцэгийн 99261503 дугаарын утас руу 94602696 дугаарын утаснаас өөрийгөө Батбаяр байна гэж танилцуулан ноос өгнө гэж хуурч, мэхлэн 750.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын иргэн Д.Гончигсүрэнтэй утсаар ярин хуурч мэхлэн 1.500.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын иргэн Ж.Ганболдтой утсаар ярин хуурч мэхлэн 165.000 төгрөг залилан авсан...”

 “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Гүнчиншаравтай 80582158 дугаарын утаснаас залгаж 100 борлон өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 200.000 төгрөгийг иргэн А.Болормаагийн Хаан банкны 5005322563 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц.Түвшинбаярыг фейсбүүкийн “Баянхонгор нэгдсэн бүлгэм” хаяг дээр контейнер зарна гэсэн зарын дагуу Батбаяр гэх нэртэй хүнтэй холбогдож контейнер авахаар урьдчилгаа 2.500.000 төгрөгийг шипжүүлэн авч залилсан...”

“...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүкийн “Баянхонгор нэгдсэн бүлгэм” хаяг дээр мал их хэмжээгээр зарна гэсэн зарын дагуу иргэн С.Ганболдтой холбогдож мал авахаар болж С.Ганболдоос бензиний мөнгө 100.000 төгрөг, урьдчилгаа 300.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн залилсан.

“...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б.Эрхбаярын Баянхонгор аймгийн нэгдсэн зар нэртэй Фэсбүүк хаягт ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу 88820419 дугаарт холбогдож 50 тооны ишигтэй ямаа худалдаж авахаар тохиролцоод 5006614907 тоот дансанд 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан...”

“...Баянхонгор аймгийн нэгдсэн зар” нэртэй Фэсбүүк хаягт блок, цемент зарна гэж зар тавьж иргэн Э.Ууганцэцэгээс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн ..... тоотод оршин суух иргэн Х.Төмөрчөдөрт ямаа худалдахаар тохиролцон 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан...”

“...2018 оны 8 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Батсайханд ноолуур өгнө гэж хуурч мэхлэн, 500.000 төгрөг залилан авсан...” гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Г.Зандаръяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Г.Зандаръяад холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дараах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч Г.Зандаръяад Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 100 дугаартай 1716000220107 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна” гэж бичсэн атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичсэн байх бөгөөд яллах дүгнэлт зөрүүтэй яллагдагчийг аль зүйл хэсгээр яллаж байгаа нь ойлгомжгүй байна. /14 дүгээр хх-ийн 150, 153 дугаар хуудас/ Мөн Говь-Алтай аймгийн шүүх 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1916000220107 дугаартай эрүүгийн хэрэг хүлээн авсан байх тул дугаарын зөрүүг арилгах, мөн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.2-ын г-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг” хавсаргах гэсэн заалтыг хангаагүй ирүүлсэн зэрэг холбогдох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байх тул яллагдагч Г.Зандаръяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №08 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжид Г.Зандаръяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.

Нэгдүгээрт: Яллагдагч Г.Зандаръяад Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 100 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх ба яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна” гэж бичсэн байх ба 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д зааснаар бичиг техникийн алдааг засах саналаа гаргасан байна.

Гэвч шүүгчийн захирамжаар яллагдагч Г.Зандаръяаг аль зүйл хэсгээр яллаж байгаа нь ойлгомжгүй байгаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д “...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт...” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байх ба нөхөн гүйцэтгэх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар, зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар бичихээр тусгаагүй байна. Харин мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар, зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар бичихээр тусгагдсан байх бөгөөд прокурорын зүгээс яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Г.Зандаръяагийн үйлдсэн гэмт хэргүүдийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай..." гэж бичсэн байна.

Хоёрдугаарт: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Зандаръяад холбогдох эрүүгийн 1716000220107 дугаартай хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн байх ба Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 196 дугаартай захирамжаар Г.Зандаръяад холбогдох эрүүгийн 1716000220107 дугаартай хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ “...Г.Зандаръяад холбогдох эрүүгийн 1916000220107 дугаартай хэргийг шилжүүлсүгэй..." гэж хэргийн дугаарыг зөрүүтэй бичиж хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй. Дээрх алдаа нь прокурорын алдаа биш харин Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэрэг шилжүүлэх үед гаргасан алдаа гэж үзэхээр байна.

Гуравдугаарт: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.2-ын г-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний... тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг” хавсаргах гэсэн заалтыг хангаагүй ирүүлсэн гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Учир нь прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.2-ын г-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг” хавсаргаж хүргүүлсэн байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх үед Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.2-ын г-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг” хавсаргаж хүргүүлээгүй бол тус аргачлалд зааснаар шүүхийн ажилтан хэргийг хүлээж авахааргүй заасан бөгөөд шүүхийн ажилтан нь тус аргачлалын хүрээнд хэргийг хүлээн авсан.

Хэрэв Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.2-ын г-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг” хэрэгт байхгүй байгаа бол анхан шатны шүүх хуралдаанаар гаргаж өгөх бүрэн боломжтой.

Иймд Г.Зандаръяад холбогдох Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 955 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Н.Мөнхбат тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан дүгнэлтэндээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гурван зүйлийг дурдан хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг ба эдгээр нь үндэслэлгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой асуудлууд юм. Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан хэргийн дугаар зөрүүтэй бичигдсэн гэх асуудал нь Говь-Алтай аймгийн шүүхээс гаргасан алдаа тул хэргийг прокурорт буцаах үндэслэлд ч хамаарахгүй. Г.Зандаръяа нь 42 удаагийн үйлдлээр бусдад 37.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Яллагдагч Г.Зандаръяагийн өмгөөлөгч М.Энхзаяа тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. Мөн Г.Зандаръяа нь цагдан хоригдож байгаа тул түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Яллагдагч Г.Зандаръяа тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгтээ бүтэн жил гаран шалгагдаж байна, хэрэг шүүхэд шилжээд 4 сар болж байгаа бөгөөд прокуророос яллаж байгаа 42 удаагийн үйлдэлд миний мэдэхгүй, үйлдээгүй зарим нэг үйлдлийг оруулсан байгааг анхаарч үзнэ үү. 11 сар гаран цагдан хоригдож байгаа тул энэ байдлыг харгалзан үзнэ үү. Хэргээ шүүхээр хурдан шийдүүлмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Г.Зандаръяад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаж үзлээ.

Хавтаст хэргийн 14 дүгээр хавтасны 109-162 дугаар талд авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №100 дугаар яллах дүгнэлтийн “Тогтоох” хэсэгт Г.Зандаръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. /хх-ийн 14-р хавтас 153-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ...” гээд, мөн зүйлийн 3.1, 3.2-т яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” хэсэгт яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, яллагдаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг, 4.1, 4.2, 4.3-т яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр зэргийг тусгахаар хуульчлагдсан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” болон “Тогтоох” хэсэгт бичигдсэн хэргийн зүйлчлэл зөрүүтэй, аль зүйл хэсгээр яллаж байгаа нь ойлгомжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагч Г.Зандаръяад холбогдох 1716000220107 дугаартай хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүхээс хэргийг хүлээн авч “Шүүх хуралдаан даргалагч томилсон хуваарийг албажуулах тухай” 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 2019/ЕШЗ/170 дугаар шүүгчийн захирамжиндаа хэргийн дугаарыг 1916000220107 гэж зөрүүтэй бичсэн байна. /хх-ийн 14-р хавтас 170, 171-р тал/ Энэ нь хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэл болохгүй юм.

Мөн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.2-ын г-д заасан “эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл болон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтыг” хавсаргаагүй гэсэн үндэслэл зааж хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-д хамаарахгүй асуудал бөгөөд уг баримтыг прокурорын зүгээс шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй тул энэ талаар дурдсан прокурорын эсэргүүцлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн прокурорын тогтоолоор Г.Зандаръяаг 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд иргэн Г.Жаргалсайханыг хуурч мэхлэн 800.000 төгрөгийг залилан авсан гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1716000220107 дугаар хэрэг нээж яллагдагчаар татжээ. /хх-ийн 1-р хавтас 96-97-р тал/

Дээрх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоо 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр прокурорын №15 дугаар тогтоолоор “...мөрдөн байцаалтаар цугларсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Г.Зандаръяа нь залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул яллагдагчаар татах хэсгийг өөрчлөх шаардлагатай байна...” гэсэн үндэслэлээр эрүүгийн 1716000220107 хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон хүндрүүлэн өөрчилж /хх-ийн 1-р хавтас 98-р тал/ уг эрүүгийн 1716000220107 дугаар хэрэгтээ Г.Зандаръяагийн үйлдсэн гэх бусад 41 хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолууддаа өөрчлөлт оруулалгүйгээр нэгтгэсэн атлаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тодорхой бус байна. Мөн Г.Зандаръяагийн зарим үйлдэл холбогдлыг нэгтгэсэн тогтоол ч хэргийн материалд авагдаагүй байгаа болно.

Өөрөөр хэлбэл яллагдагч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргүүдэд нь тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан тухайн хэргүүдийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нэгтгэсэн тохиолдолд хөнгөн ял оногдуулж болох хэргийнх нь зүйлчлэл хүнд ял оногдуулж болох хэргийн зүйлчлэл болон өөрчлөгдөхгүй болохыг анхаарвал зохино.

Г.Зандаръяа нь зарим хохирогч нараас тодорхой хэмжээний мөнгийг 2-3 хоногийн хугацаанд цувуулан авч нийт хохирлыг учруулсан байхад яллах дүгнэлтийн Тэмдэглэх хэсэгт зөвхөн нэг л удаагийн үйлдлээр тухайн хохирлыг нь учруулсан мэтээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй буруу бичсэн, зарим үйлдэл холбогдол нь хэдийд үйлдэгдсэн талаар цаг хугацааг огт бичээгүй, тухайн гэмт хэргийнх нь товч агуулгыг бичихдээ үйлдэл холбогдлын сэдэлт зорилгыг ойлгомжгүйгээр гэм буруугийн хэлбэрийг нь тодорхой бус бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэх боломжгүй бөгөөд мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Г.Зандаръяагийн үйлдсэн гэх 42 удаагийн үйлдлийн улмаас бусдад нийт 37.755.000 төгрөгийг хохирол учирсан байхад яллах дүгнэлтэд нийт 37.655.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн нь ойлгомжгүй буюу энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй гэх үндэслэлд хамаарна.

Яллагдагчийг буруутгаж байгаа зарим үйлдэлд нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар яллагдаж байгааг бичилгүйгээр хэргийн хавтас хуудасны дугаарыг бичих байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “...ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх...” яллагдагчийн эрхийг зөрчсөн зөрчил юм.

Хохирогч М.Идэрмөнхөөс 2017 оны 12 дугаар сарын 05-нд 2.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдсэн /хх-ийн 7-р хавтас 192-193-р тал/ боловч уг тогтоолыг танилцуулан яллагдагчаар мэдүүлэг аваагүй, түүний зарим үйлдэлд нь яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэхээс өмнө яллагдагчаар мэдүүлэг авсан байгаа нь ойлгомжгүй байна.

Г.Зандаръяагийн үйлдсэн гэх зарим үйлдлүүдэд эмэгтэй хүн хамтран оролцож хохирогч нартай утсаар ярьж итгэл төрүүлж байсан талаар гэрч, хохирогч нараас тодорхой мэдүүлдэг тул тухайн үйлдлүүдэд нь хамтран оролцсон өөр этгээд байгаа эсэх, уг этгээдийг олж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь буруу байна.

Иймд энэ талаар дахин нарийвчлан шалгах нь зүйтэй.

Мөн О.Булгантамир гэх тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдийн дансаар хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын мөнгийг дамжуулан авч түүнд зохих хувиар мөнгө өгч байсан талаар Г.Зандаръяа болон О.Булгантамир нар мэдүүлсэн байгааг анхаарч цаашид тухайн хохирогч нарын хохирлыг барагдуулах үүднээс түүнийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг зайлшгүй шийдвэрлэвэл зохино.

Хохирогч Т.Батсайхан нь хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 112-113-р талд анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...5325051417 гэсэн данснаас 74.750 төгрөг шилжүүлсэн...” хэмээн мэдүүлсэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө 250.000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэж эрс зөрүүтэй /121-123-р тал/ мэдүүлсэн байхад уг мэдүүлгүүдийг зөрүүг гаргаагүй байгаа нь буруу байна.

Мөн 9 дүгээр хавтаст хэргийн 88-90-р талд Ж.Ариунбаяр, Х.Батнасан, С.Ууганбаяр гэх хүмүүс бусдад залилуулсан талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоолийн хуулбарыг хэрэгт хавсаргасан атлаа энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, тус хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн прокурорын шатанд Б.Дагвасүмбэрэл, Б.Батбаатар нарын бусдад залилуулсан гэх хэрэгт хэрхэн ямар ажиллагаа хийсэн эсэх нь тодорхой бус байхад тусгаарласан нь ойлгомжгүй, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд оролцсон хөндлөнгийн гэрч нараар гарын үсэг зуруулалгүй орхигдуулсан зэрэг нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан гэж үзвэл хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулах боломж, нөхцлийг бүрдүүлэн танилцуулан тэмдэглэл үйлдэх талаар хуульчлагдсан байхад зарим нэг хохирогч болон хэргийн оролцогч нарт хэргийн материалыг огт танилцуулалгүй орхигдуулжээ.

Түүнчлэн хавтаст хэргийн хуудаснууд дундаас зарим нэг баримтыг урж авсан, хуудасны дугаар алгасагдсан, тухайн хэсгүүдэд ямар ямар баримт байсан эргэлзээтэй, тухайн баримтууд хэдийд, аль шатанд алга болсон эсэхийг нягтлан шалгаж хуудасны дугаарлалтыг зөвтгөх нь зүйтэйг дурдав. /Тухайлбал 1-р хавтаст хэргийн 165-167-р тал 166-р хуудас хэрэгт байхгүй, цаасны уранхай хэсэг хэрэгт үлдсэн/

Иймд Г.Зандаръяад холбогдох хэрэгт энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст түүний гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул прокурорын 2019 оны 08 дугаар эсэргүүцлийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс Г.Зандаръяагийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/955 дугаар шүүгчийн захирамжид энэ магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж, Г.Зандаръяад холбогдох эрүүгийн 1716000220107 дугаартай хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, прокурор Н.Мөнхбатын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №08 дугаар эсэргүүцлийн 1, 2, 3 дахь хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Зандаръяад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ                                       Г.УЛАМБАЯР

   ШҮҮГЧИД                                                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ

М.МӨНХДАВАА