Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 201

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч С.Ариунаа                        

Шүүгдэгч Г.Мөнхжаргал нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Гансүхийн Мөнхжаргалд холбогдох Эрүүгийн 1721000000082 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хэрлэн сумын 2 дугаар баг Мартын 3-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1985 оны 10 сарын 07-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169.б, 109 дүгээр зүйлийн 109.б дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын засан хүмүүжүүлэх ялаар, 1992 оны 04 сарын 13-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 10 сарын 23-ны өдрийн 335 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 03 сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 сарын 07-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 сарын 05-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 351 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 10 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, ЖЮ67030910 регистрийн дугаартай, бие эрүүл, Сартуул овогт Гансүхийн Мөнхжаргал.

            Шүүгдэгч Г.Мөнхжаргал нь 2017 оны 07 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Хэрлэн сумын Засаг даргын ажлын албаны байрны цонхоор нэвтэрч 32 ширхэг тарваганы арьс, 3 кг хонины мах, 1 литр цэвэр сүү, ууттай гоймон, 3 кг төмс зэрэг зүйлсийг хулгайлж бусдад нийт 43700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Энэ талаар маргах зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Даваа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 07 сарын 24-ний өдөр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын 1 давхрын теннисний өрөөний цонхоор хулгай орсон байсан. Тус өрөөнд 2017 оны 05 сард аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын орлого болгохоор хураагдаж ирсэн 300 ширхэг тарваганы арьс хадгалагдаж байсны 32 ширхэг нь алдагдсан байсан. Энэ талаар манай жижүүр С.Цэнгэлмаа гэдэг хүн мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тус өрөөнөөс 32 ширхэг тарваганы арьс, 3 кг хонины мах, 1 литр цэвэр сүү, ууттай гоймон, 3 кг төмс зэрэг эд зүйл алдагдсан юм. Манай байгууллага хулгай хийсэн Г.Мөнхжаргалаас хохирлын мөнгө болох 40000 төгрөг авсан байгаа. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27/

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47-48/

-Иргэний нэхэмжлэгч Б.Даваагийн мэдүүлэг /хх-ийн 50-51/

-Шүүгдэгч Г.Мөнхжаргалыг яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Мөнхжаргал нь 2017 оны 07 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Хэрлэн сумын Засаг даргын ажлын албаны байрны цонхоор нэвтэрч 32 ширхэг тарваганы арьс, 3 килограмм хонины мах, 1 литр цэвэр сүү, ууттай гоймон, 3 килограмм төмс зэрэг эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 43700 /дөчин гурван мянга долоо зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Мөнхжаргал мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ...Цонхоор ороод хөргөгчийг нь онгойлгоход 3 орчим кг хонины мах, 1 литрийн савалгаатай “Цэвэр сүү” 1 ширхэг, төмс, гоймон зэрэг эд зүйлс байсныг авч гараад тэдгээр зүйлсийг байшингийн хойд буланд тавиад буцаж ороод судалтай шуудайрхуу зүйлд боодолтой байсан тарваганы арьс байхаар нь аваад гарсан. Тэгээд “Шүр” зах дээр ирээд тарваганы арьсыг тоолоход 32 ширхэг байсан. Сүү, мах, төмс, гоймон зэрэг эд зүйлсийг 1 эмээд бүгдийг нь 3000 төгрөгөөр зарсан. Харин 32 ширхэг тарваганы арьсыг ченж Бухаа гэдэг хүнд нэг ширхэгийг нь 500 төгрөгөөр бодож зарсан...” гэж, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Б.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 07 сарын 24-ний өдөр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын 1 давхрын теннисний өрөөний цонхоор хулгай орсон байсан. Тус өрөөнд 2017 оны 05 сард аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын орлого болгохоор хураагдаж ирсэн 300 ширхэг тарваганы арьс хадгалагдаж байсны 32 ширхэг нь алдагдсан байсан. Энэ талаар манай жижүүр С.Цэнгэлмаа гэдэг хүн мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тус өрөөнөөс 32 ширхэг тарваганы арьс, 3 кг хонины мах, 1 литр цэвэр сүү, ууттай гоймон, 3 кг төмс зэрэг эд зүйл алдагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын хөрөнгийг хулгайлж болохгүй гэдгийг мэдсээр байж санаатай үйлдлээр бусдад 43700  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүгдэгч Г.Мөнхжаргалд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Г.Мөнхжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мөнхжаргал нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ... болно”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон  гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад  заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Гансүхийн Мөнхжаргалыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1/нэг/ ширхэгийг хэрэгт хавсаргаж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч Г.Мөнхжаргалын ЖЮ67030910 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Сартуул овогт Гансүхийн Мөнхжаргалыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Сартуул овогт Гансүхийн Мөнхжаргалыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1/нэг/ ширхэгийг хэрэгт хавсаргаж, бичиг баримтаар ирсэн шүүгдэгч Г.Мөнхжаргалын ЖЮ67030910 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 11 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР