Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 112/шш2024/0008

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: ............ аймгийн .............  сумын иргэн Э.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.А,

Хариуцагч: .............. аймгийн Засаг дарга О.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.З,

Гуравдагч этгээд:  ............ аймгийн .............  сумын иргэн С.А нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

                                                     

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь .............. аймгийн Засаг даргад холбогдуулан “.......... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч Э.О нь ....... аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Нийтийн номын сангийн захирлаар томилогджээ.

 

3. ......... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн хууль тогтоомж холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэн Нийтийн номын сангийн захирал Э.О-г 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулсан.

 

4. Нэхэмжлэгч Э.О нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлийн .......... аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасныг тус салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаар албан бичгээр “Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар ирүүлсэн гомдлыг хэлэлцээд холбогдох дээд шатны байгууллагад хүсэлтээ уламжлах чиглэлийг хүргүүлж байна.” гэх хариуг хүргүүлжээ.

 

5. Иймд Э.О нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

 

6. Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.О нь Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байгаад .......... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 тоот захирамжаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн албан тушаал бууруулах захирамжийг гаргах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй, мэдэгдэх сонсгох ажиллагааг зохион байгуулаагүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулж ажил хүлээлцүүлсэн бөгөөд тухайн захирамжид хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн гэж дурдсан боловч миний хувьд хариуцаж байсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, ажил үүргээ хангалттай биелүүлж үр дүнгийн нэмэгдэл урамшууллыг авч байсан. Албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн талаар ямар нэг акт, баримт танилцуулаагүй. Тухайн захирамжийг гаргаж байгаа талаар ажил олгогч ямар нэг мэдэгдэх сонсгох ажиллагааг зохион байгуулаагүй. .......... аймгийн Засаг дарга О.А нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаараа нийтийн номын сангийн захирлаас мөн чөлөөлж байсан бөгөөд шат шатны шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа орж ажил үүргээ алдаа дутагдалгүй гүйцэтгэж байхад дахин ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлж хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр гэж үзэж байна. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо бүрэн барагдуулаагүй байж дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах захирамж гарган шатлан дэвших зарчмын хүрээнд тухайн албан тушаалд томилогдсон мэргэшсэн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ........... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч ...... аймгийн Засаг дарга О.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-н хариу тайлбартай холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна.

Хариу тайлбарт байгууллагын мэдээ мэдээлэл, үндсэн үйл ажиллагааны явц хүрээг мэдээлдэггүй, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаггүй, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нь хангалтгүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, үл хүндэтгэдэг зэргээс шалтгаалж албан тушаал бууруулах арга хэмжээ авсан гэж тайлбар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлж байгаа тайлбар нь үндэслэлгүй, баримт нотолгоонд үндэслээгүй, хэт ерөнхий, холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргахад хүндрэлтэй байна. Э.О миний бие нь ажил үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлсэн, захиргааны акт болох ажлаас чөлөөлөх захирамжийг гаргасан хууль зүйн үндэслэл хэрхэн бүрдсэн, хууль журмын дагуу захирамжийг гаргасан талаар хариуцагчаас тодорхой тайлбар ирүүлээгүй байна.

1-рт Э.О-г ажлаас чөлөөлж албан тушаал бууруулсан гэх аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хангаагүй. Энэ талаар хариуцагчаас ямар нэг нотлох баримт гаргаагүй. Тухайн ажиллагааг хийгээгүй учраас гаргаж өгөх баримт байхгүй.

2-рт Тухайн захирамжийг гаргасан хууль зүйн үндэслэл бүрдээгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж албан тушаал бууруулсантай холбоотой ямар нэг баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй.

3-рт Шатлан дэвших зарчмын хүрээнд тухайн албан тушаалд томилогдсон мэргэшсэн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж тухайн албан тушаалд ажиллах боломжгүй, мэргэжил мэргэшил, ажилласан жилийн туршлага шаардлага хангахгүй С.А гэх хүнийг тухайн албан тушаалд томилсон нь хувийн ашиг сонирхолтой болохыг илтгэж байгаа.

4-рт Аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б/99 сүгээр тушаалаар тухайн үндэслэлээр мөн албан тушаал бууруулж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан баримт байна. Энэ нь аймгийн Засаг даргын хувьд тухайн шийдвэрийг гаргахдаа эртнээс төлөвлөсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болохыг илтгэж байна.

Миний бие 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ээлжийн амралт авч аймгийн Засаг даргаар ээлжийн амралтын хуваарийг батлуулж амарсан.

5-рт Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэггүй, хамтран ажилладаггүй, үл хүндэтгэдэг гэх шалтгааныг дурдсан байна. Нэхэмжпэгчийн хувьд 04 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллахдаа аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлж хариуг нь хүргүүлж байсан.

Үүнд: Хөдөө сумдаар явж ажилла гэсэн үүрэг даалгаврыг 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/725 тоот албан тоот ирсэн. Түүний хүрээнд А сум, ..... цэргийн анги, Б, Т сум, Т, А багуудад ажиллаад тайлан мэдээллийг хүргүүлсэн. Байгууллагын гадна гэрэлтүүлэг, тохижолтын ажлыг аймгийн ой угтаж хийж гүйцэтгэж байсан.

Х уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулж аймгийн зохиолчдыг хүлээж авч байрлуулан, холбогдох арга хэмжээг зохион байгуул гэсэн үүрэг чиглэл өгсөн.

Түүний хүрээнд аймгийн 23 зохиолчийг хүлээн авч “Хуурын эгшиг” яруу найргийн арга хэмжээг зохион байгуулсан.

Мөн аймгийн ойтой холбоотой арга хэмжээнүүдэд алба хаагчдыг зохион байгуулан оролцуулсан.

Өгсөн үүрэг даалгаврыг нь тухай бүр хэрэгжүүлж, биелэлтийг танилцуулж байсан. Аймгийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэлгүй орхигдуулсан зүйл байхгүй. Сар бүр ажлаа дүгнүүлж үр дүнгийн урамшуулал олгосон. Санхүүгийн баримтаар байгууллагын нягтлан бодогчид байгаа. Ямар нэг алдаа дутагдалтай байсан бол урамшуулал олгохгүй байсан байх.

Шүүхийн шийдвэрээр 04 дүгээр сард ажилд орсноос хойш үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн Засаг дарга баталж өгөөгүй. Чамтай байгуулахгүй гэсэн. Аймгийн Засаг дарга чамтай гэрээ байгуулахгүй гэсэн учраас надад өөр боломж байгаагүй.

Дээрх өгсөн үүрэг даалгаврын талаарх тайлан, холбогдох баримтын үлдэх хувь нь байгууллагад байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байсан гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ………. аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан Э.О-г албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулсан ........ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр энэ захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан. Хоёрдугаарт Э.О-н хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр байна. Хүлээн зөвшөөрөхгүй 5 үндэслэл байна. Нэгдүгээрт аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан бусдын эрх, хуль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог хангана гэсэн шийдвэрийг хангаагүй шийдвэр гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг тухайн захирамжийг гаргахдаа буюу Э.О-н эрхийг зөрчсөн шийдвэр гаргахдаа явуулаагүй гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Ийм баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн. 4.2.6-д заасан зарчмуудыг зөрчсөн учраас хууль бус гэж үзэж байна. Хоёрдугаарт Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна гээд 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан байгаа. Энэ заалтын хүрээнд Нийтийн номын сангийн захирал хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан тушаалтан байгаа. Гэтэл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжид үндэслэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албан тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 гэсэн заалтуудыг үндэслэсэн байгаа. Төрийн албаны тухай хулийн 45.1.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн үйлчлэлийг төрийн үйлчилгээний албан хаагчид хэрэглэж байгаа нь үндэслэлгүй, хуульд үндэслэж шийдвэр гаргаагүй байна гэж үзэж байна. Гуравдугаарт Соёлын тухай хуулийн 18.3 Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалттай. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй байна. Тэгэхээр Соёлын тухай хуулийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Дөрөвдүгээрт Төрийн албан тухай хуулийн 45.1.1-т зааснаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлийг гаргасан. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлж албан тушаал бууруулж байгаа бол энэ нь өөрөө хангалттай нотлогдсон байх ёстой. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараар энэ нь өөрөө хангалттай нотлогдохгүй байна. Жишээлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар өгөхдөө тухайн байгууллагын мэдээ мэдээлэл, үндсэн үйл ажиллагааны явц бүрийг мэдээлдэггүй. Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаггүй. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа хангалтгүй. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй. Үл хүндэтгэдэг зэрэг шалтгаанаар арга хэмжээ авч албан тушаал бууруулсан гэсэн тайлбар өгч байгаа. Гэтэл Э.О-н тухайд 2015 оноос хойш захиргааны хэргийн шүүхээр иргэний хэргийн шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж аймгийн Засаг даргатай шүүхээр явж байгаа. Энэ удаагийн асуудал нь 5 дахь удаагийн асуудал байгаа. Хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай хүмүүс энэ харилцаагаа төрийн ажил үйлчилгээ явуулах, тухайн хүний ажил хөдөлмөр эрхлэх эрхэнд халдаж хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Тавдугаарт өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй гэсэн тайлбаруудыг өгсөн байдаг юм. Гэтэл аймгийн Засаг даргын албан тоотуудаар Нийтийн номын санд ийм ийм ажил зохион байгуул гэсэн үүрэг чиглэлүүд өгөгдсөн байдаг. Жишээлбэл тэр чиглэлийнх нь хүрээнд сумдад ажиллаад ажилласан тайлангаа бол хүргүүлсэн байдаг. Х аймаг байгуулагдсаны 100 жилийн ой зохион байгуулагдсан. Тэр арга хэмжээнүүдэд тухайн байгууллагын удирдлага нь алба хаагчдаа бүрэн зохион байгуулаад бүх ажил, арга хэмжээнд нь оролцуулсан байдаг. Мөн ойг угтаж хуурын эгшиг арга хэмжээ зохион байгуул гэсэн чиглэл өгсний дагуу Хуурын эгшиг арга хэмжээг Нийтийн номын сангаас аймгийн хэмжээнд зохион байгуулсан ийм үйл баримтууд бол тогтоогдож байдаг. Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар НДШ-ийн төлөлтүүд байгаа баримтаараа, мөн нийтийн номын сангаас цалингийн задаргааг гаргаж өгсөн байдаг. Эдгээрээс харахад 2023 оны 6 дугаар сард 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал гэсэн урамшууллыг Э.О-н дансанд шилжүүлсэн байдаг. Ингэж тухайн сард, улиралд ажлаа хангалттай гүйцэтгэж байсан гэж үр дүнгийн урамшуулал өгчихөөд дараа нь ажил хангалтгүй байна гэдэг байдлаар захирамж гаргаж албан тушаал бууруулсан байгаа нь үндэслэлгүй юм гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн байгууллагынхаа мэдээ мэдээлэл, үндсэн үйл ажиллагааны явц хүрээг мэдээлдэггүй орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаггүй, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нь хангалтгүй өгсөн үүрэг даалгавар цаг тухайд нь биелүүлдэггүй үл хүндэтгэдэг зэргээс шалтгаалан Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт “Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээг авсан болно гэжээ. 

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ........... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 тоот захирамж үндэслэлтэй гарсан гэж хариуцагч талаас үзэж байгаа. Энэ захирамж гарах болсон хэд хэдэн шалтгаан нөхцөл байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 45.1-ээр албан тушаал бууруулсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Тухайн үед хуулийн хэлтэст нь хуулийн чиглэлээр дагнасан албан тушаалтан байхгүй байсан учраас хүний нөөцөөс хуулийн ямар ч зөвлөгөө аваагүй тушаал захирамжаа гаргасан юм байна. Төрийн албаны тухай хуулийн 48.2-т зааснаар Хөдөлмөрийн хуулийн 123.5-аар албан тушаал бууруулах ёстой байсан. Үндэслэлийн хувьд нэг ийм хууль хэрэглээний алдаатай захирамж бол байгаа. Тэгээд сонсох ажиллагааны талаар хэлж байна. Э.О 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа эргүүлэн томилогдож байсан. Тэрнээс өмнө ажиллаж байхдаа н.О-н нэхэмжлэлтэй Номын санд холбогдох хэрэг дээр ажлаас  үндэслэлгүй халагдсан гэдэг байдлаар хариуцагчаар ороод улсын төсвөөс 2,227.000 төгрөг гаргуулсан асуудал байдаг. 2021 оноос хойш энэ мөнгөө төрийн санд төвлөрүүлж буцааж хийгээгүй асуудал нь албан тушаал бууруулах нэг үндэслэл болсон гэж ЗДТГ-аас хэлдэг. Үүрэгт ажлыг хангалтгүй биелүүлж байсан, тайлагнаагүй гээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-н хариу тайлбар дээр хэлж байх шиг байна. Шүүх дээр л нотлох баримт шаардлагатай гэхэд тухайн баримтуудыг гаргаж өгч байсан болохоос биш, Тамгын газарт албан ёсоор энэ ажил үүрэгтэй холбоотой тайлангаа өгч байсан асуудал  байдаггүй. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны 1/725  Засаг даргын чиглэл хүргүүлэх албан бичиг Э.О-д очиж байсан. Тухайн албан бичигт хэд хэдэн албан шаардлага, ажил үүрэг биелүүлэх шаардлагатай гээд түүний хариуг  ажлаас албан тушаал бууруулах хүртэл огт өгөөгүй байсан. Албан тушаал бууруулсны дараа шүүх дээр маргаан үүсэхэд тухайн ийм ийм тайлан хүргүүлж байсан гэдэг байдлаар нотлох баримтууд гаргаж өгсөн байна. Яг наад баримтууд  бол ЗДТГ тайлангаар ирсэн, хүргэгдсэн асуудал байдаггүй. Энэ үндэслэлээр Засаг даргын тавьсан шаардлага, зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлдэггүй гээд албан тушаал бууруулах 2 дахь үндэслэл нь болсон.  Сонсох ажиллагаатай холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг зүйлийг хэлж байна. Мөнгө гарч, төрийн санд хохирол учруулаад улсын төсөв н.О-д ажилгүй байсан хугацааны цалин өгөөд байгаатай холбоотой албан тушаал яаралтай бууруулах, одоо төсвийн захирагчаас бууруулах шаардлагатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Тухайлбал н.О-н нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр бол 4,700,000 төгрөг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулахаар байсан. Энэ хүн үргэлжлүүлэн албан тушаалдаа ажиллаж байсан бол үлдсэн мөнгийг нь Төрийн сангаас гаргуулаад 2 жилийн хугацаанд төлөөгүй үлдсэн мөнгө дээрээ нэмж төрд хохирол учруулах байсан гэж  үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-өөр албан тушаал бууруулах байсныг төрийн жинхэнэ албан хаагч гээд 45.1.1-ээр арга хэмжээ авчихсан. Тэр нь хуулийн ажилтан байгаагүйгээс хүний нөөц дээр  хууль хэрэглээний алдаа гарсан асуудал бол байгаа. Гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал бий болоод байгаа учраас 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй  гэж үзсэн. Өгсөн үүрэг даалгаврын хувьд бол хэлсэн тайлангаа тухай бүрд нь Тамгын газарт ирүүлж байгаагүй. Шүүх дээр нотлох баримт гаргаж өгдөг байдлаар тайлангаа ирүүлсэн байсан. Ер нь хувийн таарамжгүй харьцаа гэж хэлж байх шиг байна. Өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй атлаа шүүхэд хандаад л би эргээд ажилдаа орчихдог гэдэг байдлаар ханддаг. Төрийн алба удирдах удирдуулах ёс гэж байна. Тийм зарчим хэрэгждэггүй гэдэг зүйл яригддаг юм.  Засаг даргын албан тушаал бууруулсан Б/114 тоот захирамжийг дэмжиж байна гэв.

 

10. Гуравдагч этгээд С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие энэ холбогдох ажиллагаанд оролцохгүй гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Э.О нь ........ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох нийтийн номын сангийн захирлын орон тоонд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын хувьд: Э.О нь 2013 оноос эхлэн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан бөгөөд ....... аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар түүнийг албан тушаал бууруулжээ. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 397 дугаар магадлалаар аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.О-г Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон байна.

 

3.Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Э.О-г Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн томилсон байна. Улмаар .......... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн хууль тогтоомж холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэн Нийтийн номын сангийн захирал Э.О-г 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан тушаал бууруулжээ.

 

4........... аймгийн Засаг даргын мөн өдрийн Б/115 дугаар захирамжаар Нийтийн номын сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.А-г 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн томилж, албан тушаал бууруулсан Э.О-г холбогдох ажлын байраар хангахыг түүнд үүрэг болгосон байна. Нэхэмжлэгч Э.О нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлийн ......... аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасныг тус салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаар албан бичгээр “Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар ирүүлсэн гомдлыг хэлэлцээд холбогдох дээд шатны байгууллагад хүсэлтээ уламжлах чиглэлийг хүргүүлж байна.” гэх хариуг хүргүүлжээ.

 

5. Нэхэмжлэгч Э.О нь “...албан тушаал бууруулах захирамжийг гаргах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй, мэдэгдэх сонсгох ажиллагааг зохион байгуулаагүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулж ажил хүлээлцүүлсэн бөгөөд тухайн захирамжид хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн гэж дурдсан боловч миний хувьд хариуцаж байсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, ажил үүргээ хангалттай биелүүлж үр дүнгийн нэмэгдэл урамшууллыг авч байсан. Албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн талаар ямар нэг акт, баримт танилцуулаагүй. ...аймгийн Засаг дарга О.А нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаараа нийтийн номын сангийн захирлаас мөн чөлөөлж байсан бөгөөд шат шатны шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа орж ажил үүргээ алдаа дутагдалгүй гүйцэтгэж байхад дахин ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг нэр төдий биелүүлж хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр гэж үзэж байна...” гэж маргажээ.

 

6. ........... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн хууль тогтоомж холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Э.О-г албан тушаал бууруулсан.

 

7.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар Нийтийн номын сангийн захирлыг албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байна. 

 

8. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах хуулийн заалт байхад  төрийн үйлчилгээний албан тушаалтныг албан тушаал буруулахдаа дээр хуулийн заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Засаг даргын захирамж хууль зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй байна.

 

9.Нэгэнт ......... аймгийн Нийтийн номын сангийн захирлыг хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад заасан чиг үүрэг, зорилго, зорилт болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж албан тушаал буруулж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдал нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...2023 оны 04 дүгээр сарын 26-ны 1/725 дугаар Засаг даргын чиглэл хүргүүлэх албан бичиг Э.О-д очиж байсан. Тухайн албан бичигт хэд хэдэн албан шаардлага, ажил үүрэг биелүүлэх шаардлагатай гээд түүний хариуг  ажлаас албан тушаал бууруулах хүртэл огт өгөөгүй байсан. Албан тушаал бууруулсны дараа шүүх дээр маргаан үүсэхэд тухайн ийм ийм тайлан хүргүүлж байсан гэдэг байдлаар нотлох баримтууд гаргаж өгсөн байна лээ. Яг наад баримтууд  бол ЗДТГ тайлангаар ирсэн, хүргэгдсэн асуудал байдаггүй. Энэ үндэслэлээр Засаг даргын тавьсан шаардлага, зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлдэггүй гээд албан тушаал бууруулах 2 дахь үндэслэл нь болсон. Сонсох ажиллагаатай холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг зүйлийг хэлж байна. Мөнгө гарч, төрийн санд хохирол учруулаад улсын төсөв н.О-д ажилгүй байсан хугацааны цалин өгөөд байгаатай холбоотой албан тушаал яаралтай бууруулах, одоо төсвийн захирагчаас бууруулах шаардлагатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

11.Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд ........ аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/725 дугаар албан бичигт дурдагдсан “...хөдөөгийн иргэдийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд сум орон нутгийн малчид, иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх ажлыг алслагдсан бүс нутаг А сум, ...... цэргийн анги, Б, Т сумдын Т, А багуудад зохион байгуулж, ажлын тайланг 05 дугаар сарын 05-ны дотор танилцуулах” гэсний дагуу .......... аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 23 дугаар албан бичгээр тус байгууллагын А сум, ....... цэргийн анги, Б, Т сумдын Т, А багуудад ажилласан ажлын тайланг хавсралтаар хүргүүлж байсан байна. /хавтаст хэргийн 34-39 дэх хуудас, ...... аймгийн Засаг даргын Тамгын газар бүртгэлийн дугаар 562 гэсэн хуулбар үнэн тэмдэг дарсан материал/

 

12.Нийтийн номын сангийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаар албан бичгээр Нийгмийн бодлогын хэлтэст аймгийн Нийтийн номын сангийн 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг хүргүүлсэн. Тухайн тайланд байгууллагын ойр орчмын 50 метр газрын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хог хаягдлыг ачуулж ажиллаж байгаа талаар болон “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээний хүрээнд “Бийрээ нийлье” үзэсгэлэн, Хантайшир уулын аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн, “Хуурын эгшиг-2023” яруу найргийн наадам, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих зорилгоор “Үлгэрийн баатар амилсан нь” дүрийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсанаар бүтээлч хандлага, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг илд тод түргэн шуурхай нээлттэй хүргэх ажлыг биелэн зохион байгуулж тайлагнасан гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 40-54 дэх хуудас, .............. аймгийн Засаг даргын Тамгын газар бүртгэлийн дугаар 561 гэсэн хуулбар үнэн тэмдэг дарсан материал/

 

13.Иймд нэхэмжлэгчийн тухайд албан тушаалын тодорхойлолтод заасан ямар чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрхэн хангалтгүй биелүүлсэн энэ байдал нь албан тушаал буруулах зөрчил болсон талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй, .......... аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж, холбогдох баримтыг хүргүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

14. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй байна.

 

15.Аймгийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын тодорхойлолтын зорилгод “Төрөөс соёлын талаарх баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, салбарын болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүн амд номын сангийн үйлчилгээг хүргэх, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном, хэвлэлийн бүрдүүлэлт хийх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, эргэлтэд оруулах, сурталчлах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг ажил олгогчийн өмнө хариуцна” гэж зааснаар Нийтийн номын сан нь соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа соёлын байгууллага юм.

 

16. Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Төрийн өмчийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын удирдлагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын удирдлагыг аймаг, нийслэлийн соёлын газрын удирдлагатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж зааснаар аймгийн Нийтийн номын сангийн захирлыг албан тушаал бууруулахдаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 17.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул  ......... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.О-г урьд эрхэлж байсан ......... аймгийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

18. Шүүх .......... аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 70 хоногийн олговор 7,284.060 /долоон сая хоёр зуун наян дөрвөн хоёр мянга жаран/ төгрөгийг ......... аймгийн Нийтийн номын сангаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

19. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар 2018 онд Б.О-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсвөөс 2.227,000 төгрөг гаргуулсан төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах талаар хуульд тусгайлан заасан байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ........ аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.О-г урьд эрхэлж байсан .......... аймгийн Нийтийн номын сангийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 70 хоногийн олговор 7,284.060 /долоон сая хоёр зуун наян дөрвөн хоёр мянга жаран/ төгрөгийг .............. аймгийн Нийтийн номын сангаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ