Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 84

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогтой Ж.М -д холбогдох 17160006900030 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ... регистрийн дугаартай, Б овогтой Ж.М гэв.

 

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ВМ бааранд Ж.А-тэй зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

 Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ВМ бааранд Ж.А-тэй зодолдож, түүний биед 22 дугаар шүдний ёзоорын хугарал, 21 дүгээр шүдний ирмэгийн хугарал, 23 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөлт, баруун чихэнд шарх гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ж.М-ий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр BM бааранд Б, Б.А гэдэг 2 найзтайгаа орж ирсэн. Тэгээд сууж байхад гаднаас Ж.А найзтайгаа орж ирсэн. Тэгээд би ширээндээ сууж байхад Ж.А-н нэг найз нь манай найз Б-тэй муудалцаад байсан. Тэгээд Ж.А бид 2 салгачихаад би нойл орох гээд явж байсан. Тэгтэл А манай найз Б-тэй муудалцаж байсан. Би ирээд Ж.А-г салгаад суулгах гэтэл миний толгой дээр пивоны шил хагалсан. Тэгэхээр нь би шүд рүү нь цохисон. Бид 2 барьцалдаж байгаад унахдаа хоёулаа чихээ сэтэлсэн. Нөгөөдөр нь Ж.А манайд ирээд шүдээ үзүүлсэн. Тэгээд бид 2 хамт явж эмнэлэг орж шүдийг нь үзүүлж шүд хийлгэсэн байгаа. Хохирогчид шүдний мөнгө гэж 210.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Ж.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...М-тэй хамт явж байсан залуучууд надруу дайрсан. Би тэр хүмүүстэй зодолдох гэсэн чинь М миний араас ирээд намайг салгаж авсан юм билээ. Тэгэхэд нь би М-г цохисон гэсэн. Харин М намайг цохиод шүдийг минь унагаасан. Тухайн үед миний баруун талын чихний амсар дээр бага зэрэг зүсэгдсэн байсан. Мөн нэг шүд хөдөлсөн, нэг шүд унасан байсан.  Энэ нь М намайг цохисноос болж үүссэн. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх13-14-рт/,

 

Гэрч Д.Б-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... М орж ирээд А-г холдуулж салгах гэсэн чинь А нь М-г цохисон. Харин М нь буцаагаад А-г цохиод тэр хоёр барьцалдаж аваад газар унасан. Б бид нар маргалдаж муудалцсан. Гэхдээ бид нар хоорондоо зодолдоогүй. Тухайн бааранд Ж.А, М хоёр л хоорондоо зодолдсон....” гэх мэдүүлэг/хх 22-рт/,

 

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...М-ийг бааранд орж ирэхэд А нь Б-тэй маргалдаж байсан. Түүнийг М салгасан чинь А нь М-ий толгойд пивоны шилээр цохисон. Харин М буцаагаад А-г цохиж байсан. Тэр хоёрыг бид нар салгасан... ” гэх мэдүүлэг /хх 24-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн:

“1. Ж.А-н биед 22 дугаар шүдний ёзоорын хугарал, 21 дүгээр шүдний ирмэгийн хугарал, 23 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөлт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-д зааснаар хөдөлмөрийн чадварт 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх №280 дугаартай акт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч  болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Батнасангийн хүсэлтээр: Шүүх хуралдаанд яллах дүгнэлтээр гэрч Б-ий Б.А бид 2 бүжиглээд явж байхад Б  гэдэг А-тэй хамт орж ирсэн залуу бүжгийн талбайд согтуурхаад миний араас нуруугаараа шахаж түлхээд байсан. Түүнээс болж бид 2 маргалдаж муудалцсан. Тэгж байхад Ж.М болон Ж.А нар босч ирээд бид хоёрыг салгаж холдуулсан. Тэгээд Ж.М гарч явахад Ж.А манай найз бид хоёр руу дайраад байсан. Тухайн үед гаднаас Ж.М орж ирээд салгаж холдуулах гэтэл Ж.А Ж.М-г цохьчихсон харин Ж.М буцааж цохиж аваад тэр 2 барьцалдаж аваад газарт унасан. Тэр хоёрыг бид хэд салгаж аваад баарнаас гарч явсан. Тухайн бааранд Ж.А  Ж.М 2 зодолдсон өөр хүн зодолдоогүй гэх мэдүүлэг  /хх-22-рт/, гэрч Б.А-гийн мэдүүлэг  /хх-24-рт/, яллагдагч Ж.М-ийн мэдүүлэг /хх-36-37-рт/ зэрэг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.М-ийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ж.М-ийг Ж.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан, прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ж.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  хохирогч Ж.А нь “...Ж.М-ээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.М нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Ж.А-ийн зөрчил гаргасан гэх үйлдлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалган шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Улсын яллагчийн зүгээс “...Ж.М -ий биед гэмтлийн зэрэг хөнгөн, хүндэвтэр гэмтэл учраагүй учир Ж.А-нд  Зөрчлийн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдах зөрчилд арга хэмжээ тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Ж.М нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.М -с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, цагдан хоригдоогүй, Ж.М-ийн цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.М -ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М -ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялтан биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.М-д танилцуулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.М -с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид 210.000 төгрөгний хохирлыг бүрэн төлсөн, цагдан хоригдоогүй, Ж.М-ийн цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ж.А-н зөрчил гаргасан гэх үйлдлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалган шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.М -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА