Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 112/шш2024/0009

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: “У у” ХХК, хууль ёсны төлөөлөгч захирал Б.Б, түүний өмгөөлөгч О.А,

Хариуцагч: ............ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч нь .......... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-н 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. ........... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсаар “У у” ХХК-ийн С хүнсний дэлгүүрийг “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “У у” ХХК нь С хороололд 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг эрхэлдэг. Манай хүргэн С.Б нь 2023 оны 11 дүгээр сард Япон улсад яваад ирэхдээ 8 ширхэг Black нэртэй вискиг татваргүй барааны дэлгүүрээс авч шинэ жил, цагаан сардаа хэрэглэ гэж өгсөн. Тухайн вискинээс шинэ оноор 1 ширхэгийг нь хүүдээ өгсөн, 1 ширхэгийг нь шинэ жилээр өөрөө хэрэглэсэн. Үлдсэн 6 шил вискиг нь хадгалсан байсан. Тухайн үлдсэн 6 ширхэг вискиг С хороололд үйл ажиллагаа явуулдаг “С” нэртэй хүнсний дэлгүүртээ авчраад тавьсан байхад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн албан хаагч акцгүй согтууруулах ундаа байна гээд хураагаад авч явсан. Гэтэл ......... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон. Тухайн вискиг худалдсан, борлуулсан зөрчлийг гаргаагүй. Хэн нэг үйлчлүүлэгчид худалдаагүй, мөнгөөр зарсан үйлдэл байхгүй байхад Зөрчлийн тухай хуулиар 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Худалдсан, борлуулсан болохыг баримтаар нотлоогүй. Тухайн виски нь олон тоогоор байгаагүй. Байсан 6 ширхэгийг нь зарж борлуулаагүй байхад хурааж аваад явсан. Иймд .............. аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хууль, журмын дагуу хянан үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         

        3.2. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие “У у” компанийн захирал байгаа юм. Манай компани нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэг. Манай хүргэн С хороололд дэлгүүр нээж 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрөл авах гэтэл заавал компанитай байна гэсэн учраас манай компани дээр зөвшөөрөл авсан. Манай хүргэн 2023 оны 11 дүгээр сард Япон улс явж ирэхдээ шинэ жил, цагаан сар болно гээд 8 ширхэг виски өгсөн юм. Нэгийг нь хүүдээ өгөөд, нэгийг шинэ жилээр хүнд өгсөн. Үлдсэнийг нь цагаан сар болох гэж байгаа учраас худалдаад ууц авъя гэж бодоод дэлгүүртээ тавиад 10 хоноход хүн аваагүй. Гаднаас над руу хүн залгаад танд виски байна уу? гэхээр нь 6 ширхэг байгаа гэхэд 2 цагийн дараа 1 залуу орж ирээд бүгдийг нь авъя гэсэн. Тэгээд эгч ээ би зургааг авч чадахгүй хоёрыг авъя гэхээр нь тэг тэг, үнэ нь 60,000 төгрөг гэж хэлээд зогсож байхад гаднаас цагдаа орж ирээд акцгүй архи зарж байна гэсэн. Би Татварын байгууллагатай 24 жил харилцаж байна. Манай компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан учраас би эзэн нь болж байна. Уурын зуухны ажил хүнд учраас манай хүүхдүүд уурын зуух ажиллуулж би дэлгүүрт суудаг. Би вискинээс 1 ширхгийг ч худалдаагүй. Хуулиа мэдэхгүй учраас ил тавьсан. Нуун дарагдуулсан бол нэгийг тавиад бусдыг нь нуух байсан. Мэдэхгүй учраас өөрийнхөө ард талын лангуун дээр тавиад хураалгасан. Зарахыг завдсан гэдэг заалт байдаг бол би худалдах гэж байгаад л ийм асуудал боллоо. Үүнийг зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

         3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсвэл худалдан борлуулсан гэх үндэслэлээр “У у” ХХК-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж тодорхойлсон байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан болон Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эс үйлдэхүй гэдэг агуулгууд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон гэмт хэргүүд дээр  эс үйлдэхүй гэсэн агуулгууд орно. Тэгэхээр “У у” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар худалдсан, эсвэл худалдан борлуулсан гэсэн ийм үйлдэлд нь  шийтгэл оногдуулсан байдаг юм. Энэ зөрчлийн үндсэн шинж нь тэмдэггүй согтууруулах ундааг худалдах, борлуулах үйлдэл байх ёстой. Худалдан, борлуулна гэдэг ойлголт  шууд утгаараа тодорхой хэмжээнд орлого олсон, эсвэл эд зүйлээр арилжчихсан байх ийм ойлголт байгаа. Холбогдогчийн хувьд тухайн вискиг худалдан борлуулсан үйлдлийг хийгээгүй. Нэхэмжлэгч сая тайлбартаа хэллээ. Хүргэн  нь Япон руу 11 сард яваад 12 сард ирэхдээ 8 ширхгийг авчирч өгсөн. Шинэ жилээр өөрөө нэгийг нь хэрэглэсэн, нэгийг нь өөрийнхөө хүүд өгсөн. Үлдсэн 6 ширхэг нь тоо ёсоороо байсан. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн үйлчлүүлэгчид  худалдаагүй гэдгийг тодорхой хэлж байна. Энэ нь анх цагдаа дээр мэдүүлэг өгөхөөсөө эхлээд яг энэ мэдүүлэг өгөгдсөн байдаг. Эрх бүхий албан тушаалтны хувьд худалдан борлуулаад тэдэн төгрөгийн орлого олсон гэсэн баримт энэ зөрчлийн хэрэгт авагдаагүй байгаа буюу худалдсан юм уу, борлуулсан гэдэг үйлдлийг нь нотолсон тийм баримт байхгүй.  Үүнийгээ нотолж байж шийтгэл оногдуулах нь бол үндэслэлтэй байсан. Худалдан борлуулсан үйлдэл нь бэлэн болон бэлэн бусаар олсон орлоготой шалтгаант холбоотой байх ёстой. Худалдана, борлуулна гэдэг  өөрөө орлого олсон байх ёстой. Энэ хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Энэ шалтгаант холбоо энэ зөрчил дээр тогтоогдохгүй байгаа. Жишээлбэл, тухайн барааны бар кодоор нь борлуулалт хийгдсэн эсэх, эсвэл үйлчлүүлэгчид худалдан борлуулсан бол тухайн зөрчил нь нотлогдсон байх ёстой. Тухайн бараа бар кодоороо уншигдаад орлого олчихсон. Эсвэл үйлчлүүлэгч тэмдэггүй согтууруулах ундаа худалдаж авсан талаар гомдол гаргасан тохиолдолд л зөрчилд тооцох ёстой. Энэ үйлдлүүд тухайн зөрчлийн хэрэгт нотлогдоогүй. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх буюу 2.7 дугаар зүйл, завдах буюу 2.8 дугаар зүйл гэсэн ойлголтууд  байгаа. Гэтэл Зөрчлийн тухай хуульд  зөрчлийг үйлдэхээр бэлтгэх, завдах гэсэн ойлголтууд байхгүй. Тухайн зөрчилд заасан үйлдлээр зөрчлийн шинжийг нь тодорхойлж байгаа. Эрх бүхий албан тушаалтны хувьд тухайн вискиг худалдан борлуулахыг завдсан гэж үзэж шийтгэл оногдуулаад байна. Энэ нь өөрөө зөрчлийн үйлдэлд хамаарахгүй. Зөрчлийн хуулиар завдалт гэсэн ойлголт байхгүй учраас энэ зөрчил  үйлдэгдээгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дээр энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүйгээр заачихсан. Эрх бүхий албан тушаалтны хувьд худалдан борлуулсан үйлдлийг хангалттай нотлолгүйгээр худалдан борлуулахаар завдсан үйлдэлд нь Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулаад байна.  Худалдан борлуулсныг олсон ашгаар нь биш юм аа гэхэд олсон орлогоор нь, эсвэл тухайн барааг зарсан барааных нь бар кодоор тогтоох боломжтой байсан. Энэ нотлох үйл ажиллагаа хийгдээгүй. Хангалттай баримтаар нотолж чадаагүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байвал гэмт хэрэгт тооцдоггүй. Мөн адилхан зөрчлийн бүрэлдэхүүн энэ зөрчил дээр бол хангагдахгүй байгаа. Иймд зөрчлийг хангалттай нотолж чадаагүй байгаа учраас холбогдогчид ашигтай байдлаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ........... аймгийн Татварын газарт 2024 оны 01-р сарын 17-ний өдөр Цагдаагийн газраас 3-39/66-.... дугаартай зөрчлийн дугаартай Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх “У у” XXК /................./-тай холбоотой зөрчлийг харьяалалын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагааг явуулахад Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын газрын Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Н.Д Зөрчлийн тухай хуулийн 11.24-дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 0065718 дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 /арван мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон. Зөрчил үйлдэгч “У у” ХХК /......./-ны захирал Б.Б нь Цагдаагийн газрын албан хаагч болон Татварын улсын байцаагчид мэдүүлсэн мэдүүлэгт, хурааж авсан Black нэртэй 6 ширхэг виски зэргээр нотлогдож, өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагаа дурьдан, гарын үсгээ зурсан байдаг. Иймд нэхэмжлэгч “У у” ХХК-ны захирал Б.Б-д оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн “У у” ХХК-ны захирал Б.Б-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн энэ тайлбарыг хүргүүлэв гэжээ.

 

         3.5. Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн цагдаагийн газраас “У у” компанийн С хүнсний дэлгүүрээс онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байна гэсэн гомдол мэдээлэл харьяаллын дагуу манай татварын газарт ирсэн байдаг. Ингээд миний хариуцсан “У у” ХХК-ийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж, энэ нь Онцгой албан татварын тухай хууль болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн нь нотлогдсон учраас би эрх бүхий албан тушаалтны хувьд шийтгэлийн хуудас бичиж, зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний хариуцлага тооцсон байдаг юм. Хяналтын прокурор нь хууль зүйн үндэслэлтэй  гэж үзээд миний хэргийг хүлээж авсан байдаг юм. Миний хувьд энэ нь хууль зүйн үндэслэлтэй, онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдсан гэдэг утгаар нь би шийтгэлийн хуудас бичсэн.  Худалдах гэдэг нь юу гэсэн утгатай юм гэхээр эд барааг үнэ авч арилжих гэдэг язгуур утгатай. Энэ тохиолдолд зөрчил гаргагч буюу худалдагч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн дэлгүүрийн лангуу буюу эд зүйл худалдан борлуулах хэсэгт нийтэд илэрхий байдлаар худалдахаар тавьсан байгаа нь өөрөө зөрчил юм гэж үзсэн байгаа. Онцгой албан татварын тухай хуулиар бол бүх төрлийн согтууруулах ундаанд татвар ноогдуулах, зөвхөн хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь онцгой албан татварын тэмдгийг ашиглахыг заасан байдаг. Энэ утгаараа энэ төрлийн хэрэг, зөрчлийн нийгмийн хор уршгийг харгалзан согтууруулах ундааг бэлтгэн нийлүүлсэн, импортолсон, худалдсан эсвэл борлуулсан бол хариуцлага тооцохоор заасан байдаг. Хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан бол энэ дээр мэдээж хариуцлагын асуудал яригдахгүй байх байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. ............ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д нь нэхэмжлэгч “У у” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, ... эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; ... бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

3. Нэхэмжлэгчээс “...Хэн нэг үйлчлүүлэгчид худалдаагүй, мөнгөөр зарсан үйлдэл байхгүй байхад Зөрчлийн тухай хуулиар 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Худалдсан, борлуулсан болохыг баримтаар нотлоогүй. Тухайн виски нь олон тоогоор байгаагүй. Байсан 6 ширхэгийг нь зарж борлуулаагүй байхад хурааж аваад явсан. Иймд Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хууль, журмын дагуу хянан үзэж хүчингүй болгож өгнө үү...” гэж,

Хариуцагчаас “Худалдах гэдэг нь эд барааг үнэ авч арилжих гэдэг язгуур утгатай. Энэ тохиолдолд зөрчил гаргагч буюу худалдагч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн дэлгүүрийн лангуу буюу эд зүйл худалдан борлуулах хэсэгт нийтэд илэрхий байдлаар худалдахаар тавьсан байгаа нь өөрөө зөрчил юм гэж үзсэн байгаа. Онцгой албан татварын тухай хуулиар бол бүх төрлийн согтууруулах ундаанд татвар ноогдуулах, зөвхөн хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь онцгой албан татварын тэмдгийг ашиглахыг заасан байдаг. Энэ утгаараа энэ төрлийн хэрэг, зөрчлийн нийгмийн хор уршгийг харгалзан согтууруулах ундааг бэлтгэн нийлүүлсэн, импортолсон, худалдсан эсвэл борлуулсан бол хариуцлага тооцохоор заасан байдаг...” гэж тус тус маргадаг.

4. Зөрчлийн хэрэгт авагдсан гомдол мэдээллээс үзвэл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр .......... аймгийн ................. сумын ....... баг, С хороололд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг “У у” ХХК-ийн С хүнсний дэлгүүрээс онцгой албан татварын тэмдэггүй 6 шил Black нэртэй вискиг хураан авсан болох нь нэхэмжлэгчийн мэдүүлэг болон эд зүйл хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 24-26, 42-43 дахь тал/

Нэхэмжлэгч нь тухайн 6 шил вискиг худалдахаар өөрийнхөө дэлгүүрт тавьсан талаар маргадаггүй.

5. “У у” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан байх бөгөөд “Хүнсний дэлгүүр”,  “Богино хугацаагаар байр, сууцаар хангах” үйл ажиллагааны чиглэлтэй, тус компанийн захирлаар Б.Б-г томилсон гэж улсын  бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Тус аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн “С” нэртэй хүнсний дэлгүүрт спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрлийг 2022 онд 2 жилийн хугацаагаар олгосон байна.

6. Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т “согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх гэж зааснаар энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулжээ.

Түүнчлэн энэ үйл ажиллагааг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “…тэмдэггүй согтууруулах ундаа, …-г бэлтгэн нийлүүлэх, …худалдах, …”-ыг тус тус хориглосон байна.

Тодруулбал, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий этгээд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг хоригложээ.

 Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А “...”У у” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар худалдсан, эсвэл худалдан борлуулсан гэсэн үйлдэлд нь шийтгэл оногдуулсан. Энэ зөрчлийн үндсэн шинж нь тэмдэггүй согтууруулах ундааг худалдах, борлуулах үйлдэл байх ёстой. Худалдан, борлуулна гэдэг ойлголт  шууд утгаараа тодорхой хэмжээнд орлого олсон, эсвэл эд зүйлээр арилжчихсан байх ойлголт. Холбогдогчийн хувьд тухайн вискиг худалдан борлуулсан үйлдлийг хийгээгүй. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн үйлчлүүлэгчид  худалдаагүй гэдгийг тодорхой хэлж байна. Эрх бүхий албан тушаалтны хувьд худалдан борлуулаад тэдэн төгрөгийн орлого олсон гэсэн баримт энэ зөрчлийн хэрэгт авагдаагүй байгаа буюу худалдсан юм уу, борлуулсан гэдэг үйлдлийг нь нотолсон тийм баримт байхгүй.  Худалдана, борлуулна гэдэг  өөрөө орлого олсон байх ёстой. Энэ хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. 

Учир нь согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий этгээд дээр дурдсан хуулиудын илт тодорхой заалтыг зөрчсөн байна.   

7. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Зөрчлийн тухай хуульд  зөрчлийг үйлдэхээр бэлтгэх, завдах гэсэн ойлголтууд байхгүй. Тухайн зөрчилд заасан үйлдлээр зөрчлийн шинжийг нь тодорхойлж байгаа. Эрх бүхий албан тушаалтны хувьд тухайн вискиг худалдан борлуулахыг завдсан гэж үзэж шийтгэл оногдуулаад байна. Энэ нь өөрөө зөрчлийн үйлдэлд хамаарахгүй. Зөрчлийн хуулиар завдалт гэсэн ойлголт байхгүй учраас энэ зөрчил  үйлдэгдээгүй...” гэсэн үндэслэлээр тайлбар гаргадаг.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно. 3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна. гэж зааснаар тусгай зөвшөөрөл бүхий этгээд онцгой албан татварын тэмдэггүй 6 шил согтууруулах ундаа лангуундаа байршуулсан зарж байсан үйлдлийг үгүйсгэн дүгнэх үндэслэлгүй.

Энэ талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч “Миний бие “У у” компанийн захирал байгаа юм. ...дэлгүүртээ тавиад 10 хоноход хүн аваагүй. Гаднаас над руу хүн залгаад танд виски байна уу? гэхээр нь 6 ширхэг байгаа гэхэд 2 цагийн дараа 1 залуу орж ирээд бүгдийг нь авъя гэсэн. Тэгээд эгч ээ би зургааг авч чадахгүй хоёрыг авъя гэхээр нь тэг тэг, үнэ нь 60,000 төгрөг гэж хэлээд зогсож байхад гаднаас цагдаа орж ирээд акцгүй архи зарж байна гэсэн...” гэж мэдүүлдэг.

Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж: 1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; гэж заасан байна. Энэхүү 11.24 дүгээр зүйл нь “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих” гэсэн гарчигтай байх тул энэ нь тус хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон зохицуулалт гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгссөн буюу үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, тиймээс худалдах, борлуулахаар дэлгүүрийн лангуунд тавьсныг бус зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна. гэж энэ хуулийн шударга ёсны зарчимд заажээ.

8. Хариуцагчаас: “... согтууруулах ундаа худалдах, борлуулах, хэрэглэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхийг хориглоно гэснийг бүх төрлийн сонин, сэтгүүл, радио, телевизээр болон зурагт ухуулах хуудсаар энэ хуульд нэр заагдсан согтууруулах ундаа худалдах, худалдан авах, хэрэглэхийг уриалсан, ухуулсан зар сурталчилгаа, рекламыг хамааруулан ойлгоно  гэсэн байгаа. Эднийх  олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкээр бас архи, виски зарна гээд зар оруулчихсан байсан болохоор энэ хуулийг бас зөрчсөн гэж үзээд байгаа юм” гэж маргадаг. Гэвч “....... аймгийн зарын нэгдсэн групп” гэсэн хаягтай олон нийтийн сүлжээнд 2023 оны 12 сарын 20-ны өдөр ………… гэсэн хаягаас “hi yapon viski zarna. 700ml 70k …………” гэснийг “У у” ХХК-иас гаргасан зар, ухуулга сурталчилгаа гэж дүгнэх боломжгүй.

9. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр “У у” ХХК-ийн захирлаар Б.Б бүртгэгдсэн байх бөгөөд 2022/91 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “........ сумын “У у” ХХК-д спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах аж үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгов. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ............ сумын төвд байрлах “С” хүнсний дэлгүүрт тогтоосон журмын дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд худалдаа явуулна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-н “...Энэ дэлгүүр С.Б буюу манай хүргэнийх байгаа юм. Би уурын зуух ажиллуулж чадахгүй, ээж нь чаддагаараа дэлгүүртээ сууя гэсэн. Би өөрөө худалдааны мэргэжилтэй. ... Би ажлын байраа л сольсон, дэлгүүрийн худалдагч нь байгаа юм...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Б.Б нь “У у” ХХК-ийн захирал тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...Манай хүргэн 2023 оны 11 дүгээр сард Япон улс явж ирэхдээ шинэ жил, цагаан сар болно гээд 8 ширхэг виски өгсөн юм. Нэгийг нь хүүдээ өгөөд, нэгийг шинэ жилээр хүнд өгсөн. Үлдсэнийг нь цагаан сар болох гэж байгаа учраас худалдаад ууц авъя гэж бодоод дэлгүүртээ тавиад..., ...Би вискинээс 1 ширхгийг ч худалдаагүй. Хуулиа мэдэхгүй учраас ил тавьсан. Нуун дарагдуулсан бол нэгийг тавиад бусдыг нь нуух байсан. Мэдэхгүй учраас өөрийнхөө ард талын лангуун дээр тавиад хураалгасан. Зарахыг завдсан гэдэг заалт байдаг бол би худалдах гэж байгаад л ийм асуудал боллоо.” гэсэн тайлбар гаргадаг.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх 4 үндэслэлийг тоочин заасан байх бөгөөд энэ үндэслэлүүд нэхэмжлэгч компанид хамаарахгүй байна. Түүнчлэн энэ хуулийн 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”-ыг заасан байх бөгөөд уул зүйлийн 3Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 4Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. гэж тус тус заажээ.

            11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “Зөрчлийн тухай хуульд  зөрчлийг үйлдэхээр бэлтгэх, завдах гэсэн ойлголтууд байхгүй. Тухайн вискиг худалдан борлуулахыг завдсан гэж үзэж шийтгэл оногдуулсан, Хуулиа мэдэхгүй учраас ил тавьсан. Нуун дарагдуулсан бол нэгийг тавиад бусдыг нь нуух байсан, Би ажлын байраа л сольсон, дэлгүүрийн худалдагч нь байгаа юм, жижиг дэлгүүр уг торгуулийг төлж чадахгүй” гэсэн тайлбаруудаар татварын улсын байцаагч Н.Д-н 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

12. Иймд “У у” ХХК-иас ........... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-д холбогдуулан гаргасан “.......... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-н 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн  11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “У у” ХХК-иас ........... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-д холбогдуулан гаргасан “.......... аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-н 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0065718 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН