Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/086

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 1914003150304 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* санги овогт *******гийн *******, .......... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 5 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар *******,

******* нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Бэлхийн хоолой” гэх газарт бэлчээрт байсан иргэн С.*******доржийн малаас 3 тооны бяруу үхэр хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* санги овогт *******гийн *******г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* санги овогт *******гийн *******г найман / 8 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман / 8 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машин буюу түүний үнэ нэг сая гурван зуун мянган төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн угаалгын машин, хөлдөөгч, зурагт зэргийг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх адуунуудыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Би давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргаж байгаа учир нь тухайн 8 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хорих ялыг хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийх ялаар сольж өгөхийг хүсч байна.

Би 2 жил гаруйн өмнөөс эхнэрээсээ тусдаа хоёр хүүхэд 1 зээгийнхээ хамтаар амьдрах болсон. Манай эхнэр биднийг хаяад явсан юм. Тэгээд 2019 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй буюу 13 настай хүү *******ыг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Намайг цагдан хоригдож байх хооронд охин маань удаа дараа эргэж ирсэн. Ингэхдээ байнга л уйлж ганцаараа 5 настай хүүхдээ харахын хажуугаар дүү *******ыг харж хандахад хэцүү байна, ээжийг ирээч гэхэд очихгүй, дүүг чинь аав чинь харж хандана биз гээд байна, одоо сураггүй болчихсон. Дүү *******ын ааш авир хувирч хичээл номондоо суухгүй, аав, ээжгүй бүгд намайг тоохгүй хаячихлаа гээд уйлаад уур уцаартай болоод байна гэх боллоо.

Үр хүүхдүүдийг минь надаас өөр харж хандаад асран хамгаалаад явах хүн байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж гэмшиж байна, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчээс уучлалт гуйсан, хохирлоо барагдуулсан, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг.

Иймд давж заалдах шатны шүүх миний ар амьдрал, үр хүүхдүүдийг минь бодож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Аймгийн Прокурорын газраас *******г 2018 оны 3 сарын 04-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг Бэлхийн хоолой гэх газарт бэлчээрт байсан иргэн С.*******доржийн малаас 3 тооны бяруу үхэр хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүхээс *******г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Миний зүгээс тус шийдвэр нь энэрэнгүй шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.

******* нь хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байгаа хэдий ч анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийн ялын хувьд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр сонгох ялын төрөлтэй байгаа нь *******гийн асрамжид байгаа 13 настай хүүхдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан, асран хамгаалагчийн өөрийн асран хамгаалалтад байгаа насанд хүрээгүй хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг хүндэтгэн үзэж шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамааруулан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байгаа юм. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ч боломжтой байсан.

Тиймээс давж заалдах шатны шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянан үзэж *******д хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх бололцоог нь олгож хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч ******* нь урьд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******гийн бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл ******* нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Бэлхийн хоолой” гэх газарт бэлчээрт байсан иргэн С.*******доржийн малаас 3 тооны бяруу үхэр хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914003150304 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.*******дорж, гэрч А, , , , , ХХК-ийн шинжээчийн хохирлын үнэлгээ тогтоосон 539 дугаар дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн *******гийн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч *******гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хийсэн өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь хугацаанд оруулан тооцсон болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.МӨНХДАВАА

   ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР

Б.БОЛОР-ЭРДЭНЭ