Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 112/шш2024/0010

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: П.Л,

Хариуцагч: ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Гуравдагч этгээд: .......... аймгийн ............. сумын ...... Намын хорооны хууль ёсны төлөөлөгч М.Т нарын хооронд үүссэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч М.Т, гэрч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь Хуулийн дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох 1033 м.кв барилгыг захирамжийн дагуу Улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгуулахаар маргаж байна.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Барилгажих талбай буюу барилгын гадна ханын гадна гадаргуу хоорондын зайн хэмжээ буюу 1033 м2, “Орон сууцны барилгын доторх талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын Стандартын дагуу хэмжилт хийсэн 1-р давхрын 784,33 м2, зоорийн давхрын 71,81 м2, нийт 856,14 сууцны талбай бүхий барилгыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Нэхэмжлэгч П.Л нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргажээ.

2.2. Дээрх мэдүүлгийг улсын бүртгэгч хянан үзээд 1. Анх эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэр, газар эзэмших тухай сумын Засаг даргын захирамж, газрын кадастрын зураг анхны бүртгэгдсэн хэмжээнээс зөрүүтэй, 2. Анхны бүртгэлийн эх нотлох баримтад авагдсан эд хөрөнгийн фото зураг, одоогийн хэмжээ өөрчлөх хүсэлт гаргасан эд хөрөнгийн фото зураг нь харагдах байдал зөрүүгүй, ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, 3. Тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ......... сумын .......... намын гүйцэтгэх удирдлага М.Т-н өргөдөл хүсэлт, ......... сумын ...... намд эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр холбогдох материалыг ирүүлсэн ба тухайн үл хөдлөх маргаантай гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхэээс татгалзжээ.  

2.3. Иймд П.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч П.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие П.Л нь дуудлага худалдаагаар ......... суманд байрлах ахуй үйлчилгээний газар гэх барилгыг хуулийн дагуу худалдан авсан билээ. Худалдан авах гэрээний дагуу Захирамж гарган гэрчилгээ гаргаж өгнө үү хэмээн ......... сумын тухайн үеийн Засаг дарга М.Т-д хандахад манай намын байр байдаг тул бүтнээр нь гаргах боломжгүй гэж тайлбарлан 4 сар хүлээлгэсний эцэст 940 м.кв-аар гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа тайлбарласан боловч 940 м.кв-аар нь гэрчилгээ гаргаж өгсөн.

2021 оны 01 сарын 19-нд А/15 дугаар захирамжаар 940 м.кв газрын захирамжийг хүчингүй болгосон. Энэ захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газарт хандаж гэрчилгээ гаргуулах өргөдлөө 2023 оны 05 сарын 09-ний өдөр гаргасан боловч баримт бичиг дутуу гэх шалтгаанаар буцаасан.

Шаардлагатай байгаа баримт бичгийг бүрдүүлэн 2023 оны 10 сарын 20-нд дахин хүсэлт гаргасан боловч маргаантай гэх үндэслэлээр буцааж олон сараар шийдвэрлэж өгөхгүй иргэн миний эрх ашгийг чирэгдүүлж хохироож байна.

Тухайн байцаагчийн шийдвэрийг ......... аймгийн Улсын бүртгэлийн газрын дарга н.Ч-д танилцуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч байцаагчийн дүгнэлтийг шийдвэрлэх боломжгүй, дараагийн шатаар шийдвэрлүүлж болно гэсэн хариуг амаар тайлбарлаж өгсөн. Иймд хуулийн дагуу худалдан авсан миний үл хөдлөх хөрөнгө болох 1033 м.кв барилгыг захирамжийн дагуу Улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч П.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие П.Л нь 2023 оны 11 сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 1033м2 барилгыг захирамжийн дагуу гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Барилгажих талбай буюу барилгын гадна ханын гадна гадаргуу хоорондын зайн хэмжээ буюу 1033 м2, “Орон сууцны барилгын доторх талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын Стандартын дагуу хэмжилт хийсэн 1-р давхрын 784,33 м2, зоорийн давхрын 71,81 м2, нийт 856,14 сууцны талбай бүхий барилгыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.3. Нэхэмжлэгч П.Л шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би тухайн барилга байгууламжийг 2018 онд тухайн үед хэрэгжиж  байсан болон одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд, мөн .......... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, холбогдох журмын дагуу тус үл хөдлөх хөрөнгийг хувьчилж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний хувьд  өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол хуулийн дагуу худалдаж авсан эд хөрөнгөө тухайн худалдаж авсан тоо хэмжээгээр нь бүртгүүлэх боломж байхгүй. Энэ нь зөрүүтэйн улмаас би худалдан борлуулах, ашиглах, эзэмших, үүнийг ямар нэгэн санхүүгийн эргэлтэд оруулах боломжгүй болчихсон хүндрэлтэй нөхцөл байдал байгаа. Шалтгаан нь төрийн болон  тухайн үеийн сумын удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод энэ нөхцөл байдалд хүрчихсэн. 2018 оноос хойш орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн газар уулзаад  би яаж  гэрчилгээгээ гаргуулж авах боломжтой вэ. Яаж зарж болох боломжтой вэ? Яаж би үүнийг ашиглах боломжтой талаар явж боломжгүй гэдэг хариу мэдээг удаа дараа авсан учраас би өнөөдөр шүүхэд хандаад нэхэмжлэлээ гаргасан байгаа юм.  Нэхэмжлэлийн  үндэслэлийг  би өөрөө юу гэж харж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь би иргэн хүний хувьд иргэний хуульд зааснаар өөрийгөө хамгаалах, хуульд заасан эрхээ эдлэх энэ хүрээнд, нөгөө талдаа 1996 оноос хойш хэрэгжиж эхэлсэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалт  бүрийг нарийвчлан дагаж, дээр нь ....... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоол, тэр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан журмуудыг нарийн дагаж мөрдөж худалдаж авсан эд хөрөнгөө өнөөдөр би өмчилж,  ашиглах, эзэмших ийм боломжгүйгээр байж байгаа. Тэгэхээр энэ эрхээ сэргээлгэж  дуудлага худалдаагаар зарлагдсан метр квадрат буюу  990м2 гэж тогтоож зарсан, гэхдээ үүнийг  барилгажих талбай нь 990 гэж тогтоогоогүй, нийт барилгын өрөө тасалгаа бүхий гэдэг дээр нь буюу нийт дотоод цэвэр метр квадрат нь 990 гэж тогтоосон метр квадратаар надад худалдсан байгаа. Тухайн үед худалдахдаа мэргэжилтнүүд болон дуудлага худалдаа зохион байгуулж байсан албан тушаалтнууд байшин бүтнээрээ гэж тайлбарлаж байсан. Энэ нөхцөл байдлаар нь худалдаж авснаараа би эзэмших гэрчилгээгээ гаргуулж  хуулийн дагуу захиран зарцуулах эрхээ сэргээлгэхээр хандсан байгаа юм. Энэ шаардлага маань  өөрөө хуулийн хүрээнд болсон бүх процедур, үйл ажиллагаануудыг дэс дараатайгаар нь харуулж байгаа болохоор үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан иргэн П.Л-н нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн П.Л нь анх 2019.04.12-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст хандаж тус аймгийн ......... сумын төвд байршилтай 940м2 талбайтай үйлчилгээний зориулалттай /хуучнаар Ахуйн үйлчилгээний зориулалттай байсан/ барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан болно. Уг эрхийг баталгаажуулахдаа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.10.30-ны өдрийн 86 тоот тогтоолын дагуу хийгдсэн дуудлага худалдаа, 2019.01.09-ний өдрийн 02 тоот худалдах худалдан авах гэрээ, ......... сумын Засаг даргын 2019.03.20-ны өдрийн А/14 тоот газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж, 2019.03.22-ны өдөр олгосон газар эзэмших гэрчилгээ, мөн өдөр байгуулсан газар эзэмших гэрээ, 2019.03.27-ны өдөр олгосон газрын кадастрын зураг, өмчлөгчийн гаргасан барилгын фото болон схем зураг, хүсэлт мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгийн хэмжээг 940м2 талбайтай гэж улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

2023 оны 5-р сард иргэн П.Л нь тус хэлтэст хандаж улсын бүртгэлийн Ү-........... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгэлд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан, уг хүсэлтийг эрхийн улсын бүртгэгчийн зүгээс хянан үзээд нотлох баримт бүрэн бус гэсэн үндэслэлээр татгалзаж нотлох баримтыг бүрэн бүрдүүлж дахин хандах талаар тайлбар зөвлөгөөг аман хэлбэрээр өгч хүсэлтийг буцаасан болно.

2023.10.20-ны өдөр иргэн П.Л нь дахин хандаж тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж доорх газрын хэмжээгээр буюу 1033м2 талбайтай болгож өөрчлөх мэдүүлэг, бусад нотлох баримтыг гаргасан бөгөөд уг хүсэлтийг эрхийн улсын бүртгэгч холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн авч хянан үзээд ЭХЭУБТХуулийн 13-р зүйлийн 13.2.5-д заасан “...бүртгүүлэхээр мэдүүлсэн өөрчлөлтийг нотлох баримтыг хавсаргана’’, ЭХЭУБХөтлөх журмын 8-р зүйлийн 8.2.1-д заасан "... үл хөдлөх хөрөнгийн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн ...тохиолдолд барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар хавсаргана” гэсний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилсөн эсвэл анхны эрх олгосон шийдвэрийн хэмжээ зөрүүтэй байсныг нотлох баримт хангалттай байхгүй байх тул нотлох баримтын бүрдэл дутуу гэж үзэж УБЕХуулийн 19-р зүйлийн 19.4.2-т “...эд хөрөнгийн улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэсэн эрхийн хүрээнд 19-р зүйлийн 19.4.3-т “...нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсний дагуу тухайн хүсэлт мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж мэдүүлгийг буцаасан.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн нэмэлт өөрчлөлт оруулахад дан ганц газрын эрх олгосон шийдвэр болон газрын хэмжээг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулах бопомжгүй тул иргэн П.Л-н шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн хэлтсээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хууль тогтоомжид заасан нотлох баримт дутуу, мөн гуравдагч этгээдтэй маргаантай асуудал байгаа. Тухайн үед 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан мэдүүлэг, хүсэлт, нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж, буцаасан. 2023 оны 10 сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч П.Л-н гаргасан мэдүүлэг, хүсэлт, нотлох баримтыг хянаж үзэхэд ямар хүсэлт гаргасан бэ гэхээр тухайн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө буюу үйлчилгээний зориулалттай 940м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж 1033м2 талбайтай болгож өөрчлүүлэх хүсэлт, мэдүүлэг, нотлох баримтыг гаргасан байгаа. Үүнийг хянаад үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулахад бүрэн шаардлагатай,  нотолж чадахуйц баримт баримтууд бүрэн бүрдээгүй байсан учраас татгалзаж мэдүүлгийг буцаасан байгаа. Юу дутуу байсан бэ гэхээр тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орсныг нотлох баримт буюу тэр хэмжээ үнэхээр буруу зөрүү байсныг нотолсон хэмжилтийн компанийн буюу тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээдийн гаргасан дүгнэлтээр баталгаажсан хэмжээ нотолсон баримт байхгүй байсан. Дээр нь тухайн үл хөдлөх хөрөнгийн фото зургийг харахад, мөн бодит байдал дээр очоод харахад ч гэсэн хэмжээ нь өөрчлөгдөөд  түлхэгдээд ч юм уу ихсээд багасаад баригдсан өөрчлөлт орсон  нотолгоо байхгүй байсан. Мөн барилгын план зургийг зурж авчирсан зураг дээр мөн бас нэмэлт өөрчлөлт орсныг нотлох баримт байгаагүй. Нэгдүгээрт нотлох баримт дутуу гэдэг үндэслэлээр татгалзсан, хоёрдугаарт энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой анхны 2019 онд бүртгэгдсэн бүртгэлээс хойших хугацаанд энэ үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг олгосон шийдвэрийг эрх бүхий байгууллага буюу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас  иргэн П.Л-д, дээр нь хуулийн этгээд болох ......... сумын ........... Намын хороонд эрхийг олгосон шийдвэрийг давхардуулаад гаргачихсан байсан нь ......... Намын хорооны дарга С.Т-н гаргасан хүсэлт нотлох баримтаас харагдаж байсан. Мөн ..........  намын хорооны дарга М.Т-н Улсын бүртгэлийн хэлтэст 2023 онд гаргасан гомдол байгаа. Энэ бүхнээс харахад уг хөрөнгөд маргаан гарах үндэслэлтэй гэдэг нь харагдаж байсан. Ийм 2 үндэслэлээр  бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзаж мэдүүлгийг буцаасан байгаа гэв.

3.6. Гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Т нь ......... сумын ......... намын хорооны дарга ажилтай. П.Л-н нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар хүргүүлж байна.

1. Анх 2011 оны 06 сарын 13-ны өдрийн ......... сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолоор “.......... сумын 9 жилийн сургуулийн эзэмшилд байгаа 1100м2 талбайтай мастерын газрын барилгыг сумын ЗДТГ-ын өмчид балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол,

2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Тус аймгийн ......... сумын ИТХ, Засаг дарга, дунд сургуулийн саналыг харгалзан ......... сумын сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй Мастерын газрын барилгаас 990м2 талбай бүхий өрөө тасалгаа барилгыг ......... сумын ЗДТГ-т балансаас балансад шилжүүлэх, мөн уг барилгын 110м2 талбай бүхий өрөө тасалгааг сумын ......... намд зохих үнээр худалдахыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол,

3. Уг тогтоолын дагуу аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2012 оны 11 сарын 27-ны 102 тоотоор Сумын ЗДТГ-т шилжүүлэн бүртгэсэн Мастерын газрын барилгын 110м2 талбай бүхий өрөө тасалгааг сумын ....... намын хороонд 700,000 төгрөгөөр худалдан борлуулахыг мэдэгдсэн.

4. 2012 оны 12 сарын 10-нд Төрийн сангийн өмч хувьчлалын орлогын 050000961 дансанд 700,000 төгрөгийг ......... сумын ......... намын байрны үнэнд шилжүүлсэн байдаг.

5. Ингээд 2012 оноос хойш ......... сумын ......... намын хороо Мастерын газрын барилгын зүүн талын 1 өрөө тасалгаанд байрлаж ирсэн.

6. 2018 онд сумын ЗДТГ-ын балансад байгаа 990м2 барилга хувьчлагдаж, П.Л 6 сая төгрөгөөр авсан байдаг.

7. 2019 оны 03 сарын 20-ны сумын Засаг даргын А/14 дугаартай захирамжаар П.Л-д 940м2 газрыг эзэмшүүлсэн байдаг. Яагаад 940м2-аар шилжүүлсэн гэвэл: а/ 2018 оноос газрын кадастр цахим программд шилжсэн. П.Л-н худалдан авсан барилгын солбилцлыг кадастрын цахим зураг гаргахад 940м2 байсан тул кадастрын зураг, захирамжийн талбайтай тохирч байх ёстой тул, б/ П.Л-д худалдан авсан хэмжээ, бодит кадастрын хэмжээтэй зөрж байгаа талаар танилцуулахад үл хөдлөхийн гэрчилгээ авч, кароаке ажиллуулах гээд байгаа юм аа гээд өөрөө 940м2-аар гаргахыг зөвшөөрөөд захирамжаа гаргуулж авсан.

8. Улмаар 2019 оны 04 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай гэрчилгээ авсан байдаг.

9. Ингээд уг барилгын 2012 онд 20,0 сая төгрөгөөр засварлагдсан өрөөнд кароаке ажиллуулж байсныг ......... сумын ард иргэд мэднэ.

10. П.Л нь миний эрхийг зөрчиж 940м2-аар захирамж гаргасан гэж тухайн үед үзэж байсан бол яагаад уг 940м2-аар олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй юм. Харин ч хүлээн зөвшөөрөөд үл хөдлөхийн гэрчилгээ аваад, үйл ажиллагаа явуулж байсан нь харагдаж байна.

Гэтэл: 2020 оны орон нутгийн сонгууль болж, 2020 оны 11 сарын 16-нд би Засаг даргын ажлаа хүлээлгэн өгч, үүнээс хойш сар гаруй буюу 37 хоногийн дараа 2019 оны 03 сарын 20-ны захирамж, үл хөдлөхийн гэрчилгээ авснаас хойш 1 жил 9 сарын дараа сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн А/113 дугаар захирамжаар 990м2 талбайг хууль зөрчин өөрчлөв.

-Уг захирамж гарсны дараа 27 хоногийн дараа буюу 2021 оны 01 сарын 19-ний өдрийн сумын Засаг даргын А/15 дугаар захирамжаар П.Л-д 1033м2 болгон эзэмшүүлэх захирамж гаргасан байдаг.

-Ингээд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандахад 2021 оны 04 сарын 02-ны 93 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

-.......... аймгийн Засаг даргад сумын Засаг дарга С.С-н хууль бус захирамжийн талаар гомдол гаргахад 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 2/41 тоотоор аймгийн Засаг даргын орлогч Г.Ч: 2021 оны А/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж ажиллахыг ......... сумын Засаг дарга С.С-д мэдэгдсэн байдаг.

-Уг тоотод эд хөрөнгийн эрхийн бүртгэлээ хуульд заасны дагуу хийлгэхийг ......... сумын ......... намын хорооны дарга надад зөвлөсөн байдаг.

-Үүний дагуу, мөн өмнө нь 1 удаа нийт 2 удаа аймгийн Улсын бүртгэлд холбогдох материалаа өгсөн боловч Засаг даргын захирамж байхгүй тул шийдэгдээгүй байгаа.

-Ингэж зөвлөсний дагуу 2022 оны 12 сарын 12-нд ......... сумын ......... намын хорооны 31 дүгээр албан тоотоор 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа хүргүүлсэн боловч Засаг дарга С.С нь сумын ИТХ-аар оруулаагүй, манай намын хууль ёсны дагуу хандсан саналыг оруулаагүй нь хууль ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

-Яагаад оруулаагүй талаар манай намд албан бичгээр хариу ирүүлээгүй.

11. Дахин 2022 оны 01 сарын 27-ны өдрийн А/15 дугаар уг газартай, П.Л-тэй холбоотой 3 дахь захирамжаа гаргаж, 2021 оны 01 сарын 19-ний өдрийн А/15 дугаар захирамжаа хүчингүй болгосон.

12. Дахин 4 дэх захирамжаа 2022 оны 07 сарын 06-ны өдрийн А/84 дүгээр захирамж гаргаж, 2022 оны 01 сарын 27-ны өдрийн А/15 захирамжаа хүчингүй болгосон.

13. Аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 09-ний 112/ШШ2022/0018 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг шүүгчийн захирамжийг Монгол Улсын Шүүхийн зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж шийдвэрлүүлнэ.

14. Сумын Засаг даргын 4 удаагийн хууль бус газрын захирамжийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулна.

15. Эдгээр 4 удаагийн захирамжаас харахад Засаг дарга С.С нь П.Л-тэй ашиг сонирхолтой нь харагдаж байна.

16. 1033м2 болгох өргөдлөө П.Л сумын газрын албанд өгөөгүй байхад албан тушаалаа ашиглан дур мэдэн 4 удаа захирамжаа өөрчилж гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

17. Манай ..... намд тухайн үед 110 м2 талбайтай олгосон барилга нь одоо цахим программд оруулахад 93м2 байдаг гэжээ.    

 

3.7. Гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би П.Л-н нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хуулийн дагуу худалдаж авсан 1033 м.кв гэж байна. Худалдаж авахад 1033 гэсэн тоо байхгүй. 1033 м.кв гэдэг тоонд манай .......... намын байр байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Ахуйн үйлчилгээний барилга бол нийтдээ яг одоо манай намын байрыг оруулаад одоогийн программд оруулснаар талбай нь бол 1033м2 байгаа. Тухайн үед 2012 онд  хэмжиж хүлээж авахдаа зөвхөн метр тавьж хэмжиж, нийтдээ 1100 метр гэж хэмжиж тухайн үед  газрын даамал нь гаргаж байсан. Өнөөдөр программд 1033м2 байгаа. Тийм учраас 1033 гэдгийн П.Л-ийнх 940м.кв, манай .......... намын байр 93м2-ыг гээд нийтдээ 1033м2 байгаа. Тэгэхээр П.Л 1033м2-ыг би хуулийн дагуу авсан гэж байна. ......... сумын Тамгын газраас юм уу эсвэл өөрийнх нь  худалдаж авсан худалдан авах гэрээн дээр 1033-ыг авсан гэсэн тоо байхгүй.  Тэгэхээр 1033-ыг аваагүй байна гэдэг нь баримтуудаас  харагдаж байна. Дараагийн дугаарт 2018 оны 12 сарын 18-нд эцсийн дуудлага худалдаа яваад 2019 оны 1 сарын 2-нд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн.  2019 оны 3 сарын 20-нд чиний худалдаж авсан энэ барилга чинь 990 биш байна аа. Кадастр захирамж 2  адилхан байх ёстой гэхэд өөрөө хүлээн зөвшөөрөөд 2019 оны 3 сарын 20-нд одоо захирамжаа надаар гаргуулж аваад үл хөдлөхийнхөө гэрчилгээг 4 сарын 2-нд авсан байдаг. Тэгээд өнөөдөр 2019 оны тухайн үеийн  удирдлагуудын буруугаас болж миний эрх ашгийг хохироогоод байна гэж байна. Хэрвээ өөрийнх нь эрх ашгийг хохироогоод би хүчээр энэ П.Л гэдэг хүнд 940-ийг нь өгчихсөн юм бол П.Л тухайн үед нь миний эрх зөрчигдөж байна гээд шүүхэд  хандах байсан. Гэтэл хандаагүй. Өмнөх шүүх хурал дээр ч П.Л  “би намын байр байгаа гэдгийг мэдэж байсан” гэсэн. Хэрвээ  намын байр байдгийг мэдэж байсан юм бол бүтнээр нь гэдэгт яагаад өөрөө анхаарал хандуулаагүй юм. Дараагийн дугаарт нь өмнөх хурал дээр хэлж байсан. Би нэмье гэсэн хүсэлт гаргаагүй. Нэг мэдэхэд дараагийнх нь Засаг дарга  хэмжээг нь өөрчлөөд гаргачихсан байсан гэсэн. Тэгэхээр өөрөө хүсээгүй байхад тухайн Засаг дарга улс төрийн зорилгоор гаргачихаар нь авах гээд байгаа нь өөрийнх нь ярианаас харагдаад байна. Дараагийн дугаарт нь 990 гэдэг тоо чинь одоо 940 болчихсон байгаа. Тэгээд энэ 940 болчихсон байхад 990 нь доторх хэмжээ гээд байх юм. Бид орон нутгийн өмчийн газарт саналаа өгөхдөө барилгыг доторх хэмжээг хэмжиж байж санал гаргадаггүй.  Тэгэхээр гадна талын барилгын сууриар л тооцож гаргадаг. Тэгэхээр 1033-аар авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. 2012 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гараад авчихсан байснаас 6, 7 жилийн дараа хувьчлал явагдсан. Тэрнээс өмнө манай намын байр авсан гэдэг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, тухайн ....... нам 700,000 төгрөгийг орон нутгийн өмч, төрийн сангийн өмч хувьчлалын орлогын данс руу төвлөрүүлээд мөнгийг нь тушаасан  баримт байгаа учраас эдгээр баримтуудаар манай  .............. намын байр худалдаж зохих журмынх нь дагуу авсан гэдэг нь  нотлогдож байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс: Би тухайн барилга байгууламжийг 2018 онд тухайн үед хэрэгжиж  байсан болон одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, холбогдох журмын дагуу тус үл хөдлөх хөрөнгийг хувьчилж авсан тул Хуулийн дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох 1033 м2 барилгыг захирамжийн дагуу улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа нь хууль бус үйлдэл гэж, 

Хариуцагчаас: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн хэлтсээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хууль тогтоомжид заасан нотлох баримт дутуу, мөн гуравдагч этгээдтэй маргаантай асуудал байгаа гэж тус тус маргадаг.

3. Нэхэмжлэгч П.Л 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдаагаар ............. аймгийн ......... сумд байрлалтай “Ахуйн үйлчилгээний төв”-ийн барилгыг худалдан авчээ.

4. ........... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаар тогтоолоор ......... сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй “Ахуйн үйлчилгээний төв”-ийн барилгыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна.

5. Энэхүү барилга нь анх 1959 онд баригдсан, ......... сумын дунд сургуулийн “Мастерын газар” гэсэн нэртэйгээр ашиглагдаж байсан байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийг төрийн байгууллага хооронд шилжүүлэхээр ......... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор шийдвэрлэжээ. Энэ тогтоолд барилгын нийт талбайн хэмжээг 1100м2 гэж дурдсан байдаг.

6.  ............... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Тус аймгийн ......... сумын ИТХ, Засаг дарга, дунд сургуулийн саналыг харгалзан “......... сумын 9 жилийн сургуулийн  хөрөнгөд бүртгэлтэй Мастерын газрын барилгаас 990м2 талбай бүхий өрөө тасалгаа барилгыг ......... сумын Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлэх, мөн уг барилгын 110м2 талбай бүхий өрөө тасалгааг сумын ......... намд зохих үнээр худалдахыг зөвшөөрсүгэй.” гэжээ.

7. ......... сумын .... намаас 110м2 талбай бүхий өрөө тасалгааг 200,000 төгрөгөөр худалдан авах саналыг ........ аймгийн Орон нутгийн өмчийн газар хүргүүлсэн байх бөгөөд уг саналыг хэт бага гэж үзэж 700,000 төгрөгөөр худалдсан байдаг.

8. Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн барилгынхаа талбайг газар эзэмших захирамжид нийцүүлэн өөрчлүүлэх мэдүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасныг Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэхээс татгалзаж, нотлох баримт зөрүүтэй гэсэн шалтгаанаар татгалзсан мэдэгдэл өгсөн байна.

9. Нэхэмжлэгчээс: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоол, тэр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан журмуудыг нарийн дагаж мөрдөж худалдаж авсан эд хөрөнгөө өнөөдөр би өмчилж, ашиглах, эзэмших ийм боломжгүйгээр байж байгаа. Тэгэхээр энэ эрхээ сэргээлгэж  дуудлага худалдаагаар зарлагдсан метр квадрат буюу 990м2 гэж тогтоож зарсан, гэхдээ үүнийг  барилгажих талбай нь 990 гэж тогтоогоогүй, нийт барилгын өрөө тасалгаа бүхий гэдэг дээр нь буюу нийт дотоод цэвэр метр квадрат нь 990 гэж тогтоосон метр квадратаар надад худалдсан байгаа. Тухайн үед худалдахдаа мэргэжилтнүүд болон дуудлага худалдаа зохион байгуулж байсан албан тушаалтнууд байшин бүтнээрээ гэж тайлбарлаж байсан. Энэ нөхцөл байдлаар нь худалдаж авснаараа би  эзэмших гэрчилгээгээ гаргуулж  хуулийн дагуу захиран зарцуулах эрхээ сэргээлгэхээр хандсан байгаа юм” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Үндэслэх хэсгийн 5-д дурдсанаар ......... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон ............ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд уг барилга нь 1100м2 хэмжээтэй, үүнээс ......... сумын ....... Намын хороонд 110м2 өрөө тасалгааг худалдсан болох нь тогтоогддог. Иймээс нэхэмжлэгчийн уг барилгыг бүтнээр нь авсан гэж ойлгосон, 990м2 талбай бол уг барилгын дотор талбайн хэмжээ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр уг барилгын нийт дотор талбайн хэмжээ 784.33м2 байдаг. Энэ хэмжээнд түүний доор байрлах 71.81м2 зоорийн талбай ороогүй болно. Барилгын зоорийн талбайг нэмж тооцсон ч нийт хэмжээ 990м2 гэсэн хэмжээнд хүрэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс ......... сумын .............. Намын хороонд барилгыг худалдсан нь ч хууль бус гэж маргаж байх боловч энэ үндэслэлээр .......... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хууль бус байсан гэж дүгнэх боломжгүй.        

10. Түүнчлэн 1959 онд ашиглалтад орсон уг барилгын зураг төсөл ......... аймгийн Архивын тасаг, ......... сумын дунд сургууль, ......... сумын Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газарт байхгүй болох нь тогтоогддог.

Одоо уг барилгыг нийт гадна талбайгаар хэмжихэд 1033м2 хэмжээтэй байдаг. Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны баримтуудаас харахад 990м2 барилга худалдсан болох нь маргаангүй тогтоогддог.

Энэ нь “......... сумын 9 жилийн сургуулийн  хөрөнгөд бүртгэлтэй Мастерын газрын барилгаас 990м2 талбай бүхий өрөө тасалгаа барилгыг ......... сумын Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлэх” гэж заасан ...... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дэх заалттай нийцдэг.

Үүнээс дүгнэж үзвэл ......... сумын 9 жилийн сургуулийн  хөрөнгөд бүртгэлтэй Мастерын газрын барилга нь сумын Засаг даргын Тамгын газарт бүхлээрээ шилжиж ирээгүй, 990м2 талбай нь шилжиж ирсэн байна. Хожим нь ......... сумын Засаг даргын Тамгын газар өөрт шилжиж ирсэн үл хөдлөх хөрөнгөө хувьчлан худалдсан тул барилгыг бүхлээр нь дуудлага худалдаагаар худалдан авсан гэж маргах үндэслэлгүй. Тодруулбал, ......... сумын Засаг даргын Тамгын газар өөрт шилжиж ирээгүй үл хөдлөх хөрөнгийг дансанд бүртгэх, улмаар хувьчлах санал гаргах эрхгүй.

Иймээс  гуравдагч этгээдийн “...тухайн үед 2012 онд  хэмжиж хүлээж авахдаа  зөвхөн  метр тавьж хэмжиж нийтдээ 1100 метр гэж хэмжиж  тухайн үед  газрын даамал нь гаргаж байсан. Өнөөдөр программд 1033м2 байгаа. Тийм учраас 1033-аас П.Л-ийнх 940м2, манай ......... намын байр 93мгээд нийтдээ 1033м2 байгаа.” гэх тайлбар үндэслэлтэй.

11. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт дутуу, мөн гуравдагч этгээдтэй маргаантай асуудал байгаа гэж татгалзлалаа тайлбарладаг.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн барилга байгууламжийн доорхи газрыг хуульд зааснаар эзэмшиж байсан байх бөгөөд ......... сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/15 дугаар захирамжаар 1033м2 газар эзэмшүүлсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжаар уг захирамжийг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч П.Л ......... сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг дараах байдлаар тоочин заасан. Үүнд: 31.1Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна., 31.2Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэжээ.

Нэхэмжлэгч тухайн байршилд газар эзэмших эрхээ газрын тухай хууль тогтоомжийн дагуу эдлэх эрхтэй боловч энэ нь түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь өмчлөх эрхийг түүнд олгохгүй.

Энэ тохиолдолд хариуцагч бүртгэлийн байгууллагын татгалзлыг үндэслэл бүхий гэж үзнэ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Цаасан нотлох баримт буюу хамгийн гол нь газрын кадастрын зураг дээр зурагдсан барилгын кадастрын хэмжээ, дээр нь план зураг,  940-ийн хувьд өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг дээрх өөрийн гарын үсгээрээ бичиж өгсөн 940  метр квадрат гэсэн хэмжээ. Дээр нь амаар тодруулга тайлбар авахад өөрөө 940м2 талбайтай юм гэж хэлсэн энэ 3 нотлох баримтыг үндэслээд 940м2-аар нэхэмжлэгч П.Л-н үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн.” гэж тайлбарладаг, нэхэмжлэгчээс тэгвэл одоо кадастрын зургаар хэмжээ 1033м2  болчихоод байхад үүнийг гаргаж өгөхгүй байгаа нь хууль бус гэж маргадаг. Нэхэмжлэгч тухайн барилгад өргөтгөл буюу бусад талбайг нэмэгдүүлэх нэмэлт байгууламж бариагүй болох нь тогтоогддог. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн энэхүү үндэслэл мөн л нотлогдохгүй байна.

13. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.1улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох; 19.4.2энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 19.4.3энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах; гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хууль заасан журмын дагуу хөтлөхийн тулд иргэн, хуулийн этгээдээс хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтыг гаргуулан авах үүрэгтэй байна. Хуульд заасан эдгээр нотлох баримт дутуу нөхцөлд мэдүүлэг гаргагчийн хүсэлт буюу мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй байна.

Тодруулбал, улсын бүртгэл нь захиргааны байгууллагын өөрийн санаачлагаар хийгдэх ажиллагаа биш бөгөөд эрх бүхий этгээд өөрөө бүртгэлийн үйл ажиллагааг хийлгэж эрхээ баталгаажуулахаар төрийн байгууллагад ханддагаараа онцлогтой. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлэг юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ. 7 дугаар зүйлийн 7.5Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа этгээд тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргана., 8 дугаар зүйлийн 8.1Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: 8.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан; 8.1.2.мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй; 8.1.3.хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй; гэж тус тус заасан байна.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч П.Л тухайн барилга байгууламжийг бүхэлд нь худалдан авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул ......... сумын 9 жилийн сургуулийн  хөрөнгөд бүртгэлтэй Мастерын газрын барилга/тухайн үеийн нэршлээр/-ыг бүхэлд нь өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах эрхгүй байна. 

14. Иймээс нэхэмжлэгчийн “Хуулийн дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох 1033м2 барилгыг захирамжийн дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Энэ шийдвэр нь нэхэмжлэгч П.Л ......... сумын 9 жилийн сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй Мастерын газрын барилга/тухайн үеийн нэршлээр/-ыг бүхэлд нь буюу 1033м2 барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх байгаа эсэхтэй холбоотой тул иргэн П.Л өмчлөлийн барилгаа хэсэгчлэн хуваах, худалдах, арилжих зэргээр эрх шилжүүлэх, зоорийн давхрыг болон өөрөө барилга байгууламжаа өргөтгөн нэмж улсын бүртгэлд бүртгүүлэхэд хамаарахгүй болохыг ......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс анхаарах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3-т заасныг баримтлан иргэн П.Л-с ......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хуулийн дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох 1033м2 барилгыг захирамжийн дагуу улсын бүртгэлд бүртгэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН