Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нарыг оролцуулан Э.Э*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б******* нь одоо биеийн байдал тааруу байгаа. Тиймээс энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Иргэний журмаар хэрэг нь Дээд шүүх дээр хянагдаж байгаа. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Э.Э*******ийн уг компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******д олгосноор тэрээр хүсэлтийг гаргасан байх тул Э.Э*******ийн Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Э.Э*******ийн уг компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э******* нь Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Э.Э*******ийн уг компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ