Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2018/01781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух Т овогт Б-ийн  О /*********** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, О овогт От-ын У  /*********  /-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2018/01678/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Б.О , хариуцагч О.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Онь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд О.У тай танилцаж, үерхэж байгаад 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2008 оны 01 сарын 20-ны өдөр том хүү У.С , 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бага хүү У.Б нар төрсөн. Бид хамтдаа 6 жил амьдарсан бөгөөд нөхөр маань гэр бүлээсээ гадуур өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа тогтоон, улмаар дундаасаа хүүхэдтэй болж бид 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Миний хувьд 2015 оноос өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж бидний дундаас мөн хоёр хүүхэд мэндэлсэн. О.У  бид хоёрыг тусдаа амьдарч эхэлснээс хойш хоёр хүүхэд маань хадам аав, ээжийн асрамжинд байж над дээр ирэн очин амьдардаг байсан. Өнгөрсөн хавар хадам ээж маань өөд болсноос хойш хүүхдүүд маань миний асрамжинд ирсэн ба одоо надтай хамт амьдарч байгаа. Бага хүүгээ О.У ын асрамжинд үлдээх боломжгүй гэж үзэж байна. Учир нь би О.У , түүний хамтран амьдрагчтай ярилцаж үзэх гээд ойлголцоогүй, чиний хүүхдийг харж чадахгүй шүү гэж хэлж байсан. Мөн би хоёр хүүхдээ салгахыг хүсэхгүй байна. Хамтран амьдрагч маань миний хүүхдүүдэд сайн ханддаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү У.С , У.Б нарыг миний асрамжинд үлдээж эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Хариуцагч О.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд танилцаж 2007 оны 8 сард гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 01 сарын 20-ны өдөр том хүү У.С , бага хүү У.Б 2010 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн. Б.Обид хоёр 2012 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Бидний тусдаа амьдарснаас хойш хоёр хүү маань манай аав ээжтэй хамт 2018 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл амьдарсан. Энэ хугацаанд хагас, бүтэн сайн өдөр алданги ононги ээж дээрээ очдог байсан. 2018 оны 06 сараас хойш том хүү маань ээжтэйгээ байгаа ба бага хүү маань 2018 оны 11 сарын дундаас хойш ээж дээрээ очсон. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин хүүхдийн асрамжийн тал дээр том хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээх, бага хүүгээ өөрийнхөө асрамжинд үлдээх саналтай байсан боловч хоёр хүүхэд тус тусдаа байхаар нэгнийгээ үгүйлээд царай алдаад байдаг тул ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд би Б.О ийн арай ч тэтгэлэг авна гэж улайраад байхгүй байх гэж бодож байна. Ихэнх хугацаанд миний хүүхдүүд манай аав ээжийн асрамжинд байсан ба миний тухайд хүүхдүүддээ хувцас хунар авч өгөх гээд асран тэтгэх үүргээ биелүүлж байсан гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч О.У т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №0450062/550 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү У.С  төрсөн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №115/001092 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү У.Б төрсөн болох нь 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн №0450062/550 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэгэнт гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй болсон гэх тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нар нь тус тусдаа амьдарч байгаа байдал, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл зэргийг үндэслэн шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй байна гэж үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Б.О , О.У  нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Онь хүү У.С , У.Б нарыг өөрийнхөө асрамжинд үлдээнэ гэснийг хариуцагч зөвшөөрсөн ба хүүхдүүдийн нас, хүүхдэд тавих эхийн хайр халамж, тэдгээрийн санал зэргийг харгалзан 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү У.С , 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү У.Б нарыг эх Б.О ийн асрамжид үлдээж, эцэг О.У аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү У.С , У.Б нарыг эх Б.О ийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.3 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.У аас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү У.С  нь 10 настай, 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү У.Б 8 нас хүрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг хүүхэд тус бүрт сар болгон хариуцагч О.У  төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү У.С , У.Б нарт сар бүр төлөх тэтгэлэг 182.600 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, нийт 120.209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О овогт От-ын У  /********* /, Т овогт Б-ийн  О /*************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 20ы өдөр төрсөн хүү У.С , 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү У.Б нарыг эх Б.О ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 20ы өдөр төрсөн хүү У.С , 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү У.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.У аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.У т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.О т тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч О.У аас 120.209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН