Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 284

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0287/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н,
Улсын яллагч Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О,
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт А-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718001330083 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү-бизнес удирдлага мэргэжилтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Корпорейт конвейншн центрт хамгаалагч ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-4-196 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А /регистрийн дугаар ТЕ91113033/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А нь 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэс плаза” төвийн гадаа БНСУ-ын иргэн S овогт E-ы Самсунг эс-6эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А нь 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэс плаза” төвийн гадна БНСУ-ын иргэн Sn-ны Самсунг S6 edge маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бус авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А-ын өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч S-ны өгсөн ...би тэгээд гар утсаа аваад өөрийнхөө өмднийхөө баруун талын халаасанд хийгээд ах руугаа очиж явъя гэж хэлэх гэтэл тэр баарны хамгаалагч гэх залуу манай ахаас мөнгө авч байсан. Тэгсэн тэнд миний хажууд байсан 4 залуу миний тал талаас энгэр болон хувцасны халаасны гадна талаас нь тэмтэрч эхэлсэн. Нэг залуу нь тэд нарыг болиулаад байх шиг байсан. Тэд нар миний хувцсыг гадна талаас нь тэмтэрч байгаад миний халаасанд байсан гар утсыг нэг нь авчихсан юм...тэдгээр залуучууд бид хоёрыг цохиж зодсон асуудал болоогүй ээ. Хохиролд 650.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Гэрч S-ийн -ны өгсөн ...тэр үед дүү S намайг ахаа гээд дуудаад байсан. Тэнд байсан залуучууд дүүг явуулахгүй хоргоогоод байсан юм. Тэр хамгаалагч надаас мөнгө төгрөг нэхээд би тэр хамгаалагчтай хэл яриагаа ойлголцчихоод яваад очъё гээд очиж чадахгүй байхад дүү S над дээр хүрээд ирсэн юм. Тэгээд S над дээр ирээд миний гар утас дахиад алга болчихлоо гэж хэлсэн. Би тэгээд тэр залуучуудад миний дүүгийн гар утас нь алга болчихсон гэнэ, гаргаад өгчихөөч гэж хэлсэн чинь тэд нар бид нар мэдэхгүй, аваагүй гээд байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Б-ын өгсөн: ...Таксинд суулгаж өгөх гэтэл утас нь алга болдог Солонгос иргэн дахиад миний гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд тэр Солонгостой М, Г нар сууж байсан газраа унагаачихсан байж магадгүй гээд явсан. Би найз Г-ийн хамт Од маркет руу идэх юм авах гээд явсан хойгуур араас намайг дуудаад нөгөө хоёр Солонгос хүний гар утас нь олдохгүй байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би найз Г-ийн хамт сааданд яваад очтол нөгөө хэд бүгд байж байсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар ирээд тэр хавиар хайгаад олоогүй юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч Г-ын өгсөн: А тэр хоёр солонгостой бага зэрэг солонгосоор ойлголцоод байх шиг байсан. Тэгээд гэнэт тэд нар үйлчилгээний төв орж юм авахаар болоод А, М нар хоёр солонгосын хамт үйлчилгээний төв рүү явсан. Тэгээд бид араас нь алхаж явтал нэг солонгос нь зам хөндлөн гарч яваад миний утас алга байна гэж хэлсэн. Тэгээд М солонгосын утас нь алга байна гэж хэлээд тэгээд бид нар буцаж сууж байсан газар луугаа явсан. Тэр үед А таксинд суугаад яваад өгсөн юм. Би нар буцаж очоод сууж байсан газрынхаа тэр хавиар утсыг нь хайгаад олоогүй юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Гэрч М-ийн өгсөн: ...Намайг тэр 2 солонгосыг таксинд суулгаж өгөх гээд явж байхад миний хажууд Б, Б, А нар цуг зэрэгцээд алхаж явсан юм. Тэгсэн таксинд суух болсон чинь намхан биетэй солонгос нь халаасаа үзэж тэмтэрч байснаа нөгөө солонгостойгоо дахиад солонгосоор юм яриад байсан. Тэгсэн нөгөө өндөр биетэй солонгос нь бид нарт манай дүүгийн утас нь дахиад алга болсон байна, хааччихав гээд гайхаад байсан...тэр үед А  хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон юм. А-ын араас утас руу нь залгасан чинь утас нь дуудаж байснаа холбогдохгүй болчихсон гэсэн мэдүүлэг/хх-ийн 32-33/,
Гэрч Д-ийн өгсөн: ...Б бид 2 архи ууж байхад цаана нөгөө 2 солонгос дээр нөгөө хэд бөөнөөрөө юм яриад наашаа холхилдоод байсан. Тэгсэн Г хүрч ирээд нөгөө 2 солонгос үйлчилгээ рүү явчихлаа, М, А 2 араас нь явчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар үйлчилгээний төвийн тийшээ араас нь очсон юм. Тэгсэн үйлчилгээний төв дээр очсон чинь дахиад тэр намхан солонгосын утас нь алга байна гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад саад руу очиж хайсан боловч олдоогүй юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Гэрч Г-ын өгсөн: ...М ирээд тэр 2 солонгосыг таксинд суух гэтэл суулгахгүй, явуулахгүй машины хаалганаас нь барьчихаад та 2 хаачих гээд байгаа юм бэ гээд байсан. Тэгээд байж байтал нөгөө намхан солонгос нь халаасаа тэмтэрч байснаа утас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нарт халаасаа үзүүлж байхад А гэнэт алга болчихсон байсан. Тэгээд А-ын утас руу нь залгахад утсаа авахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,  
Самсунг S6 edge маркийн хуучин гар утас 650.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлоглож байна.
Шүүгдэгч А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 
Иймд шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч Son Eunsun-д 650.000 төгрөгийг төлж гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А-ыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Корпорейт конвейншн центрт хамгаалагч ажилтай, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.2-т зааснаар шүүгдэгч А-ыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар А-т тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүйг дурдсугай.
6. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР