Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 539

 

“ФГББСБ” ХХК-ийн                                                                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах               даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00016 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8 436 002,74 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэл, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Хосбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ФГББСБ” ХХК болон Т.Э- нарын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1220000424 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, 6.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 48 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Талууд дээрх гэрээг бичгээр үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан.  Т.Э- нь үндсэн зээл 6.000.000 төгрөгөөс 39.863,02 төгрөг, хүүд 710.136,98 төгрөг, нийт 750.000 төгрөг төлсөн. Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 5.960.136,98 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2.422.567,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.298,31 төгрөг, нийт 8.436.302,74 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Т.Э- нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тал фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна. Иймд Т.Эрдэнбаатараас нийт 8.436.002,74 төгрөг гаргуулан “ФГББСБ” ХХК-д олгуулж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох тоёото приус-20 маркийн 9304 улсын дугаар, NHW203425861 арлын дугаар бүхий автомашинаар хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээлийн гэрээг хуулиар тогтоосон журмын дагуу байгуулагдсан тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь миний төлсөн мөнгийг хэт багасгаж бичсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг NHW2034425861 арлын дугаартай, 9304УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэрээ байгуулах тухай санал, хүлээн зөвшөөрсөн саналыг хариу бодитойгоор өгөгдөж, талуудын хооронд тухайн хэлцлийг байгуулах хүсэл зоригтой байсан эсэх нь хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд чухал ач холбогдолтой байна. Иргэн Т.Э- нь “ФГББСБ” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1220000424 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус фидуцийн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгогүйгээр дүр үзүүлэн байгуулсан. Иймээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1220000424 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Хосбаяр нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Бид Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйлийг бодитой гаргуулан авах шаардлага гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э-аас 8.337.379,72 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 98.623,02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э- шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Т.Э-аас NHW2034425861 арлын дугаартай, 9304 УБА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-аас төлсөн 220.127 төгрөг, хариуцагч Т.Э-аас төлсөн 174.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас 218.548 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 50 төгрөг гаргуулан хариуцагч Т.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан. Иймээс гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчдын хууль нийцүулэн хийсэн хэлцэл нь гэрээний үүргийг шаардах эрхийг бий болгодог. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна" гэснийг хулээн зөвшөөрөхгүй байна. Банк эрх бүхий хуулийн этгээд нь хуулиар тогтоосон журмын дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж болохоор заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг үйлдсэн байдаг. Нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дугаар 1/443 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна. /2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 23 тоот тогтоолоор/ Мөн тусгай зөвшөөрлийн тэмдэглэл хэсэгт "Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 23 тоот" гэж тэмдэглэсэн байдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2,  15 дугаар зүйлийн 15.1, 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт тус тус заасан. Иймээс 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна. Тиймээс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ иргэний хуулийн 56 дугаар зүйлийи 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д "...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж үзнэ. Нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 тус тус заасныг зөрчсөн байна. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасан. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нэг талаас Д.Хосбаяр, нөгөө талаас Т.Э- нар байгуулсан байна. Д.Хосбаяр нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгуй, итгэмжлэлгүй этгээд юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тээврийн хэрэгслийн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Иймээс тус эд хөрөнгийг фидуцийн гэрээний дагуу эрх ашиг сонирхлоо хамгаалах гэж байгаа бол шүүхэд хандахгүйгээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгөн төлбөр авах шаардлагыг шүүхэд гаргасан. Мөн хариуцагчийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хэвээр байгаа юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК нь хариуцагч Т.Э-т холбогдуулан зээлийн гэрээнд заасан 8.436.002,74 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тал фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба уг шаардлагаа өөрчлөгдөөгүй болохыг шүүх хуралдаан дээр тодруулсан байна.  /хх-ийн 2, 115/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1220000424 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 6.000.000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг бичгээр байгуулж хариуцагчийн өмчлөлийн “Тоёото приус-20” маркийн 9304УБА улсын дугаартай  автомашины өмчлөх эрх нэхэмжлэгчийн  нэр дээр шилжсэн, хариуцагч зээл, хүүд 750.000 төгрөг төлсөн боловч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8.337.379,72 төгрөгийг төлөөгүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан  зээлийн болон фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, зээлийн болон фидуцийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг, банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар хугацаа тогтоогоогүй, зээлийн болон фидуцийн гэрээ  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  /хх-ийн 7-9/

 

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний 3.1-д заасан талуудын тохиролцоо мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг зөв дүгнэж, түүний нэхэмжлэгчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээг нийт 8.337.379,72 төгрөг гэж тодорхойлсон нь хуульд нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ  Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан агуулгад нийцсэн гэж шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч тал 2 шаардлага бус 1 шаардлага гаргасан, мөнгөндөө автомашин авах шаардлага анхнаасаа гаргасан гэж  тайлбарлаж байхад зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд нэмэгдэл үүрэг болох фидуциэр үндсэн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

Иймд зээлийн гэрээний үүрэг 8.337.379,72 төгрөгийн төлбөрт Тоёото приус-20” маркийн 9304УБА улсын дугаартай  автомашиныг хариуцагчаас бодитоор гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

  Фидуцийн гэрээг хариуцагчийн зүгээс хүсэл зоригоо илэрхийлээгүй, дүр үзүүлэн хийсэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00016 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дах заалтыг 1 дэх заалт болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э-аас  NHW2034425861 арлын дугаартай, 9304 УБА улсын дугаартай, “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч “ФГББСБ” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ