Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 87

 

Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1914005920373 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дархан овогт Батчулууны Бат-Эрдэнэ, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 3-24 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 5 дугаар сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар /ВЮ83072079/

Б.Бат-Эрдэнэ нь 2019 оны 8 дугаар сарын 19 нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэнгийн үзүүр” гэх газарт Б.Баяржаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дархан овогт Батчулууны Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Бат-Эрдэнэд буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: Би ээж, эгчийнхээ хамт амьдардаг, амьдралын нөхцөл боломж бололцоогүйн улмаас эхнэр авч чадаагүй, тус тусдаа амьдарч байгаа болно. Би ээж, эгч, найз эмэгтэй, хүүхдээ харж ханддаг. Ээж маань өндөр настай, сонсгол харааны бэрхшээлтэй эгч маань төрөлхийн өвчтэй бөгөөд хугацаагүйгээр группэд орсон байнгын эм тариа, эмчилгээ хийлгэж өнөөдрийг хүргэж байна.

Эгчийн эм тариа эмчилгээнд өдөр бүр л мөнгө зарцуулдаг. Надаас өөр ээж, эгчийг маань харж хандах хүн байхгүй. Би анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийвэл эгчийнхээ эмчилгээний төлбөрийг олох боломжгүй болно.

Иймд энэрэнгүй шийдвэр гаргаж надад авсан 300 цагийн нийтэд тустай ялыг өөрчилж торгуулийн ялаар өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлд ял шийтгэл нь тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэнгийн үзүүр” гэх газарт Б.Баяржаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь 1914005920373 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хохирогч Б.Баяржаргал, гэрч Х.Эрдэнэчулуун, П.Мөнхбат, А.Энхзаяа нарын мэдүүлгүүд,

 “...Б.Баяржаргалын биед дух, зүүн чих, баруун зулай, чамархайд шарх, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 524 тоот дүгнэлт,

 “... Б.Баяржаргалын ... нэмэлтээр хийсэн бодит үзлэгт дух, баруун, зүүн чих, хөмсөг, зулайд сорви, хацар, мөр, бугалга, шуу, цээж, хэвлий, гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 549 тоот нэмэлт дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, насанд хүрээгүй хохирогч Б.Баяржаргалын биед учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/290 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.МӨНХДАВАА

   ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР

Б.БОЛОР-ЭРДЭНЭ