Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 557

 

Т.М-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд     даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00133 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.М-д холбогдох

4 180 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1 077 134 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч Я.М-, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Т.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.М-а Сэлэнгэ аймгийн Бугант гэх газар алт олборлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа зориулж иргэн Я.Мөнх-Эрдэнийн livgong маркийн 34-84 БУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30 хоног түрээслэхээр тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 30 хоногийн түрээсийн төлбөр нь 14.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба 5.2.1-т ажил эхлэхээс өмнө нийт үнийн дүнгийн 50 хувийг төлнө гэсний дагуу түрээслэгчид Т.М-а нь 7.000.000 төгрөгийг төлсөн. Гэвч 2019 оны 8 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд ажиллаж улмаар бусад өдрүүдэд ажиллаагүй. Учир нь Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ аймагт алт олборлож байсан иргэн хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тэнд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн аж ахуй нэгжийг бүгдийг хөөж гаргасан учир нэхэмжлэгч Т.М-а 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн тоног төхөөрөмж багаж зэвсгийг татаж хотод ирсэн. Түрээслэгч нь 15 хоногийн төлбөр 7.000.000 төгрөгийг төлсөн ч түрээслэгч 5 өдөр ажилласныг нэмж 2 хоног ажилласанд тооцсон тул илүү төлсөн 8 хоногийн төлбөр болох 3.500.000 төгрөгийг шаардаж байна. Түүнчлэн түрээслэгч нь явахдаа ажлын байран дээр байсан 12R20 хэмжээтэй шинж, дугуй авч явсан ба дугуйны үнэ болох 680.000 төгрөг, нийт 4.180.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.    

Хариуцагч Я.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т.М-атай техник түрээслэх талаар утсаар холбогдож 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр уулзаж 30 хоногийн  хугацаатай 14.000.000 төгрөгөөр тохиролцож мөн өдрөө гэрээ байгуулж 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хугацааг тооцохоор техникээ түрээсэлсэн. Урьдчилгаа 50 хувь буюу 7.000.000 төгрөгийг тээврийн хөлс 2.000.000 төгрөгийн хамт миний Хаан банкны 5019191179 тоот дансанд шилжүүлсэн. Тээврийг хийхдээ Улаанбаатар хотоос уурхай дээр хүргэнэ гэсэн боловч Сэлэнгэ аймгийн 4 замын уулзвар дээрх цагдаа байгаль орчиноо арчилж чадахгүй байна гэхэд нь миний механизмыг Дархан-Уул аймгаас цааш уурхай руу 90 км газар хулгайн замаар явуулж энэ нь явах эд ангид сөргөөр нөлөөлсөн учир гомдолтой байна. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уурхай дээр очиж 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тэндээс буцаж хулгайн замаар 90 км газар явуулж Дархан-Уул аймагт ирсэн. Анх гэрээ байгуулж тохиролцохдоо Улаанбаатар хот руу авч ирж өгснөөр түрээс зогсоно гэсэн боловч буцах тээвэр хийж өгөөгүй. Би өөрөө тээвэрлэлт хийж хотод авч ирсэн. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 11 хоног болсон. 30 хоногийн түрээс 14.000.000 төгрөг, 15 хоног түрээслэхэд 7.000.000 төгрөг бөгөөд өдрийн түрээс 466.666 төгрөг 11 хоногийн түрээс 5.133.333 төгрөг болж зөрүү 1.866.666 төгрөг үлдсэн. Энэ мөнгөөр би буцах тээвэр хийгээгүй учир трайлер хөлсөлж буцах зардал хийсэн. Т.М-а гэрээний 3.1-т заасныг зөрчиж миний машиныг зориулалтын бусаар ашиглаж хулгайн замаар явахдаа 3 хоног шавар ухуулж 4 тонны багтаамжаас хэтрүүлэн 16 тонн, 20 тонны жинтэй төхөөрөмж ачиж даацыг нь хэтрүүлснээс  шанаганы  8 шүд хугарч моторын турбин эвдрэн масло цацаж хропны түгжээ араа алддаг болсон. Ингэж техникийг минь эвдэж намайг үг хэлээр доромжилж заналхийлж доромжилсонд гомдолтой байна. Энэ хүнээс болж би техникээ янзалж цаг зав, сэлбэг тос масло, хөлс мөнгөөрөө хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрүүдэд ашиглаж би өөрөө 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дархан хотоос тосч авахад механизмыг эвдсэн байсан. Тодруулбал нийт 11 хоног ашиглахдаа 5.133.333 төгрөг болсон. Үүнийг урьдчилгаа 7.000.000 төгрөгөөс хасахаар 1.866.666 төгрөг. Энэ мөнгөөр би өөрөө механизмыг хот руу буцаах зардал хийж 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ачуулсан. Механизмыг өөрөөр нь хол замд явуулахыг хориглодог бөгөөд явах эд ангид сөргөөр нөлөөлдөг. Зориулалт нь хол замд явуулна гэсэн зүйл байхгүй байхад хулгайн замаар очихдоо 90 км, буцахдаа 90 км явж шавартай замаар 3 хоног шавар ухуулж, шаварт суулгаж, зориулалт нь 4 тонн багтаамжтай шанагатай, 4 тоннийг хутгаж, өргөж, түрж ачих зориулалттай механизмаар алт угаагч тоног төхөөрөмжүүд ачсан. Өөрийн жин 16 тонн, бодит жин 40 тонн гаруй жинтэй ачаатай шаланзаа түрүүлж, түлхүүлж, чирүүлж 3 хоног хүчээр зүтгүүлснээс шанаганы 8 шүд хугарч, турбин эвдэрч масло цацсан. Хүнд ачаа түрсний улмаас хропны түгжээ араа мултардаг болж хүчгүй болсон байсныг би Дархан хотод тосч авч засаж янзалсан. Эдгээрт масло, тос, цаг зав, ажлын хөлс үрсэн боловч энэ бүгдийг тооцолгүй зөвхөн худалдан авсан сэлбэгийн мөнгө болох 1.077.134 төгрөгийг Т.М-аас нэхэмжилж байна. Мөн намайг 12R20-той дугуй авсан гэж гүтгэж нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Уг дугуйг би аваагүй бөгөөд миний ковшнд таарахгүй 23.5 R25-тай дугуй таардаг гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэл муутай байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь хариуцагч өөрийн ковшийг Дархан хотоос тосч авсан, тухайн үед эвдрэл гэмтэл гарсан талаар мэдэгдээгүй, засвар хийсэн сэлбэг авсан гэх баримтгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Я.М-эс 1.266.666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-ад олгож, нэхэмжлэлээс 2.913.333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.М-аас 360.800 төгрөг гаргуулан хариуцагч Я.М-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 716.334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.830 төгрөг, хариуцагчийн төлсөн 34.401 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 34.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 11.474 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг уурхайн талбайгаас 80 орчим км тээвэрлэж өөрийн санхүүжилтээр түлш /Дизель/ хийж тээвэрлэж ирсэн байдаг. Гэвч анхан шатны шүүх энэ хугацааны зардлыг тооцохгүйгээр 2.000.000 хасаж шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэж ирэхээс татгалзсан, шатахуун түлш хийхээс зайлс хийсэн үйлдэл байхгүй ба тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлээд ирж байхад хариуцагч Дарханы зам дээр ажиллахаар боллоо хэмээн тухайн тээврийн хэрэгслийг сайн дурын үндсэн дээр 2 жолоочийн хамт аваад салаад явсан байдаг. Нэгэнт хариуцагч нэхэмжлэгчээр тухайн тээврийн хэрэгслийг хот руу тээвэрлүүлэх шаардлагагүй өөр газар ажиллахаар болоод салаад явсан учир нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг авч ирэх зардлыг хариуцахгүй байх атал анхан шатны шүүх энэ үйл баримтыг анхаарч үзэхгүйгээр хэргийн шийдвэрлэсэн. Энэ талаар хариуцагчийн жолооч хийж байсан гэрч болоод нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан гэрчүүд үнэн зөв мэдүүлсэн ч шүүх үнэлээгүй шалтгаанаа тайлбарлахгүй орхигдууллаа. Тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэж хамт ирсэн нэр бүхий гэрчүүд шүүхэд мэдүүлэхдээ 1 шүд хугарсан нь үнэн өөр зүйл эвдэрч гэмтсэн зүйл байхгүй талаар үнэн зөв мэдүүлсэн байх атал анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгээр шанаганы 8 шүд хугарсан болох нь тогтоогдсон хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн талуудын тайлбараар 8 шүд хугарсан нь тогтоогдсон хэмээн дүгнэсэн байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 8 шүд хугарсан зүйл байхгүй хэрэв үнэхээр 8 шүд хугарсан бол хариуцагч тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авахдаа баримт үйлдэж эвдэрхий авсан талаар мэдэгдэх байсан ба өөр газар тухайн тоног төхөөрөмжийг түрээслэхээр салаад явсан үйлдэл нь тухайн тээврийн хэрэгсэл хэвийн үйл ажиллагаатай бүрэн бүтэн байсан болохыг нь илтгэж байгаа талаар тайлбарласаар байх атал нэхэмжлэгчийг 8 шүд хугарсан гэх тайлбартай маргаагүй гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Мөн 360.800 төгрөгөөр 8 шүд худалдаж авсан гэх хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Тухайн баримтанд хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй ба тухайн сэлбэг өөр тээврийн хэрэгсэлд зориулагдаж авсан эсэх үйл баримт тодорхойгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Я.М-эс 3.266.666 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.М-а нь хариуцагч Я.М-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлсэн  3.500.000 төгрөг,  дугуйны үнэ 680.000 төгрөг, нийт  4.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн зүйл болох авто ачигч /ковш/-д учирсан эвдрэл, хохирлын төлбөрт 1.077.134 гаргуулах тухай гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            

Зохигчдын хооронд  2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авто ачигчийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Я.М- нь өөрийн өмчлөлийн     34-84УБ улсын дугаартай, “Liugong”  маркийн авто ачигч /ковш/-ийг түрээслэгч Т.М-ын эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь сарын 14.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байхаас гадна  түрээсийн зүйлийг 3 сараас илүүгүй хугацаагаар түрээслүүлсэн тохиолдолд ирж, буцах зардлыг түрээслэгч хариуцахаар  тохиролцжээ./хх-ийн 8-9/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байх бөгөөд түрээслэгч нь түрээсийн урьдчилгаанд 7.000.000 төгрөг, тээврийн зардалд 2.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг  түрээслүүлэгч талд  шилжүүлсэн  үйл баримт тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн түрээслэгч нь түрээсийн зүйлийг  2019 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл 8 хоног ашигласан гэж дүгнэсэнд талууд хэн аль нь гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэлээс 12R20 хэмжээтэй шинэ дугуйны үнэ 680.000 төгрөг гаргуулах шаардлагыг  болон сөрөг нэхэмжлэлээс 716.334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар хэн аль нь гомдол гаргаагүй байна.

 

Иймд 8 хоног түрээсийн зүйлийг ашигласны төлбөрт 3.733.333 төгрөг тооцсон нь үндэслэлтэй болжээ. Харин авто ачигчийн буцах зардал 2.000.000 төгрөгийг хасч тооцсон нь буруу байна.

 

Түрээсийн гэрээний 3.8-д “тээврийн хэрэгслийг 3 сараас илүүгүй хугацаагаар түрээслэх тохиолдолд түрээслэгч тал 2 талын зардлыг даана” гэж тохиролцсон байх боловч тээврийн зардлыг 2.000.000 төгрөгөөр тооцохоор гэрээнд заагаагүй, харин хариуцагч түрээсийн зүйлийг Дархан хотоос Улаанбаатар хотод авчирсан зардалд 1.800.000 төгрөг зарцуулсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримт ,банкны дансны хуулгаар нотлогдсон /хх-ийн 50, 57/ тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт шилжүүлэн өгсөн 7.000.000 төгрөгөөс нийт 5.533.333 төгрөгийг хасч тооцон, үлдэх 1.466.667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарлагын баримт, гэрч Ц.Алтангэрэл нарын мэдүүлэг, талуудын тайлбарт үндэслэж, хугарсан авто ачигчийн шанаганы 8 ширхэг шүдний сэлбэгийн үнэд 360.800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дах хэсэгт нийцжээ.

 

Гэрч Ц.Алтангэрэлийн “...шанаганы 8 шүд эвдэрсэн...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан зарлагын баримтаар нотлогдсон бол гэрч У.Хишигсайханы “...шанаганы 1 шүд хугарсан...” гэх мэдүүлэг өөр баримтаар нотлогдоогүй, шанаганы 8 шүд худалдан авсан зарлагын баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж няцааж чадаагүй байна. /хх-ийн 23/

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/00133 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.266.666” гэснийг “1.466.667” гэж “2.913.333” гэснийг “2.713.332” гэж, 2 дах заалтын “34.950” гэснийг “38.417” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ