Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 166/2017/0192/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т,
Улсын яллагчаар Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Б-д холбогдох эрүүгийн 1718000860060 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, ***** төрсөн, ***** настай, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, *****ийн хамт, *** 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Бага ноён гэх газарт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулат, ашиглалт явуулж байгаль орчинд 719,073 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь 2017 оны 7 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд ****** гэх газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор 229 метр квадрат газар ухаж байгаль орчинд 719,073 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б-ийн өгсөн: Зөвшөөрөлгүйгээр алт олборлосноо хүлээн зөвшөөрч байна. Хүмүүс ийм байдлаар алт олборлоод байдаг болохоор нь очсон юм. Очоод байж байтал эксковатор эвдэрсэн. Алт олборлож чадаагүй. Хохиролд 719043 төгрөг төлсөн, бусад хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-ийн өгсөн ...Б нь Хонгор сумын 2 дугаар багийн Бага ноён гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр өдрийн байгаль орчны мэргэжилтнээс гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр 229м2 талбайд нийт 719.073 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчинд учруулсан 719.073 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2 дахин нугалж төлүүлж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгүүлэх саналтай байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч У-ын өгсөн: ...2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр П.Б тай хамт Хонгор сумын хүйтний гол гэх газарт очиж ажиллахаар явсан. Тэгээд 2 хонож байхад аймгаас шалгалт ирээд бүх зүйлийг лацдаад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,
Гэрч Э-ийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Эрэлийн ам гэх газар ирээд 2 хоног шөнийн ээлжинд гарсан. Ажиллах хугацаандаа ойролцоогоор 4*8 метрийн урттай нүх ухсан. Тэр бүх шороог усан буугаар угааж, металл ялгах ажиллагааг Цэцэгээ, Ууганаа нар хийдэг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч Б-ны өгсөн: ...Хамгийн сүүлд эксковатораа П-ийн Б гэх эмэгтэйд 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 15 хоногийн 11.000.000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийж өгсөн. Над руу Б  2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 99822559 дугаараас яриад эксковаторыг чинь ажиллуулахад хэцүү юм байна гэж хэлээд ачааны машинаар Улаанбаатар хотод авчирч өгсөн. Б  нь Шарын гол суманд алны уурхайн нөхөн сэргээлтийн газар шорооны ажил хийнэ гэж хэлж авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,
Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 719073 төгрөг байна гэх экологи эдийн засгийн тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, машин механизмийг түрээсээр ажиллуулах гэрээ /хх-ийн 19-21/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  
Шүүгдэгч Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 
Иймд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 719073 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар дээрхи хохирлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б нь хохиролд 719043 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 32/-аар нотлогдож байх тул түүнээс 719103 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. 
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах зорилгоор тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Бага ноён гэх газарт ухсан 229 метр квадрат газрыг булах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Б-ийн өмчлөлийн ****улсын дугаартай тоёота карина маркийн 5.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч П.Б г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар П.Б д тэнссэн хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Бага ноён гэх газарт ухсан 229 метр квадрат газрыг булах үүргийг хүлээлгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалан тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар П.Б гаас 719.103 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 
7.  Шүүгдэгч Б-ийн өмчлөлийн ****улсын дугаартай тоёота карина маркийн 5.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай. 
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР