Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0020

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай


 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Суруга пропертиз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Суруга пропертиз ХХК-ийн захирал Б.Билэгсайхан болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, гуравдагч этгээд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж /өөрийн байр/ орших Суруга партнерс ХХК, Суруга пропертиз ХХК, (цаашид нэхэмжлэгч нар'' гэх), нөгөө талаас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7 хаягт байрлах Нийслэлийн Засаг дарга (цаашид Хариуцагчгэх) нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй хэргийн талууд асуудал шийдвэрлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын зөвшөөрснөөр маргаантай асуудлаа эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/6667, 01/6668 дугаартай итгэмжлэлийн дагуу энэхүү гэрээг байгуулав.

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү гэрээ(Гэрээ гэх)-ний зорилго нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа Суруга партнерс ХХК, болон Суруга пропертиз ХХК-иудад олгосон нийт 40000 м2 газрыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/602, А/610, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд газар эзэмших эрх олгосон А/794 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий Суруга партнерс ХХК, Суруга пропертиз ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт талуудын эвлэрэх нөхцөл, эрх, үүрэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Гэрээг ЗХШХШТХ-ийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулж байгаа бөгөөд энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэхүү гэрээг байгуулахыг зөвшөөрсөн тул тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасны дагуу хууль харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Хоёр. ТАЛУУДЫН ТОХИРОЛЦОО

2.1.   Хариуцагч нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

2.2.   Хариуцагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд газар эзэмших эрх олгосон А/794 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргана.

2.3.   Нэхэмжлэгч нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар эрх олгогдсон, ХУД, Богдхан уулын ДЦГ, арцатын аманд орших 0171015 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалттай, Асем гарден ХХК-ийн 16398.08 м.кв газар түүнтэй холбогдох эрхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлнэ.

2.4.   Энэхүү гэрээний 2.3-т заасан газрыг шилжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлыг нэхэмжлэгч нар хариуцна.

2.5.    Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэр дээр гэрээний 2.3-т заасан газар шилжсэнээр эвлэрлийн гэрээний зорилго, үндсэн агуулга биелэгдсэнд тооцогдоно.

2.6.   Хариуцагч нь энэхүү гэрээний 2.2-т заасан захирамж гарсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд дахин театрын барилга барих зориулалт бүхий шаардлага хангасан газар шийдсэн захирамжийг 2020 оны 1 сард багтаан гаргана.

Гурав. ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ

3.1.        Нэхэмжлэгч:

3.1.1. Энэхүү гэрээний 2.3-т заасан байршил, хэмжээ, хил заагийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэр дээр газар ашиглах эрх олгох шийдвэр гаргахад шаардлагатай баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж өгөх;

3.2.     Хариуцагч:

3.2.1. Нэхэмжлэгчид энэхүү гэрээний 2.2-1 заасан байршил, хэмжээ, хил заагийн дагуу газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах;

Дөрөв. БУСАД ЗҮЙЛ

4.1.Энэхүү гэрээг Монгол хэлээр 3 эх хувь үйлдэж, гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулна.

4.2.Эвлэрлийн гэрээг шүүх хүлээн авч баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

4.3.Тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажснаар уг асуудлаар талууд дахин маргахгүй, гомдол, санал хүсэлт гаргахгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Суруга пропертиз ХХК-ийн захирал Б.Билэгсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Суруга пропертиз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 сарын 10-ны өдрийн А/602 болон 2019 оны 08 дугаар сарын 05-иы өдрийн А/794 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Суруга пропертиз ХХК-ийн захирал Б.Билэгсайхан болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, гуравдагч этгээд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нар нь харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээнд ...хариуцагч нь 2.1.нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно, 2.2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд газар эзэмших эрх олгосон А/794 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргана, 2.6. Хариуцагч нь энэхүү гэрээний 2.2-т заасан захирамж гарсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд дахин театрын барилга барих зориулалт бүхий шаардлага хангасан газар шийдсэн захирамжийг 2020 оны 1 сард багтаан гаргана мөн Нэхэмжлэгч нь 2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар эрх олгогдсон, ХУД, Богдхан уулын ДЦГ, арцатын аманд орших 0171015 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалттай, Асем гарден ХХК-ийн 16398.08 м.кв газар түүнтэй холбогдох эрхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлнэ, 2.4 Энэхүү гэрээний 2.3-т заасан газрыг шилжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлыг нэхэмжлэгч нар хариуцна, 2.5. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэр дээр гэрээний 2.3-т заасан газар шилжсэнээр эвлэрлийн гэрээний зорилго, үндсэн агуулга биелэгдсэнд тооцогдоно гэж гэрээндээ заажээ.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д ...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийг баталж, Суруга пропертиз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР