Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 556

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд     даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/02330 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.С-д холбогдох

Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б- миний бие нь Ө.С-д 2009 онд Солонгос улс руу явах үед надад миний эцэг н.Шагдарын өгсөн өв залгамжлан ирсэн 9 см орчим өндөр, 6 см хэрийн зузаантай шүрэн толгойтой, бор халтар манан хөөргийг хар хөх өнгийн үйтэнхуар дээр зүү ороосон уламжлалт хээтэй даалингийн хамт хадгалж байгаарай гэж өгснийг 2012 онд уулзаад авах гэхэд нь манайх нүүж ирээд удаагүй балкон дээр юманд дарагдсан байгаа гэж хэлээд буцаан өгөөгүй байдаг. Би Ө.С-гийн үгэнд нь тухайн үед итгээд Солонгос улс руу буцсан юм. Тухайн үед Ө.С- нь нялх хүүхэдтэй болохоор нь балкон ухуулж яахав гэж бодоод хөөргийг хайлгаж гэр орныг нь ухуулаагүй Солонгос руу буцсан юм. Ө.С- хөөргийг минь өгөх шинжгүйг мэдээд шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018 оны 4 дүгээр сарын 25-нд гомдол гаргахад 181101226 тоот хэрэг нээсэн атлаа 2018 оны 11 сарын 22-ны өдөр эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хаасан талаарх прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 1391 дүгээр тогтоолыг 2019 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч 181101226 дугаартай Ө.С-д холбогдох материалд гомдол гаргасан юм. Энэхүү хөөргийн талаар болон Цагдаагийн байгууллагад Ө.С-г шалгуулахад гэрчилсэн гэрчүүд надад байгаа болно. Би өв уламжлан ирсэн хөөрөгний зах зээлийн үнэ хэд байдаг гэдгийг мэдэхгүй. Ер нь бол хөөргөө хөөргөөр нь Ө.С-гаас гаргуулан авах хүсэлтэй болно. Иймд Ө.С-гаас эцэг н.Шагдараас өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой бор халтар манан хөөргийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Ө.С- шүүхэд болон шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жадамба хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хадгалалтын гэрээний харилцааны дагуу эд хөрөнгөө буцаан шаардаж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ш.Б- болон Ө.С- нарын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлд хадгалалтын гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг тусгаагүй боловч Ш.Б-ийн гэрээ байгуулах саналыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үзэх шаардлагатай юм. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь 2009 онд Ө.С-д ямар хөөрөг хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэлд дурдсан 1700-аад оны үед өвөг эцэг Ламын гэгээн Сүрэнгийн хэрэглэж байсан хөөргийг өв залгамжлан авч улмаар хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Зүй нь нэхэмжлэлд дурдаад байгаа хөөрөгний гэрэл зургийн үзүүлэлт, эсвэл Ө.С-д ямар хөөрөг хүлээлгэн өгсөн тухай баримт зэргийг үндэслэн тухайн эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байж ээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2012 онд өөрийн хөөргийг буцаан авахаар Ө.С-гаас шаардсан талаар дурдсан байдаг бөгөөд Ө.С-гийн хувьд 2012 онд уг хөөргийг надаас авахаар нэхэж байсан талаар хэлдэг. Дээрх тайлбарыг харьцуулан үзэх юм бол Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч 2012 оноос уг хөөргийг Ө.С-гаас шаардах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иймд Ш.Б-ийн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхийн хугацаа 2015 онд дууссан гэж үзэж байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэх дээрх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1391 дугаартай прокурорын тогтоол авагдсан байна. Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарах нь чухал юм. Харин прокурорын болон цагдаагийн байгууллагаар хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгох нь хууль зүйн үндэслэлгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

Шүүх: Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422.1 заасныг баримтлан хариуцагч Ө.С-гаас эд хөрөнгө гаргуулах тухай Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцэх эрхийг хааж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Чингэлтэй дүүргийн шүүхэд 2-3 удаа нэхэмжлэл буцаасан хэрэгт гомдол гаргаж, уг гомдлыг хэлэлцэхэд өөрийн биеэр оролцох талаар гомдолд бичсэн. Шүүхээс хэд хэдэн удаа гомдол хэзээ хэлэлцэх талаар асуухад танд хэлэлцэх үед мэдэгдэнэ гээд мэдэгдээгүй. Түүнчлэн шүүх гомдол хэлэлцсэн тогтоол гардуулж өгөөгүй. Ерөнхий шүүгчийн асуудал шийдэгдэхээр танд гомдол хэлэлцэх товыг мэдэгдэнэ гэж байсан. Шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаантай талаар мэдэгдсэн. Би шүүгчийн туслахтай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр уулзаад гомдол хэлэлцэх хурал танайх өөрөө зарлаж байгаа юм уу? гэхэд ам дагуулж туслах охин тийм гэсэн. Би маргааш гадагшаа явах гэж байгаа гэхэд та хүсэлтээ бичээд өг гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүхэд гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломгүй талаарх хүсэлтийг бичиж, нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Би шүүх арай гэж гомдол хэлэлцэх хурлаа товлож гэж ойлгож хүсэлтээ ийм үндэслэлээр бичсэн байтал шүүх хэргийг анхан шатны журмаар хэлэлцэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх миний бичсэн хүсэлттэй танилцаагүй байна гэж ойлгож байна. Хариуцагч нэмжлэгчээс хөөрөг хүлээн авсанаа зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн нэхэмжилсэнээс өөр хөөрөг өгсөнийг авсан. Түүнийгээ буцаан өгсөн талаарх нотлоогүй байтал хэт нэг талыг барьж хэртийг шийдвэрлэсэн байна.  Түүнчлэн шүүх нэхэмжилж буй хөорөгний асуудлаар нэхэмжлэгч цагдаагийн байгуулллагад шалгуулж талууд мэдүүлэг, тайлбар өгсөн талааарх прокурорын тогтоолыг нэхэмжлэгч тал гарган өгсөөр байхад уг нотлох баримтыг огт үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх дурьдсан. Гэвч энэ хугацаанд нэхэмждэгч нь эрүүгийн журмаар шалгуулж байсанг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Шүүх нь эхнээсээ нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзасан. шүүхийн туслах ажилтнууд хэргийн талаарх мэдээллийг нэхэмжлэгч талд буруу өгч төөрөгдүүлж байсан нь хэрэгт нэхэмжлэгч тал гэрч асуулгах,  хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах, хөөргийн талаарх таниулах үнэлгээ топоолгох шууд мэтгэлцэх боломжийг хааж нэхэмлэгч тал шүүхэд хүсэлт гаргах боломжийг алдагдуулсан зэрэг нь байсан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүх үндэслэх хэсэгтээ талуудын хооронд хадгалалтын гэрээ хийгдсэн гэж үнэлсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б- хариуцагч Ө.С-д холбогдуулан эцэг н.Шагдараас өвлөгдөж ирсэн шүрэн толгойтой бор халтар манан хөөргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Нэхэмжлэл үнэтэй байх бөгөөд ялангуяа үнэлж болох материаллаг эд хөрөнгө шаардаж байгаа нөхцөлд хөөрөгний үнэлгээ тодорхой бус, улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т тус тус заасантай нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан  хадгалалтын гэрээний үүрэг шаардсан эсхүл түүний эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гаргуулахаар шаардсан эсэх нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болгожээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунбилэг нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “нэхэмжлэлийг буцаах тухай” 182/ШЗ2019/08604 дүгээр захирамжид гомдол гаргасан байдаг ба түүний шүүхэд бичгээр гаргасан “...Итали улс явах тул гомдлыг байлцуулахгүйгээр шийдвэрлэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн хүсэлтийн агуулгаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хүсэлт ирүүлсэн гэж үзэхээргүй байна. /хх-ийн 51/

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/02330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ