Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 291

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0290/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н,
Улсын яллагч Д,
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын О-д холбогдох эрүүгийн 201709000227 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн,  ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****** нарын хамт *** тоотод оршин суудаг, 
-***** шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 127 дугаар зүйлийн 127.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар,
-******шүүхийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 2 жил 10 сар 4 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, ******-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоног хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
- *****ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн148.2-д зааснаар 2 жил хорих ялаар,
- ******-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвстэрт байрлах Шинэ захын бэлэг дурсгалын лангуун дээр ажиллаж байсан иргэн Д-аас 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр утсаар чинь яриад өгье гэж хуурч залилан утсыг нь авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, *** лангуун дээр худалдагчаар ажиллаж байсан *** “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч Самсунг Жи-7 гар утсыг нь авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О-ны өгсөн: Би 2001-2015 оны хооронд ял эдэлж байсан. Өмнө нь ял эдэлж байхдаа хохирол төлбөрийг барагдуулаагүй байсан бол энэ удаад өөрийн гэм бурууг ойлгож хохирлоо төлсөн. Миний хараа муудаж байгаа. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний эрүүл мэнд тааруу байгаа тул бага ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, 
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д-ын өгсөн: ...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед би эгч Золжаргалын монгол бэлэг дурсгалын лангуун дээр сууж байтал 30-40 орчим насны хүн ирээд 10 ширхэг түрийвч, 1 хөөрөг, 2 түлхүүрийн ооёор авна гээд уутанд хийгээд өг гэсэн. Тэгээд хамт яваа хүнээ дуудах гэсэн юм, утсаа өгөөч гэж гуйхаар нь өгсөн. Тэгээд ярьчихаад буцаагаад өгсөн. Дахиад ярина гэж аваад тэр чигээрээ яваад өгсөн. Самсунг Жи маркийн утас байсан. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 6, 114/,
Капитал зууч ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Samsung J7 хуучин гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 480.000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 8-9/,
 “Дархан захын К-01 камерт 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 18 минутын үед Улаан өнгийн богино куртик өмссөн саравчтай хар хөх жинсэн өмд, хар гутал өмссөн 30 орчим насны эрэгтэй хүн Д-ын утсыг аваад Дархан захын хойд хаалгаар гарч байгаа үеийн бичлэг хийгдсэн байв” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30/,
Дээрхи бичлэгийг хуулбарлаж, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан Charcoil DVD гэсэн бичвэртэй хуурцаг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.
Шүүгдэгч О-ныдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 
Иймд шүүгдэгч О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч А.Даваажаргал Самсунг Жи-7 маркийн гар утасны төлбөрт бэлнээр 190.000 төгрөг, цагаан өнгийн Samsung S2, хөх өнгийн Samsung S4 маркийн гар утсуудыг өгч гэм хорыг арилгасан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирол барагдуулах тухай  тэмдэглэл /хх-ийн 116/ зэргээр нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч О-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О-д  оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ныцагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг   DVD-г хэрэгт хавсарсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-д  өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР