Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0045

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ч.Норьсүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Ч.Норьсүрэн миний бие Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах, маргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй зэргийг бүрэн ойлгож байгаа болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Норьсүрэн нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахад олгосноор тэрээр хүсэлтийг гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Норьсүрэнгийн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Норьсүрэн нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА