Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2018/ДШМ/052

 

            *******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 1814000600052 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ...... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 25 тоотод өөрийн аав *******тэй маргалдаж, улмаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/, /зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж/ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 4 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч ******* нь бага насны хүүгийн хамт 2014 онд эхнэр нь хаяж явсан. Үүнээс хойш тэрээр өөрийн хүү *******ийн хамт өөрийн аав *******, ээж Б.Саранчимэг нарын хамт амьдарч байгаа юм. Түүний аав ******* нь *******г төрсөн цагаас л архи дарс уудаг байсан бөгөөд уух бүртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэртээ агсан тавих, түүнийг болон ээж дүү нарыг нь элдвээр хэлэх зэргээр байнгын сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Я.Өлзийдүүрэнгийн болон яллагдагч нарын мэдүүлгээр хохирогч нь жилийн 365 хоногийн 300 орчимд нь согтуу байдаг хохирогч *******г архи уусан үед нь түүний хажууд ямар ч хүн байхаас залхдаг, сэтгэл зүйн хувьд дарамтанд байдаг талаар мэдүүлсэн байдлаас харахад гэр бүлийн гишүүд сэтгэхүйн хувьд эрүүл, амар тайван амьдрах нөхцөл бүрддэггүй байхаар байна. Хэрэг учрал болсон гэх оройн мэдүүлгээс харахад хохирогч нь миний үйлчлүүлэгч болон түүний хүүхдийг золбин шээс , хэдэн жил тэжээлээ, гэрийн мухар сахьсан найз нөхөд юу ч байхгүй, арчаагүй манайхаас хүүхэдтэйгээ зайл гэх мэтээр хашгичин, түүний ээж Б.Саранчимэгийг утсаар замдаа онхолдож үх, янхан банзал авгай минь гэх мэтчилэн мөн *******гийн эмзэглэж явдаг сэдэв болох эхнэртээ хаягдсан байдлыг ярьж 2-3 удаа цохиж авах гэх мэтээр сэтгэл санаа руу болон биемахбодь руу чиглэсэн үйлдлийг үзүүлсэн байдаг.

Яллагдагчийн мэдүүлгээр тухайн үед хохирогчийн хэлсэн үг үйлдэл зэрэгт байж суухын аргагүй болж гарч орж явж, бие нь хачин болж бачимдаж байснаа хэлсэн байх бөгөөд хохирогчийг яг хутгалах үйлдлийг хийснээ болон хэдийд яаж хутгалснаа юуг ч санадаггүй нэг мэдэхэд л хохирогчийн цээжнээс цус гарах үед гэнэт ухаан орж цамцаараа боосон талаар хэлдэг юм. Хохирогч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, холбогдогч ******* нь хүүгийн хамтаар гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг талаар анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон холбогдогч нар хэн аль нь мэдүүлдэг. Энэ талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулхаар томилсон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын *******гийн сэтгэцийн байдалд хийсэн дүгнэлтэнд: ******* нь гүнзгий санаа алдана, байнга доош харна, сэтгэл гутралын тод шинжтэй талаар дурьдаад дүгнэлт хэсэгтээ *******г хохирогч ******* нь сэтгэл санааны цочролд оруулах үг хэллэг, үйлдлийг үзүүлж сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж, байнга сэдээж байдаг байсан бөгөөд хэрэг учрал болсон тухайн өдөр хохирогч дахин согтуу ирж дахин сэтгэл санаа цочроосон үг хэллэг үйлдлийг хийх үед *******гийн сэтгэлийн дарамт дахин хөндөгдөн гэнэтийн цочролын улмаас өөрийгөө хянах чадвар алдагдан дээрхи хэргийг үйлдсэн байх магадлалтай байна талаар мөн дурдсан байдаг.

Монгол улсын Эрүүгийн эрх зүйн онолуудад гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдлыг тайлбарлахдаа: Сэтгэлийн бачимдал бухимдлын байдалд байгаа хүний хөдөлгөөн хурдсаж, үг яриа үйлдэл эмх цэгцгүй болох бөгөөд тархины гадарт үүссэн үлэмж хүчтэй хөөрлийн үйл явц нь тархины гадар болон тархины гадрын доод хэсгийг түргэн зуур хамран бусад хэсэгт түргэн зуур хамран саатал үүсгэж буй үйл явц гэх бөгөөд цочирдол бачимдал нь асар богино хугацаанд хүчтэй сэтгэлийн тэнхээний хяналт алдагдахыг ойлгодог. Харин уур хилэнгийн хурц хэлбэр нь өөрөө цочрол балмагдалын шинжийг үүсгэдэг гэжээ. Сэтгэл цочролын шинж нь хүний сэтгэцийн дотоод мөн чанартай холбоотой гэх бөгөөд өөрөөр хэлбэл дотоод мөн чанар нь сэтгэлийн гажуудлын эх сурвалж болдог байна.

Миний үйлчлүүлэгчийн энэ тохиолдолд эхнэртээ хаягдах, хүүгээ ганцаараа өсгөх, найз нөхөдгүй байх , байнгын гэр бүлийн /сэтгэл санааны/ хүчирхийлэлд өртөх үйл явц нь удаан үргэлжилсэн бөгөөд тэрээр сэтгэл гутралтай ганцаардлын байдалд орсноос гадна, өөрийгөө азгүй заяа нь хаясан, аз жаргал эдлэх тавилангүй гэж бодсон сэтгэлийн зовлон шаналалтай байдлыг түүний төрсөн эцэг байнгын сэдээсний улмаас туйлдаа хүрч, гэнэтийн цочролд хоромхон зуур автсан байхыг үгүйсгэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд: Өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуурт автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тусгайлан заажээ. Дээрх зүйлчлэл нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас л гэмт хэрэг үйлдэгдсэн байх нөхцлийг агуулсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл гэдгийг тухайлбал Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүд аливаа хэлбэрээр бие биенээ хүчирхийлэхгүй байх гэснийг зөрчсөн ойлголт ч байх боломжтой.

Хэдийгээр ******* нь хохирогч *******г хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа боловч холбогдогч хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон нарийн мэргэжлийн эмч нарын шинжээчийн дүгнэлтээс харахад тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан шинжийг илүүтэйгээр агуулсан байх боломжтой байгаа тул түүний гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан зэргийг харгалзан ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 25 тоотод аавтайгаа маргалдан, өөрийн хүүхэд болох *******ээр хутга авахуулан төрсөн эцэг *******гийн баруун далны доод хэсэгт хутгалан цээжний хөндий нэвтэрсэн гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь байна.

Энэ нь хохирогч ******* “...нэг мэдэхэд ар нуруунаас халуу оргиод эхэлсэн, тэгсэн чинь ******* би хатгачихлаа, түргэн дуудая гэж надад хэлсэн..., ...нэг мэдэхэд ******* хатгачихлаа ааваа гэсэн, тэгээд өөрөө түргэн дуудсан юм шиг байсан...” /хх-ийн 32-38-р тал/, насанд хүрээгүй гэрч ******* “...аав хутга аваад өг гэхээр нь би угаалтуурын хажуугийн аяганы тавиураас хутга авч аавд өгсөн, тэгсэн чинь аав өвөөгийн нурууг зүссэн...” /хх-ийн 50-51-р тал/, гэрч “...тухайн өдөр ээлжинд гарч байсан, тэгтэл цагийг нь сайн санахгүй байна орой нилээн аажуухан 7044103 дугаарын утсанд дуудлага ирсэн чинь хутгалчихлаа гээд хаяг өгч байсан, би сайн санахгүй байна ямар ч байсан эмнэлэг дээр тухайн хүнийг түргэний машинаар явч ирсэн бөгөөд хутгалуулсан нь 50 гаран насны хүн байсан байх, хүүхэд нь гээд 30 гаран насны залуу байсан, хүүхэд нь аавыгаа хутгалсан юм байна гэж оёдол тавьж байх үед мэдсэн...” /хх-ийн 52-53-р тал/, нарын мэдүүлэг Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №112 дугаар *******гийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс *******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Прокуророос *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасныг хэрэгсэхгүй болгон мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахдаа хуулийн зохих хэсгийг буруу баримталсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах/ дугаар зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлүүлэх талаар давж заалдах гомдол гаргасан хэдий ч дээр дурдагдсан хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаас үзвэл *******гийн хүүхдээрээ хутга авахуулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4, 1.5-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 61 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.УЛАМБАЯР    

            ШҮҮГЧИД                                                       Д.ЭРДЭНБИЛЭГ

М.МӨНХДАВАА