| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2022/01708/И |
| Дугаар | 155/ШШ2019/00043 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2019/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Ө овогт Т-ын Т /**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** тоотод оршин суух, Д овогт Х-ийн Х / *****************/-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 155/2018/01708/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Т нь 2007 онд Х.Х тай танилцаж үерхэж байгаад 2008 оноос хамтран амьдарсан. Бид 2009 онд хүүхэдтэй болсон боловч хүүхэд маань бүтээгүй. Дараагийн хүүхэд болох Ц.Ж 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бидний дундаас төрсөн. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдарч байсан ба хүүхдээ төрөхөөс өмнө Х.Х нь үе үе архи ууж зовоодог байсан ба хэрүүл маргаан их гардаг байсан. Ингээд бид охин Ц.Ж төрөхөөс өмнө тус тусдаа амьдарч эхэлсэн ба би одоо өөр хүнтэй гэр бүл болж охин Ж нь аав Цолмонгэрэлээр овоглодог болсон. Би өнгөрсөн жилээс ажилгүй гэртээ сууж байгаа ба Х.Х ыг охиндоо хэрэгцээний эд зүйлс мөнгөн тусламж үзүүлээч гэхэд юу ч байхгүй шүүхээрээ олж ав гэх мэтээр доромжилж туслалцаа үзүүлэхээс татгалздаг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хүүхдээ асарч халамжилдаггүй, би л бүгдийг зохицуулж ирсэн. Иймд Х.Х ыг миний охин Ц.Ж ийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Х би Т.Ттай нэг жил гаруй хугацаанд хамт амьдарсан болно. 2010 оны 09 сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Ж нь миний охин байх боломжтой гэж үзэж байна. Т.Т 2010 оны 5-6 сарын үед явахдаа таван ханатай гэр нэг ширхэг, суудлын автомашин /бичиг баримт нь миний нэр дээр байсан/ нэг ширхэг тус тус авч явсан ба үүнийг өнөөгийн зах зээлийн ханшаар үнэлж хүүхдийн тэтгэлэгт тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Ц.Ж Х.Х ы хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Х.Х д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Х.Х нарын дундаас 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр охин Ц.Ж төрсөн болох нь 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Ж ийн төрсөн эцгээр Д овогт Х-ийн Х ыг тогтоох үндэслэлтэй байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ц.Ж нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Х.Х аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Х аас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Ж нь 8 нас хүрсэн байх тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Х.Х төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ц.Ж д сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844, нийт 101.044 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Ц.Ж ийн төрсөн эцэг Д овогт Х-ийн Х /*****************/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Ж 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Х аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Х.Х аас 101.044 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН