Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0291/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир  даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т ,
Улсын яллагч Д ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А,
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000610092 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан сумын Малчин баг, 3 шар дэнж хэсгийн 2-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дархан сумын *** оршин суух хаягтай 

Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч М нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр архидан согтуурсан үедээ Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “****” авто засварын баруун талд У-г хутгалж, У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр архидан согтуурсан үедээ Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “****” авто засварын баруун талд У-г хутгалж, түүний биед цээжний баруун хэсгийн шарх, арьсан доорхи цусан хураа бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би буруу хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. Өөрийнхөө гэм бурууг бүрэн ойлгож байна. Улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад: 
Хохирогч У-ын өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын дундуур хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Дархан сумын 5 дугаар баг, **** авто засварын хажуугийн   ВИ-8 нэртэй засварын газарт ажил хийж байтал М  ах тэр орчим согтуу яваад байсан. Тэгээд согтуу хутга барьчихсан нэг хүнтэй маргасан бололтой ална гээд яваад байхаар нь би боль гээд гарыг нь түлхэхэд цохих гэж байна гэж бодсон юмуу яасан юм барьж явсан хутгаараа миний баруун суганы доод хэсэгт нэг удаа хутгалсан. Би тухайн үед эмнэлэгт очиж үзүүлж хэвтээд одоо зүгээр болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Х-ны өгсөн: ...Гарьдаа өөрийнхөө гараж руу юмаа янзлах гээд орсон. Дараа нь би Утай гараждаа юм янзлаад сууж байтал М  ах дахин орж ирж чи надад томрох болоогүй шүү гэж хэлээд Угийн бие рүү гэртэй хутгаараа хатгасан. ...Чи намайг цохидог хэн бэ гэж хэлж байсан. Тэгээд М  Угийн баруун суган доор хутгалсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 17/,

Шүүхийн шинжилгээни Үндэсний хүрээлэнгийн “Хутга дээр цус илэрсэн байна. Уг цус нь B/III/ бүлгийн харъяалалтай байна” гэх 2017 оны 7 дугаар сарын 27-ны 7167 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын     26-ны өдрийн *** тоот “У-ын биед цээжний баруун хэсгийн шарх, арьсан доорх цусан хураа тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19/,

Хохирогч У-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 53-70/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

Иймд шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М-ын орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ИХТАМИР